Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Өөрийг нь цаазлах ажиллагааг удирдсан маршалУншсан14,585

“Францын маршал яаж үхэхийг харцгаа” хэмээн хашгиран тулалдаж явсан энэ алдарт маршалыг Наполеон Бонапарт le Brave des Braves буюу “Зоригтнуудаас илүү зоригтон” хэмээн нэрлэж байсан юм гэнэ лээ.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

“Францын маршал яаж үхэхийг харцгаа” хэмээн хашгиран тулалдаж явсан энэ алдарт маршалыг Наполеон Бонапарт le Brave des Braves  буюу “Зоригтнуудаас илүү зоригтон” хэмээн нэрлэж байсан юм гэнэ лээ. Жирийн цэргээс маршал хүртэл богино хугацаанд өсөн дээшилсэн энэ хүний эмгэнэлт амьдралын тухай энэ удаа сонирхуулъя.

Мишель Ней хэмээх хүү 1769 онд Саарлиуисе хэмээх Францын мэдлийн боловч голцуу германууд амьдардаг нутагт төржээ. Эцэг эх нь жирийн л нэг ядуу гэр бүл учир энэ хүү коллежид суралцан бичиг үсэгтэй болж, нутгийн нотариатын бичээч болсон нь хүрч болох оргилоо давсан мэт олон хүнд санагдаж байв. Гэсэн ч гарал үүсэл тааруухан гэгдэх энэ хүү ихээхэн холын зүйл бодож байсан бөгөөд 1788 онд 19 настайдаа цэрэгт элсч, жирийн цэрэг эр болжээ. Цэргийн эрдмийг амархан сурч, сайн сэлэмч болсон боловч франц хэлний дуудлага муу, бичих гэж бүр ч холион бантан учир мань эр олигтой өсөж дээшилсэн юмгүй хоёр жил болсны дараа...

 1791-1792 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд цол зэрэг нь толгой эргэм хурдтай  ахиж жирийн байлдагчаас аджюдан (adjudant, адьютант) болж дэвшсэн нь түүний зоригтой, дайчин, цэргийн эрдмийг сайн эзэмшсэнтэй холбоотой байв. Жирийн байлдагч аджюдан буюу бараг л офицер болох шахна гэдэг удам судар муутай хүүд хэзээ ч хүршгүй мэт даваа байлаа. Гэсэн ч Мишель Ней удалгүй жинхэнэ офицер буюу бага дэслэгч болсон ба долоохон хоногийн дараа дэслэгч болжээ. Тухайн үеийн хамгийн сод цэргийн зүтгэлтэн болох Наполеон гэхэд л бага дэслэгчээс дэслэгч болтлоо таван жилийн хугацааг өнгөрөөсөн гэдгийг санах юм бол энэ хүний долоо хоног чухам гайхамшиг мэт санагдана. Тэр тусмаа Ней цэргийн ямар ч боловсролгүй, дорд гаралтай бол нас чацуу Наполеон нь Парисын цэргийн сургуулийг төгссөн жинхэнэ эрдэм боловсролтой хүн байсан билээ.

1794 онд 25 настай, олон тулалдаанд орж эр зоригоо гайхуулсан Мишель Ней ахмад болсон бол түүнээс хойш хоёр сарын дараа хошууч, гурван сарын дараа буюу 1794 оны 10-р сарын 15-нд хурандаа, 1796 онд бригадын генерал болжээ. Жирийн нэг мод төмрийн мужаан дархны хүү ийм богино хугацаанд ийм өндөр цолонд хүрснийг ганцхан зүйлээр тайлбарлаж болох ба энэ нь түүний эр зориг, цэргийн эрдэм.

Харин Наполеон энэ үед дивизийн генерал буюу Нейгээс нэг шат өндөр цолтой болсон байж. Тухайн үеийн хоёр жанжин өрсөлдөж байгаа мэт л өөдлөн дээшилж байсан нь тэр.

