Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Наполеоны дайн: Аустерлицийн тулалдаанУншсан9,730

Энэхүү тулалдаан нь Наполеоны байлдан дагуулалтын үеийн хамгийн шилдэг тулалдаан бөгөөд стратеги болон тактикийн сонгодог жишээ болон мөнхөрсөн юм.

Бэлтгэсэн: О.Наранбаатар

Энэхүү тулалдаан нь Наполеоны байлдан дагуулалтын үеийн хамгийн шилдэг тулалдаан бөгөөд стратеги болон тактикийн сонгодог жишээ болон мөнхөрсөн юм. Тулаан нь тухайн үеийн Австрийн Аустерлиц хот (одоогийн Чехийн Славков у Брна хот)-ын дэргэд болжээ.

Тулалдааны талаар олон талын янз бүрийн судалгаанууд нэлээд хийгдсэн байдаг учир энэ тулалдааны тухай дэлгэрэнгүй бичихэд дөхөм болсон билээ. Нөгөөтэйгүүр дайн байлдааны тухайд авч үзвэл стратеги болон тактикийн чиглэлээр ховорхон нийтлэлүүд гардаг, ер нь бол бараг гардаггүй тул миний бие энэ хоосон орон зайг нөхөж дэлхийн түүхэнд болсон хамгийн шилдэгт тооцогдох тулалдаануудын талаар сонирхлынхоо үүднээс цаашид нийтлэл бичихээр зорилоо.

Наполеон, Аустерлицийн тулалдаанд, François Gérard-ын бүтээл

 

Дайтагч талууд: Франц -VS- Орос-Австрийн III эвсэл

Цэргийн хүч: Франц-70’800 цэрэг, 157 их буу -VS-  Эвсэл-92’200 (Орос-70%, Австри-30%) цэрэг, 318 их буу

Тулалдаан өрнөсөн газар, огноо: Австрийн Аустерлиц хот, 1805 оны 12 сарын 2

Францын удирдлага: Ерөнхий командлагч эзэн хаан Наполеон Бонапарт

Баруун жигүүр: Давут-8’000+4’000, нийт 12’000

Төвийн хүч: Сульт-19’000, Бернадотт-10’000, Бессьер (эзэн хааны гвардын торгон цэрэг)-5’300, нийт 34’300 цэрэг

Зүүн жигүүр: Ланн  13’000+6’000, нийт 19’000 цэрэг

Нөөц: Мюрат (эзэн хааны гвардын морин цэрэг)-5’500

 Орос-Австрийн эвслийн удирдлага: Эвслийн армийн Ерөнхий командлагч Маршал Михаил Кутузов

(I Александр хаан, II Францис хаан)

Баруун жигүүр: Багратаци-13’000

Төвийн хүч: Милорадович болон Колловрат-25’400, Константин (эзэн хааны гвардын торгон цэрэг)-8’500, нийт 33’900 цэрэг

Зүүн жигүүр: Киенмайер-6’800, Доктуров-8’500, Лангерон-11’600, Пребышевский-13’800, нийт 40’700 цэрэг

Нөөц: Лихтенштейн (эзэн хааны гвардын морин цэрэг)-4’600

ТУЛАЛДААНЫ ӨМНӨХ НӨХЦӨЛ БАЙДАЛ, СТРАТЕГИ:

Францад өрнөсөн хувьсгалаар эзэн хаанаа түлхэн унагасан Наполеон Бонапартын хувьсгалт арми 1997, 1802 онуудад тус тус Францын эсрэг I, II эвсэлүүдийг ялан дийлж европын тавцанд гэнэт хүчирхэгжин гарч ирэв. Францчуудын энэхүү хүчирхэгжилтээс болгоомжилсон европын томоохон гүрнүүд болох Орос, Австри улсууд Их Британитай хамсан 1805 оны эхний хагаст Францын эсрэг III эвсэлийг зохион байгуулжээ. Энэ үед Наполеон Их Британи руу довтлоход бэлтгэн Булоньд хуарагнаж байсан байна. Тэрээр Их Британийг буулгаж авна гэдэгтэй итгэлтэй байсан бөгөөд тэдний хүчирхэг усан флотоос болгоомжлон ямар нэгэн үйл ажиллагаа явуулалгүй тохиромжтой үеийг хүлээн азнаж байв. III эвсэл байгуулагдснаар томоохон аюул нүүрлэж буйг гадарласан Наполеон эвсэлийг хүчээ нэгтгэхээс нь өмнө дарж авахаар Ялгуусан армиа хөдөлгөн дорнод зүгрүү чиглэн явж 10-р сард Австрийн армийг Үльмд бут цохиод, 11 сард нь Вена хотыг эзлэн авав. Гэвч Оросын арми Австрид туслахаар ирснээр Вена хотын орчимд Орос-Австрийн 92’200 их цэрэг бөөгнөрсөн ч шууд халз тулан байлдаж чадахгүй хойшоо Оломоуц хот хүртэл ухарсан байна. Эвсэлийн армийн ерөнхий командлагч Маршал Михаил Кутузовын энэхүү ухарч дайснаа туйлдуулах нь тухайн үедээ маш зөв шийдвэр байжээ. Гэвч үнэн хэрэгтэй Кутузовын командлал нэр төдий зүйл байв. Учир нь Австрийн армийн штабын дарга Хошууч генерал Франц фон Вейротерын төлөвлөгөөг Оросын эзэн хаан I Александр дэмжиж тулаанд орох шийдвэрийг гаргаснаар Францчуудын урхинд орсон билээ. Өвөл ойртож, Haполеоны цэргийн хангамж дутагдаж эхлэв. Дайснуудынхаа дунд ийм байдалтай удаан явбал хүнд байдалд орохоо мэдэж байсан ч ингээд Франц руугаа буцахаас татгалзаж, дайснаа тулаанд өдөөд үзэхээр шийджээ. Хэрвээ ухарвал эвсэлд Пруссчууд нэгдэн орох магадлалтай байсан тул янз бүрийн арга хэрэглэн яаравчлан шийдвэрлэх тулалдааныг хийхийг зорив. Наполеон армиа хоёр хувааж Ней, Агереро, Мармонт нарын Маршалуудын 3 корпусыг өмнөд талаас ирж болзошгүй довтолгоог хаах зорилгоор Муних хотын өмнөдөд үлдээж, харин Маршал Даутын 8’000 хүнтэй корпусыг Вена хотод орхин өөрөө эвсэлийн армийн араас 62’800 цэрэгтэйгээр давшсан байна. Орос-Австрийн арми Наполеоныг армиа хувааж хүчин суларсныг мэдмэгцээ өөдөөс нь давшин Аустерлиц хотын орчимд 2 арми тулгарчээ.

 

ТУЛАЛДААНЫ ҮЙЛ ЯВЦ, ТАКТИК:

Орос-Австрийн армийн тулалдааны талбарт ирэх үед Францчууд цэргээ засаад хүлээж байлаа. Аустерлицийн тулалдааны эхэн үед хоёр армийн байрлал тэгш хэмгүй байдалтай байв. Наполеоны  тулалдахаар сонгосон хэсэг нь хориглон хамгаалахад хараажаар тохиромжгүй газар байлаа. Тэрээр армийнхаа баруун жигүүрийн хүчийг албаар сулруулж эмзэг болгоод, төв болон зүүн хэсэгтэй хүчээ төвлөрүүлэн, төв хэсгийн Пратцэний өндөрлөгийг ч эзлэлгүй үлдээсэн байна.

Эвслийн арми Францчуудын байрлалыг дүгнэж үзээд Хошууч генерал Франц фон Вейротерын төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр болов. Үүнийг мөн байлдааны туршлагагүй Opосын эзэн хаан I Александр дэмжжээ. Энэ төлөвлөгөө нь Францчуудын  баруун жигүүрийн сул хэсэг рүү их хүч хаян сэтлээд гол хүч рүү нь эргэн хажуу талаас нь довтлох байв. Мөн баруун жигүүрийг нь эзэлж чавдал ар талын хангамжаасаа сална гэж тооцоолсон байна. Харин Наполеоны хүсч байсан зүйл нь чухам энэ бөгөөд баруун жигүүрт нь дайсны гол цохилт ирэх үед өтгөн мананг ашиглан Пратцэний өндөрлөг лүү нэгдсэн давшилт хийх төлөвлөгөө байв. Хоёр талын аль аль нь эзэн хааны гвардын хүнд морин цэргээ нөөцөнд үлдээжээ.

