Монгол Улсын төрийн соёрхолт зохиолч, яруу найрагч Санжаажавын Оюунтай энгүүн сайхан яриа өрнүүлэхээр Зохиолчдын эвлэлийн хороог зорив. Өмнө нь зохиолч- уншигчдын уулзалт дээр холоос барааг нь харж явснаас таван үг сольж үзсэнгүй. Оюун гуай ярьж хөөрөхдөө инээд алдаад их л элгэмсэг хүн юм. Тэрбээр манай нутгийнхан элгэмсэг, нөхөрсөг улс гэсээр бидний яриа эхэллээ.
-Та саяхан Булган яваад ирсэн. Нутаг орноор сонин сайхан ихтэй юу?
-Булганд их сайхан өнөтэй намар болж байна. Бага зэргийн цастай, цаг агаар сайхан дулаахан байна. Улс тунхагласны ойн өдрөөр Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Л.Эрдэнэбулган агсны Булган аймгийн теарт найруулан тавьж байсан “Учиртай гурван толгой” дуурийн нээлт тохиолоо. 33 жилийн өмнө уг театрт тавигдаж байсан. Сая ардын хөгжим, хуучны ая эгшгээр нь тоглосон. Гавьяат жүжигчин Ц.Үенч ханийнхаа хамт очиж хөгжим, дуучдын бэлтгэл дээр ажиллалаа. Ардын дууны таван аяар явж байсныг 18 болгож өргөжүүлсэн байна. Булганы театрт сүүлийн үед дуулалт жүжиг тавигдаагүй. 90-ээд оноос хойш ч бас хэцүү л байлаа. Орон нутгийн театрт дуулалт жүжиг тавих нь уран бүтээлчдийг ихээхэн хөгжүүлдэг. Гурван бадаг дуу дуулахаас гурван үзэгдэлт жүжиг тоглоно гэдэг нь ерөөс их уран чадвар шаардаж байгаа юм.
Тоглолт их сайхан боллоо. Үзэгчид бүгдээрээ л дагаж дуулаад байх юм. Ардын дуунуудыг мэдэхгүй хүн ч гэж алга. Бараг танхимаараа л “Учиртай гурван толгой”-г тоглохоо дөхлөө. Тэнгэрээс Л.Эрдэнэбулган маань харж байсан юм байлгүй. Булган нутгийн театрыг хөгжүүлмээр, шинэчилмээр байна гэж байнга ярьдаг байсан юм. Ковидын халдвараас болоод амьд ахуй цагт нь тоглолтыг нээж чадаагүй.
-Та Булганы Могод сумд төрж, өссөн шүү дээ.
-Манай сум их сайхан нутаг. Халуун рашаан ихтэй, манан бууж байгаа нь Ганга нуурын орчинтой төстэй их сайхан, хавар болохоор булаг хагардаг, сөнөсөн галт уулын үлдэгдэл, гол, нуур ихтэй, юм юмтай л нутаг. Манай нутгийнхан их сайхан зантай улс. Дээхнэ үед Завханаас, Хөвсгөлөөс гээд өнцөг булан бүрээс рашаанд орохоор хүмүүс ирнэ, нутгийнхан ч рашаанчдыг их хүндэлнэ. Би сүү, ааруул, өрөм бариад л рашаанчдын майхныг зорьдог байлаа. Манай ноёныг За ноён гэдэг. “За ноёныхон” гэхээр хэн хүнгүй мэддэг алдартай байлаа шүү дээ.
Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Чинзориг, Соёлын Гавьяат зүгэлтэн С.Оюунчимэг зэрэг олон сайхан алдартнуудыг төрүүлсэн нутаг даа.
-Таныг эмч болоход ээж тань нөлөөлсөн гэдэг дээ.
-1957 онд ээж маань өвдөөд л манайх Улаанбаатарт ирж байлаа. Ээж маань үнээгээ сааж сууж байгаад л ухаан алдаж унасан юм. Сумын эмнэлэг ч гэж хөгжөөгүй. Тэгээд л хот газрыг зорьсон. Одоо бодоход ижий минь дутуу төрсөн юм билээ. Улсын нэгдүгээр эмнэлэгт ирэхэд оочер дараалал гэж их ээ.
Тэгэхэд нэг их хөгтэй зүйл тохиолдож билээ. Тэр цагт варений шил байтугай, гялгар уут ч гэж байсан биш. Зүү, утасны сав гэж Оросын ганган цагаан сав байдаг байж. Тэгээд л ээж эмнэлэгт шинжилгээ өгөх болоход өтгөнөө шинжлүүлэх сав хайгаад өнөөх ганган цагаан саванд хийгээд өвөртөлчихөж л дээ. Тэгсэн чинь өнөөхөө хулгайд алдчихдаг юм байна. Шинжилгээ өгөх гэсэн байдаггүй, бөөн юм болж билээ. Ийм нэгэн хөгжилтэй зүйл тохиолдож байлаа. Тэгж л их хоцрогдсон байж.
