Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Карфагений түүхУншсан5,689

Гимерийн их тулалдаанд алагдсан Гамилькарын ач хүү I Ганнибал бол Карфагены алдарт жанжин Ганнибалын овгийн хамгийн дээд үеийн өвөг дээдэс нь юм.

Эртний түүхийн домогт жанжин Ганнибалын амьдрал, замналыг ярихдаа алдарт Карфаген хот, түүнийг үндэслэн байгуулсан финикчүүд, Газар дундын тэнгист ноёлсон хүчирхэг эзэнт гүрний тухай эн тэргүүнд дурдах хэрэгтэй юм. Ганнибалын төрсөн нутаг, хайртай хот Карфаген нь Грек, Ромын үеийн эртний түүхэнд асар том ул мөр үлдээсэн бөгөөд, Ром, Карфаген, Грек, Египет гэсэн нэр Газрын Дундад тэнгис тойрсон соёл иргэншил төдийгүй хүн төрөлхтөний эрт үеийн нэрийн хуудас болдог билээ.

МЭӨ 814-146 оны хооронд 700 гаруй жилийн турш Грекийн хот улсууд болон Ромын хамгийн хүчтэй өрсөлдөгч байж, түүхийн тавцанд идэвхтэй үйл ажиллагаа явуулсан Карфаген нь хаант засаглалтай байгаад, сүүлийн 200 орчим жил нь ардчилсан, Бүгд найрамдах засаглалын дор оршин тогтнож байжээ. Карфагенчууд финик хэлээр ярилцдаг байсан ба бүр сүүлд Карфаген хот сүйрч, мөхсөний дараагаар л аажмаар хойд Африкийн берберүүдийн хэл, араб хэл зэрэгт шахагдан уусч, мөхсөн байна.

 

Финикчүүд ба Карфаген хотын үүсэл

 

Карфаген хотыг өнөөгийн хойд Африкийн Тунис улсын нийслэл, Тунис хотын орчимд МЭӨ 814 онд эртний финикчүүд үндэслэн байгуулжээ. Грекүүд энэ үндэстнийг финикүүд хэмээн нэрлэдэг ба өөрөөр "канаанчууд" гэх нь ч бий. Харин хожим нь ромчууд карфагенчуудыг пунийн иргэд, пунчууд хэмээн нэрлэдэг болсон ба энэ нь финик ба punic гэсэн нэрнээс л гаралтай.

Финикүүд нь эртний соёлт Египет, Вавилон улсуудын хоорондох бүс нутаг, одоогийн Ливан улсын нутагт оршин сууж байгаад, МЭӨ 15-р зууны үеэс Сидон, Тир зэрэг томоохон хот-улсууд байгуулж эхэлсэн ба МЭӨ 12-р зуунаас эхлэн тэнгисээр хэрэн хэсч худалдаа наймаа эрхлэх болж, Хойд Африкаас Иберийн хойг (Испани) хүртэл нэвтэрч, Газрын дундад тэнгис, тэнгисийн зүүн, баруун, өмнөд этгээдэд ноёрхож байв. Ялангуяа финикийн хаадын өлгий нутаг нь одоогийн Газрын дундад тэнгисийн зүүн эрэг, Ливан улсын нутаг дэвсгэр юм. Хуучин энэ бүс нутгийг Левант хэмээдэг байсан. Финикүүд бичиг үсэг зэрэг эртний дорно дахинд үүсч бий болсон соёлыг Газрын дундад тэнгисийн эрэг орчимд түгээж, Грек, Ромын соёл иргэншил цэцэглэн хөгжих үндсийг тарьсан.

