Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Тал нутгийн Феникс ба Нарны буун цагУншсан8,829

Өнгөрсөн зууны эхээр монгол оронд туссан өрний соёл иргэншлийн гэгээ С.Лувсанвандангийн өсөн бойжиж буй нутгаас долоо, найман зуун километрийн алсад орших Улаанбаатарт л гол төлөв тусч байлаа.

XX зууны нэрт соён гэгээрүүлэгчийн тухай ном нэг хүний амьдрал, замналын түүх бус Монгол үндэстний туулсан олон түүхийг нүдний өмнө хүүрнэн өгүүлэх юм. Б.Цэнддоогийн "XX зууны сэхээтэн: Сономын Лувсанвандан" номыг "С.Лувсанвандан сан"-гийн зөвшөөрөлтэйгөөр уншигчдадаа цувралаар хүргэж байна.


ТАЛ НУТГИЙН ФЕНИКС

С.Лувсанвандангийн төрсөн 1930-аад он бол Монголын түүхэн дэх ер бусын эргэлтийн жилүүд байлаа. Олонх хүн эдгээр он жилүүдийг шашдир түүхэнд товойлгох үйл явцын тоонд большевик дэглэмийн эсрэг "лам нарын" хэмээгдэх бослого, үгэнд ордоггүй бяцхан хүүхдийг чихрээр хууран авчирч байгаад турсагыг нь хуулдаг зарим сурган хүмүүжүүлэгчийн арга барилыг санагдуулам "Шинэ эдийн засгийн бодлого" хэмээх урхи маягийн, эдийн засгийн эрх чөлөө, үндэсний сэхээтэн, лам хуврагуудыг хоморголон устгасан зэрэг үйл явцыг онцлон оруулдаг билээ. Үнэхээр ч тийм юм. Харин эл ном "Хэрвээ Барон Унгерн ялсан бол тэгэх байсан", "Гучаад онд латин үсгийг авсан чигээрээ үлдээсэн бол..." гэхчилэнгээр өнгөрсөн түүхийг шүүхэд зориулагдаагүй тул үүнийг орхих болно.

Харин дэлхий ертөнцийг нэгэн цагт донсолгож орхиод тэнгэрийн хаяа руу уусан одох жингийн цуваа шиг алдарсан Монголчуудын хувьд XX зууны хорь, гучаад он гай гамшгийн сүүдэр дор, айсуй яваа хөгжил дэвшлийн нууц гэрлийг сүүмэлзүүлсэн он жилүүд байсан юм. Үндэстний мандал бадралын энэхүү улирал өглөөгүүр дулаан наран ээж байснаа гэнэт тэнгэр харанхуйлан цасан шуурга тавьж, цагийн сайханд гэнэн итгэсэн хүн, малыг сүйтгэдэг тал нутгийн олон аашт хавар шигээ үхэл сүйрэл, егүүтгэлийн сүүдэр, мандал бадралын гэгээ аль алийг дагуулан ирлээ. Энэ нь үнс нурман дороос амилан босдог үлгэрийн Феникс хэмээх Галбинга шувууг санагдуулдаг аа. Уламжлалт соёл, бичиг үсэг шашин шүтлэгтэй холбоотой бүхнийг түймэрдэн арилгасны ормон дээр соёл гэгээрлийн шинэ нахиа соёолж байв.

Намын Төв хорооны дарга Ц.Дамбадорж хошууны сургуулийн сурагчдын хамт. 1920-иод оны сүүлч

Оросын большевикууд тусгаар тогтнолоор нь барьцаалан тулгасан коммунист дэглэмийн эрэг шураг бүхэн нь олон зуунаар хоцрогдсон Монголчуудад суурин амьдралын соёл, иргэншлийн элэментийг агуулан авчирч байв. Мэдээж хэрэг үндэсний сэхээтэн, лам хуврагуудыг хороохдоо хуучны сэлэм, цахиур бууны оронд винтов буу, "наган" хэмээх орчин цагийнхаа револьвер хэрэглэж байсан нь гол биш бөгөөд дарангуйллынхаа үзэл суртлыг түгээхдээ орчин цагиин ололтуудыг ашиглаж эхэлсэнд учир нь байна. Энэ бүхэн нь хоцрогдсон ард түмнийг гэгээрүүлэхдээ "Эхлээд нэлээн хэдийг нь буудчихууштай байдаг юм" гэсэн тэргүүн туршлага үлдээгээгүй ч соён гэгээрүүлэх ажилд хүчирхийлэл ашигласны хувьд судлууштай сонин баримтуудыг үлдээжээ. Ер нь иргэнийх нь хөл гарын хумсанд хир байгаа эсэхийг Засгийн газраас хянаж байсан тийм тохиолдол хүний түүхэнд дахиад гарахгүй биз ээ?

