Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Хөөрхөн Флойд"-ыг ангуучилсан ньУншсан20,950

Үнэндээ эдгээр сайн эрсүүд нь хулгайч, дээрэмчид бөгөөд тэдний зарим нэг үйл хөдлөл нь тухайн цаг үе, нийгмийн байгуулалттай зөрчилдөж байсныг дараа нь дарлалын эсрэг, ард түмний тусын тулд үйлчилж байсан болгон өөрчилсөн нь зөндөө.

Нийтлэлч Чалчаа саарал


Олон улс орны түүхэнд “сайн эр” хэмээн нэрлэгдэх домог болсон хүмүүс бий. Иймэрхүү хүмүүсийн тухай, тэдний хүнлэг сэтгэл, аймшигт тэмцлийн тухай яриа хөөрөө цаг явах хэрээр улам бүр баяжин домогшиж, яваандаа хэмжээ хязгааргүй алдарт хүрэх бөгөөд иймэрхүү зарим яриа нь бодит байдалтай үл нийцэх байсан ч ард түмэн ийм эрчүүдэд, тэдний мундаг тэмцлийн тухай домогт дуртай байдаг билээ.  Үнэндээ эдгээр сайн эрсүүд нь хулгайч, дээрэмчид бөгөөд тэдний зарим нэг үйл хөдлөл нь тухайн цаг үе, нийгмийн байгуулалттай зөрчилдөж байсныг дараа нь дарлалын эсрэг, ард түмний тусын тулд үйлчилж байсан болгон өөрчилсөн нь зөндөө. Ийм хүмүүсийн нэг болох “хөөрхөн Флойд” хэмээн алдаршсан Чарльз Артур Флойдын тухай.

АНУ-ын Жоржиа мужид төрсөн энэ эр 18 настайдаа 3 доллар 50 центийн хулгай хийж буруу замд орсон ч 1924 онд Руби Хардгрейв хэмээх бүсгүйтэй гэр бүл болсны дараа гэмт хэрэг, хулгай зэлгий гэдэг зүйлээс хөндийрөн салж, жирийн хүний амьдралаар амьдарч эхэлсэн нь эхнэрийнх нь нөлөө байв.  Гэвч их хямрал эхэлж олон айл гэр хоосрон, өлсөж ядарч эхлэх тэр үед Флойд бараг л өөрийн эрхгүй “далий мурий замдаа” эргэн оржээ. 

Тэрээр 1925 онд Сент-Луист мөнгө зөөдөг машин дээрэмдэж тухайн үедээ маш их хэмжээний буюу 11,5 мянган доллар олсон боловч удалгүй баригдаж 5 жилийн ял авсан байна. Шоронд байх хугацаандаа хийсэн хэрэгтээ гэмшиж, сайн хүмүүжигч гэдгээ харуулж чадсан тул 3 жил болоод суллагдсан ба тэрээр дахиж хэзээ ч шоронд орохгүй гэж тангараглаж байсан гэдэг. Гэтэл эргэн ирэхэд эхнэр нь хулгайчтай хамт амьдарч чадахгүй гэдгээ хэлэн явж одсноор Флойд дахиад “мурийж” эхэллээ.

1930 онд Толидо хотын банк дээрэмдэж байгаад баригдан 12 жилийн ял авч, шоронд хүргэх замд оргож чадлаа. Энэ бол цэвэр аз, тохиолдол байсан боловч Флойд үүнээс маш их сургамж авчээ. Одоо тэрээр ганцаар дээрэм хийж болохгүй, өөрийн гэсэн баг бий болгох хэрэгтэй гэдгийг ойлгож өөртөө таарсан хэдэн нөхдүүдийг олж аван дээрмээ хийж эхлэв.

Чухам энэ үеэс эхлэн энэ эрийн нэр Америк даяар мандаж эхэлсэн байдаг. 1931-1932 оны хооронд 50 гаран банк дээрэмдсэн төдийгүй дээрэм хийж байхдаа ер бусын өвөрмөц зан ааш гаргана.

...Банкинд цэвэрхэн цагаан цамц өмссөн, царайлаг залуу орж ирэн өөрийгөө танилцуулан дээрэм хийж байгаагаа маш эелдгээр хэлэв. Энэ банкинд ажиллаж байгаа болон үйлчлүүлж байгаа хүмүүст ямарваа нэг муу зүйл хийх хүсэл огт үгүй шүү гэдгээ хэлэн тайлбарлах ба шуудай шуудайгаар нь мөнгө аваад гарахдаа баярласан талархсан үгийг хэлэхгүй өнгөрнө гэж үгүй. Банкнаас гараад баахан мөнгө цацаж орчин тойрны хүмүүсийг бас нэг баярлуулан шуугиулаад авна...

Флойд ард олонд ихээхэн алдаршихад хэвлэлийн гүйцэтгэсэн үүрэг их боловч түүний банк дээрэмдэх үедээ ипотектэй холбоотой бүх л бичиг баримтыг олж аван шатаан устгадаг нь голлох нөлөө үзүүлсэн байна. Тухайн үед одоогийнх шиг компьютер, сүлжээ гэж байсан биш бүх л зүйл бичиг цаасан дээр буудаг байсан учир түүний ийм үйлдэл олон түмэнд ихээхэн сонирхол төрүүлж байсан нь ойлгомжтой. Жирийн хүнийг дээрэмддэггүй, банк болон баячуудыг хувхайртал нь хоослохоос (банкинд байгаа мөнгө ямар нэг хэмжээгээр даатгалтай) гадна ард түмнийг өөрийн боломжийн хэрээр өр төлбөрөөс нь салгадаг гэх мэт. Энэ хүн цагдаа нартай тун ширүүн буюу ер нь л таарвал буудчихдаг нөхөр байсан гэдэг ба бүр FBI-ийн тэргүүн, алдарт Гувер Флойдыг өөрийн хувийн дайсан, Америкийн номер 1 гэмт хэрэгтэн гэж үздэг байж. Харин ард түмний дунд Флойд нь Америк Робин Гүүд, сайн эр... гэсэн алдартай байлаа.

