Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Энэтхэгийн онцлогоос шалтгаалан ковидын бүр ч хөнөөлтэй хувилбар дэлхийд тархах вий хэмээн болгоомжилж байнаУншсан2,781

Мутацлагдсан коронавирусын гурав дахь давалгаа Энэтхэг улсад нөхцөл байдлыг огцом хүндрүүлээд байгаа.

Мутацлагдсан коронавирусын гурав дахь давалгаа Энэтхэг улсад нөхцөл байдлыг огцом хүндрүүлээд байгаа. ДЭМБ болон олон улсын ажиглагчдын зүгээс Энэтхэг улс сүүлчийн хүчээ шавхан энэхүү мутацид орсон вирустэй тэмцэж, Азийн хүчирхэг гүрний эрүүл мэндийн салбар бүрэн цохилтод орлоо гэсэн таагүй дүгнэлтийг илэрхийлсээр байна. Үнэндээ ч Дели болон тус улсын олон сая хүн амтай томоохон хотуудад эмнэлгүүдийн ачаалал хэтэрч, шарил чандарлах газрууд 24 цагаар ажиллаад ч нэмэргүй байгаа тул автомашины зогсоол, хөлбөмбөгийн талбай зэрэг томоохон талбайнуудыг шарил чандарлах газар болгон хувиргаж байгаа юм. Эндсэн хүмүүсийн ар гэрийнхэн шарил чандарлах газрын гадаа олон цагаар дугаарлан хүлээж байгаа ч хэт ачааллын улмаас шарил чандарлах зуухууд эвдэрч, тэр байтугай төмөр нь хайлж ашиглах боломжгүй болсон тохиолдлууд ихээр гарч байна. Тиймээс нийслэл хотын захиргаанаас Дели хотын гудамжинд тарьсан моддыг тайрч, шарил чандарлахад түлээ болгон ашиглахыг зөвшөөрсөн ба нас барсан хүмүүсийн ар гэрийнхнийг түлээ бэлдэх ажилд бас оролцуулах болжээ.

Халдвар туссан иргэдийн тоо өдөрт 200-300 мянгад хүрээд байвал, байдал нааштайгаар эргэхгүй бол сарын дараа гэхэд нөхцөл байдал бүр ч аймшигтай болж хувирч магадгүй хэмээн Энэтхэгийн албаныхан болгоомжилж байна.

Энэтхэгт анх “E484Q”, “E484K” гэсэн хоёр мутацилагдсан вирусын штамм илэрсэн бөгөөд энэ нь 3 дугаар сарын сүүл хавьцаа. Өмнөд Африкт анх илэрсэн “B.1.353”, Калифорнид анх илэрсэн “B.1.429”, Бразилд тархсан “P1”, Их Британид дэлгэрсэн "B.1.1.7” хувилбаруудаас хамгийн аймшигтай хөнөөлтэй хувилбараараа Энэтхэгт тархаж байгаагийн учрыг судлаачид тааварлаж чадахгүй байна. Магадгүй байдлыг Энэтхэгийн хүн амын өндөр нягтаршил, олныг хамарсан шашин, соёл, улс төрийн үйл ажиллагаанд хэдэн арван мянгаараа оролцож, цуглардаг, томоохон хотуудын захын хороололд амьдардаг үй олон ядуустай холбон тааварлаж болох юм.  "Энэтхэгийн амьдралын нөхцөл байдал Ковид-19-ийн шинэ хувилбарууд бий болгоход түлхэц болж байгаа бөгөөд энэ нь вирусний эсрэг тэмцэлд гарсан амжилтад аюул учруулж болзошгүй байна. Энэтхэгийн хүн амын нягтрал нь вирус мутацлагдах нөхцөл болж байна" гэж Кембрижийн Их сургуулийн клиник микробиологийн профессор Рави Гупта хэлжээ.

Тийм ч учраас Энэтхэгийн нийгмийн онцлогоос шалтгаалан коронавирусын олон янзын мутац хувилбарууд бүр ч хөнөөлтэй хувилбарт шилжих вий хэмээн ДЭМБ-ын мэргэжилтнүүд санаа зовниж байна.

