Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сталины үзмэрч Вольф Мессингийн туулсан гайхалтай түүхүүдээсУншсан13,549

Тэр хүмүүст ойртон ирж байгаа гай гамшгийн талаар хэзээ ч ярьдаггүй нэгэн. Гэвч зааланд суух хүмүүсийг хараад л түүнээс юу хүсч байгааг шууд мэдрээд эхэлдэг ажээ.

Нострадамусыг огтхон ч дурдалгүйгээр XX зууны алдарт зөн билэгтнүүд Ванга эмгэн болон Вольф Мессингийн суу гайхамшгийг хүмүүс шагшин магтсаар иржээ. Энэ удаа бид В.Мессингийн тухай онцлон өгүүлж байна. Түүнийг Сталины зөнч гэдгээр нь ч зарим хүмүүс сайн мэддэг. В.Мессинг 1937 онд л фашизм хэзээ ялагдаж, Гитлер хэрхэн амиа хорлох он сарыг яг таг хэлж байсан гэдэг. Мөн Таганскийн шоронгоос ямар ч нэвтрэх бичиггүй хэрнээ саадгүй гарч, Зөвлөлтийн Төв банкнаас Бериягийн даалгавраар хов хоосон цаас үзүүлээд л 100 мянган рубль авч байсан нэгэн юм.

Вольф Мессинг өнгөрсөн зууны эхэн үед төрж, аугаа их “дарангуйлагчдын эрин"-ийг туулаад атом, сансрын зуунд амьдарч байсан хүн билээ. Вольф дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд түүнийг өдөөгсдийн дотор байж, хоёрдугаар дайн эхлэхэд анх гал дүрэлзсэн газар нь амьдарч байлаа. Харин ялалтын баярыг ялалт байгуулсан орны нутагт угтсан.

1937 он. Тэр дэлхийн бараг бүх орны нийслэлээр ёслол төгөлдөр аялсныхаа дараа төрөлх Варшавдаа ирлээ. Энэ үед тэрээр хэдийнэ аугаа үзмэрч болон цуу алдраа мандуулсан байсан учир энэхүү агуу их үзмэрчтэй уулзахыг Ерөнхийлөгч, банкны эзэн, алан хядагчид, галзуучууд, мянга мянган энгийн иргэд эцсийн найдлага болгон хүсдэг болжээ.

Аймшигт хэмээн нэрлэж болох 1937 он гараад байв. Германы цэргийн машин улам эрч хүчтэй эргэх болж, Рейныг эзлэн, Австри, Чехословакийг эрхэндээ оруулах аюул нөмөрч эхэллээ. Харин энэ үед ЗХУ-д өөрсдийгөө хядах цуст махны машин мөн л хүчээ аван эргэж байсан юм. Тэд зайлшгүй дайны босгон дээр армийнхаа шилдэг дарга нарыг устгаж, Сталины элч, худалдааны төлөөлөгч Канделаки Берлинд Гитлерийн сайд Шахттай нууц хэлэлцээр хийж байлаа. Энэ үед хоёр дарангуйлагч Европыг хэрхэн хувааж авах талаар эхнийхээ тохиролцоог хийж байсан юм.

Тэр зун Варшавынхны сэтгэлд ямар бодол эргэлдэж асныг таахад тун амархан байв. Мессингийн илтгэлийг сонсохоор нэгэнтээ төв театрыг нь хүмүүс пиг дүүртэл суун “Дайн гарах уу, Польшийн хувь заяаг юу гэх вэ, Гитлер хаашаа довтлох бол? Сталин ямар арга хэмжээ авах вэ?” гэсэн асуултад хариу хүсч, багтаагүй олон арван хүмүүс ч гудамжинд зогсон хүлээж байлаа.

Энэ өдөр Мессинг танхимыг тун онцгой мэдэрсэн гэдэг. Тэрбээр бусдын бодлыг таах юм уу, эсвэл хэн нэгний нуусан тамхины хайрцгийг олох зэрэг заншил мэт болсон үзүүлбэр өнөөдөр хэнд ч таалагдахгүй гэдгийг мэдрэв. Тэр хүмүүст ойртон ирж байгаа гай гамшгийн талаар хэзээ ч ярьдаггүй нэгэн. Гэвч зааланд суух хүмүүсийг хараад л түүнээс юу хүсч байгааг шууд мэдрээд эхэлдэг ажээ. Тэд үлдсэн жаахан ч гэсэн хугацааг амар тайван амьдраг хэмээн бодохдоо дайны галд автсан хот тосгодыг хардаг ч хэлдэггүй байв. Мөн дайн гарцаагүй гарна гэдгийг сайн мэдэж байжээ.