Гэвч МЭӨ 9-8 дугаар зуунд Ассирийн хаант улсын довтолгоонд нэрвэгдэж, Финикийн хот-улсууд тусгаар байдлаа алдаж, улмаар Ассирын улс мөхсөний дараа Персийн хаант улсын мэдэлд орсон ч Грекийн хот-улсуудтай худалдаа арилжаагаа, цэрэг зэвсгээр өрсөлдөх хэмжээнд байв. Ялангуяа Тайр, (Сур ч гэж нэрлэгдэж ирсэн) Газрын Дундад тэнгисийн зүүн эрэгт орших Тир хот финикчүүдийн зүрх байв. Финикийн хаад, хатдын домог ч энэ хотоос эхлэлтэй. Ассирийн түрэлтээс бүр хожим агуу байлдан дагуулагч Македоны Александр Ази руу хийх аян дайнаа эхэлмэгц Персийн гүн рүү довтлолгүй Бага Ази, Левант, Египетийг юун түрүүнд эзлэн авахаар төлөвлөж, энэ төлөвлөгөөний дагуу МЭӨ 332 онд Тир хот руу довтолсон түүхтэй. Александр бүтэн долоон сарын турш Тир хотыг бүслэн хааж, тулалдсан бөгөөд дайтагч талууд асар их хохирол амссаны эцэст Тир эзлэгдсэн байдаг. Ингээд Македоны Александрын аян дайнаас эхлэлтэй Бага Ази, Египет, Араб, Персийг эллинийн соёл иргэншилд уусгах буюу грекжүүлэх явц хамгийн түрүүнд финикчүүд, Тир хотоос эхэлсэн юм. Улмаар Александр Газрын Дундад тэнгисийн зүүн эрэг, Левантыг эзэлснээс хойш аажмаар грекжиж, түүхээс алга болсон.

Газрын дундад тэнгисийн Тир хотыг онцлохын учир нь энэ хотын финикчүүдээс Карфагены ноёлох давхаргынхан үүсэлтэй гэж өөрсдийгөө үздэг, түүхэнд тэгж ч бичиж ирсэн юм. Александрыг Тир рүү довтлохоос 500 гаруй жилийн өмнө Грек, Ромын бурхдын домогтой олон янзаар холбогддог Элисса буюу Дидо гүнж Тир хотоос хөлөг онгоцоор гарч олон жил тэнгисээр аялсны эцэст МЭӨ 814 онд хойд Африкт очиж Карфаген хотыг байгуулсан хэмээн үздэг.

Эзэн Чингисийн угсаа гарвал Бөртэ чоно, Гоо Марал хэмээн эхэлдэг шиг Карфагены хаадын угсаа ийнхүү Тир хотоос ирсэн Дидо гүнжээс эхэлдэг ажгуу. Грек, Ромын бурхдын домогт гардгаар Трой хотын хаан Приамын үеэл, ханхүү Анхисс болон Афродита бурхны дундаас төрсөн Эинис баатар (ханхүү Парис, Гектар нарын үеэл дүү) бол Дидо гүнжийн дурлалт залуу бөгөөд гүнж хайр дурлалаа гаргуунд гаргаж Карфаген хотыг байгуулсан тухай олон эх сурвалжил дурддаг аж. Ямартай ч Карфагены хатан хаан болсон Элисса буюу Дидогоос эртний энэ улсын хаадын намтар түүх тоологдоно.

Тир дайснууддаа эзлэгдэн сүйрч байхад финикчүүдийн Хойд Африкт бий болгосон колонийн хот-улс Карфаген нь эсрэгээрээ хөгжин цэцэглэж, хүчирхэгжин хавь ойрын улс, аймгуудыг өөртөө нэгтгээд хэдэн зууныг үзсэн байлаа. Судлаачид Александрыг Энэтхэг хүрсэн аян дайнаасаа эргэн ирээд, залуугаараа нас бараагүйсэн бол ирт зэвсгийнхээ үзүүрийг баруун зүгт, Карфаген руу хандуулж асар том дайн дэгдэх байсан гэж үзэх нь ч бий. Учир нь тэр үед Ром цэцэглэн мандаагүй, жижиг хот, аймгийн хэмжээнд байсан бол Карфаген баян тансаг, худалдаа наймааны томоохон төв болоод байв.

 

Хаадын эрин үе, Сицилийн I дайн

 

Карфагены эзэн хаадын угсааг гурав хувааж үздэг. Дээр дурдсанчлан хатан хаан Дидогийн үр удмынхан Карфагеныг МЭӨ 814 оноос МЭӨ 550 он хүртэл, Магонидын угсааныхан МЭӨ 550 оноос МЭӨ 340 он хүртэл, Ханнонидын угсааныхан МЭӨ 340 оноос МЭӨ 308 он хүртэл тус тус хаанчлан захирч байгаад Ардын зөвлөл, сенат бүхий Бүгд найрамдах улсын засаглалд шилжжээ. Дэлхийн хүмүүс Карфагены түүхийг алдарт жанжин Ханнибал болон түүний Ромын БНУ-тай хийсэн аян дайны түүхээр, дахиад томруулвал Карфаген-Ромын хооронд явагдсан Пунийн (Пуник) гурван удаагийн дайнаар илүүтэй мэддэг байна.

