Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Д.Төрмөнх: “Би Аюурзана шиг л амьдрах юм сан гэсэн мөрөөдөлтэй хүн"Уншсан1,365

Зохиолч, сэтгүүлч, кино найруулагч Доржхандын Төрмөнх 1959 онд Улаанбаатар хотод зураач гэр бүлд төржээ. Түүний аав ээж хоёр дүү бүгд зураачид байсан бөгөөд өөрөө ч тэрээр ДУДС төгсчээ.


Зохиолч, сэтгүүлч, кино найруулагч Доржхандын Төрмөнх 1959 онд Улаанбаатар хотод зураач гэр бүлд төржээ. Түүний аав ээж хоёр дүү бүгд зураачид байсан бөгөөд өөрөө ч тэрээр ДУДС төгсчээ. 1980-аад оноос уран зохиол, яруу найраг бичиж эхэлсэн бөгөөд түүний шүлгээр бүтсэн Б.Сарантуяагийн дуулсан "Аниргүйн шивнээ", Т.Ариунаагийн дуулсан "Дурлал шиг асна". Камертон хамтлагийн дуулсан "Хапуун тэнгэр", Соёл-Эрдэнэ хамтлагийн дуучин Ч.Насантогтохын дуулсан "Амин насны урсгал", “Хар сарнай”, “Нисванис”, “Булсара”, “Харанга” зэрэг хамтлаг, дуучдын 30 гаруй дуунууд байдаг. Д.Төрмөнхийн зохиолоор бүтсэн "Бодлын хулгайч" уран сайхны кино 2012 оны Академийн авардсаас "Шилдэг кино зохиол" хүртсэнээс гадна зургаан номинацид тэргүүлж оны шилдгийн шилдэг гран при шагнап хүртсэн юм. Мөн түүний Бельгийн вант улсын уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн "Нохой орон” кино дэлхийн кино наадмуудаас 23 тэргүүн, дэд шагнал хүртсэн билээ.

-Та чинь МҮОНТ-ээс угшилтай уран бүтээлч байх аа?

-Наян найман оноос Монголын үндэсний телевизэд анх туслах найруулагчаар орж ассистент найруулагч, найруулагч боллоо. Ерэн оноос сэтгүүлчээр ажилласан.

-Тэр үед ямар нэвтрүүлгүүд бэлдэж байв?

-“Цомирлог” хөгжим мэдээллийн теле сэтгүүл, “Товч толь” теле сэтгүүл, “Дорнын яруу найраг”, “Авах гээхийн ухаан” зэрэг нэвтрүүлэг бэлтгэж байсан даа. 1995 оноос “Товч толь” нэвтрүүлгийнхээ нэрээр сонин гаргаж байгаад их зохиолч Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимс” өгүүллэгээс сэдэвлэн уран сайхны хар цагаан киног плёнкоор хийж кино салбарт гараагаа эхэлж дээ. “Бизнес таймс” сонины анхны эрхлэгчээр ажиллаж асан ерэн зургаан оны үед Бельгийн вант улсын найруулагч Петер Бросестой хамтран “Талын хот” баримтат киног хийсэн маань Ёорис Айвенсийн шагнал хүртдэг юм байна.

-Таны бараг овог шахуу болчихсон “Нохойн орон” киногоо хэзээ бичсэн юм. Зарим хүмүүс эл бүтээлийг чинь монгол орноо хэт муучилж гаргасан гэж шүүмжлэлтэй ханддаг юм билээ?

-Хүмүүс энэ киног сонссон нь их болохоос үзээгүй нь ихэнх нь л дээ. Ерэн найман онд бүтээсэн кино. Ерөөсөө Монголоо муулсан юм энэ кинонд огт байхгүй шүү дээ. Монголчууд нохойг яаж хайрладаг, нохой үхээд хойт төрөлдөө хүн болж төрдөг тухай буддизмын чиг шугамыг барьж хийсэн кино л доо. Хийгээд хориод жил болчихож байгаа киноны тухай л хүмүүс дандаа асуух юм л даа. Аягүй зовлонтой юм.

-Зовлон ч юу байхав дээ, харин ч бүтээгчийн жаргал л даа. Та харин мөнхийн бүтээл хийчихсэн юм биш үү?