Мессинг тайзнаа гарч “Польш германчуудад эзлэгдэнэ. Гэхдээ үүнийхээ дараа Гитлер яах нь тодорхойгүй байна. Тэр дорно уу, эсвэл өрнө зүг рүү дайтах уу гэдгээ шийдээгүй байна. Хэрвээ Гитлер ЗХУ-д довтлох юм бол Герман бут цохигдоно” хэмээгээд духаараа нэг бурзайх хөлсийг арчсанаа “1945 он бол Гитлер болон түүний дэглэм устах жил байна” хэмээн бараг нэг амьсгаагаар хэллээ.

Маргааш нь түүний ийнхүү таамаглан хэлснийг Польшийн бараг бүх сонин нийтэлсэн байв. Үүнийг нь гадаадын хэвлэлүүд тун ч овжноор шүүрэн авч нийтэлсэн бөгөөд гагцхүү Зөвлөлтийн сонин, сэтгүүлүүд л ганц ч үг дуугарсангүй. Ингэх шалтгаан Зөвлөлтийнхөнд байлаа. Нэгдүгээрт аливаа илбэ, зурхай, үзмэр зурлагад итгэх ёсгүй дэглэм. Хоёрдугаарт Рейхын удирдагчийн талаар тун илэн далангүй дуугарсан байсан тул энэ удаа дуугүй суусан нь дээр гэж үзжээ. Тэр үед Геббельс, Герингийг яаж л бол яаж шоглон зурж болдог асан бөгөөд харин Гитлерийг огт оролддоггүй байсан үе билээ. Дотоод явдлын яамны ардын Комиссариатын газрынхан хүртэл Гестапотай тун муугүй харьцаа тогтоосон байв.

Харин энэ завсар сонинуудын хайчилбарууд тэртэй тэргүй нэлээд зузаан болоод байсан Мессингийн хавтас хэрэгт бөөнөөрөө үдэгдэж Берлин дэх Рейнхард Гейдрихийн аюулаас хамгаалах албаны архивт ороод байв.

Мессинг энэхүү шуугиан тарьсан зөгнөлөө хэлэхээс нэлээд хэдэн жилийн өмнө “Польш үндэстнүүдийн эцэг” гэгддэг байсан маршал Юзеф Пильсудскийтэй хоёр ч удаа уулзаж байжээ. Тэрбээр анх 1924 онд дээдсийн хүрээнийхний нэгэн хүлээн авалт дээр уригдан очихдоо анх маршалтай нүүр учирсан бөгөөд нуусан тамхины хайрцаг зэргийг олж алга ташилтаар шагнуулахын хамт тун ойртон танилцсан байна. Хожим Пильсудский түүнийг албан өрөөндөө хүлээн аваад тун энгийн гэмээр хүсэлт тавьсан агаад энэ талаар Мессинг дурсах тун дургүй. Хожим Зөвлөлтийн ногоон малгайтнууд түүнд Пильсудский ямар хүсэлт тавьж байсан талаар эрүүдэн асууж байжээ.

Ингэхэд хүний оюундаа бодсоныг тааж, урьдчилан мэддэг зөнч чадвар түүнд хэзээ бий болов оо гэсэн асуулт зүй ёсоор тавигддаг юм.

Тэрбээр өөрийнхөө энэхүү үзэж хардаг чадварыг бүр дэлхийн нэгдүгээр дайны өмнөхөн мэдсэн аж. Варшавын дэргэдэх Гора-Калевария хэмээх еврейн суурингаас гаралтай хувцас муу, өлсгөлөн залуу хүү аз жаргал гэгчийг энэхүү уудам хорвоогоос олж үзэхээр алсын аянд гарчээ. Ингээд эхний таарсан буудал дээрээс нэгэн вагонд суун таг унтаад сэртэл кайзер Вильгельммйн цуст дайнд бэлтгэж асан Герман орохоор явж байжээ.