Пунийн гурван удаагийн дайны эхнийх нь МЭӨ 264 онд эхэлсэн гэж үзвэл түүнээс өмнөх 550 гаруй жилийн түүхийг нь тэр болгон ном хэвлэлд дэлгэрэнгүй дурдаад байдаггүй аж. Тэгвэл тэрхүү 550 жилд карфагенчууд хэрхэн өсч өндийж, Газрын дундад тэнгисийн хүчирхэг, эдийн засгийн өндөр хөгжилтэй, дайнч улс болон Ромтой өрсөлдөх болов оо. Ер нь бол Ром хот жижигхэн суурин байхаас ч өмнө Карфаген нь эзэнт гүрний хэмжээнд хүрээд байсныг түүх гэрчилдэг. 

МЭӨ 814 - МЭӨ 580 оныг хүртэл Карфаген нь Газрын дундад тэнгисийн эргийн дагуу байгуулсан финикийн том жижиг 300 орчим колонийн хот, тосгоноос ялгарах юмгүйгээр хөгжиж, Тир хотод татвар төлөх, финикчүүдийн худалдаачдын онгоцыг Хойд Африк эрэг орчмын усанд хамгаалах, шаардлагатай бол Тир, Сидон руу цэрэг илгээж, туслах зэрэг үүрэг хүлээж байв. Гэхдээ аажмаар Карфаген томорч хөгжин, ойр хавийн нүүдэлч овог аймгуудыг өөртөө нэгтгэж хүн ам нь ч асар хурдацтай нэмэгдэн финикийн томоохон хотуудаас улс төрийн хувьд хамааралгүй болж эхэлжээ.

 Хатан хаан Дидо МЭӨ 760 онд таалал төгссөнөөс хойш МЭӨ 580 оныг хүртэл Карфагеныг хэн захирч байсан нь эх сурвалжид баттай бичигдэж үлдээгүй байдаг.

Улаан нь Грекийн хотууд, шар нь финикийн хотууд

I Ханно. Харин МЭӨ 580 оноос I Ханно 24 жил хаанчилж, Карфаген улам бүр бие даасан эзэнт улсын хэмжээнд хүрч очив. Энэ үед Вавилон хүчирхэгжиж, II Навуходоносор Тир хотыг (13 жил бүсэлсэн) бүслээд 5 дахь жилдээ орж байсан нь ч магад нөлөөлсөн байж мэдэх.

I Ханногийн үед Карфаген Хойд Африкт дагуул хотуудаа байгуулж, зүүн эргээс ч олон тооны финикүүд нүүдэллэн ирж, Сири, Египет, Бага Ази, Грекийн хот улсууд, Италийн хойг дахь улс, аймгуудтай бүгдтэй нь худалдаа наймаа хийж бараа таваараар хангадаг худалдааны хүчирхэг улс болж хувирав.

Алт, мөнгө ихтэй, худалдаа наймааны сүлжээг гартаа атгахын хэрээр Карфаген армиа сайжруулж, Африкийн эх газрын гүн рүү хилээ улам бүр тэлж эхлэв. Өмнө нь Ливийн овог аймгуудад мөнгө төлж газрыг нь түрээсэлж, цэрэг зэвсэг хөлсөлж, худалдаа наймаагаа явуулдаг байсан бол сүүлдээ тэднийг зэвсгийн хүчээр сүрдүүлж газар нутгийг нь булаав, үргэлжлүүлээд мауричууд, Хойд Африкийн хүчирхэг Нумидын хаант улстай дайтаж, тэнгисийн эргийн хот улс маань газар нутгаа тэлж, жинхэнэ эх газрын улс болов. Мөн Газрын дундад тэнгист өрсөлдөх болсон Сицили арал дахь грекчүүдийг шахах болов. Тэнгисийн баруун бүсийн хот, улсууд Карфагенд татвар төлж, худалдаа наймаагаа саадгүй явуулах болов, финикийн зарим хотууд ч бүр сайн дураараа дагаар орж эхлэв.