Тулалдааны эхлэл: Ингээд эвслийн арми 12 сарын 2-д Пратцэний өндөрлөг дээр гарч Киенмайер, Доктуров, Лангерон, Пребышевский нарын командалсан зүүн жигүүрийн 40'700 цэргээс бүрдсэн 4 корпусаар Францын армийн сул хэсэг баруун жигүүрт хүчтэй цохилт өгч тулалдаан эхлэв. Эвсэлийн арми Францчуудын эхний бэхлэлтийг эзлэн авч горхины цаад талд гартал нь ухрааж чаджээ. Генерал Киенмайерын корпус дайсныхаа эгнээг бараг сэтлэх шахсан байна. Тухайн үед Нaполеоны армийн баруун жигүүрийг Генерал Леграндын 4’000 цэрэг хамгаалж байв. Энэ үед Маршал Давутын 8’000 хүнтэй корпус Наполеоны нууц тушаалаар Вена хотоос 2 өдөрчийн газраас явган маршаар яаравчлан ирэх ёстой байлаа. Үүнийг эвсэлийн армийхан огт тооцоолоогүй байна. Орос-Австрийн армийн хүчтэй довтолгоонд Францын армийн баруун жигүүр дэхь Генерал Леграндын хамгаалалтын анги бараг сүйрэх шахаж байх үед Наполеоны хамгийн үнэнч бөгөөд шилдэг Маршал Давутын корпус яг энэ мөчид ирж хүч залгаснаар дайсны довтолгоог сааруулж чадсан байна. Соколниц тосгон дахь цамхаг, Голдбах горхины намгархаг, дутуу хөлдсөн цөөрөм, халтиргаатай шавар зэрэг байгалийн бартаа саадыг ашиглан түргэн хугацаанд хамгаалалтыг зөв зохион байгуулж чаджээ. Орос-Австрийн арми эрч нь саарсан зүүн жигүүртэй дахин нэмж Милорадович болон Колловрат нарын командалсан 25'400 цэрэгтэй 2 корпусыг нэмж илгээн давшуулсан нь маш том алдаа болов. Ингэснээр эвслийн армийн төв хэсэг үлэмж сийрэгжсэн байна.

Тулалдааны өрнөл: Францын армийн төв хүч Сульт, Бернадотт, Бессьер нарын командлал доор 34’300 цэргээс бүрдсэн 3 корпусаар өтгөн манан дундуур Пратцэний өндөрлөг рүү давшив. Пратцэний өндөрлөгөөс зүүн жигүүр лүү давшиж байсан Милорадович болон Колловратын 2 корпусын яг хажуу бөөрнөөс францын цэргүүд довтлолсон байна. Манан арилах үед олон тооны франц цэргүүдийн давшин ирж буйг харсан эвсэлийн армийн төв хэсэг ихэд сандарчээ. Орос-Австрийн армийн 25'400 хүнтэй төв хэсэг шилжилт хийж байрлалаа өөрчлөн эмзэг болсон байх үедээ Францчуудын хүчтэй довтолгоонд өртөв. Францын армийн Маршал Ланны командалсан зүүн жигүүрийн 19'000 цэрэг Орос-Австрийн армийн баруун жигүүр лүү довтлолж төв хэсэгтэйгээ нийлээхээс нь хаалаа. Хүн хүчээр дутмаг хунтайж, Генерал Багратацийн 13'000 цэрэгтэй баруун жигүүр задгай талд хориглон байлдах боломжгүйн улмаас ухар ч тулалдааны талбараас шахагдав. Нөөцөнд байсан Орос-Австрийн армийн 4’600  хүнтэй эзэн хааны гвардын морин цэргүүд болон Австрийн шигшмэл морьт цэргүүдтэй хамсан хунтайж Лихтенштейны командлалаар баруун жигүүртэй дэмжлэг үзүүлж, Пратцэний өндөрлөгийг хяналтандаа авахаар улангассан довтолгоог хийсэн ч 5’500 хүнтэй Маршал Мюратын командалсан эзэн хааны гвардын морин цэрэгт няцаагдсан байна. Эвсэлийнхний энэхүү морин цэргийн дайралт нь армиа нэг мөсөн бүрэн сүйрэлд орохоос нь аварсан байдаг. Мөн эвсэлийн армийн 8’500 цэрэгтэй эзэн хааны гвардын торгон цэргүүд хунтайж Константины командлал доор тулааны үеийн эмх замбараагүй байдлыг ашиглан Францчуудын онгорхой хэсгээр өндөрлөг рүү сөрөг давшин амжилт олж байсан хэдий ч хэтэрхий оройтож тулаанд орсон нь бусад анги нэгтгэлүүддээ нэмэр болж чадаагүй ихээхэн хохирол амссаны улмаас ухарч байсан нь тэдний довтолгоог туйлдуулж бүтэлгүйтүүлэв. Францын армийн Маршал Бессьерийн командалсан 5'300 цэрэгтэй эзэн хааны гвардын торгон цэргүүд тэднийг гүн цөмөрхөөс нь өмнө тосон байлдаж зогсоожээ. Ийнхүү хоёр талын довтолгоо болон сөрөг довтолгоонууд  ээлжилсэн зууралдсан байлдааны  эцэст Францчууд Пратцэний өндөрлөгийг бүрэн хяналтандаа авчээ. Маршал Сульт их бууны галаа оновчтой байрлуулж чадсан, явган цэргийн төвлөрсөн галыг мөн амжилттай хэрэгжүүлсэнээр дайсны төв хэсгийг бут цохин ухрааснаар өөрийн баруун жигүүртэй туслахаар эргэж, Пратцэний өндөрлөгийн өмнөд тал руу зүтгэж байсан Орос-Австрийн цэргийн ихэнхийг шахан бүчиж аваад эвслийн армийг хоёр хуваав.

