Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Аймшигт Пол Пот!Уншсан70,688

Пол Пот! Энэ нэрийг сонсоод олон хүн дуу алддаг нь түүний хийсэн хосгүй бузар үйл явдалтай холбоотой билээ.

Пол Пот! Энэ нэрийг сонсоод олон хүн дуу алддаг нь түүний хийсэн хосгүй бузар үйл явдалтай холбоотой билээ. Засгийн эрхийг авсан гурван жилд 3 сая гаруй хүний амийг хохироосон энэ алуурчны жинхэнэ нэр нь Салот Сар бол дэлхий дахинд алдаршсан нэр нь Пол Пот (буюу «politique potentielle» гэсэн франц хэллэгийн товчилсон нэр, ирээдүй бүхий улс төрч гэсэн утгатай бололтой), хувьсгалын хамтрагч нартаа “Нөхөр  №87” гэсэн нэртэй байжээ.

Ядуу тариачны гэрт төрсөн гэх боловч хааны ордон хавиар ах дүү нар нь “эргэлддэг”, чинээлэг айлын гэрт төрсөн ба зарим мэдээгээр хааны татвар эмээс төрсөн хүүхэд ч байж магадгүй хүн юм гэнэ. Бүр төрсөн он сар өдөр нь ч тодорхойгүй. Бага насандаа буддын хийдэд шавилан сууж байгаад хэсэг хугацааны дараа үүнийгээ орхиж загалмайтны шашны сургуульд орсон байдаг бөгөөд дараа нь мужаан дархны мэргэжлээр Пномпьений техникийн коллежид сурч байгаад Францад сургуульд сурах тэтгэлэгт хамрагдаж чадсан байна. Чадсан уу, тусалсан уу гэдэг нь тодорхойгүй ба ямар ч байсан энэ эр Францад радио электроникийн чиглэлээр сурч эхэлсэн боловч мэдсэн, сурсан юм маруухан байсаар сургуулиасаа хөөгджээ. Гэхдээ зүгээр байлгүй Францын Коммунист намын гишүүн болж өөрийн нутаг нэгтнүүдээ нэгтгэсэн коммунист үзэл суртлыг дээдэлсэн бүлэглэл хүртэл байгуулж амжсан хүн.

Сургуулиасаа хөөгдөөд нутагтаа ирэн франц хэлний багш хийж байх үедээ Камбожийн Коммунист намынхантай холбоо тогтоох гэж ихээхэн оролдсоны үр дүнд гишүүн нь болж чадлаа. Гэхдээ мань эрийн ярьдаг хэлдэг нь Маркс, Сталин болохоос үнэндээ ямарваа нэг онолын мэдлэг гэх юм үндсэндээ юу ч байсангүй. Байсан нь маш сайхан, уяртал ярьдаг чадвар л байж. Одоо тэрээр Салот Сар биш Пол Пот.

1953 онд Камбож улс Францаас тусгаарлан салж бие даасан улс болон Нородом Сианук хаан нь болжээ. Шинэ хаан Хятадын талыг баримтлах ба дараа нь болсон Вьетнамын дайны үеэр хойд Вьетнамын коммунистууд болон вьетконгчууд  Камбожийн нутгаар нааш цааш давхилдан сум хэрэгсэл зөөж байхад нүдээ анин өнгөрч байлаа. Энэ үед Пол Пот Камбожийн Коммунист намын хамгийн том дарга нарын нэг болж амжсан байсан бөгөөд тухайн үед Вьетнамын дайнаас улбаатай олон үйл явдал болж байв. Орос, Хятад хоёр муудалцаж бараг л дайтах дээрээ тулж байх энэ үед америкчууд Хятадыг Зөвлөлтийн гараас бүрмөсөн салгах гэж болох бүхнийг хийж, нэгэн цагт өстөн дайсан байсан Маотой найзалж, анд нөхөд гэж нэгнийгээ нэрлэж байсан бөгөөд Камбожийн засаг төр ч Хятадын талыг угаасаа баримталж байсан учир "муусайн оросууд"-д дургүй гэдгээ “Мао ах” болон Америкийн засаг захиргаанд нэн даруй дуулгаж байлаа. Удалгүй Хятадыг дагахаасаа илүү шууд Америкийг дагавал илүү ашиг хонжоотой байх нь гэж хаан тооцож үйл ажиллагаагаа ч тэр чиглэлд бүрэн захируулж. Ашигтай газар хэзээ ч хоосон байдаггүй гэгчээр Хятадаас нүүр буруулсан хааны орхисон орон зайг Камбожийн коммунистууд эзлэн авч Хятадын гар хөл болж эхэлсэн байна.