Орос эмч нар ээжийг маань үзээд савны хавдартай байна, хагалгаа хийнэ гэсэн. Нөгөө хөдөөнөөс ирсэн хүн чинь хагалгаа энэ тэр гэж огт мэдэхгүй юм чинь “ухаан алдчихаж” байгаа юм. Тэгээд ээж маань Зүүнхараагийн алдартай бариач Шагдарсүрэн гэдэг хүн дээр очиж, 10 хоног бариа засал хийлгэсэн юм. Буцаад нөгөө эмнэлэгтээ очсон чинь эмч нар гайхаад, толгой сэгсрээд “та яаж энэ өвчнөө алга болгочихов” гэж асуугаад байдаг. Бариачаар бариулах нь хориотой учраас ээж юу ч хэлээгүй шүү.
Намайг долдугаар ангиа гайгүй онц төгсчихөөд Багшийн сургуульд бүртгүүлэхээр очсон чинь ээж маань “Юу ярьж байгаа юм. Чи тэр хүн эмнэлгийн техникумд ор. Би бие муутай, ядахдаа тариа хийдэг хүн бол” гэсэн. Тэгээд Хүн эмнэлгийн техникумд дөрвөн жил суралцаад, Анагаахын дээд сургуульд таван жил, нийтдээ есөн жил суралцсан шүү. Сургуулиа төгсөхөд “Монгол” телевизийн эрүүл мэндийн нэвтрүүлэгт редактор гэх албан тушаалд томилсон. Түүнээс хойш хэвлэл, мэдээллийн салбарт олон жил ажиллалаа.
-“Тань руу нүүж явна” уран бүтээл дэлгэцнээ гарсны хойтон жил та Горькийн сургуулийг зорьсон. Үүнд кино нөлөө үзүүлсэн байх?
-Тэгэлгүй яах вэ. Кино эрэлттэй, үзэгч ихтэй байсан нь нөлөөлсөн. Горькийн нэрэмжит утга зохиолын сургуулийн дээд курсэд Их сургуулийн хэл, уран зохиолын анги төгсөөгүй, өөр мэргэжлийн хүмүүсийг мэргэшүүлдэг юм. Би эмч мэргэжилтэй байсныг ч хэлэх үү, өргөдөл хүсэлтээ гаргаад, шалтгалт өгч тэнцээд л явж байсан. Тэнд би хоёр жил суралцсан. Гэхдээ Горькийн сургуульд маш сайн сурсан гэж хэлж чадахгүй ээ. 1990-ээд оны үед Орост өөрчлөн байгуулалт гэж жигтэйхэн юм болж байлаа. Бид ч түүнийг нь нэг их сайхнаар хүлээж аваад өөрчлөгдөх ёстой гэж ямар юмнаасаа ч ойлгосон юм бүү мэд. Орос хэлтэй зохиолч Лхагвыг дагасхийгээд л явж байлаа шүү дээ. Их сургуулийн нөөлөг, хаялга гэж их том зүйл байдаг. Үгүйдээ л ирсэн хойноо би чинь Горькийн сургуулийн дээд курс төгссөн хүн шүү дээ гээд өөртөө их хатуу шаардлага тавина, тэр нь ч эргээд өөрт их хэрэг болно.
“...Сэтгэл гэгч хүрэхүйеэ бэрх өндөр
Хүн хүн рүүгээ нүүж орчлонг туулна” гэж сайхан хэлж шүү. Балжинням найруулагч киноны нэрийг өгсөн гэдэг байх аа?
- Анх “Хүний үр” гэдэг нэртэй байсан юм. “Тань руу нүүж явна” гэдэг нэрийг чинь Балжинням гуай өгсөн дөө. Яасан ч сонин үг юм гэж тухайн үедээ би бодож байлаа. Олон кино бүтээсэн, айхтар мундаг найруулагч болохоор Монгол хүний хувьд нүүнэ гэдэг том философи байдгийг л илэрхийлсэн. Хөдөөгийнхөн бол танайх тэнд буух уу, манайх бараадаж бууя гээд залуу гэр бүл, ганц бие хөгшнийхийг хажуудаа буулгаад тусалж, дэмждэг, бие биедээ дэм болдог сэтгэхүйтэй ард түмэн гэдэг философийг Балжинням найруулагч бол мэдэж байсан. Би жаахан гэнэн байсных түүнийг мэдэхгүй л явсан байгаа юм.