Познань орохын өмнөхөн тасалбар шалгалаа. Мессинг галт тэрэгний лангуурхуу юмны ард нуугдан сууж байтал шалгагч дөхөж ирээд тасалбараа шалгуулахыг тушаав. Айж сандарсан тэрбээр шалан дээр сандлын хажууд хэвтэж байсан сонины тасархайг шүүрч аван түүний зүг сарвайж, аман дотроо энэ цаас тасалбар болон харагдаасай хэмээн залбирч суужээ. Гэтэл уг цаасыг авсан шалгагч хэсэг тойруулж харснаа цоолдог багажиндаа хийн дарснаа “Тасалбартай байж юунд лангууны ард нуугдсан юм бэ. Тэнд суудал байна шүү дээ. Одоо хоёрхон цаг давхиад Берлин орно” гэсэн үг сонсох нь тэр.

Бяцхан Вольф ийнхүү сая л Герман руу явж байгааг мэдлээ. Энд ирээд өлсөж, ядрахын туйлыг үзэж, нэгэнтээ ухаан алдан унаад эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд харин азаар ирээдүйд түүний онцгой чадварыг нээсэн сэтгэл судлаач, профессор Абелийн гар дээр очсон байна. Профессор түүний түүхийг яриулж, улмаар чадварыг нь нээн илрүүлж аливаа зүйлийг тааж мэдэх гайхалтай чанарыг нь өөрийн найз концерт дэглээч Цельмейстертэй хамтран нэр алдартай варьете тоглолт, циркүүдээр тоглуулж ашигласан ч удалгүй ядуу Мессинг мөнгөтэй, нэртэй төртэй нэгэн боллоо.

Ийнхүү алдар хүндийн шатаар цааш авирах ажилд нь дайн саад болсон юм. Тэр үед Мессинг дөнгөж 15 нас хүрээд байлаа. Тэрбээр хожим дэлхийн шинжлэх ухааны сорууд болох Альберт Эйнштейн, Зигмунд Фрейд нартай уулзаж, бараг бүх тивээр аялан тоглолт хийсэн юм. Гэхдээ эдгээрээс хамгийн онцолмоор уулзалт нь Гитлерийн үзмэрч асан Эрик Ян Ганнусентэй танилцсан явдал байв. Ян тоглолт дээрээ зориуд бэлтгэсэн хүнээр эхлүүлж алга ташилтаар биеэ хөөргөж, халаасныхаа дараа ховсдох үзүүлбэрээ жинхэнээр хийдэг байжээ. Үүнийг нь тоглолтын суудал дээрээс Мессинг ажигласан ч хосгүй авьяасыг нь бишрэн ихэд сэтгэл хөөрсөн гэдэг. Гэхдээ хожим Яныг Гитлерийн үзмэрч болно гэдгийг Мессинг мэдэж байсан эсэхийг таахын арга үгүй билээ.

Польш улс нууц гэрээний дагуу германчуудад эзлэгдлээ. Мессинг нэгэн махны худалдагчийн байрны хонгилд нуугдав. СД-ийн туршуулууд түүнийг газар сайгүй хайн барьж өгсөн хүнийг 200 мянган рейхсмаркаар шагнана гэсэн зар тараав. Мөн түүний төрөл төрөгсдийг баривчлан авч аль эрт Майданекийн бөөнөөр хорих лагерь руу илгээсэн байв. Мессинг нэгэнтээ цэвэр агаар амьсгалахаар гадагшаа гартал тас хар дүрэмт хувцас бүхий офицертэй улаан халз тулгарч орхижээ.

-Чи юу хийдэг хүн бэ хэмээн түүний урт үснээс татан асуулаа.

-Зураач хэмээн Мессинг хэлтэл офицер, “Чи битгий худлаа яриад бай” хэмээн заналтайхан өгүүлэх зуураа энгэрийнхээ халааснаас дөрөв нугалсан цаас гарган дэлгэж харснаа,

-Чи нөгөө фюрерийн үхэх өдрийг хэлсэн новш мөн шив дээ гээд улаан нүүр рүү нь ганц цохин унагажээ. Мессинг ч булга үсэрсэн шүднүүдээ цустай шүлсний хамт гадагш нь нулимлаа.

Мессингийг цагдаагийн хэсэг дээр аваачин нэг өрөөнд оруулаад түгжиж орхив. Тэрээр бүх л ухаан санаагаа төвлөрүүлэн харуулуудыг ховсдоод өөр дээрээ ээлж дараалан авчирлаа. Ингээд тэднийг бүгдийг нь ховсдож унтуулаад аажимхан босоод хаалгыг нь онгойлгон гарчээ.