Нородом Сианук хаан

1967 онд Камбожийн Баттамбанг гэдэг сууринд тариачид бослого хөдөлгөөн гаргаж засаг захиргаа цэргийн хүчээс гадна хотын хүн амыг дайчлан байж зэрлэг ширүүнээр дарлаа. Үүнийг эсэргүүцсэн Коммунистууд хааны эсрэг партизаны тэмцэл явуулж эхэлсэн учир хөдөөний ард олон, тариачин ардын дундах нэр хүнд нь огцом өсөж, хот хөдөөгийн хооронд тодорхой хэмжээний дайсагнал бий болсон гэдэг.

Энэ цагт улсынхаа коммунист хөдөлгөөний тэргүүн болсон Пол Пот өөрийн үзэл бодлоо тодорхойлон зарласан гэдэг ба энэ нь “Аз жаргалтай амьдрах арга зам нь орчин цагийн барууны улс орны соёлын үнэт зүйлээс татгалзан, хүн ардыг ялзруулж байгаа хот сууринг устган, оршин суугчдыг дахин засан хүмүүжүүлэх явдал” байв. Нөгөө Маркс, Сталин ч таг мартагдсан төдийгүй угаасаа ч энэ талаар болхи ойлголттой хүн байжээ.

1970-аад оны үед америкчууд Камбожийн хаан Сианукыг өөрийн талд хангалттай үнэнч байж чадахгүй хүн гэж үзэн төрийн эргэлт гарган Лон Нол гэгчийг Ерөнхий сайд болгон засаг төрийн хамаг эрх мэдлийг өгсөн нь коммунистуудын (яваандаа коммунист гэх нэр улам бүр алга болж улаан кхмерүүд гэх нэр нь үндсэн нэр болсон), хувьд тун ч ашигтай зүйл болж хувирсан байна.

Лон Нол нь хойд Вьетнамыг  Камбожийн нутаг дэвсгэр дээр цэрэг дайнтай холбоотой элдэв үйл ажиллагаа явуулахыг хориглож үүнийг нь биелүүлэхгүй бол цэрэг хөдөлгөж сүйд хийх юм хэлж айлгах гэсэн боловч дайтаж сурсан Вьетнам харин өөдөөс нь цэрэг хөдөлгөж бараг л Пномпьений хавьд дөхөж очсон юм байх. Америкчууд өөрийн хүнээ аврахаар цэрэг оруулан байж Лол Нол суудалдаа үлдэж чадсан боловч ард түмэн одоо Лон Нол, америкчуудыг хамтад нь үзэн ядаж эхэлжээ. Үр дүн нь хуучин коммунистууд байсан, одоо улаан кхмерүүд болсон тэр бүлэглэлийн тоо толгой огцом хурдтай нэмэгдлээ.

Вьетнамын дайнд ялагдаж, дотооддоо бөөн хэрүүл маргаанд идэгдэж эхэлсэн америкчууд энэ бүс нутгийн асуудлыг нэг мөр дуусгахаар шийдэхдээ Лон Нол мэтийн зарим хүн, улс орныг зүгээр л мартсан байна. Өмнө нь Америкийн мөнгөөр, Америкийн зэвсгийн хүчээр тогтож байсан энэ хүнд одоо ямар ч тусламж дэмжлэг байхгүй болсон бол харин улаан кхмерүүд ард олон, Хятадын дэмжлэгээр улам бүр хүчирхэгжсээр Камбожийн тухайн үеийн засаг захиргаа унах нь цаг хугацааны асуудал болж хувирчээ.

1975 оноос улаан кхмерүүд Пномпьенийг дайрч эхлэх үед Засгийн газрын цэргүүд 70 000 гаруй босогчдыг яаж ч чадахгүй нь тодорхой болж Америкийн тэнгисийн цэргийнхэн өөрийн улсын иргэд, Камбожийн төрийн хамгийн дээд албан тушаалтнууд болон бусад цаашид хэрэг болох цөөхөн хүнийг аван зайлснаар Пномпьен уналаа.