-Зохиолыг кино болгоход хэдэн удаа засвар оруулав?
-Гайгүй шүү. Эхлээд нэг юм бичээд очсныг Соёлын яамаар хэлэлцээд ахуйн сэдэвтэй кино байхгүй юм байна гээд л батлагдчихсан. Соёлын яамны жүжиг, кино урлагийн хэлтэст Мягмар гуай байсан даа. Тэгээд надад “Энэ нэг бол хүн үздэг кино болно, нэг бол ер хүн үздэггүй кино болно” гэж хэлж билээ. Хөгжим, найруулагч сайн байсан учраас хүмүүст хүрсэн кино болсон шүү дээ.
Зохиолын засварын талаар ярья гэвэл бөөн паян. Намайг чинь “гурав хоногийн дотор засвараа хий” гээд кино үйлдвэрт цоожилчихсон. Хаалга цохиод л хоол авч ирж өгнө, бие засахаас өөрөөр гарч болохгүй юм чинь. Хаалган дээр “Хүний үр” киноны групп гээд тавьчихсан. Бие засахаар гүйж явтал кино группын улс ирээд л “За, яаж байна зохиолч оо. Бид машин, гэр энээ тэрээгээ бэлдчихсэн байгаа” гэж байна. Нөгөөдүүл чинь ажилдаа гарах гээд намайг тэнд хүлээгээд суугаад байдаг. Тэгж нэг гурав хоног суусан даа. Залуухан ч байж, толгой тархи сэргэг ажилладаг ч байж дээ /инээв/
Кино зураг авалт Өмнөговь аймгийн Мандал-Овоод болсон. Нэг их том цагаан гэрүүд барьчихсан, хамгийн баруун талынхад нь найруулагч Балжинням ганцаараа сууна, түүний наад талд зургийн дарга Эльбрус нарын хүмүүс, наад талд нь жүжигчид сууна. Балжинням сандал дээр хөлөө ачаад оройн нар шингэхийг харангаа яаж найруулахаа бодож сууна. Говьд чинь нар шингэхийн алдад баахан жижиг ялаа бужигнаж харагддаг. Түүнийг хараад л сууна даа.
Мандал-Овоо чинь чулуун хөрстэй. Шөнө чулуун дээр сарны гэрэл тусахаар нэг их олон шилний хэлтэрхий асгачихсан юм шиг их гоё харагдана. Зураглаач Цэрэн намайг сугадаад л говийн оройг үзүүлнэ. Орой мотоциклийн гэрэл гэмээр гэрэл нэг даваад алга болчих шиг болсноо дахиад л тодроод, дахиад л байхгүй болно. Орой бүр л тийм гэрэл харагдана. Би “мотоциклтой хүн ирж явна” гэхээр Цэрэн “Үгүй ээ, говьд ийм гэрэл байдаг юм” л гэнэ. Орой бүр л тийм гэрэл харагддаг, говь чинь их сонин шүү дээ. Гурван орой лав тэр гэрлийг харсан юм даг.
-“Уран зохиол бол амьдрал” гэдэг. “Тань руу нүүж” явна кино зохиол хүртэл амьдралаас л урган гарсан гэдэг шүү дээ.
-Энэ дэлхийн бүхий л уран зохиол амьдралаас л урган гардаг. Харин түүнийг яаж бичих вэ, хэрхэн илэрхийлэх вэ гэдэг техник нь л өөр. Реалист, модернист, постмодернист гээд байна. Энэ бүгдийн цаад агуулга нэг боловч илэрхийлж байгаа арга, хэлбэр нь л өөр. Бүхий л уран бүтээл амьдралаас сэдэвлэгдсэн байна. Мөн хүмүүсийн амьдралд хэрэгтэй зүйлийг хэлэхийн тулд зохиолч хүн үзэг, цаас нийлүүлдэг. Гэхдээ амьдалын сэдвүүд зохиол биш. Амьдралыг зохиол болгож чадаж байгаа, ур чадварыг нь эзэмшсэн хүмүүсийг зохиолчид гэж хэлж байгаа юм.