Газрын дундад тэнгисийн зүрхэнд орших Сицилийн арал нь эртнээс нааш өнөөг хүртэл энэхүү тэнгисийг тойрсон олон үндэстэн, улс орнуудын эдийн засаг наймааны төв, баруун зүүн эргийг холбогч стратегийн өндөр ач холбогдолтой бүс нутаг байсан тул хэн хүчирхэг байна, тэр эзэмшилдээ байлгахыг хүсдэг байлаа. Тэр ёсоор Грекийн хот улсууд болон Карфагены хооронд Сицили арлыг эзэмших энэ өрсөлдөөн МЭӨ-х хэдэн зуунаар дамнан үргэлжилсэн юм.

Карфагены финикчүүд болон грекийн хот улсуудын нөлөөний бүс Сицили аралд нүүр тулав. Карфагенчууд ганц Сицилид санаархаж байсангүй, Сардини арал, Испанийг ч хүсэмжилж байв. Энэ үед өмнөд Италийн эргээр, Сицили аралд грекийн колоничлогчидын байгуулсан хотууд ид цэцэглэж, тэлж байлаа. Карфагенчууд Сицили арлыг өөрийн болгохын тулд юуны өмнө өөрийн хот, сууринг тэнд бий болгож, олон зууны өмнөөс энэ арал дээр байгуулагдсан хот улсуудад цэргийн тусламж үзүүлж, Грекийн дайчдын эсрэг тулалдаж эхлэв. Энэ тэмцэлд Италийн эртний хагас нүүдэлч этрускууд ч нэгдэж хойд талаас нь грекүүдийг шахаж эхлэв.

Малх. I Ханногийн хаан ширээг залгамжилсан Малх Карфагены армийг удирдан Хойд Африкийн омгуудыг цохиж амжилттай тулаан хийснийхээ дараа Сицилид армитайгаа шилжиж, грекчүүдийг хиартал цохив. Амжилтдаа ханаагүй энэ хаан Сардини арал руу довтолсон боловч уугуул оршин суугчдад нь хэд хэдэн удаа хүчтэй ялагдаж, их хохирол амссаны улмаас Карфагены сенатаас буруушаагдав. Хилэгнэсэн Малх нутагтаа эргэж ирэн Карфаген хотыг бүслэн хаасан боловч өөрөө түлхэгдэн унаж, эцэст нь цаазлуулсан түүхтэй. МЭӨ 556-550 онд хаанчилсан энэхүү Малх хааны үеэс карфагенчууд түүх давтагдах вий хэмээн сэрэмжилж хот хамгаалах хүчирхэг гарнизонтой болж, дайн тулаанд хөлсний цэргүүдийг ихээр ашиглах болжээ.

I Маго. МЭӨ 550 оноос I Маго хаан ширээнд сууснаар магонидын угсааныхны үе эхэллээ. I Магогийн үед карфагенчууд тэнгисийн томоохон тулаанд оролцож, холбоотой Этрускийн цэргүүдтэй хамт МЭӨ 539 он гэхэд Сардинийн хойд талд орших Корсик арлаас грекүүдийг шахан гаргав.

I Гасдрубал. Дараагийн хаан Хасдрубалын үед карфагенчууд Персийн эзэнт гүрэнтэй холбогдож, нэг эвсэж, нэг эвдэрч (байлдааны хөлөг онгоцуудаа персийн эсрэг тулаануудад дэмжлэг үзүүлэхээр явуулах гэх мэт), хэрэгтэй үедээ Персийн хаанд алба, татвар барьж ч үзэв. Энэ ухаалаг бодлогынхоо ачаар Ахеменидын угсааны хаадаар удирдуулсан Персийн эзэнт гүрэн Бага Ази, Египетийг эзлэн Гректэй тулалдаж, Хойд Африкт ч Карфагены эзэмшилтэй хиллэж эхэлсэн энэ үед Карфаген бүс нутаг дахь нөлөөгөө хадгалсаар байв. Энэ үед Спартын ханхүү Дориейн (дүү нь Спартын хаан Леонид) пуничуудын оролцоотойгоор алагдаж, дагуулууд нь Сицилийн баруун өмнөд эрэгт нэгэн хот байгуулсныг мөн л карфагены цэрэг холбоотнуудтайгаа үнсэн товрог болгожээ. Ханхүү Дориейний өшөөг авахаар Сицилийн грек хотууд Акраг, Гела, Селин болон Спартын хаад төлөвлөсөн ч түүх өөрөөр эргэсэн юм. Гасдрубалын дүү I Хамилкар хааны үед Карфагены түүхэнд онцлох хэд хэдэн үйл явдал тохиосон байдаг.