-Одоо ямар “Та нар үзээч” гэлтэй нь биш. Энэ сэдэв ч надад жаахан хуучирсан зүйл болох гээд байна л даа.

-Үзээч гэснээс цахим орчинд тавьсан бол уу?

-Yotube-д тавиагүй. Би нэг хэсэг нэлээн хэдийг хямдхаан DVD-гээр нь зарсан шүү дээ. Ойр байдаг хүмүүстээ л CD-гээр үнэгүй тарааж өгдөг юм. Энэ кино маань дэлхийн кино наадмуудаас 23 шагнал хүртсэн. Саяхан хүртэл Германд нэг шагнал авсан байна. Уржнан бил үү, ноднин бил үү Францад энэ киноны үзлэг болсон. Баруун Европын мэргэжлийн кино урлагийн том сэтгүүлд Дэлхийн кино урлагт өөрчлөлт авчирсан 50 киноны нэгээр шалгаруулсан байна лээ. Тавьхан кинонд багтахыг бодоход гайгүй л юм хийчихсэн юм байлгүй дээ гэж боддог юм шүү дээ. Ганцхан би ч мундагтаа хийчихсэн юм биш л дээ. Петер Бросес гэдэг мундаг кино найруулагч гаднын нүдээр, би дотоод нүдээрээ харахаар л хоорондоо нийлээд жаахан сонин юм болсон юм бол уу. Хэлбэр хийцийн хувьд сюрреалист маягийндуу, баримтат кино ч юм шиг, нөгөө харахаар уран сайхны кино ч юм шиг завсрын бүтээл болсон. Ер нь ямар ч ашиг олоогүй кино шүү дээ. Жар далаад фестивалиас есөн гран при, 23 тэргүүн дэд шагнал авсан л бүтээл юм л даа.

-Барууны оронд ганц ийм кино хийчихэд л насныхаа хоолтой залгачих байх шүү?

-Үгүй яахав дээ, кино гэхээр л хүмүүс Холливудын зэргийн л юм бодоод байгаа байхгүй юу.

-Холливудын кино бүтээл биш үү?

-Кино чинь ерөнхийдөө хоёр янз шүү дээ. Нэг нь бол цэвэр нийтэд зориулсан бүтээлүүд, тэрний гол төлөөлөгч нь яалт ч байхгүй Холливуд л даа. Нөгөөдөх нь арт маягийн кинонууд. Ийм кинонууд фестиваль энэ тэрээс шагнал авдаг боловч мөнгө олохдоо тааруу. Ер нь олохгүй дээ. Тэгсэн мөртлөө их сонин нь хамгийн их мөнгө олоод байгаа кинонууд фестивалиудаас шагнал авдаггүй байх жишээний. Акира Курасова ч гэдэг юм уу, Тарковский, Бунэүль энэ тэр гээд найруулагчид сэтгэлгээний чиглэлийн арт маягийн кино хийдэг. Тэр нь болохоор  мөнгө олоод байдаггүй ч гэхдээ их нэр хүнд сайтай. Кино урлаг чинь хамгийн азгүй урлаг.

-Яагаад?

-Яагаад гэвэл мөнгөнөөс шууд хамааралтай. “Нохойн орон”-ыг бельгүүдийн мөнгөөр хийсэн. Одооны энэ Ерөнхийлөгч Баттулга л тухайн үед надад тусалж, гадаадын хүний өмнө нүүр улайхааргүй зочид буудал энэ тэрд байлгаж, мөнгө төгрөг өгч хувь оруулсан даа.

-Таны “Санкара” эсээ роман чинь шарагчин нохой жилийн оны шилдэг номоор шалгарсан. Зохиолч Аюурзана гэхэд “Үнэхээр сайн ном болжээ” гэж шагширсан байсан?

-Хүн гэгч бүх насаараа хариу үйлдэл хийсээр хорвоог бардаг амьтан. Үүнийгээ амьдрахуйн төлөө тэмцэл ч гэх нь бий. Энэ хариу үйлдлийг Бурхан багшийн пали хэлээр санкара гэнэ. Цуглуулсан санкара үйлийн үрийг бий болгоно. Энэ ном бол социализм гэх нийгэмд өсөөд өөрчлөгдсөн, өөрчлөгдөж яваа хүний түүх, бүх насаараа хуримтлуулсан санкарагийн тухай түүх юм. Хүний ухаан сайн сайхан үеэ санадаг хэрнээ ядарч явснаа мартаж орхидог. Сайханд шунан тэмүүлэх ч ялгаагүй хариу үйлдэл. Хүн бүхэн хүүхэд байсан тэгтлээ санаад байдаггүй шүү дээ. Хүчгүй сул дорой хүүхэд эргэн тойрондоо байх томчуудаас айж явсан болоод санадаггүй байх л даа. Миний эмээ “Муу юм бодох нь тийм юмаа захиалж буй хэрэг” гэж багад сургадаг байсан.