Нэгэн удаагийн банк дээрэмдсэний дараа тухайн банкны ажилтан Флойдыг дүрслэн ярихдаа ихээхэн царайлаг, сайхан хүн байсан тухай ярьснаас хойш мань хүний нэрний урд “хөөрхөн” гэдэг хоч нэмэгдсэн байна. Өөрөө энэ нэрэнд дургүй ч үйл ажиллагаанд нь ихээхэн нэмэртэй, сайн брэнд болж байсан учир яваандаа өөрийгөө бас хөөрхөн Флойд  (Pretty Boy Floyd) гэж нэрлэхээс буцахгүй болсон гэдэг.

Хөөрхөн маань өөрийгөө эерэг талын дээрэмчин гэж үздэг байсан бөгөөд өөр бусад өрсөлдөгч болох нөхдүүдийг сайн муугаар ихээхэн хэлдэг хүн байж. Тухайн үед маш их алдаршиж байсан Бони Клайд нарыг нутагт нь орж ирсэн тухай сонсоод (Бонни ба Клайдын тухай эндээс уншаарай) нутгийн олонд хандан “Тэдэнд хоол хүнс өгөлгүй, орон байрандаа байлгахгүй байгаарай. Тэд бол шимэгч хорхой нар, нутгийн ард бидэнтэй огт хамаагүй хүмүүс шүү” хэмээн анхааруулж байсан байна.

Гувер энэ бүхнийг тэвчиж суугаагүй нь мэдээж. Олон цагдаа, FBI-ийн ажилтныг нь хөнөөсөн, өчнөөн төчнөөн банк дээрэмдсэн энэ хүнийг авлахаар хамгийн шилдэг нөхдөө явуулжээ. Энэ шилдэг нөхөд нь Америкийн бас нэг алдарт дээрэмчин Жонни Диллинжерийг устгасны дараа “хөөрхөн” нөхрийг авлахаар шууд ажилдоо оржээ. Төөрсөөр төрөлдөө кинонд гардаг  “Бахархмаар ч юм шиг, баярламаар ч юм шиг, баригдана даа баригдана” гэсэн зарчмын дагуу хөөрхөн хүүгийн зам мөр дуусах нь тодорхой байлаа. Харин хэзээ, хаана?

Флойд өөрийн нэг нөхөр, хоёр хүүхэнтэй цуг явж байгаад их манан будантай үед замын хажуугийн мод мөргөн осолд оржээ. Хоёр хүүхнээ тусламж дуудуулахаар явуулаад өөрсдөө машиныхаа хажууд байж байх үед нь хэн нэгэн тэдгээр ганган залуусыг хөдөөгийн замд машинаа эвдчихсэн, инээлдэж ханиалдан байгааг хараад сэжиг төрөн цагдаа дуудаж. Цагдаа нар ч шалгахаар уг газарт хүрэлцэн очих үед өнөө хоёр шууд л өөдөөс нь буудалцан зугтсан байна. Цагдаа нартай хүч хавсрахаар Мелвин Пёрвис нэмэгдэн ирж (Жонни Диллинжерийг хөнөөсөн ангууч эр)  хөөцөлдсөөр Флойдын хамтрагчийг эхэлж барьж авчээ.

Флойд ойгоор хоёр  хоног тэнүүчлэн явсаар хөдөөгийн жирийн нэг айлаас хоол унд гуйхаар гарч ирэх үед цагдаа нар түүний араас мөрдсөөр гүйцэж очлоо. Цагдаа нар бараг бүтэн бүсэлж байгааг, тэгш талын цаана харагдах ойгоос өөр аврал байхгүйг ойлгосон Флойд шууд л талаар гүйж зугтаж эхлэхэд цагдаа нар буудаж шархдуулан унагав. Босох гэж салгалан байгаа Флойд руу хэд хэдэн цагдаа нар дайран орж дарж авах үед нь эрүүл гараараа нуруу хэсэгтээ нуусан буугаа авах гэж оролдоод дийлсэнгүй. Флойдын хүч тамир суларч тун удахгүй үхэх шинжтэй гэдгийг мэдсэн Пёрвис түүнээс "Канзасын ярга"-ын тухай (Флойдын нэг дээрэм. Олон цагдаа амь үрэгдсэн) асуун байцааж эхлэхэд өөдөөс нь нэг том хараал хэлээд л өөд болжээ.

Флойдын цогцсыг Стружис хэмээх хотод авчирсан гэсэн цуу тарах үед хотын 10 000 гаруй хүн түүнийг харах гэж, сүүлчийн замд нь үдэх гэж цугларсан бөгөөд цогцос хадгалах газрын шат болон бусад олон эд зүйлсийг эвдэж гэмтээж байсан нь Флойдыг дэмжиж байгаагаа, цагдаа нарын эсрэг үзэл бодлоо илэрхийлж байсан хэрэг юм гэнэ лээ. Хачирхалтай нь одоо хүртэл АНУ-д энэ хүний нэрийг сайнаар дурсах бөгөөд түүний тухай олон кино, ном зохиол дуу хуур гарсан юм байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]