Түүнийг хэсэг хүн хил давуулж өгөв. Өөрөөр хэлбэл, нэг муу завирхуу юмаар Буг голыг гатлуулсан юм. Харин аравдугаар сарын тэрхүү жихүүн өдөр фашизмаас зугатаасан мянга мянган дүрвэгч польшууд Зөвлөлтийн улаан туган дор орсноор авралынхаа одтой золгож байна уу, үгүй юу гэдгийг Вольф мэдсэн болов уу гэсэн асуулт зүй ёсоор гардаг.

Ногоон малгайтнууд түүнийг тун ч ширүүн байцаалаа. Тэрбээр хүний “Бодлыг таадаг” мэргэжилтэй хэмээн үнэнээ хэлэв. Энэ үгийг сонсоод уурлах нэгэн ч байх, инээх нэгэн ч тааралдах. Гэвч бүгд л “За тэгвэл би юу бодож байна” хэмээн асууна. Ингээд яг таг хариулт авсныхаа дараа тавлаж зогссон хүний уруул дээрээс инээмсэглэл нь хоромхон зуур арилж, уурлаж байсан нэгний царайд айдас хүйдэс тодорч байв. Түүнийг маш хурдан буцааж түгжээд дарга нартаа илтгэхээр харайлдана. Ингээд л түүнийг дэслэгчээс хурандаа, хурандаагаас генерал хүртэл дамжуулан шалгах агаад түүнийг ер бусын чадвараа ашиглан тагнахаар ирсэн Германы тагнуул гэдэгт улам бүр итгэсээр байв. Гэвч Германтай холбоотон хэвээр байсан тул богино хугацаанд цааш нь харуулчихсангүй. Мөн энэ завсар өөрийнхөө гайхамшигт чадварыг үзүүлсээр эцэстээ Беларусын Коммунист Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Пономаренкотой уулзжээ.

Пономаренкогийн дэргэд ДЯЯ-ны ардын комиссар дуугүйхэн сууж байв. 

-Энэ хүн намайг буудах гэж бодож байгаа юм хэмээн Пономаренкогийн хажууд дув дуугүй сууж асан комиссар руу Мессинг заагаад, харин та Төв Хорооны хамгийн том дарга болох хүсэлтэй юм байна гэлээ.

Энэ тухай илтгэл хоромхон зуур Москвад хариу үйлдэл нь эргэж ирэхдээ бүгдийг алмайруулав. Мессингийг огтхоноор ч оролдолгүйгээр суллан тавиад тэр бүү хэл даруухан хөтөлбөр гарган нийтийн өмнө энэхүү авьяасаа үзүүлж байхыг зөвшөөрсөн байв. Тэрбээр ийнхүү Булгаковын нэгэн нэрт романд гардгийн адил эцэст нь бүх зүйлээ нийтэд тодорхой болгодог "Ид шидийн” үзүүлбэр хийх зөвшөөрөлтэй болжээ, Мессингийг нэгэнтээ Гомельд аялан тоглолт хийж байтал цэнхэр малгай бүхий хоёр цэргийн хүн шууд л гудамжнаас баривчилж үл таних газар аваачлаа. Түүнийг зуслангийн болов уу гэмээр байранд аваачин нэг өрөөнд түр суулгатал гаднаас гэнэт Сталин ороод иржээ.

Мессинг түүнийг шууд таньж айж, балмагдсандаа өөрийн эрхгүй босоод зогсчихсон байв. Сталины араас Калинин үл ялиг хазганан алхсаар орж ирлээ.

Мессинг их удирдагчийн өмнөөс арай чүү "Сайн байна уу?” хэмээн дуугарав. Мөн би таныг гар дээрээ өргөж явсан гэлээ. Юун гар дээрээ өргөх хэмээн Сталиныг асуувал:

-Майн баяраар барьж явсан гэхэд хажуунаас нь "Зургийг тань, зургийг тань" хэмээн “Бүх холбоотын ахмад” Калинин нуг нуг инээн хэллээ.