Би муу юм боддог хүүхэд байгаагүй ч санаандгүй хийсэн үйлдлийн үрээр муу муухайг ханатлаа үзсэн нэгэн дээ. Миний түүх бол амьдралын ёроолд хаягдсан ч тэмцэж боссон түүх төдийгүй, нийгмийн амьдралын тусгал байх тул би энэ номыг бичих гэж долоон жилээ зарцуулсан. “MNC” телевизээс оны шилдэг ном шалгаруулахад Урианхай багшийн арван боть тэргүүн номоор, миний “Санкара” роман шилдэг номоор шалгарсанд баярлаж байна. Номын дэлгүүрт очоод удаагүй байгаа. Хаа очиж маш их сайн гүйгдэж байна. Ганц Аюураа ч биш магтсан зүйл бичих л юм. Уншигчдад яагаад тэгж таалагдаж байгаа юм бол гэхээр үнэн түүх учраас хүчтэй хүрч байгаа юм бол уу гэж бодож байгаа.

-Ямар төрлийн роман билээ?

-Төрөл жанрын хувьд жаахан сонин. “Асуух нурууны эмч аргагүйн эрхэнд луйварчин” гэдэг багадаа уншсан номыг маань “Непко” шинээр хэвлэснийг авч уншсан. Тэр нь Нью-Йоркод болж байгаа үйл явдалтай. Би Нью-Йоркт амьдарч байсан. Тэрнийхээ тухай “Чөтгөрийн хотын тэмдэглэл” гэдэг жижгэвтэр ном бичээд гаргатал хурдан зарагдчихдаг юм. Тэр номондоо урагш, хойш нь залгаж бичсээр “Санкара” болчихсон. Хэрэг төвөгт холбогдож байсан энэ тэрээ хүртэл бичсэн болохоор хүмүүст их сонин санагдаад байгаа юм бол уу.

Арай л хэтэрхий илэн далангүй биччихсэн юм билээ. Номын тухайд зохиогч гав ганцаараа сууж бичдэг, уншигч ганцаараа уншдаг. Киног театрт олуул сууж байгаад үздэг. Гэртээ, зурагтаар ч ялгаагүй олуул л үзнэ шүү дээ. Тиймээс ном бол аминч яриа, их хувийн чанартай зүйл юм байна аа гэдгийг би ойлгосон. Зарим уншигч “Эрэгтэй хүн би, би. Би мундаг гээд их эготой байдаг. Тэгэхэд өөрийнхөө ядарч зүдэрч явсан, орон шоронд байсан хамаг юмаа илэн далангүй биччихдэг ямар сонин юм бэ” гэж яриад байгаа юм л даа. Тэгж л бичихгүй юм бол зохиолч гэж яваад яах юм. Г.Аюурзаны “Хэлэх юмгүй байж л ярих гэсэн хүмүүс

Хаа сайгүй...

Хэнд ч бай муу үг олж наахын төлөө л амьдарч яваа мэт хүмүүс

Хаа сайгүй...” гэсэн нэг шүлэг байдаг даа. Ярих юмтай байгаа хүн л ярих ёстой гэж би ч бас бодоод байгаа юм л даа.

-Та бол яах аргагүй ярих юмтай уран бүтээлч л дээ?

-Би ч одоо кино зохиолч ч юм уу, сэтгүүлч ч юм уу, зохиолч ч юм уу. Тэрийгээ бүрэн тодорхойлж чадахгүй. Гэхдээ би ярих юмтай л хүн. Зарим юмыг киногоор яривал зохилтой. Нийгэм асуудал хөндсөн зүйлийг нийтлэлээр яривал зохилтой. Зарим юмыг ном болгож бичиж уншигчдад хүргэх нь зүгээр гэж бодоод л өөрийгөө уудалсан. Цахим ертөнцөд автаад хүмүүс төвлөрч чадахаа байсан, мэдээллийнх нь бараг ерэн хувь хар мэдээлэл ноёлсон ийм үед чимээгүй ганцаараа суугаад унших ном маань сэтгэлийн яриа байж байж л хүнд хүрнэ гэсэн бодол надад байсан л даа. Би анх биччихээд найз нөхдөдөө цахимаар явуулсан.

