Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хаант Оросын эсрэг тэмцэгчийн гавлын ясыг уулынханд буцаан өгөхөөр болжээУншсан6,081

Хажи Мурадын толгойгүй цогцсыг Дагестаны хилийн ойролцоох Азербайжаны умард нутагт оршуулсан байдаг.

Кавказын ард түмнүүд Оросын хаант улсын хүчирхэгжилт, тэлэлтийн эсрэг түүхийнхээ туршид тэмцсээр ирсэн байдаг. Тэдгээр тэмцлийн түүхийн нэг томоохон төлөөлөгч нь авар үндэстэн, домогт дайчин Хажи Мурад гэгч. 1811-1864 оны хооронд Хаант Оросын эсрэг өрнөсөн Дагестан, чечень, аваруудын тэмцлийн гол удирдагч нь байсан Хажи Мурад 1852 онд амиа алдсан аж. Түүний толгойг козакууд хаандаа хүргэсэн бөгөөд Санкт Петрбург дахь Кунсткамерын музейд өнөөг хүртэл хадгалагдаж байдаг.

Тэгвэл авар тэмцэгчийн толгойг олон жилийн дараа төрөлх Дагестанд нь шилжүүлэх тохиролцоо хийгдсэн талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай комисс саяхан мэдээлсэн байна. Оросын нэрт зохиолч Лев Толстойн шууд удмын хүн болох Владимир Толстой уг комиссыг тэргүүлж байгаа юм. Толстой эх орончийн толгойг шилжүүлэх ерөнхий тохиролцоог Дагестаны засгийн газартай хийснээ зарласан байна. Гэхдээ цаг хугацааг нь “Дагестаны дотоод асуудлыг тогтвортой болсны дараа” гэж тодотгосон юм.

Эндээс харвал Исламын хэт үзэлтнүүд байнга тогтворгүй байдал үүсгэж байдаг тус БНУ-д түүхийн ховор дурсгалыг шууд шилжүүлэхээс ОХУ-ын эрх баригчид болгоомжилж байгаа бололтой. Бас эх орончийн толгой салан тусгаарлагчдын шүтээн болж магадгүй юм. Мурадын гавлын ясыг шилжүүлэх асуудлыг судлах тусгай комисс 2015 оны арваннэгдүгээр сард ОХУ-ын соёлын яамны сайдын тушаалаар байгуулагдсан юм.

 Хажи Мурадын толгойгүй цогцсыг Дагестаны хилийн ойролцоох Азербайжаны умард нутагт оршуулсан байдаг. Гавлын ясыг нь авбал 160 орчим жилийн дараа дайчны шарил бүтэн болох юм. Хажи Мурадын гавлын ясыг буцааж авах хүсэлтийг бүр 1930-аад оны үед үр удам нь Зөвлөлтийн удирдлагуудад тавьж байжээ. Сүүлд Чечений БНУ-ын тэргүүн Рамзан Кадыров уг асуудалд оролцож эхэлсэн юм.

Гэвч Кадыровт таагүй ханддаг дагестанчууд үүнд нь дургүй байгаа. Умард Кавказын үндэстнүүдийн дунд домог болж яригддаг Хажи Мурадын тухай зохиолыг Лев Толстой бичсэн нь 1912 онд хэвлэгдэж ихээхэн алдаршиж байжээ. XVIII зуунд нэгдүгээр Петр хааны байгуулсан Кунсткамерт Оросын хаант засаглалын эсрэг тэмцэж байсан цөөнгүй үндэстний баатруудын толгойг хадгалж байдаг гэдэг. Тухайлбал, олон жилийн дараа Казахын тэмцэгч Кейки Батырын гавлын ясыг 2016 онд үр удмын хүмүүст нь шилжүүлж өгч байв. Батыр бол 1916 онд Оросын хаант засгийн эсрэг бослогыг удирдсан хүн бөгөөд 1923 онд большевикууд түүний толгойг авч Санкт Петрбургт илгээж байжээ. 1991 оны байдлаар Кунсткамерын музейд нийт 457 гавлын яс хадгалагдаж байсны дотор Оросын хаант засаглалыг эсэргүүцэн тэмцсэн үндэсний хөдөлгөөний удирдагчдынх олон байдаг.

