Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Дык ламтан зулын гол болж дэлхийг цочирдуулсан ньУншсан48,690

Би тэр харцыг дахин харах ёстой байсан ч нэг удаагийнх хангалттай. Амьд хүний биеэс гал гарч, түүний бие аажим алга болж, үнс болсон.

1963 оны 6-р сард Вьетнамын Махаяна буддын сүмийн лам Тич Куан Дык Сайгон хотын хамгийн өндөр ачаалал бүхий замын уулзвар дээр өөрийгөө шатаав. Сайгон дахь энэхүү эмгэнэлт явдлын гэрэл зургийг Associated Press агентлагийн зурагчин Малкольм Браун авсан бөгөөд тэр даруйдаа л 1960-аад оны үеийн дэлхий дахины хүнд хэцүү цаг үеийг илтгэх бэлэг тэмдэг болжээ. Кеннеди хүртэл “Шатаж буй Дык” гэрэл зургийг хараад “Түүхэн дэх ямар ч мэдээний гэрэл зураг дэлхий даяар ийм их хэмжээний сэтгэл хөдлөлийг үүсгэж байсангүй” хэмээсэн тухай баримт байдаг.

Өмнөд Вьетнамын Зьемийн дэглэмийн зүгээс католик шашныг дэмжих бодлого хүчтэй явуулж эхэлсэн болон буддын шашныг ялгаварлан гадуурхаж байгаагийн эсрэг Дык ламтан өөрийгөө шатаажээ. Францын колонид он удаан оршсон Вьетнам орон энэ үед христийн сүм хийдүүдэд "бүрэн эзлэгдчихээд" байжээ. Энэ байдал улам бүр гаарч засгийн бодлогын түвшинд буддын шашныг шахаж эхэлснээр лам нарын дургүйцэл өсөн нэмэгдэж байв.

Дык ламтан өөрийгөө шатаахаас сар гаруйн өмнө буддын шашны тэмдэг болсон элдэв туг дарцагийг хийсгэхийг хориглосны дараа лам нар уг хоригийг эсэргүүцэж жагсаал цуглаан зохион байгуулсан ч цэргүүд гал нээж есөн хүний аминд хүрч, хүчээр тараажээ.

1963 оны 6-р сарын 10-нд гадаадын сэтгүүлч, сурвалжлагч нар маргааш өглөө нь Сайгон дахь Камбожийн ЭСЯ-ны гадаах зам дээр “ямар нэгэн чухал зүйл” болох гэж буй мэдээллийг авчээ. Тэртэй тэргүй Вьетнамд дотоодын хямрал дээд цэгтээ хүрчихсэн, есөн шидийн үйл явдал хаа сайгүй өрнөж байсан тул сурвалжлагчдын олонх нь зурвасыг үл ойшоосон байна. Маргааш өглөө нь цөөн хэдэн сэтгүүлч талбай дээр очсоны нэг нь The New York Times-ийн Дэвид Халберстам болон Associated Press агентлагийн Сайгон дахь товчооны дарга Малкольм Браун нар байлаа.

Энэ үед ойролцоогоор 350 орчим лам, гэлэнмаа нар Засгийн газрыг эсэргүүцсэн лоозун барин жагсаж байв. Гэнэт Дык хоёр ламын хамт машинаас гарч ирэв. Нэг нь зам дээр дэр тавьж, нөгөө нь бензин бүхий савыг онгойлгож эхлэв. Жагсагчид юу болох гэж буйг мэдсэн мэт хуврагийг хүрээлэн тойрог үүсгэх зуур тэрээр буддын уламжлалт бясалгалын суудлаар тайван гэгч нь газарт суув. Хамтрагч нь түүний толгой дээр бүх бензинийг дуустал асгасны дараа Дык ламтан хэсэгхэн зуур бодолхийлэх мэт болсноо эрихээ гаргаж ирэн эргүүлээд, шүдэнз зуран түүний дээрээс хаях хүртэл “Амитаба, Буддад хүндэтгэл үзүүлье” хэмээх уншлагыг уншжээ. Гал түүний нөмрөг, дараа нь биеийг бүрхэн авч, түүний шатаж буй биенээс тосорхог хар утаа агаарт дэгдэв.