I Гамилькар. Байгуулагдаад 200 гаруй жилийн түүх үзсэн Ром хот Ромын Бүгд найрамдах улс болон өндийж МЭӨ 509 он гэхэд Карфагентай холбоотны гэрээ байгуулав. Энэ гэрээ Карфагены талд давуу эрхтэйгээр байгуулагдсан бөгөөд Сардини, Корсик арлуудыг хянахад ромчууд туслалцаа үзүүлэх, ромчуудын хувьд энэ үед Этрускийн хаадын дарлалаас ангижрахаар тэмцэлдэж байсан тул Италийн хойгийн дотоод асуудалд карфагенчууд оролцохгүй байхад (нэг ёсондоо эртний холбоотой Этрускуудад Карфаген тусламж үзүүлэхээс Ром айж байв) л хангалттай байв. МЭӨ 500 он гэхэд I Гамилькараар удирдуулсан карфагенчууд Испани руу амжилттай кампанит ажиллагаа явуулж, Иберийн хойг дахь овог аймгуудыг шахан нутаг дэвсгэрээ өргөжүүлэв, шинэ хотууд ч байгуулав. Сицилийг ч зүгээр орхисонгүй, Грекийн хэд хэдэн хотуудыг I Гамилькар дипломат аргаар заналхийлж, эрхшээлдээ оруулж авлаа. Энэ үед Сицилийн арал дээр грекчүүдийн хамгийн том, хүчирхэг хот улс нь Сиракуз байлаа. Хотыг Гело хэмээгч Эгийн тэнгисээс ирсэн грек угсааны хаан удирддаг байсан ба Сицилийн арлын өөр нэгэн томоохон хот улс болох Акрагийн хаан Фероны хүргэн болж, хадамтайгаа хамтран Карфагены эсрэг хүчирхэг холбоо байгуулаад байв.

МЭӨ 480 он эртний түүхэнд тодоор бичигддэг. Учир нь энэ онд эртний түүхийг эргүүлсэн томоохон дайн тулаанууд болсон юм. Персийн I Дарий хааны хүү Ксеркс аварга том арми эмхлэн байгуулж, заналт дайсан грекүүдийг нэгмөсөн дарж авахаар Грекийн эх газарт бууж, Термофилийн тулаан, тэнгист Саламисын тулааныг явуулав. Термофилийн тулаанд Спартын хаан Леонидаар удирдуулсан грек-спартын багахан хүч Персийн асар их цэргийн өөдөөс зоригтой тулсан ч ялагдаж, Афин хот эзлэгдэн, шатаагдсан бол Саламисын усанд Грекийн жанжин Фемистокл Халикарнасын хатан хаан Артемисиягаар удирдуулсан Персийн флотыг бутниргэсэн түүхийг та бид сайн мэднэ. 

Үүнтэй зэрэгцэн Перстэй нэгэн зэрэг грекүүдийн эсэргүүцлийг Сицилид нугаслахаар I Гамилькар хаан 300 мянган хүнтэй (100 мянга нь карфагенчууд бусад нь хөлсний цэрэг байсан гэдэг) армиа дагуулан арал дээр газардлаа. Ингээд алдарт Гимерийн тулалдаан болсон бөгөөд энд мөнөөхөн дээр дурдсан Сиракузийн хаан Гело, Акрагийн хаан Фероны удирдсан 50 мянган явган цэрэг, 5000 морьт цэрэгтэй хэд дахин давуу хүчтэй Карфагены их армийг бутниргэж, хаанаа ч алуулж асар их хохирол амссанаар карфагенчууд хэсэгтээ Сицили рүү санаархаж чадахааргүй болсон байна. Ийнхүү МЭӨ 480 он Грекийн түүхэнд томоохон ялалт, баатарлаг түүх дагуулсан жил болж, Сицилийн анхны дайны ялагч болж өнгөрчээ.