Х.Баттулгад явуулчихаад, бясалгалд арав хоног суучихаад гараад ирсэн чинь над руу их олон удаа залгачихаж. “Яасан бэ, хөгшөөн” гэсэн чинь “Би чиний номыг уншаад дуусчихлаа. Аймаар их таалагдлаа. Чи хүрээд ир дээ” гэхээр нь яваад очсон чинь баахныг хувилаад ширээн дээрээ өрчихөж. Мань хашир чинь тэр үед Ерөнхийлөгч болоогүй байсан үе шүү дээ. “Энэ одоо яаж байгаа” гэсэн чинь “Залуучууддаа уншуулах гэсэн юм. Залуу хүний заавал унших ёстой ном гэдэг шиг их зүгээр ном байна. Тэрнээс гадна Төрөө хоёулаа нэг яриа байна. Чи ер нь миний тухай бичвэл биччих хүн юм биш үү. Энэ номон дотор ч миний тухай ганц нэг бүлэг байна лээ” гэдэг юм. Тэгж би “Миний мэдэх Женко Баттулга” гэдэг номыг бичих үндэс болсон.

-Тэр ном чинь их алдаршиж, сонгуулиар ч тараагдсан байх шүү?

-Тэр чинь ерөөсөө тараагдаагүй шүү дээ. Хүмүүс тараагдсан гэж будлиад байдаг юм. Тэр чинь УИХ-ын сонгуулиас ч өмнө, арван таван онд бичигдсэн ном байхгүй юу. Нөгөө муу Баттулгыг чинь барих гээд, хорих гээд Баянгол зочид буудлыг цагдаа нар бүслээд байсан тэр үе л дээ. Тэр үед хүмүүс Баттулгыг дээрэмчин луйварчин юм байх гээд ойлгочихсон ч байсан байх. Тэгээд би багаасаа найзалсан найздаа зөвшөөрсөн. Бид хоёр чинь Дүрслэх урлагийн дунд сургуулиас хойш гэхээр дөчөөд жил үерхэж байна шүү дээ. Тэр номыг “Санкара”-гаас ургасан ургамал гэж ойлгож болно л доо. Бичлээ. Таван мянган хувь хэвлэсэн чинь зарагдчихдаг байна. “Миний бичсэн ном ингэж зарагдлаа гэж үү” гэж бүүр гайхаад. Дахин арван мянгыг хэвлэсэн.

Нийт арван гурван мянга нь яг зарагдсан. Эхний хэвлэлтээр хуудас солиод хэвлэсэн гурав дөрвөн зуугаадыг л Баянхонгорт цагаан сараар хүмүүст бэлгэнд өгсөн гэсэн. Бусад нь яг цэвэр зарагдсан. Тэгэхэд надад их урам төрсөн дөө. “Түмний нэг” хөрөг цуврал маань ингэж эхэлсэн. “Санкара” ч энэ цувралын анхных. Тэрнээс хойш хөрөг цуврал бичвэл зүгээр юм уу гээд “Миний мэдэхгүй З.Энхболд” гээд дараагийнхаа номыг бичсэн. Одоо өмгөөлөгч Алтангэрэлийн ном бичигдээд дуусч байна. Лу.Болдын тухай ном дуусч байна. Д.Сумьяабазарын ном бичээд эхэллээ. Өөртөө ойрхон, надад таарах хүмүүсийн тухай л бичиж байна гэх үү дээ. Тэрнээс биш алтан цээжтэй, мөнгөн бөгстэй хүн гээд магтаж барьсан юм байхгүй.

-“Санкара” романтайгаа хамт хоёр романаа хэвлүүллээ гэсэн үү?