Хуучинд чинь социализмын үеийн баатруудыг үзүүлдэг кино их хийдэг байлаа. “Яндангийн дуу” гэхэд ажилчин, “Хүргэн хүү” гэхэд малчин хүний дүрийг үзүүлж, Төв хороогоор оруулж батлуулдаг байлаа шүү дээ. Орчин цагийн киноны хувьд гэвэл нэг хэсэг нь гадны киног дууриасан харагдах юм. Тэр нь Монгол хүнд ойр биш, амьдралд байхгүй зүйл их болохоор үзэгчид хүлээж авахгүй байх шиг байна. Түүхэн кино ч цөөн хийгдэж байна. “Ану хатан”-аас өөр бий билүү ингэхэд. Одоо С.Удвал ахайтны тухай кино хийгдэж байгаа.
-С.Удвал гуайтай уулзаж, учирч явсан хүний хувьд дурсамжаасаа бага сага дэлгэхгүй юу?
-Бид хоёр 20 хамт байсан. С.Увал гуайн талаар ярья гэвэл барахааргүй том хүн. Туулсан амьдрал нь маш их ээдрээтэй. Өнчирч хоцорсон, дараа нь ихээхэн алдар нэртэй болсон. Өөрөө төрөлхийн ухаантай төрсөн хүн юм. Ухаан гэдэг чинь боловсролоор ч олгодоггүй зүйл шүү дээ. Сургууль бол төрмөл оюун ухааныг хөгжүүлдэг. Ухаан муутай бол хичнээн олон зүйлийг зааж сургаад ч хүлээж авах чадвар дутмаг. С.Удвал гуай тухайн цаг үедээ тэргүүлэх зэргийн бүсгүй байлаа. Их ч зовлон үзсэн. Ардын Их хурлын депутат болоод ард түмэнтэй уулзаж, үгийг нь сонсож, ямар асуудлыг эмэгтэйчүүдэд шийдүүлэх вэ гэдгийг гаргаж тавьж байсан, тухайн цаг үедээ товойж гарсан түүхэн хүн шүү дээ.
-Та киноны зураг авалтад оролцож байгаа сурагтай.
- Ардын уран зохиолч Т.Галсан гуай бид хоёр чинь киноны зөвлөхөөр ажиллаж байгаа юм. Кинонд “Хатанбаатар Магсаржав” киноны дараа үеийг дүрсэлж байгаа юм байна. Цэдэнбал дарга Удвал гуайд баяр хүргэж байгаа талаар сцен авах гээд тэнд Т.Галсан гуай бид хоёр гарч байгаа. Та нар яг энэ дарааллаар зогсоно шүү л гэж байна. Тэгсэн Т.Галсан гуай “үг хэлэхгүй, үйлдэл хийхгүй яаж ингэж байх юм. Би ер нь С.Удвал ахайтандаа нэг хадаг барьчихдаг юм уу” л гэнэ. Галсан гуай Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн гэдэг хоёр тэмдэгээ зүүчихээд намайг “төр чамайг авдартаа хий гэж өгсөн юм уу, зүү гэж өгсөн юм уу” гэх юм. С.Удвал гуайн үеийн амьдралыг харуулж байгаа учраас хоёр, гурван зураг даруулсны дараа нэг охин гүйж ирээд л “Галсан гуай, таны энгэр дээрхийг түр авчих уу” л гэх юм. Тиймэрхүү л байдлаар жүжиглэлээ шүү дээ /инээв/ Т.Галсан гуайн хэлсэн үгийг хүмүүс их хүлээж авдаг. Удвал дарга Т.Галсан гуайг тэмээчин байхад Улаанбаатарт авч ирсэн хүн шүү дээ. Тиймээс их хүндэлдэг юм.
-Таны урын санд 100 орчим бий. Ард түмний сэтгэлд эгшиглэх сайхан дуунууд хаанаас төрдөг бол гэж боддог шүү?
-Яах вэ дээ тэгээд бичмээр санагдаад бичсэн дууны шүлгүүд байна. Бичээд өгөөч гэсэн нь ч байна. “Хорвоод ганцан ээждээ” гэдэг ээждээ зориулсан дуунд Ц.Чинзориг аялгуу хийсэн. “Үгүйлэн санана” дуугаа Москвад хил дамнаж байхдаа бичсэн. Яг тэр энэнд зориулсан гэх дуу байхгүй. Ямар нэгэн тэмдэглэлт ой тохиох үед бас бичнэ, тэгэхдээ тэр нь нэг их дуулагдаагүй ээ.
Ер нь өөрийн сэтгэлээс хийсэн дуу л үлддэг. Түүнээс биш уралдаан энэ тэрээд зориулсан бол явахгүй шүү дээ.
Бидний үед хөгжмийн зохиолчидтой их ойр байлаа. Байсхийгээд л хөгжмийн зохиолчдын хороогоор гүйж очно. Энүүхэн замын урд талд, хотын төвд байдаг байлаа. Одоогийнх шиг үг бичээд, мөнгө төгрөг өгөөд байхгүй шүү дээ. Хөгжмийн зохиолч нь болох юм байна гэвэл л дуу хийнэ.