1797 онд Нойвид орчмын тулалдаанд Австрийн цэргүүдэд олзлогдож сар гаруй болсон ч энэ нь түүний албан тушаалд огт нөлөөлсөнгүй. Эргэж ирээд (Австрийн нэг генералаар сольсон) цэргийн албанд дахин зүтгэсээр 1799 онд дивизийн генерал болж Швейцарийн аян дайнд морджээ. Дараа жил нь Ней Баварийн Гогенлиндэд болсон алдарт тулалдаанд Францын армийн нөөц хүчийг командлан Австрийн цэргүүдтэй тулсан бөгөөд энэ тулалдаанд австричууд маш хүнд хохирол амсан ялагдсан гэдэг. Найман мянган цэрэг офицероо алдаж, 12 мянган цэргээ олзлуулна гэдэг бол тухайн үедээ маш их тоо байлаа. Гогенлиндэд болсон энэ тулалдааныг Аустерлицийн хэмжээний том тулалдаан болсон гэж үздэг түүхчид байдаг нь ихээхэн юм хэлж байгаа болов уу.

Дайны дараа Францын армийн морин цэргийн зөвлөх генерал, 1802 онд Швейцарьт Элчин сайд зэргээр албаа нэр төртэй хашиж явсаар 1804 онд 35 настай залуу маань Францын маршал болж Наполеоны ойрын хүрээнд оржээ.

1805 онд Австритай хийсэн дайн, Гюнцбургийн ойролцоо эрцгерцог Фердинандын эсрэг дайнуудад ялалт байгуулж, Йене голын дайнд Пруссийг буулгаж авсан, Эрфуртыг эзлэн авсан, Фридляндын тулалдаанд ялсан... гээд энэ хүний мундаг ялалтыг дурдвал ихээхэн цаг, цаас болох байх. Гэлээ ч түүнийг хамгийн хүнд ширүүн дайн хүлээж байсан нь Орос улсын уудам нутаг руу халдан орох аян дайн байлаа.

Наполеоны Орос улс руу довтлон орсон дайнд маршал Ней хамгийн тэргүүн эгнээнд байж Смоленск, Валутины уулс, алдарт Бородиногийн тулалдаанд оролцож байсан бөгөөд Бородинод тэрээр Францын армийн зүүн жигүүрийг командалж оросуудын эсрэг ээлжит дайралт хийх үедээ Францын армийн нөөц болсон эзэн хааны гвардийг тулалдаанд оруулахыг Наполеоноос шаардсан байна. “Зэрлэг оросууд”-тай хийж байгаа энэ аймшигт дайнд өөрийн хамгийн гол хүчээ оруулж зүрхлээгүй Наполеонд Ней уурлаж “Эзэн хаан маань жанжин байх хүсэлгүй болсон бол буцаж нутагтаа очин ордон дотроо эзэн хаанаа хийг. Харин дайн тулалдааны хэргийг цэргийн генералуудад даатга” хэмээн хэлж байсан гэдэг. Европ дахиныг өмнөө сөхрөөж байсан их жанжны өмнөөс ийм үг хэлэх зүрхтэй аавын хүү хэр олон байсан бол? Тэр тулалдаанд Нейн цэрэг урагшлан давшсаар гол хүчнээсээ салж бүслэгдсэн боловч шөнийн харанхуйг ашиглан бүслэлтээс гарч бас нэг гавьяа байгуулсан гэдэг билээ.

Наполеоны од хазайж Оросын их талд ялагдан зугтаалаа. Сульдаж ядарсан, сэтгэл санаагаар унасан их цэргийн буцах цуваа улам бүр замбараагаа алдаж байх тэр үед маршал Ней гартаа буу барьж явган буцаж байсан нь тэрээр бас л нэг цэрэг, байлдагч гэдгээ харуулсан үйлдэл байв. Энэ үед Наполеон ч тэр, маршал Мюрей ч тэр аль хэзээний цэргээ хаян сүүл хавчин зугтсан байсан бол Францын цэргийн гол хүчийг (үлдсэн тэр цэргийг гол хүч гэж хэлж болох бол шүү дээ) маршал Ней ингэж явганаар удирдсаар, араасаа гэзэг даран мөшгих дайснуудтайгаа тулалдсаар Орос орноос гарч чаджээ.

Удалгүй Францыг холбоотон улсууд нь няц дарж, хаан ширээ бурбончуудад шилжих үед Ней тэдэнд үнэнч байхаа тангараглан илэрхийлж, шинэ цол титэм хүртсэн байна. Ней зүгээр ч биш, Наполеоны хүсэлтээр ийм шийдвэр гаргасан гэдэг.

