Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Лондонгийн их утааУншсан891

Салхигүй, хүйтэн эдгээр өдрүүдэд шатсан нүүрсний утаа, тоос агаарт хурж, ганц хоёрхон хоногийн дотор аюултай хэмжээнд хүрсэн бөгөөд дээрээс нь манан будан буугаад холын байтугай ойрын бараа харагдахаа бараг больсон гэдэг.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1952 оны 12-р сарын эхээр Лондон хотын орчимд хүйтэрч, салхигүй тогтуухан байлаа. Даарч хөрөхөөс сэргийлсэн хотын иргэд түүхий нүүрсээ ихээр шатааж байснаар утаа хотыг битүү бүрхэж эхэлсэн ч лондончууд тоосонгүй. Угаасаа л ингэж л байдаг, тэгээд л зүгээр болчихдог л хойно. 

Яг энэ үед Лондон хотын захиргаа цахилгаанаар явдаг трамвайг дизель хөдөлгүүртэй автобусаар сольсон тухайгаа ярьж, техникийн нэг шинэ шат ахисан тухайгаа гайхуулж байсан тэр цагтай давхцаж байв.

Салхигүй, хүйтэн эдгээр өдрүүдэд шатсан нүүрсний утаа, тоос агаарт хурж, ганц хоёрхон хоногийн дотор аюултай хэмжээнд хүрсэн бөгөөд дээрээс нь манан будан буугаад холын байтугай ойрын бараа харагдахаа бараг больсон гэдэг. Өтгөн манан, утаанаас болж харагдах орчин муудсан учир автомашины хөдөлгөөн удааширч, түгжрэл эрс ихэссэнээр агаарын бохирдол бүр ч нэмэгдэж эхлэх нь мэдээж. Осол аваар олноор гарч эхэлснээр метроноос бусад нийтийн тээвэр явахаа больж, удалгүй ачааллаа даахаа больсон түргэн тусламж ч зогссоноор бөөн бөөнөөрөө утаанд хордож байгаа хүмүүс өөрсдөө эмнэлэг дээр явж үзүүлэх шаардлагатай болсон байна. Янз бүрийн концерт, кино театрууд хаагдсан нь тодорхой. Гэхдээ ингэж хаагдсан шалтгаан нь агаарын бохирдлоос болж хүний эрүүл мэндэд хор хохирол учруулах вий гэхээсээ илүү битүү утаа манангаас болж кино театрт гарч байгаа кино, тайзан дээр тоглох концерт нь харагдахгүй болсонтой холбоотой.

Удалгүй утаатай холилдсон манан улам өтгөрч доошилсноос харагдах орчин таван метр хүртэл багасч, оройн цагаар гэрээсээ гарсан хүн буцаж гэртээ харьж чадахгүй төөрөх, ямарваа нэг хана дагаж явахгүй бол нүхэнд унаж, юм мөргөх нь энүүхэнд болсон байлаа.

Хүмүүс утаанаас хамгаалж сайн муу янз бүрийн маск хэрэглэж байсан ч өвчлөл үхэл маш хурдан газар авч эхэллээ. 1952 оны 12-р сарын 5-9 хооронд болсон энэ үзэгдлийг “Их утаа” (Great Smog) хэмээн нэрлэсэн бөгөөд энэ хэдхэн өдрийн дотор нялх балчир хүүхэд, өндөр настан, амьсгалын замын өвчтэй хүмүүс хамгийн ихээр нэрвэгдэж нийт 4000 гаруй хүн нас барсан байна. Цаашдаа ч энэ утааны нөлөөгөөр хүмүүс нас барсаар байсан гэдэг ба “Их утаа”-ны уршгаар нийт 12 000 хүн таалал төгссөн гэсэн тооцоо бий.

Тухайн цаг үеийн ёсоор энэ айхтар тоо баримтыг нууж байсан ч (хаа сайгүй л ийм байсан доо) удалгүй хотод авс дууссан, оршуулгад тавьдаг цэцэг олдохгүй болсон гэдэг нь олон түмэнд мэдэгдэж байдал ямар байгааг иргэд, дарга цэрэг нар бүгд л яс махандаа тултал ойлгож авсан байна.

Энэ аймшигт явдлын дараа зөвхөн Лондон хотынхон биш, дэлхий даяараа агаарын бохирдлын тухай илүү гүн гүнзгий ойлголттой болж, олон ч хөдөлгөөн бий болсон ба энэ бүхний үрээр экологийн шинэ стандартууд бий болж, олон ширүүхэн хуулиуд энд тэндгүй гарсан билээ.

“Их утаа” бол орчин цагийн экологийн төлөөх тэмцлийн эхлэлийн цэг байлаа.

P.S.

Өвөл цаг хаяанд ирлээ.

Лондон хотод болсон энэ бүх үйл явдал дахь үхэл, хохирлын тоог тооцохгүй бол бусад нь бидний хувьд огтын сонин зүйл биш гэж хэлж болох байх. Саяхан хүртэл л ийм байсан ... “Байсан” гэж хэлэхийг маш их хүсч байгаа ч одоогоор эртдэх биз ээ. Түүхий нүүрсний утааг бууруулах талаар хэрэгжүүлсэн зарим ширүүхэн ажил үр дүнгээ өгч хотын агаар ихээхэн хэмжээгээр сайжирсан ч эргээд “тавиад туухад” их амархан, эмзэг хэвээрээ л байна. Дээр нь шахмал түлшийг зөв хэрэглэх гэж нэг зовлон. Уг нь ном журмыг нь сайн сураад, энэ миний амьдрал, үр хүүхэд гэр бүлтэй минь хамаатай юм гэж бодоод, ач холбогдол өгөөд байвал хэцүү ч юм биш л байлтай. Бид ч заримдаа нээрээ л...

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]