Өнгөрсөн саруудад Энэтхэгт нас барсан хүмүүсийн өдөр тутмын статистик тоо хэдэн зууд багтдаг, өдөрт шинээр илрэх тохиолдлууд 10 мянга орчим байсан бөгөөд аажимдаа цар тахлын таагүй нөхцөл байдлаас зайлсхийж чадах нь хэмээн Энэтхэгийг улс орнууд үнэлж байсан юм. Энэтхэгийн Засгийн газар ч байдлыг хяналтдаа авсан хэмээн мэдээлж, өдөрт сая саяар үйлдвэрлэж буй вакцинаас хөгжиж буй улс орнуудад хандивлахад ч хүрч байв.

Гэвч байдал ийнхүү эргэнэ гэж Энэтхэгийн Засгийн газар тооцоолж байсангүй. Сүүлийн долоо хоногт Энэтхэгт өдөрт дунджаар 2-3 мянган хүн нас барж байна. Эмнэлгүүдэд амьсгалын аппараттай ор үлдээгүй ба хүчилтөрөгчийн нөөцгүй болсноор хүмүүс амиа алдаж байна.

Халдвар авсан хүмүүсийн хамаатан саднууд олон нийтийн сүлжээгээр дамжуулан хүчилтөрөгч, амьсгалын аппарат хайж эхэлсэн ба лабораториуд ачааллаа дийлэхгүйгээс хаалгаа барьж, боловсон хүчний дутагдалд орж байгаа аж. ДЭМБ-ын шинжээчдийн дүгнэлтээр Энэтхэг дэх статистик төсөөлж байгаагаас ч аймшигтай байж магадгүй гэнэ. 1.3 тэрбум хүн амтай тус улсын хүн амын байнгын хөдөлгөөн нь Ковид-19-ийн үр дүнтэй шинжилгээ хийх, мөн нас баралтын түвшнийг бодитойгоор тооцох боломж олгодоггүй аж. Тиймээс Энэтхэг дэх хямралын цар хүрээг багцаалдан тооцоолж байгаа гэнэ.

Энэтхэгт байдал хүндэрсэнтэй холбоотойгоор олон орнууд тус улстай хийх нислэгүүдээ цуцлаад байна.

Дэлхий даяар коронавирустэй тэмцэж буй нөхцөл байдлыг ажиглаж үзвэл Хятад, АНУ, Баруун Европын ихэнх улс орнууд, Африк, Зүүн Өмнөд Азийн зарим улсуудад сүүлийн долоо хоногт нас баралт буурсан дүн гарсан. Зарим улс орнууд хөл хорионы дэглэмээ султгаж, зарим нь бүрэн цуцалсан байна. Европын холбоо энэ зунаас вакцины бүрэн тунгаа хийлгэсэн америкчуудыг нэвтрүүлэх боломжтой болсноо дуулгалаа. Байдал нааштайгаар эргэж буй мэт боловч Энэтхэг дэх байдал гамшгийн нөхцөл байдалд хүрсэн тул тайвширч эхэлсэн улс орнуудад болгоомжлол төрүүлж эхэлжээ.

Тиймээс дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд Энэтхэг улсад тусламжийн гараа сунгаж эхэлсэн юм.

АНУ, ОХУ, Их Британи, Франц, Герман, Австрали, Ирланд улсууд одоогийн байдлаар эм, эмнэлгийн хэрэгсэл, хүчилтөрөгч, амьсгалын аппарат зэргийг тусламж болгон илгээхээ мэдэгдээд байна.

Нэг онцлох асуудал бол одоо олон улсад хэрэглээд эхэлсэн ковидын эсрэг вакцинууд Энэтхэгийн байдалд ямар нөлөө үзүүлж байгааг анхааралтай ажиглаж байгаа явдал. Олон улс орнууд эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэхтэй холбогдуулан ковидын эсрэг вакциныг Энэтхэгт илгээж эхэлжээ. Энэ дотор ОХУ-ын Спутник-V вакцин ч багтаж байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]