Наполеон Эльба арал дээр хоригдож байх үед Ней улсынхаа хамгийн том цэргийн зүтгэлтэн болж мандаж байлаа. Гэнэт Наполеон Эльбаг орхисон, өөрийн талынхныг цуглуулж Парисыг авахаар ирж байна гэсэн мэдээ ирэхэд Людовик XVIII хаан маршал Нейгээр цэргээ удирдуулж Наполеоныг дарахаар шийдлээ. Тушаал хүлээж авсан Ней хааны гарыг үнсэж чадах бүхнээ хийнэ гэж амлаж байсан ч сарын дараа эргээд Наполеоны ойрын жанжин болжээ.

Одоо “Монте Кристо гүн” романд гардаг нэг үгийг хэлэх хэрэгтэй шив. “...Дараа нь Ватерлоо, 100 өдөр...”.

Гэхдээ Ней Ватерлоод тулалдааны хамгийн хэцүү газруудад байж, унаж явсан таван морь нь үхсэн ч өөрөө цусаа асгаруулан “Францын маршал яаж үхдэгийг харцгаа” хэмээн цавчилдсаар байсан юм гэнэ лээ.

Маршал Ней Швейцарь руу зугтан гарсан боловч баригдан Францад авчирч шүүх болжээ. Цэргийн шүүхээр шүүх болоход олон том генералууд шүүгч болохоос татгалзаж байсан бөгөөд зарим нэг нь үүнийхээ төлөө бүр 2-3 сар хоригдох болж байж. Нэгэнт цэргийнхэн шүүж чадахгүй бол Пэрийн танхим шүүг гэж хэргийг шилжүүлсэн нь Людовика XVIII Нейг цаазаар хороох хүсэлтэй байгааг харуулсан хэрэг байв.

Ней өөрөө ч ийм ял авахаас буцахгүй хүн байсан нь түүнд нэгэн боломж гарсныг ашиглаагүй явдлаар харагдана. Ней Саарт төрсөн нь мань хүнийг Францын иргэн биш гэж үзэх үндэслэл болж болох байсан ч маршал үүнийг тоож сонсоогүй төдийгүй “Би Францын маршал хэвээр үхнэ” хэмээн хариулж байжээ.

Пэрийн танхимын 161 язгууртан дээдэс цуглаж, маршал Ней буруутай эсэхийн тухай санал хураахад 9 хоногийн өмнө ийм хуралд оролцох эрх авсан 30 настай нэгэн эрээс бусад нь бүгд буруутай гэж үзсэн гэдэг. 1815 он 12-р сарын 7-нд маршал Мишель Нейг буудан алахаар авчран нүдийг нь боох болоход маршал үүнээс татгалзлаа. Бүр буудах тушаал өгөх гэж байгаа командлагчийн урдуур орж  “Цэргүүдээ миний нүүр рүү биш зүрх чиглүүлж хараалаад... буудаад” хэмээн командалсаар өнгөрсөн байна. Францын нэгэн зоригт хүүгийн түүх ийм буюу.

P.S.

Маршал Ней хэдийгээр харц дорд гаралтай боловч ёстой ганган амьтан байсан юм гэнэ лээ. Нүүр амандаа оо энгэсэг тавьж, гоо сайхандаа анхаардаг байсан энэ эр “Нүүр рүү битгий буудаарай” гэдэг нь үхэхдээ ч сайхан царайтай байх гэсэн санаа юм байж.

...Хэд дахин урвасан хүнийг юуг нь магтах билээ гэх вий. Ней Наполеоны эсрэг байлдахаар тосон очих үед өөрийнх нь бүх л цэргүүд бүгдээрээ Бонапартыг талархан угтаж байсан учир мань эр тэднийгээ дагахаас өөр аргагүй болсон гэдэг. Ер нь иргэний дайнд хэн нэгнийг урвагч гэж хэлэх шиг хэцүү зүйл үгүй болов уу. Михаил Шолоховын (магадгүй энэ дэлхийн хамгийн шилдэг зохиол ) Дөлгөөн Дон романд иргэний дайн гэж ямар бузар зүйл байдаг тухай, энд урвах шарвах гэдэг нь ямар хэцүү ойлголт болж хувирдаг тухай даанч сайхнаар өгүүлсэн байдаг билээ.

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]