Харин эсрэгээрээ Карфаген хотын нөлөө хумигдаж, дургүйцлээ илэрхийлэх боломж олдсон даруйд хаа сайгүй овог аймгууд, жижиг хот улсууд тэднийг эсэргүүцэн босч, худалдааны хөлөг онгоцуудыг нь дээрэмдэн тэнгисийн замыг нь хаасан байдаг. Ийнхүү 30 жил хаанчилсан Гамилькарын үе эмгэнэлтэйгээр өндөрлөж, Карфаген хэдийгээр хаант засаглалтай хэвээр үлдсэн ч үнэн хэрэгтээ сенат улсаа удирдах болж, Бүгд найрамдах улс хэмээн зарлав.

II Ханно ба Гимилько. Гамилькарын дараагаар хаан болсон II Ханно нь далай тэнгисээр аялагч хэмээн түүхэнд нэр нь үлджээ. Тэрээр далайн экспедиц байгуулан Гибралтарын хоолойгоор гарч, Африкийн баруун эрэг даган аялж, шинэ газар орон нээж явсан аж. Магадгүй энэ нь карфагенчууд Сицилийн дайнд бутниргүүлж, хойд зүг рүү тэлэлт хийх санаархал нь мохсонтой холбоотой ч гэдэг. МЭӨ 480-440 он хүртэл хаан ширээнд суусан II Ханногийн залгамжлагч Гимилько мөн л адил далай тэнгисээр аялагч байв. Гэхдээ тэрээр Гибралтарын хоолой буюу тухайн үед нэрлэдэг байсан Гераклын баганаар гарахдаа II Ханногийн нээсэн замаар явахыг хүссэнгүй, хойд зүгт эргэж Португалийн эрэг даган аялсаар Франц, тэр бүү хэл Англи хүртэл явжээ.

 
Сицилийн төлөөх II дайн

 

I Ганнибал. Гимерийн их тулалдаанд алагдсан Гамилькарын ач хүү I Ганнибал бол Карфагены алдарт жанжин Ганнибалын овгийн хамгийн дээд үеийн өвөг дээдэс нь юм. Энэхүү I Ганнибал буюу Маго Ганнибал нь МЭӨ 440 оноос эхлэн аялагч хаадын дараа Карфагеныг захирах болж, 40 жилийн өмнө бут ниргүүлж олон мянган цэрэг эрсээ алдсан пуничууд (финикчүүд)-ын өсийг тайлж, заналт дайсан Сиракузаас хариугаа авахаар олон жил дайнд бэлджээ. Чингэж байтал пуничуудын аз болж түүхэнд Пелепоннесийн дайн хэмээгдэн үлдсэн Грекийн хот улсуудын хоорондын их дайн эхэлжээ. МЭӨ 431-404 он хүртэл үргэлжилсэн энэ дайн Карфагенд дахин сэргэж, грекчүүдээс хариугаа авах боломжийг олгох нь тэр. Пелепоннесийн дайн нь Афин тэргүүтэй грекийн хот улсуудын Делийн холбоо Спарта тэргүүтэй грекийн хот улсуудын Пелепоннесийн холбооны хооронд болсон дайн юм. Дайнд Гимерийн их тулаанаас хойш Сицилийн арлыг бүхэлд нь эрхшээгээд байсан хүчирхэг Сиракуз хот татагдан орсон ба Спартын хаадын угсааны хот учраас Афины эсрэг зогсох нь тодорхой юм. Харин Сицилийн Эгеста хот Афины грекчүүдээс гаралтай тул Сиракусын эсрэг тулалдаандаа Делийн холбоо болон пунчуудээс тусламж гуйв. Сицилийн өөр нэгэн хот, Гимерийн тулааны хувь заяаг шийдсэн Акраг хот дайнд төвийг сахиж, хэнийх нь ч талд орсонгүй.