Ардын Гэгээрүүлэх Яамны сайд Эрдэнэбатхаан

Хувьсгалт хүчирхийллийг магтан сайшаасан ухуулга нь зүгээр аман яриа төдий биш, тайз дэлгэцийг ашиглан уран сайханжуулж, амт оруулсан байх нь зүйтэй гэж эрх баригчид үзжээ. Эхэндээ "Цахилгаан сүүдрийн наадам (кино) нь хүний гэгээрэл боловсролын удиртгал болох бөгөөд ард түмний сайжрах замд чухал тустай..."(МАХН-ын Хоёрдугаар их хурал. 1923), хэмээн соёл боловсролыг түгээхдээ төдий л үзэл сурталжаагүй байдал харагдаж байснаа, "Хувьсгалын ба суртахууны учир утга бүхий жүжиг наадам гаргаж гишүүд ба ард олныг гэгээрүүлэх (МАХН-ын бүгд хурал. 1925) хэмээн чангаруулж улмаар "Ший жүжгийн явдлыг хувьсгалын явдалд нийцүүлэн... ядуу дунд ангийг хамгаалсан зүгт хандуулан гаргаж байх" (МАХН-ын долдугаар их хурал.1928) болгон урлаг, уран бүтээлд цаашдаа зөвхөн үүнийг үзүүлж болно гэдгийг үндсэндээ хуульчлан зааж өгчээ. Энэ чиг зарчим 1990 онд коммунист дэглэм унах хүртэл үйлчилсэн юм.

Гэвч энэ үзэл суртлын ажил нь дэглэмийнхээ бодлогыг сурталчлахын сацуу хичнээн болхи хэлбэртэй ч гэсэн кино хэмээх гайхамшиг, ном, сонин, сэтгүүл, мөн тайз дэлгэцийн урлагийг түгээн дэлгэрүүлж, хожмын олон сайхан бүтээл, бүтээгч төрөх үүд хаалгыг нээлээ.

Суурин газрын соёл иргэншил нь Монголчуудын өвөг дээдэстэй найман зууны тэртээд зангидсан тооцоогоо сануулах мэт нүүдэлчин амьдралд хөндий хүйтэн хандаж байлаа. Хожмоо бид "кино" хэмээн нэрлэх болсон Люмерийн хөдөлгөөнт фото зургаас эхлээд орчин цагийн соёлын нахиа бүхэн эхлээд зөвхөн нийслэл Улаанбаатарын өмч байв. Ингээд үүссэн цагаасаа эхлэн тал нутагтаа дураараа нүүдэллэн амьдарсан Монголчууд суурин амьдрал, соёл иргэншлийн зүг сүүлчийн нүүдэл хийх хэрэгтэй боллоо. XX зууны эхээр эхэлсэн энэ нүүдэл зуугаад жил үргэлжилж, дараагийн зуунтай золгосон боловч дуусаагүй хэвээр. Өвсний соргог, усны тунгалагийг даган нүүсээр хүн төрөлхтний стандарт амьдралын төв цэгээс хичнээн их алсласны хэмжээ юм болов уу?

Өнгөрсөн зууны эхээр Монгол оронд туссан өрний соёл иргэншлийн гэгээ С.Лувсанвандангийн өсөн бойжиж буй нутгаас долоо, найман зуун километрийн алсад орших Улаанбаатарт л гол төлөв тусч байлаа. Гэхдээ нар нэгэнт л мандсан бол уулын сүүдэрт ч өдөр болдог.


Нарны ба буун цаг

  XX зууны хориод оноос нэвтэрч эхэлсэн суурин газрын соёл иргэншил нь Монголчуудын өмсөх хувцас, хоол ундыг өөрчилж эхлэхээсээ өмнө амьдралын хэмнэл рүү нь довтоллоо.

  Энэ нь Монголчуудын цаг хугацааны баримжаа билээ. Их төлөв урт богино хоёр зүүтэй, арван хоёр цифр бүхий дугуй хүрээтэй цаг хэмээх энэ багаж жинхэнэ хронометр гэдэг утгаараа тал нутагт эзэн суухаар ирлээ. Хүрээний язгууртнууд, баян худалдаачдын гэрт чамин тансаг хийцтэй, үнэт мод, ховор металл ашиглан хийсэн цагнууд байх боловч гэрийн гоёлын нэг хэсэг, ганган тавилга ажгуу. Алт мөнгөн гинжтэй энгэрийн цаг ч гэсэн зүүлт, бугуйвчийн аймагт багтана. Эргэн тойрон цаг хугацааны баримжаагүй хүмүүсийн дунд яваа цагтай хүн бол ердөө л "цагтай хүн" билээ.