-“Нэр нэгтний хоёр үхэл”, “All things must pass” буюу (Бүхий л зүйлс арилан оддог) гурамсан романыхаа тэргүүн, дэд хоёр дэвтрийг хэвлүүлсэн. Эхний романаа би БНМАУ-ын төрийн хошой шагналт зохиолч Донровын Намдагийн гэгээн дурсгалд зориулсан. Намдаг гуайн “Хоёр үнэний дунд нэг худлыг хавчуулж бич” гэсэн гайхамшигтай үгийг хэлсэн зохиолч. Гуравдугаар дэвтэр нь Тогоонтөмөр хааны тухай “Их хааны сүүлчийн долоон өдөр” гэсэн нэртэй роман гарах юм. Эхний романд Лигдэн хэмээх улстөрчийн эргэн тойронд 2012 онд болж өнгөрсөн ээдрээт үйл явдлууд болон түүний үхэл, 1604-1634 онд Монголын төрийг барьсан алтан ургийн сүүлчийн хаан Лигдэн хутагтын хувь заяаны тухай зөн ёрын маягаар өгүүлж, эрт эдүгээгийн түүхийг зэрэгцээ өгүүлэмжээр гаргасан.

Лигдэн хааны талаар “Цогт тайж” кинон дээр л зурвас гардгаас бараг юм байдаггүй юм байна. Тогоонтөмөр хааны тухай эх сурвалж их юм. Хятад хэлээр гуч гаруй дэвтэр байдаг юм байна. Түүхэн гурамсан энэ романуудыг бичих гэсэн хэдий түүхээ мэддэг ч төдийлөн зориг хүрч барьж чадахгүй нэлээд удсан. Төрийн шагналт түүхч Өлзийбаатар анддаа хандлаа. Тэгтэл хятад, англи, орос хэлтэй Ч.Содбилэг гэж шавиа зааж өглөө. Содбилэг “Юань гүрний түүх”, “Мин улсын судар” зэрэг нэлээд олон ном бичсэн хүн л дээ. Мань эр түүхэн сурвалжуудыг олж өгч хамтран бичсэн.

 

Монгол хэмээх жижигхэн арал дээр байгаа монголчууд “Би, би” гэж хийрхээд баймааргүй

-Та “Нохойн орон”-тойгоо нийлээд хэдэн кино хийв?

-“Ламбугайн нулимс”-ыг маань Женко Баттулга ивээн тэтгэж анх намайг кино руу оруулсан хүн. “Бодлын хулгайч”, “Ларьдма” гэсэн уран сайхны кинонууд хийсэн. “Нарны өнгө” гэж хүүхдийн кино байна. Энэ гурвын зохиолыг нь би бичиж, найруулагч Ж.Сэнгэдоржтой хамтарч бүтээсэн. Баримтат кино гэвэл нэлээд олон юм бий. Бичсэн кино зохиол гэвэл долоо найман юм байгаа. Мөнгө нь олдохгүй болохоор шургуулган дотор минь л хэвтэж байна. “Кондуктор” гээд бэв бэлэн зохиол.

-Автобусны кондукторын тухай бүтээл байх уу?

-Автобусны кондуктор л доо. Гэхдээ цаазаар авах ял гүйцэтгэдэг хүний тухай юм. Одоо чинь хүмүүс юм уншихаа тэр бүр байчихаж. Тиймээс би романуудаа кино зохиолын хэлээр богинохон бүлгүүдтэй бичиж байгаа. Энэ романууд маань тэр нөгөө олддоггүй гайтай мөнгө төгрөг нь олдвол кино болгоно гэж бодож байгаа. Би чинь “Кино зохиолчдын Библи” гэж ном орчуулж гаргасан хүн шүү дээ.

  -Та ч өөрийн гэсэн уншигчидтай л зохиолч, сэтгүүлч дээ...

-Би baabar.mn-д юмнуудаа тавьдаг. Гайгүй л уншигдчихдаг юм. Уншигчдын тоогоороо Баабар, Цэнддоо хоёрын ард л бараг явдаг бол уу. “Зохиолч гэдэг үг жаахан буруу үг юм бол уу” гэж би ер нь боддог. Аюурзана бид хоёрын нэг ярилцлагад бий дээ. Оросоор писатель гэдэг, англиар writer гэдэг. Бүгд л бичээч гэсэн үг шүү дээ. Манайд ч гэсэн “бичгийн хүн, бичээч, тал бичээч” л гэж ярьдаг байсан шүү дээ. Тиймээс бичдэг хүнийг л хэлээд байгаа биз. Гэхдээ бичих юмтай хүн л бичнэ. Миний бичдэг төрөл гэвэл үнэн юмыг киноны хэлээр ярих юм бол олон нуршихгүйгээр эвлүүлээд монтажлаад байгаа юм бол уу.