Тулалдааны төгсгөл, үр дүн: Дайсны ихээхэн хүчийг өөртөө татан тогтоон барьж байсан Маршал Давутын корпус болон Маршал Сультын корпусууд дайсныхаа зүүн жигүүрийг бүслэн хааж хиар цохив. Орос-Австрийн арми хоёр хуваагдаж, нэгдэж чадалгүй байсаар найдваргүй байдалд орж, улмаар тулалдааны талбарыг нэг мөсөн орхин явцгаажээ. Тулалдаанд Францын эзэн хаан Наполеон Бонапартын эрсдэлтэй төлөвлөгөө онож, хүний тоогоор дутуу байсан ч ялгуусан ялалт байгуулж чадсан байна.

Тулаанд Францын талаас 1’300 хүн үхэж, 7’600 хүн олзлогдож шархадсан, ойролцоогоор нийт 9’000 хүний хохирол амссан бол Орос-Австрийн арми 16’000 хүн үхэж эсвэл шархадсан, 20’000 хүн олзлогдсон, 186 их буугаа алдаж, нийт хохирол ойролцоогоор 36’000 хүрэв. Тулаанд Oроc-Австрийн нийт цэргийн бараг гуравны нэг нь алагдаж, шархдах буюу олзлогдсон юм. 1805 оны 12 сарын 4-д Аустерлицийн тулалдаанаас хоёр өдрийн дараа Австрийн эзэн хаан II Францис гал зогсоохыг хүсэн, энхийн гэрээ байгуулах нөхцөлийг хэлэлцэхээр ялан дийлэгч эзэн хаан Наполеонтой уулзжээ. Энэ бол түүний хувьд доромжлол байлаа. Аустерлицийн тулалдаанд ялагдсанаар Австри улс умард Итали дахь Венец, Истрия, Далматиа зэрэг газар нутгуудаа Франц улсад, Тиролыг Баварид шилжүүлэн өгcөн ба дайны их хэмжээний хохирол төлөхөөр болжээ. II Францис нь Ариун Ромын ззэнт улсын хаан хэргэмээсээ татгалзаж, ингэснээр Австри улс Германы улсуудын хэрэгт давамгай оролцох боломжгүй болж Ариун Ромын эзэнт улсын үе дуусав. Ийнхүү Францын эсрэг III эвсэл задран унаснаар Европын эх газарт пруссчууд л Францын эсрэг сөрөн зогсохоор үлдэв.

Наполеон ба Франсис II Аустерлицын тулалдааны дараа. Antoine-Jean Gros-ийн бүтээл

Энэ тулалдаанд Наполеоноос гадна Oросын I Александр хаан болон Австрийн II Францис хаан оролцсон тул мөн Гурван эзэн хааны тулалдаан гэж нэрлэдэг.

Нaполеоны жанжны арга барилын онцлог нь их эрсдлийг үл харгалзaн шийдвэрлэх тулалдаан хийхийг зорьдогт оршино. Аустерлицийн тулалдаанд холбоотны цэргийг командлан оролцсон Оросын алдарт жанжин Михаил Кутузов үүнийг мэдэж байсан тул тулалдаанаас зайлсхийх замаар л францчуудыг ялах боломжтойг ухаарч байв. Чингэвээс, цэргийн хангамж болон харилцааны шугам нь хэт сунасан тул Haполеон эцэстээ Австрийн нутгийг зайлшrүй орхин гарахад хүрэх байлаа. Гэвч Оросын I Александр түүний зөвлөгөөг үл хайхран, Францын армийн сул хүчтэй баруун жигүүр рүү довтлох тушаал өгчээ. Энэ бол чухам Наполеоны хүлээж байсан зүйл юмсанж. Тэрээр эвслийн хүчний төв болон баруун жигүүр pүү довтолж сөнөөх зорилгоор цэргээ төв болон зүүн жигүүртээ төвлөрүүлжээ. Haполеоны ихэнх тулалдааны адилаар түүний энэ төлөвлөгөө маш эрсдэлтэй байсан бөгөөд үнэхээр ч бүтэлгүйтэх шахжээ. Гэсэн хэдий ч төв жигүүрт маршал Сультын удирдсан Францын явган цэрэг болон эзэн хааны гварди их үнээр ялалт байгуулснаар эвслийн цэргийн байдал найдварrүй болсон юм.

Ашигласан материал:

  1. Дэлхийн түүхийг өөрчилсөн тулалдаанууд, Сэр Тони Робинсон, 2019 он
  2. Суут цэргийн жанжид, Алексей Васильевич Шишов, 2007 он
  3. Wikipedia болон бусад сайтууд
  4. Youtube суваг
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]