Улаан кхмерүүд ялалт байгуулснаар Камбож улс нь Кампучи болон хувирч Пномпьен хотын оршин суугчдыг гурван хоногийн дотор хотоос гарч явах ёстой, эсэргүүцвэл буудна, ална, хядна гэж анхааруулснаар энэ хотыг 2,5 сая хүн гурван хоногийн дотор орхисон бөгөөд хотод 20000 гаруй хүн үлдсэн нь улаан кхмерүүдийн удирдлага, элдэв харуул хянагч нар төдий хүмүүс байжээ. Өвчтэй зовлонтой... ямар ч шалтгаантай байх нь хамаагүй хүн болгоныг хөөж тууж будаа тариалуулахаар явуулсан ба чадаагүй болон бултаж үлдэх гэсэн нөхдүүдийг зүгээр л харагдвал нам буудаж байж энэ асуудал шийдэгдлээ. Хотоос гарч яваа тэр сая сая хүмүүсийг замд нь шалгаж нүдний шилтэй бол сэхээтэн, сэхээтэн бол дайсан гэсэн уриагаар буудахыг нь буудаж байсан бөгөөд хараа муутай бичиг үсэггүй хүн байх нь хамаагүй буудуулсаар. “Ялзарч завхарсан” хотынхныг дахин хүмүүжүүлэх ажил ингэж эхэлжээ. Дараа нь хотынхон төдийгүй засаг захиргааны мэдэлд удаан байсан хөдөөнийхнийг бас дахин хүмүүжүүлж мөн л бөөн алаан хядаан. Хотоос хөдөө чиглэх зам дагуух олон зуун мянган хүний хүүрээс гадна хөдөө жижиг тосгонд алуулж хядуулсан хүмүүсийн цогцос энд тэндгүй хөглөрч эхэлсэн байна. Пол Пот улс орноо бүрэн хааж чадсан учир гадаад ертөнцөд энэ улсад юу болж байгаа талаархи ойлголт тун ч тааруухан байлаа. (Хотоос хөөгдөн туугдаж зовж явсан хүмүүсийн дотор Пол Потын гэр бүлийнхэн ч байж. Харин тэд хэний гайгаар ийм аймшигт тамлалд өртөж байгаагаа бүүр сүүлд мэдсэн гэдэг)

Буддын шашны сүмд байгаад дараа нь катаолик шашны сургуульд орох зэргээр байнга л урваж шарваж байсан гэмээр энэ эр саяхан Америкийн империалистуудтай мөр зэрэгцэн тэмцэж байгаа хэмээн магтаж байсан вьетнамчуудтайгаа муудалцлаа. Учир нь Вьетнам бол ЗХУ-ын тал буюу Хятадын дайсан. Харин Хятад бол Пол Потын ганц найдлага.

Саяхан коммунизм, интернационализм ярьж байсан Пол Пот одоо жинхэнэ үндсэрхэг үзэлтэн болон хувирч, жижиг сажиг үндэстэнгүүд гэсэн “гайнуудыг” устгаж далд оруулах нь зүйтэй гэж вьетнамчуудыг хядаж эхэлсэн байна. Удалгүй бүр Вьетнамын нутаг руу үе үе уулгалан орж алж хядах бөгөөд Вьетнамын 3000 хүнтэй нэгэн сууринг устгаж байсан гэдэг. Хүчээ мэдэрсэн Пол Пот одоо их том юм ярих болж, Хятад болон Пол Потын дайсан болсон ЗХУ тэргүүтэй Варшавын гэрээний улс орнуудыг ч загнаж сүрдүүлдэг үг хэлэх их эр болжээ.