Манайд уран зохиолч гэдэг дээ. Уран, тэгээд бас зохиодог. Уран үгээр уралдсан юм болчих гээд байдаг. Уран үгээр бичдэг хүмүүс бий л дээ. Балжирын Догмид бол агуу уран үгийн мастер ш дээ. Миний хувьд уран цэцэн үгтэй хүн биш. Тэр талыг бодохоосоо илүү агуулга талыг барьдаг. Нийтлэл бичихэд ч нэгдүгээрт уншууртай, сонирхолтой байх ёстой. Хоёрдугаарт бичсэн бүхэн юм хэлэх ёстой. Дөрөвхөн мөр бичсэн ч дөч, тавь, дөрөв, таван зуун жил насалсан бүтээлүүд бий еэ дээ. Тэгэхээр бүтээл гэдэг сэтгэлээсээ л үнэнээ бичиж ярих л юм байна. Худлаа ярихаа л болимоор юм шиг байгаа юм. Бичихдээ гоё бичих гээд, худлаа бичих гээд, худлаа бичиж байгаа нь зохиож байгаа ч юм шиг ойлголт их байна. Зохиолч гэдэг жаахан адармаатай юм л даа. Энэ цахим ертөнцийг харж суухад манайхан нэг л уншихгүй, дэлхий нийтэд юу болж буйг мэддэггүй, орос ч үгүй, англи ч үгүй, нэг жаахан талхны хэлтэй “манай сумандаа л Маркс, Энгельс” болчихсон улс байгаад байгаа. Нэг л их цэцэрхсэн, юм болгонд л “би би” гэсэн нэг л их эготой улс. Бичиж байгаа энэ тэрийг нь харахад би гэдгээ л харуулах гээд байхаас юм ярих гээд байгаа хүн ховор харагдах юм. Ийм хийрхэл их л онцгүй л юм байгаа юм. Манайх ч би гэдэг эго л их хүчтэй болчихсон орон юм шиг байгаа юм.

-Манайхаас өөр ингэж хийрхдэг улс орон байхгүй гэсэн үг үү?

-Цахимаар хэрүүл хийдэг газрууд зөндөө л дөө. Бразил энэ тэрийг харахад аймаар л юм билээ. Гэхдээ манайхан чинь юмны мөн чанарыг ухах биш, өнгөц, би л мундаг гэдэг өвчтэй. Дэлхий ертөнцөд юу болж байгааг ойлгодоггүй. Тэгээд нэг их Чингис мингис гэж цээжээ дэлддэг болцгоогоод. Энэ бол уншдаггүйтэй холбоотой. Дэлхий дээр бид чинь нэг жижигхэн улс шүү дээ. Гуравхан сая хүнтэй. Урд талд нэг тэрбум гурав дөрвөн зуун сая хүн байна. Хойд талд дөрөв таван зуун сая байна. Дэлхий долоон миллиард хүнтэй. Хүн төрөлхтөн хэмээх захгүй уудам далайн дунд Монгол хэмээх жижигхэн арал дээр байгаа мөртлөө л нэг л их би, би гэсэн улс.

Энэ их эмгэнэлтэй. Манай Д.Өлзийбаатарын “Монголчуудын түүх” сонсдог ном гарснаас хойш овоо нэг түүх рүүгээ өнгийж хардаг болж байх шиг л байна. Түүх гэж ярьдаг мөртлөө түүхээ уншдаггүй, судлахгүй, худлаа зохиож бичээд байдаг. Жишээ нь Таж Махалын бунхан бол монгол хатанд зориулсан бунхан гээд яриад байх юм. Шал худлаа ш дээ. Тэр чинь Мумтаз Махал гэж перс хүүхэн ш дээ. Зүгээр л “Википедиа” ороод үзэхэд л байж байгаа шүү дээ. За яахав, Шах Жахан, Акбар эд нар Бабурын, Доголон Төмөрийн удам угсаа байсан нь үнэн л дээ. Мэдэхгүй байж мэдэмхийрсэн, ярих юмгүй байж ярих дуртай хүмүүс хаа сайгүй болчихож. “Олны дунд үгээ мэд, ганцаар явахдаа сэтгэлээ мэд” гэдэг үг чинь л энэ фейсбүүкийнхэнд таарах үг юм шиг байгаа юм. Цахим ертөнц гэдэг чинь л олны дунд орж байгаа зүйл биз дээ.

