Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Агаарын тээврийн хамгийн том осолУншсан69,079

1977 онд Канарын арлуудын нэг болох Тенерифе арлын нисэх онгоцны буудал дээр Нидерландын KLM компанийн Боинг-747, Америкийн Pan American компанийн бас нэг Боинг-747 нисэх ээлжээ хүлээн зогсож байлаа.

1977 онд Канарын арлуудын нэг болох Тенерифе арлын нисэх онгоцны буудал дээр Нидерландын KLM компанийн Боинг-747, Америкийн Pan American компанийн бас нэг Боинг-747 нисэх ээлжээ хүлээн зогсож байлаа. Нисэх буудал дээр энэ хоёр аварга онгоцноос гадна өөр олон онгоц байсан бөгөөд учир нь ойрын арал болох Гран-Канар-ын нисэх буудалд террорист үйл ажиллагаа явагдаж, нисэх буудлын танхимд бөмбөг нуусан гэсэн мэдээ ирсэн учраас тэнд буух ёстой байсан бүх онгоцуудыг энэхүү Тенерифегийн нисэх буудалд буулгасан байна. Лос Родеос хэмээх нэртэй энэ нисэх буудал орон нутгийн зориулалттай учир ганцхан тасрах буух зурвастай байжээ.

Ингээд буцаж нисэх цаг болж KLM компанийн онгоц хөөрөх эрх авсан бөгөөд өөрт өгсөн богинохон хугацаанд онгоцоо цэнэглээд тасарч амжихгүй бол дахиад нэг өдөр эндээ хүлээх байдалд орох байв. Нисгэгчид ч яарч эхэллээ. Энэ аварга онгоцыг шатахуунаар цэнэглэж байхад онгоцны их биеийн зарим хэсэг жижиг нисэх буудлын тасрах буух зурвас дээр байсаар байсан учир тухайн үед ямар ч онгоц хөөрч, буух боломжгүй болсон байлаа. Араас нь нисэх ёстой Pan American-ы онгоц хүлээсээр л.

Цэнэглэж дууссаны дараа нисэх буудлын диспетчер KLM-ийн онгоцыг тасрах буух зурвасын төгсгөлд буюу нислэг хүлээх бүсэд очихыг тушааж байх үед манан бууж эхэлжээ. Лос-Родеос сүүлийн үеийн локаторгүй учир цаг агаарын ийм нөхцөлд диспетчерүүд онгоцны байрлалыг нисгэгчтэй ярих радио холбоогоор л тодорхойлох боломжтой байсан ба тэд Америкийн Боингийг Нидерландын онгоцны араас хөөргөхөөр тооцож байжээ.

Америкийн онгоцыг мөн л тасрах буух зурвасын онгоц хүлээх цэг рүү явуулсан ба удахгүй өөдөөс чинь Нидерландын онгоц хөөрөх учир замын хажуугийн хүлээх цэг рүү орж зогсохыг тушаажээ. Америкчууд тэрхүү хүлээх цэг рүү эргэх замаар орж чадсангүй. Цаг агаар муу, харагдах орчин хязгаарлагдмал, бас тэрхүү эргэх зам нь дэндүү нарийхан, жижиг онгоцонд зориулагдсан байсан учраас тэр. Нэгэнт орох ёстой газраа орж чадаагүй Америк онгоцны дарга дараагийн зогсоолд орохоор шийдэн гол замаар үргэлжлүүлэн явж эхэллээ.

Энэ үед диспетчертэй холбоо барихад нэг хэцүү зүйл байсан нь диспетчерийн хэт испани аялга байв. Хэдийгээр англиар яриад байгаа ч сайн ойлгогдохгүй учир Америкийн ч тэр, Нидерландын ч тэр Боингууд байнга л өгсөн тушаалыг нь дахин дахин асууж тодруулах гэж цаг алдсаар. Ингэснээр радио холбоонд хэд хэдэн яриа давхцаж, зарим яриа нь огт сонсогдохгүй дарагдаж өнгөрчээ.

Америкийн онгоц зааж өгсөн эргэлтэд орж чадаагүй, дараагийн зогсоолд орохоор явлаа гэсэн үгсийг хэлж байх тэр үед Нидерландын онгоц хөөрөх зөвшөөрөл гуйж таарчээ. Диспетчер онгоцнууд яг хаана явааг сайн ойлгож, нөхцөл байдлыг тодруулахын тулд Нидерландын онгоцны байрлалыг өөрчлөхөөр шийдэн команд өгснийг KLM-ийн Боинг нисэх зөвшөөрөл өглөө гэж ойлгожээ. Энэ онгоцны 2-р нисгэгч ойлголоо гэж хариулсан боловч төгсгөлд нь яагаад ч юм  we’re now uh…taking off (одоо нислээ) гэж бувтнасан байна. Диспетчер ч хэлсэн зүйлийг нь ойлгосон байна үзээд ОК гэж хариуллаа. Тэгснээ “хөөрөхөд бэлэн байгаарай, би удахгүй зөвшөөрөл өгнө” гэж хэлсэн боловч яг энэ үед Америкийн онгоц нөгөө зогсоолд орж чадаагүй гэдгээ хэлж таарсан учир Нидерландын онгоц диспетчерийн хэлсэн сүүлийн зааврыг сонсож чадаагүй байна. Тэд нисэх зөвшөөрөл авлаа гэж ойлгосон учир хөөрөхөд бэлдэн маневрлаж эхлэхэд борт-инжинер нь “диспетчер өөр онгоцтой холбоо бариад байдал ойлгомжгүй байна, тасрах зурвас чөлөөтэй болоогүй байгаа юм биш үү” гэж 1-р нисгэгчдээ хэлж. Олон арван жил онгоц барьсан, асар туршлагатай 1-р нисгэгч нь “нусгай банди”-ийн үгийг сонссон ч тоож хариу өгөлгүй тасрах зурвасаар хурдаа аван давхиж эхэлжээ.

Pan American-ы нисгэгч нар ойртон ирж яваа KLM-ийг харлаа. Америк онгоцны нисгэгч онгоцоо холдуулахын тулд огцом хийгээ өгч тасрах зурвасаас гарах гэж оролдож эхэлсэн ба KLM-ийн онгоц ч замд өөр нэг том хөлөг хөндөлдөж байгааг харан огцом өндөр авах гэж зүтгэсэн байна. Дүүрэн шатахуунтай энэ онгоц хангалттай өндөр авч чадалгүй арын дугуй болон 4 хөдөлгүүрээрээ Америкийн онгоцыг мөргөлөө.

Америкийн онгоц мөргүүлсэн газраараа задарч тэр завсраар нь хүмүүс үсрэх нь үсэрч, унах нь унан зугтаж байсан бол Нидерландын онгоц далавчгүй болон газар унаад бараг 300 метр хэртэй гулсаж байгаад шатаж эхэлжээ. Америкийн онгоц ч бас араас нь шатлаа.

KLM-ийн онгоц дотор байсан 234 хүн, багийн 14 гишүүн бүгд шатсан бол Pan American онгоцноос 61 хүн үсэрч гарснаар амьд үлдэж, 335 хүн бас л галд өнгөрчээ. Энэ онгоцноос аврагдсан 61 хүний гурав нь багийн гишүүд буюу нисгэгчид байсан гэдгийг заавал хэлэх хэрэгтэй болов уу.

Дэлхийн агаарын тээврийн түүхэн дэх хамгийн том, хамгийн олон хүний (583) амийг авч одсон энэхүү аймшигт осол 1977 оны 3-р сарын 27-нд болсон билээ.  

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]