Гадаад орчинд ийм байсан бол дотооддоо тэрээр хүмүүсийг хотоос гаргаж бүгдийг нь будаа тариалахад дайчилсны дараа мөнгө гэдэг зүйлийг тэр чигээр нь үгүй болгож, шашин шүтлэгийг ч тас хорин, ийм үйл хийж байгаа хүмүүсийг шууд л цаазалдаг болсон байна. Дараа нь сургууль ном... Нэгэн цагт өөрөө франц хэл зааж байсан тэр сургууль нь жинхэнэ аймшигт шорон болсон гэдэг бөгөөд тэр сургуульд өөрөөр нь хичээл заалгаж байсан сурагчид, цуг ажиллаж байсан ганц ч хүн дараа нь амьд үлдээгүй байна.

"...Ертөнцийн жамаар үхэж үрэгдэх ёстой хүмүүсийг тамлан зовоож байдаг эмч нарыг юун түрүүнд устгах, дахин хүмүүжүүлэх хэрэгтэй."

Иймэрхүү дахин хүмүүжүүлэх газар нь ихэвчлэн хуучин сургууль байгаад дараа нь шорон болсон барилга байх бөгөөд зөвхөн S-21 хэмээх шоронд гэхэд 17 000 хүн дамжин хоригдсон боловч ердөө 7 хүн л амьд үлдсэн гэдэг.

Пол Пот улс орныхоо ард иргэдийг адил тэгш эрхтэй болгож чадлаа. Үнэндээ бол эрх гэх юмгүй адил тэгш болгожээ. Хүн болгон адилхан ажил хийж, адилхан үхлээ хүлээнэ. Энэ бүх аймшгийг хийж чадсан Пол Пот нь даанч өвөрмөц хүн байв. Түүний хийсэн хэргийн тухай ярьж байхад нэг л их догшин ширүүн хүн аймшигтай зан авир гаргадаг мэт санагдах боловч үнэндээ энэ хүн маш зөөлөн дуутай, инээвхийлсэн, бүр дур булаам инээмсэглэдэг хүн байсан гэх бөгөөд өөрийгөө тахин шүтүүлэх биш харин ч бүр даруухан чимээгүй байхыг эрхэмлэдэг хүн байсан гэдэг. Аливаа тушаал заавар гаргахдаа “Нөхөр  №87” гэсэн нэрээрээ гарын үсэг зурна. Түүний олон хамтрагч нар нь нэр алдартай болох гэж "Нөхөр номер 1" гэх мэт чухал тоог булаацалдаж байсан гэдэг бөгөөд тэдгээр нь дараа нь бүгд л урвасан, үзэл бодолдоо тууштай байж чадаагүй гэх мэтийн түмэн шалтгаанаар алагдаж, алга болж байжээ.

Энгийн хувцас өмсөж явдаг Пол Пот зургаа авахуулах дургүй хүн байсан ба нэг удаа түүний зургийг олж авсан нэг хувьсгалч эр гарамгай удирдагчаа бахдан дуулахаар шийдэн зураач хүнээр олон хувь зуруулж энд тэнд өлгөж нэг мандах шахаж. Харин Пол Пот үүнийг сонсоод мань эрийг төдийгүй зургийг нь гэрийн болон бусад хананд өлгөсөн хүн болгоныг нөгөө тийш нь харуулж, тахин шүтэх явдлыг нэг мөсөн зогсоосон гэдэг.

Хэчнээн хааж дарсан ч Пол Потын үйлдэж байгаа гэмт хэргийн тухай мэдээ чимээ дэлхий дахинд тарж эхэлсэн байна. Угаасаа дайсан нь болсон вьетнамчууд нь Зөвлөлтийн “зөвлөгөөгөөр” Пол Потын асуудлыг шийдэхээр бэлдэж эхэлсэн бол хятадууд өөрийн хайртай хувьсгалч эрээ хамгаалах гэж бас зүгээр байсангүй.

Харин баруун талын ертөнцөд ихээхэн хачирхалтай байдлаар хандаж байсан бөгөөд нарийн яривал хачирхалтай биш харин ч хамгийн тогтсон байдлаар энэ асуудлыг харж байжээ.

Америкийн сенатор, Америкийн гадаад бодлогыг эсэргүүцэгч Жорж СакГоверн нь "Кампучийн ард түмнийг аврахын тулд цэргийн хүч хөдөлгөж Пол Потыг зайлуулах хэрэгтэй биш үү" гэсэн үг хэлсний дараа хурлын танхим дахь түүний хамтрагч нар нь удтал инээлдсэн гэдэг. Тэнд нефть байхгүй, дайсан болсон Вьетнамын эсрэг тэмцэж байгаа хүнийг тэгж ч янз бүрээр хэлж болохгүй гэдгийг Жорж ойлгоогүй бололтой.