-Тэгэлгүй яахав?

-ШХАБ-д орно, орохгүй, юу юу гэнэ вэ нэг л их олон цэцэн мэргэн улс болчихсон. Цааш нь ухаад асуухаар яг хэрэг дээрээ юу ч мэдэхгүй. Дэлхийд алдартай “Penguin random house” гээд 1800 онд үүссэн, одоо болтол байгаа номын паблишинг байна. Жилд 800 сая ном борлуулдаг номын компанид манайхаас хэвлэгдсэн нэг ширхэг ч ном байхгүй шүү дээ. Эднийхээр Ринчен, Дамдинсүрэнгийн ч бүтээл хэвлэгдээгүй. Дэлхийн ийм том компанид манай ганц ч ном хэвлэгдээгүй байна гэдэг гуниг биз дээ.

-Гунигтай л юм даа?

-Тэгэхээр Монголын утга зохиол энэ тэр гэж ярихад хэцүү. Монгол хүний оюун чадавхи өндөр гэдэг үнэн л дээ. Цөөхөн хүн амтай нь харьцуулаад үзэхээр. Ер нь ном уншдаг хүн хаана ч гэсэн ховор л доо. Оросын уншигчид маш их уншина. Манайх тэдний дэргэд бага. Социализмын үед их уншиж байсан гэдэг үнэн л дээ. Яагаад гэвэл одооныхтой адил зурагт, интернет байгаагүй. Тэр үед чинь Соёлын яамтай, бодлогоор уншуулдаг байлаа. Номын сангуудад сууна. Би гэхэд Нацагдоржийн тэмдэгтэн байлаа даа.

-Та аль хэр уншигчтай бүтээлч вэ?

-Би Аюурзана шиг л амьдрах юм сан гэсэн мөрөөдөлтэй хүн. Аюур, Өлзий хоёр номоо бичээд л түүгээрээ амьдарч байна. Би ч одоо бас номоо бичээд сайхан л амьдарч байна. Аюурзана бид хоёрт хэн авилга өгөх юм бэ. Тийм биз дээ. (инээв.сур) Бүтээлч хүний хувьд бид хообийгоороо л амьдраад байгаа. Кино хийх дуртай. Дууны шүлэг бичих дуртай. Надад дөч гаруй дуу бий. Дөнгөж урьд шөнө гэхэд Том Жагаа бид хоёрын нэг дуу гарчихаад би цахимаар хүлээж авч сонсоод л байж байна. Мартын 8-ны үеэр дүрсжүүлээд цацах байх.

-Женкогийн номыг бичээд хэдэн төгрөг олов та?

-Бид хоёр эртний найзууд. “Санкара”-г минь уншчихаад “Ийм ном хэдээр бичих вэ” гэж асуусан. “Ёстой бодож байгаагүй юм байна. Амьдралдаа би мөнгөөр ном бичиж үзээгүй. Чи л анх ийм санал тавьж байна” л гэлээ. Тэгсэн “Нэвтрүүлэг хэдээр хийдэг юм” гэж байна. “Манай студи хотын 375 жилийн ойгоор 49 сая төгрөгөөр л цуврал баримтат кино хийсэн юм даа” гэлээ. “Яагаад 49 сая гэж” гэхээр нь “50 сая төгрөгөөс дээш тендэрт ордог юм байна. Тэгээд дээд талын хэмжээ нь л дээ” гэтэл “За 50 сая төгрөгөөр бичүүлье” гэсэн. Цаасан дээр буулгахаас бусдыг хийгээд өгсөн. Тэгсэн чинь 13 мянган хувь зарагдаж бестселлер болсон доо. Энэ ном их олон хэлээр орчуулагдсан. Энэтхэгт англи хэлээр гарч саяхан нээлтээ хийлээ. ОХУ-д Юрий Кручкины орчуулгаар хэвлэгдлээ. Казах хэлээр гарлаа. Солонгос, герман, япон, хятад хэлээр орчуулагдаж байна. Сингапураас том паблашинг надад бас хандсан байгаа.