МЭӨ 415-413 онуудад Афины жанжид цэргээ удирдан Сицил арал дээр бууж, араас нь Сиракуст туслах зорилгоор Спартын цэргүүд ч ирэв. Ингээд арал дээр хоёр жил орчмын хугацаанд тулаан өрнөж эцэст нь афинчууд хиар цохиулснаар "Сицилийн экспедиц" хэмээн түүхэнд үлдсэн дайн өндөрлөжээ.

Эгеста хотыг Сиракуст алдаж болохгүйг, удаан бэлтгэсэн дайнд орох цаг болсон гэдгийг ойлгосон I Ганнибал сенатын зөвшөөрлийг авч чадсанаар 40 мянган хүнтэй армиа удирдаж Сицили арал дээр буулаа. Энэ бол МЭӨ 409 он бөгөөд талуудын тулгаралт Сиракусын дагуул Селин хотын дэргэд болсон байна. Селиний тулаанд I Ганнибалын цэрэг Сиракусын хүчийг бутниргэж, ингээд ч зогссонгүй 71 жилийн өмнөх гутамшигт ялагдлынхаа хариуг барихаар Гимер рүү давшиж дахин ялалт байгуулав. Гэхдээ баян, хүчирхэг Сиракус, Акраг хотууд руу довтолж зүрхэлсэнгүй, Карфаген хотдоо сүр жавхлангаа бадруулан буцжээ.

Гурван жилийн дараа I Ганнибал дахин Сицили рүү аян дайн хийсэн ба Акраг хотыг бүсэлж байх үедээ цэргүүд нь тахалд нэрвэгдэж, өөрөө ч өвчнөөр нас баржээ.

II Гимилько. I Ганнибал Магогийн хүү II Гимилько цэргээ удирдан Акраг хотыг бүсэлсээр эцэст нь эзлэн авч газрын хөрстэй тэгшилжээ. Улмаар Гела, Камарина хотуудыг нэмж эзлэн, Сиракусын хаан I Дионисийн армийг бутниргэж, энх тайвны гэрээг тулган байгуулжээ. Ингэснээр Карфагены ноёрхол Сицилд дээд цэгтээ тулж, Селин, Ферма, Гела, Камарина зэрэг олон хотуудыг эрхшээлдээ орууллаа. Сицилийн төлөөх II дайн ийнхүү МЭӨ 406 онд Карфагены ялалтаар дууслаа.

Тэгтэл  II Гимилькод ялагдсан Сиракусын хаан I Дионис яггүй эр байжээ. Тэрээр 38 жилийн турш пунчүүдтэй дайтаж, Сицили арал дээр дайн дажин тасарсангүй. Сицилийн төлөөх дайн VII дайнаараа нэг юм өндөрлөж, Карфаген-Сиракусын дайн МЭӨ 306 он хүртэл үргэлжилж, олигтой ялагч ч тодорсонгүй түүхтэй.

МЭӨ 332 онд Македоны Александрыг тэнгисийн зүүн эрэгт Тир хотыг эзэлж, Персийн хаантай Гаугамелийн алдарт тулаанд орохоор бэлдэж байхад карфагенчууд Газрын дундад тэнгисийн баруун хэсэгт эзэгнэж, Сицилийн арлуудын төлөө их дайн дажин хийсээр л байжээ. Нэг үгээр хэлбэл грекчүүдийн тэнгисийн худалдаа наймааны гол өрсөлдөгч, газар нутгийг колоничлогч нь финикчүүд байсан тул тэдний "захиалгаар" шахам Тир хотыг Александр эвдэн сүйтгэсэн ч грек-финикийн өрсөлдөөн тэнгисийн баруун талд хэвээр байв.

Үргэлжлэлтэй.

Дараагийн хэсэгт Пунийн 3 удаагийн дайн, Ганнибал жанжны түүх

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
11 сар 3. 18:49
Анхбаяр

Пүнийн дайны талаар мэдээлэл эндээс унших гэсэн чинь дараагийн нийтлэлдээ орохоор болчихсон юм уу хэзээ дараагийн нийтлэлээ хүргэх вэ? тэсэн ядан хүлээж байна

10 сар 16. 13:33
ганаа

сайхан нийтлэл байна. үргэлжлэлийг нь хүлээсээр л байна шүүв

9 сар 26. 15:17
Зочин

Caihan niitllel bna. urgeljlel ni hezee oroh ve

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]