 

Ер нь энэ музейгээс улбаатайгаар Санкт-Петербург буюу гэгээн Петрийн хот Монгол судлал, Монголын соёлын өвийг хамгаалах чиглэлээр дэлхийд тэргүүлдэг. Аль тэртээ 1850-иад оноос эхлэлтэй Оросын эрдэмтэн судлаачдын олон экспедиц Монголыг зорьж, кинонд гардгаар "тэмээнд чулуу ачиж зөөсөөр" энэ их өв санг Нева мөрний хөвөөнөө цуглуулсан тухай энэ дашрамд цухас дурдаж сонирхуулья.

Дэлхийд алдартай энэхүү музей сан хөмрөгтөө нэг сая гаруй үзмэртэй. Оросын анхны гэх тодотголтой Кунсткамера музейд Монголын тасаг байдаг бөгөөд Монголын түүхтэй холбоотой хосгүй ховор эд өлгийн зүйлс, нийтэд үзүүлж байгаагүй хуучны гэрэл зургуудыг харах боломжтой гэнэ. Этгээд хачирхалтай үзмэрүүдээрээ алдартай энэ музейд өнгөрсөн зууны эхэн үеийн Нийслэл хүрээнийхний гэрэл зургаас эхлээд тэр үеийн Монголчуудын амьдралыг дурсэлсэн баримал сэлт ч бий. Чингисийн үеийн мөнгөн гэрэгэ, бурхад, эмээл, хазаарын алт, мөнгөн тоног гээд олон сонин үзмэрийн зэрэгцээ Жа лам хэмээн алдаршсан Лувсандамбийжанцаны толгойг Кунсткамерт өнөөг хүртэл хадгалж байна. Жа ламын толгойг тухайн үед Монголд байсан судлаач В.Казакевич 1925 онд Улаанбаатар дахь Зөвлөлтийн дипломатуудын тусламжтайгаар гааль болон хилийн хяналтгүй онцгой эрх бүхий Элчин сайдын ачаа болгон тухайн үеийн Ленинград дахь угсаатны зүйн музейд авчирчээ. Одоо энэ толгой нь Кунсткамерын сан хөмрөгт №3394 дугаарт "Череп Монгола" гэсэн шошготой хадгалагдаж байна. Жа ламын толгойг олон нийтэд үзүүлдэггүй бөгөөд антропологийн судалгаанд ашигладаг аж. Кунсткамерын сан хөмрөг дэх Монголын тасагт уламжлалт хувцас, гэр ахуйн сав суулга, гоёл чимэглэл, хөгжмийн зэмсэг, гар урлал, үндэсний урлаг эд зүйлсийг дэлгэн тавьжээ. Тухайн хэсэгт Азийн нүүдэлчдийн өдөр тутмын амьдрал, соёлыг харуулсан олон үзмэр бий. Тухайлбал, уламжлалт сууц болох эсгий гэрийн загвар, буддын шашны нууцлаг ертөнц гэгддэг цамын багийн цуглуулга үзэгчдийн анхаарлыг татдаг аж. Мөн XIX зууны Монгол лам нарын эдлэл хэрэглэл, XVIII зууны үед зурсан Очирваань бурхны танка зургийг Кунсткамерад хадгалж байна. Түүнчлэн дархад бөөгийн хувцас хэрэглэл ч бий. Оросын антропологи, угсаатны зүйн Кунсткамера музейн сан хөмрөг болон Монголын тасагт хосгүй ховор эд өлгийн зүйлсээс гадна бидний түүхийг өгүүлэх, хэвлэлд нийтлэгдэж байгаагүй гэрэл зургийг харах боломжтой. Тус музейн эрдэм шинжилгээний зөвлөлөөс ХIХ зууны хоёрдугаар хагаст Монголын нутгаар аялсан орос аялагчдын авсан гэрэл зургийг каталоги болгон хэвлүүлжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]