-Ерөнхийлөгчтэй одоо уулзаж байна уу?

-Уулзалгүй яахав. Чаатаар өглөө үдэшгүй холбогдоно. Би чинь бас Ерөнхийлөгчийн орон тооны бус туслах гэж явдаг юм. Долоо хоногтоо нэг хоёр удаа уулзаж учирна. Ордонд ордог тусгай үнэмлэхтэй. Энэтхэгтэй хамтарч кино хийх талаар тусалж дэмжинэ л гээд байгаа. “Гадаадын улс оронтой хамтарч кино хийхгүй бол Монголдоо кино хийгээд ашиг байх уу” гэдэг юм аа.

-Та сүүлийн үед монгол кинонуудаас үзэж байна уу?

-Үзнэ ээ үзнэ. Сэнгэдоржийн кинонуудыг үзэх дуртай. Гайгүй найруулагч шүү дээ. Бид хоёр хамтарч гурван кино хийлээ. Манай охин Номунзултай хамтарч “Цагаан хадаг”, “Амьдрал” гэж хоёр ч кино хийсэн. Удамшдаг юм уу хаашаа юм, охин сүүлийн үед кино зохиол бичээд байгаа шүү дээ. Би ч охины зохиол энэ тэрд огт оролцдоггүй юм. “Туслах хамгийн сайн арга бол туслахгүй байх” гэж нэг үг байдаг даа. Өөрөө учраа олоод яваг л гэж боддог.  

-Та яруу найрагч Д.Урианхайг багш аа гэж их хүндэлдэг юм байна лээ?

-Миний багш л даа. “Санкара”-г уншихаар бүгдийг мэднэ дээ. Би чинь дүүгийнхээ хэргийг өөр дээрээ тохоод ял авчихсан хүн шүү дээ. Мааньтын чанга дэглэмтэй хориход хоригдож байхдаа Урианхай багшийн “Цагийн хөл” гэдэг номыг олж уншаад дурлачихсан. Дотроо өөрийнхөө багш хэмээн бодох болсон. Гаднаас нь харахад жирийн л нэг хоригдол миний дотоод ертөнц маш хүчтэй өөрчлөгдсөн. Суллагдаж гарсныхаа дараа Урианхай ах дээр өөрийнхөө шүлэг, өгүүллэг, нийтлэл бүхнээ бариад очсон юм. Мань эр уншаад “Чи сүрхий юм. Кино зохиол руу орвол илүү дээр” гэж анх зөвлөсөн. Урианхай ахын хоёр ч гэргийтэй дотно. Багш бид хоёр очоод шил архи хувааж уугаад шөнөжингөө дэмий балай юм яриад хонодог, Урианхай гэдэг хүнийг хэн ч мэддэггүй байхад Салхитын хөндийд очиж багш шавь болцгоосон юм. Үүнийг хэнд ч би ярьдаггүй.

Багш маань агуу том хүн учраас шавь гэчихээр өөрийнхөө нэрийг хавчуулах гээд байгаа юм шиг санагдаад ярьдаггүй л дээ. Сая харин шилдэг ном шалгаруулахад би гурван романаа барьж очоод “Номд мөргөмүү, багшид мөргөмүү” гээд өргөн барьсан. Сая бурхан болдог Бавуугийн Лхагвасүрэн ахтай ч би ойр байсан. Лхагваа ах “Чи Урианхайг багш гэчихээд, намайг ах л гэх юм даа, тээ. Би ч багшилж чадахгүй л дээ хө” (Лхагвасүрэн найрагчийн хоолойг дуурайн элэглэж инээв. сур) гэдэг л байсан юм. Дарма Батбаяр зохиолч энэ гуравтай би их дотно. Үгийг нь сонсдог, гэрээр нь очдог байлаа. Урианхай багшийгаа Нобелийн шагнал авчихаасай л гэж залбираад  сууж байна. Урианхай багшийг уншдаг хүн ер нь цөөхөн ш дээ. Мань хүн чинь номоо дээд тал нь л таван зуу, мянган ширхгийг л хэвлүүлдэг. Надад бүх ном нь байгаа. Шинэ гарсан арван ботийг нь худалдаж авна даа.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]