1978 онд Вьетнам улс Кампучи руу дайран орж, асар туршлагатай, сайтар зэвсэглэсэн армийн хүчээр Пномпьенийг хэдхэн өдрийн дотор булаан авсан байна. Пол Пот зугтан зайлсан учир вьетнамчууд засгийн эрхийг шинэхэн байгуулсан Камбожийг аврах нэгдсэн фронт гэсэн мундаг сүртэй нэртэй нөхдүүдэд хүлээлгэн өгчээ. Харин Хятад үүний эсрэг арга хэмжээ авсан нь Вьетнам руу дайрсан явдал бөгөөд энэ цаг үед манай улс ч бас цэрэг дайны байдалд ороход ихээхэн ойрхон байсан тухай хуучны хүмүүс сонин хачин юм их ярьдаг. Хятад Вьетнамын 1979 оны дайн нь тусдаа сэдэв бөгөөд энэ удаа зөвхөн Камбожтой холбоотой явдал буюу Вьетнам ялалт байгуулж Пол Пот дахин засгийн эрхэнд гарах аргагүй болсон гэдгийг л дурдаад өнгөрье.

Пол Пот дараа нь олон жилийн турш партизаны тэмцэл хийж ой шугуйгаар амьдарч байсан бөгөөд энэ үедээ бас л хамтрагч нараа алахыг нь алж явсаар 1998 онд зүрхний өвчнөөр “явсан” гэдэг. Магадгүй хамтрагч нар нь “тусалсан” байж ч болох юм. 1975-1979 оны хооронд  Камбожийн 2 сая гаруй тариачин, хагас сая хотын оршин суугч, 50 000 орчим бага үндэстнүүд,30 000 лам, олон тооны зохиолч, сэтгүүлч нар алуулсан байна. Мөн хагас сая гаруй хүн сураггүй алга болсон гэдгийг дээр нь нэмэх хэрэгтэй. Энэ бүхэн бол Пол Потын хийсэн зүйл.

P.S

Пол Пот нь ийм их хүн алаагүй юм байна гээд сүүлийн үед янз бүрийн тоо тооцоо гардаг болж. Магадгүй цаг өөрчлөгдөхийн хэрээр Пол Пот ”ганцхан сая л хүн алсан ш дээ” болж хувирч магадгүй бөгөөд тавь зуун жилийн дараа энэ хүн нь бүр баатар байсан тухай яриа дэлгэрэхэд ч гайхах зүйл үгүй болов уу.

P.P.S

Энэ явдалтай холбоотой нэгэн кино байдаг нь нэрт жүжигчин Анжелина Жолигийн найруулсан “First They Killed My Father” хэмээх 2017 оны кино бий. Энэ кинонд тэр аймшигт явдлын цар хэмжээг огт харуулж чадаагүй байж болох ч боломж олдвол үзэх хэрэгтэй, аятайхан кино болсон санагдсан шүү. 

Нийтлэлч Чалчаа саарал

Сэтгэгдэл 7ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
8 сар 9. 10:08
Зочин

den syaopin bish ee yamar ih meddeg humuus ve esvwl haraa chini buudaj

8 сар 5. 21:15
Зочин

Гоё нийтлэл болж

8 сар 4. 19:48
Зочин

Пол потын зураг олдоогүй учир хамтрагч хятадын зураг тавьсан байх л даа

8 сар 5. 8:34
Зочин

Дэн Сяопины зураг байхад өөрөө түүхээ мэдэхгүй байж шал ондоо хүниий зураг тавиад

8 сар 4. 16:11
Энгүүн

Сүүлийн зураг чинь Дэн Сяо Пин л бнаштээ, худлаа зураг тавиад.

8 сар 4. 5:33
Зочин

sain bn uu, ene niitleliin zurag deerh hun bol POL POT bish Den Syaping baih yum daa

8 сар 4. 16:07
Eric

Дэн Сяо Пин, Жимми Картер нарын зургийг айхтар андуурч тавьсан байна шүү

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]