Сталин Польшийн талаар тун их сонирхон асууж байв. Тэрбээр аль эрт талийгаач болсон Пильсудский, Лондон дахь Засгийн газартай нь холбоо бүхий лидерүүдийн талаар асуув. Ингээд бүтэн хоёр цаг ярилцсаныхаа дараа “Мессинг, та ч тун их зантай нөхөр юм даа” хэмээн Иосиф Виссарионович хэлжээ.

Хэрвээ яг цаг тухайд нь Калинин тун овжин загнаж тэр хоёрын бие биенээ сонжсон яриаг зогсоогоогүй бол агуу их үзмэрчийн хувь заяа хаашаа эргэх байсныг таахын аргагүй нөхцөл бүрдэх шахсан гэлцэх нь бий. Учир нь үзмэрч маань, “Би зальтай бус харин та л айхтар зальтай, бас ухаантай хүн байна” гэж шууд хэлсэн ажээ.

Гэхдээ үүний дараа Сталин маягийн шалгалт Мессинг дээр шил шилээ даран буув. Эхлээд цав цагаан хуудас цаасаар Улсын банкнаас 100 мянган рубль авахыг тушаалаа. Дараа нь төмөр замын галт тэргэнд тасалбар шалгагчид мөн л цагаан цаас үзүүлэхийг хүсч, түүний тушаалыг биелүүлснээр жирийн нэг тасалбар шалгаж явсан бүсгүй ухаан алдаж унасан хэрэг гарсан юм. 

 Дараа нь Бериягийн шалгалт эхлэв. Мессингийн ховсдох чадварыг шалгахаар Бутырийн шоронд хорьж, харин тэндээс олон арван харуул манааг нь ямар ч бичиг баримтгүйгээр даван түүний өрөөнд орж ирэх ёстой гэжээ. Энэ сорилтын талаар Мессинг ярих тун дургүй байдаг. Харин нэг харуулаас нөгөө харуул хүртэл Бериягийн дүрд орохыг өөрийнхөө сэтгэхүйд асар их хүчээр тушааж, бүх чадлаараа хичээж аймшигтай их ядарч зовж байсан тухайгаа ярьжээ.

Ямартай ч тэр үед Мессингийг харсан харуулууд тов хийтэл ёслоод л өнгөрч байсан тухай дурсацгаадаг билээ. Тэр өөрийн амьдралдаа үлгэр домгийн баатар ч бүтээж чадаагүй үйлсийг гүйцэтгэж байсан нэгэн. Мөн Гестапогийн шоронгоос гарахад л асар их хүч, энерги зарцуулсан тухайгаа амьдралынхаа сүүлчийн мөчид дурссан нь бий.

Улс орны удирдагчидтай уулзаж учирч байсан талаар тэр дурсах дургүй. Харин дайн бараг шувтарч байх үед түүнийг Сталин дуудаж, Гитлер хаана байгааг асуусан тухай баримт бий. Үзмэрч тэр үед Гитлер амь үрэгджээ хэмээн тун ч итгэлтэйгээр хэлсэн гэдэг. 1945 оны тавдугаар сарын эхний долоо хоногийн сүүлээр Мессингд гэнэт Засгийн газрын хаяг бүхий цахилгаан утас иржээ. Тэнд дайн дуусах хугацааг тун нарийн тааж хэлсэнд генералиссимус (Сталин) талархал илэрхийлсэн байв. Ингэхэд дайн дуусах он сарыг Мессинг тэртээ 1937 онд Варшавт байхдаа хэлсэн билээ.

Мессингийн төрсөн өдрийн баярт Төв Хорооны гишуүн болчихоод байсан Пономаренко уригдан иржээ. Зочид түүнээс хэзээ, хаана, ямар тохиолоор Мессингтэй танилцсаныг асуув. Мессинг ч Пономаренко гуай өөрөө ярьсан нь дээр гэлээ. Пономаренког яриагаа дуусгасны дараа Эренбург түүнд дөхөж очин, “Яг тийм юм болсон хэрэг үү” хэмээн асуухад тэрбээр толгой дохин хундагаа өргөснөө гэнэт нэгийг санав бололтой тэргүүнээ сэгсрэнгээ нэлээд сандарсан маягтайгаар, “Түүнийг буудаж хороох бодол хэнд ч байгаагүй нь мэдээж. Үүнийг та нар сайн ойлгож байгаа биз, түүнд урт удаан наслахыг ерөөе” гэжээ.

Энэ үед Кремльд Сталины шарилыг занданшуулах ажил ид дундаа орж байв.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]