Цуглагчид дуугаа хурааж, зарим нь уйлж, цөөн хэд нь залбирч байлаа. Олон олон лам, гэлэнмаа нар төдийгүй цочирдсон иргэд шатаж буй ламд сунаж мөргөж байв. Гэнэт хүмүүсийг цочоон нэгэн ламтан чанга яригчаар англи болон вьетнам хэлээр “Буддын ламтан өөрийн биеэр сор заллаа. Тэр жинхэнэ тэмцэгч баатар” хэмээн давтан давтан хашгирч эхэллээ.

Арваад минутын дараа Дыкийн бие бүхэлдээ хөшиж, нуруугаараа газарт ойчив. Гал унтарсны дараа бүлэг лам нар ирж түүний цогцсыг шар нөмрөгөөр бүтээж, авсанд хийхийг оролдсон ч аль хэдийн хөшчихсөн байсан түүний мөчдийг тэгшилж чадаагүйн улмаас авснаас гар нь цухуйсан байдалтайгаар Сайгоны төв хийд рүү аваачсан байна.

Хуврагийн зулын гол болж буй Малкольм Брауны зураг маш хурдан тархаж, дэлхий даяарх олон сонины тэргүүн нүүрэнд гарсан. Болсон явдал Вьетнам төдийгүй дэлхийг цочроосон бөгөөд Но Дин Зьемийг маш ихээр дэмждэг байсан АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди хүртэл байр сууринаасаа татгалзахад хүрсэн байдаг. 1963 оны 11-р сард Вьетнамын Ардын арми төрийн эргэлт хийж дарангуйлагч Но Дин Зьем, түүний дүү нарыг баривчилжээ. Харин Зьемийн дэглэмийг эсэргүүцэж өөрийн биеийг зулын гол болгосон хувраг Тич Куан Дыкийн зүрхийг ариун шүтээн болгож залжээ.

The New York Times-ийн Дэвид Халберстам Дэвид Халберстам сониндоо ийнхүү бичжээ.

“Би тэр харцыг дахин харах ёстой байсан ч нэг удаагийнх хангалттай. Амьд хүний биеэс гал гарч, түүний бие аажим алга болж, үнс болсон. Толгой нь эхлээд харлаж, дараа нь нүүрс болтлоо шатсан. Шатаж буй хүний үнэр агаарыг дүүргэж, гайхмаар хурдан шатчихсан. Миний ард цугласан вьетнамчууд мэгшин уйлахыг би сонссон. Би уйлахаа ч мэдэхгүй цочирдож, тэмдэглэл хийж, асуулт асууж ч чадахааргүй, бас тунгаан бодохын эцэсгүй сандарсан юм… Тэр шатаж байхдаа нэг ч хөдлөөгүй бөгөөд авиа ч гаргаагүй. Түүний гадаад байдал нь эргэн тойрны уйлж буй хүмүүсээс эрс тэс ялгаатай байсан."

Дык ламтан тэнгэрт халихын өмнө сүүлийн захиасаа гэрээслэлдээ ийн үлдээжээ. Тэнд “Би нүдээ аньж, Буддагийн мэлмийд очихоос өмнө Ерөнхийлөгч Но Дин Зьем танаас ард түмэнд энэрлээ хайрлаж, эх орныхоо бат бөх байдлыг үүрд хадгалахын тулд шашны тэгш байдлыг хэрэгжүүлнэ үү хэмээн хүндэтгэн гуйж байна” хэмээн бичсэн байжээ.

Дык ламтанг оршуулах үеэр шарилыг нь дахин чандарласан. Харин түүний зүрхийг шатаалгүй, бүрэн бүтэн үлдээж одоог хүртэл Сайгоны хийдэд хадгалж буй гэнэ. Барууны ард иргэдийн цочирдлыг эс тооцвол Вьетнам лам нарын зулын гол болох явдал үүгээр эцэс болоогүй гэнэ.

Харин гэрэл зургийн эзэн Малкольм Браун түүхэн үйл явдлыг мөнхөлж үлдээснийхээ төлөө Пулитцерийн шагнал хүртжээ.

Ц.Лхагвадулам

Ламтны эцсийн агшны гэрч болсон энэхүү автомашин өдгөө музейд бий
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]