  Нүүдэлчин Монголчууд цагийг нараар баримжаалан "Үдийн өмнө", "Үдээс хойш" гэхчлэн хоногийн 24 цагийг хэдхэн хэсэгт хуваах ба "нар ханын толгойд байхад", "Долоон бурхан гудайх үес" хэмээн арай нарийвчилна. Бүрхэг өдрүүдэд хүмүүс өөрийн мэдрэмждээ түшиглэсэн биологийн цагаа ашиглана. Үүнээс үүдэн Москва, Улаанбаатарын хоорондохь шиг цагийн зөрөө гарлаа ч хохироод байх юм үгүй.

 Тэр үед хэрэглэж байсан дорно дахины сарны тооллын ёсоор хоног нь арван хоёр цагт хуваагдах боловч " Үхэр цагт хонио услаад", "Хонгор чамайгаа хонь цагт хүлээе" хэмээн ярьдаггүй байж. Харин хурим найр хийх, хишиг даллага авахуулах, шинэ жилээ тэмдэглэх зэрэгт тусгай "мэддэг" хүний хэлснээр баримжаалан дээрхи тооллыг хэрэглэнэ.

Марзан Шаравын зурсан VIII Богд.

Монголын сүүлчийн хааны дэргэд байгаа цаг бол хугацааны хэмжүүр гэхээсээ гэрийн гоёл ажгуу.

 Харин хүрээ хийдийнхэн уншлага номоо эхлэх, дуусах цагаа дун, бүрээ мэтийг дуугарган товлоно. Мэдээллийн эх үүсвэр нь мөн л нарны баримжаа.

 Бүтэн хоногийн хорин дөрөвний нэг буюу 60 минут, 3600 секундыг багтаасан энэхүү нэг цаг гэдэг ойлголт талын Монголчуудаас хол хөндий байлаа. Цаг хугацааны хэмжүүрийн нэн эртний хэрэгслэл болох усан, элсэн цагийн эрин ч Монголчуудыг дайрсангүй. Манай тооллын 578 онд эртний Византид анх хийсэн хэмээн зарим сурвалж бичгүүдэд гардаг механик цаг 1400-аад жилийн хойно Монгол оронд "ажиллахаар" ирэв.

  Харин гномон хэмээх нарны цагийн талаар Монголчууд гайгүй ойлголттой байжээ. Мал хариулж яваа хүүхэд багачууд хүртэл хонь саах, хургаа нийлүүлэх хугацааг олохдоо гномоныг ашиглаж байв. Газарт тойрог буюу гэрийн план зурж, хаалга, хоймор, авдар, ор зэрэг тавилгаа зохих байранд нь дүрслэнэ. Тэгээд шилбүүрээ голд хатгаад түүний сүүдэр хаана байгааг тогтооно. Энэ цагаараа мэдээж 16 цаг 30 минут болж байгааг бодож гаргахгүй. Харин тооноор туссан нарны гэрэл гэрийн хойморт, эсвэл ханын элгэнд тусч байгааг мэдэж авна.

 Харин шөнийн цагаар од мичдийн байрлалаар цагийг багцаалдаг байв.

 Ардын засгийн газар эхэндээ албан хаагчдаа ажлын цаг баримтлуулахын тулд буу ашиглаж байсан гэдэг. Мэдээж хэрэг ажлаасаа хожигдсон этгээдийг нам бууддаг гэсэн үг биш. Хэрэв ингэвэл хэдхэн өдрийн дотор нэгч албан хаагчгүй болно шүү дээ. Харин засгийн газрын байрны өмнө их буу тавиад түүгээр хий буудан ажил эхлэх, завсарлах цаг зэргийг мэдээлдэг байжээ.

Зарим дуртгалд өгүүлдэгээр нягг нямбайгаараа нэрд гарч "Хичээнгүй сайд" хэмээн алдаршисан ерөнхий сайд Б.Цэрэндорж гуайд нэг энгэрийн цаг байсан ба их буугаар "гал нээх" ажлыг тэрээр биеэр зохицуулдаг байсан гэх. Сүүлдээ Аж үйлдвэрийн комбинатын дайсан довтлох, байгалийн гэнэтийн аюул болох зэрэгт дохио өгөх зориулалттай яндангийн сирена дохиог тодорхой цагуудад дуугардаг сэрүүлэг болгон нэг хэсэг ашиглажээ. Ийнхүү яван явсаар ноён цаг тал нутагт эзэн сууж, хронометр хэмээх багаж гоёл бус хэрэглээ болон хувирлаа.

Үргэлжлэл: Анхны эрдэмтдийн газарзүйн төсөөлөл ба Зүүд мөрөөдөл

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
3 сар 10. 3:43
Зочин

Монголчууд 12 жил шигээ 12 цагийн тоололтой байсан гэж боддог байсан чинь нарны багцаа цагтай байсан гэж ойлгуулах нээ
Морин цагт зүүн урагшаа нүү гээд Сэрэлт кино дээр гардаг маань худал болох нуу

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]