Одоо чинь дуу хийх амаргүй болчихсон юм билээ. Мөнгөтэй хүн бүхэн л дуу хийдэг болж. Сэтгэлээсээ бичсэн бол өөр л дөө. Хүний тухай бичлээ гэхэд нэг өдөр гэнэт бичмээр санагдаад бичихэд огт өөр. Миний талаар биччихээч гээд нэг хүн хэлчихвэл за тэгээд тэр нь тийм амар орж ирэхгүй. Өөрийн эрхгүй төрсөн зүйл бол өөр шүү.
-Шүлгүүдээ нэгтгэж цомог гаргах уу?
-Бодоод л, амжихгүй яваад байна.
-Ер нь ямар үед ихэвчлэн шүлэг төрөх вэ? Найрагчид гунигтай, өөр рүүгээ өнгийсөн үед шүлэг төрдөг гэлцдэг?
-Намар цагт шүлэг их бичдэг шүү. Ер нь яруу найрагчид намар их бичнэ дээ. Байгаль, хүн хоёр чинь хүйн холбоотой юм болохоор цаг агаар, бороон шиврээ, байгалийн ер бусын үзэгдэл хүнд их нөлөөлдөг юм. Тэр л үед үзгээ шүүрэн авч, шүлэг бичсэн улс зөндөө. Нэг үе манайхан чинь уйтгар гуниг бичдэг байлаа. Одоо бол илүү гэгээлэг зүйлийг нийгэм, хүмүүс хүсч байгаа учраас түүнд нийцүүлэх шаардлага уран бүтээлчдэд байна. Өөрийн хувийн архивт үлдсэн, өөрт хамгийн үнэтэй, дээр үеийнхээр бол “кармааны” шүлгүүдэд уйтгар гуниг үлдэж байж магадгүй л дээ.
Авьяас гэдэг төрмөл юм. Хөдөлмөр, сэтгэл хөдлөлөөр бичиж байгаа улсууд байна. “Онгодгүй хүн гэж үгүй” гэж Явуухулан багш ярьдаг байлаа. Сэтгэл хөдлөлгүй хүн гэж нэг ч байхгүй. Сэтгэл хөдлөлөө хэрхэн яаж илэрхийлэх вэ гэдэг асуудал. Шүлэг яруу найраг, жүжиг, кино бичсэн ч өмнө үеийнхээ урын санг мэдэж байж бичнэ шүү дээ. Мэдэхгүйгээр, уншихгүйгээр бичнэ гэдэг амаргүй.
-Анхны шүлгээ хэдэн насандаа бичиж байв, анхны яруу найргийн түүврээ хэзээ гаргав?
-Долдугаар ангийн сурагч байхдаа л бичсэн юм билээ. Багшид маань хадгалагдаж байдаг. Онц сурна энээ тэрээ гэж бичсэн байгаа юм аа. Түүнээс хойш бага сага бичиж байгаад Анагаахын дээд сургуульд ороод нэлээд бичсэн. Д.Нямаа “Утга зохиолын дугуйлан”-г ажиллуулдаг, зохиолч П.Лувсанцэрэн багшилдаг байлаа. Эхлээд бичих гэсэн болдоггүй. Арай гэж нэг өөрийгөө олоод, өөрөөр илэрхийлсэн, өөрт аятайхан санагдсан шүлгүүдээ өнөөх дугуйландаа очиж уншихад нөгөөдүүл чинь алга ташаад л. Тэгж л уран зохиолын зам мөрд хөтлөгдсөн дөө.
1975 онд анхны шүлгийн түүврээ гаргаж байсан. Тэр үед чинь санаан зоргоор ном гаргахгүй шүү дээ. Зохиолчдын хороогоор орж хэлэлцэгдэнэ, Намын төв хорооны үзэл суртлын хэлтсээр орж батлагдаж байж ном гарна. Хатуу чанга шүүлтүүрүүр орж байж л нэг ном гарна шүү дээ. Тэр ч байтугай шүлэг бичдэг хүн хүүрнэл зохиол бичвэл тийм ч таатай хүлээж авдаггүй байлаа. Бид ч роман бичиж болох ч юмуу, үгүй ч юмуу гэж боддог байсан. Би 2019 онд “Домогт хүрэн халзан” анхны романаа бичиж эхэлсэн. Түүнээс өмнө роман бичнэ гэж өөртөө нэг их найдаж байгаагүй.
-Та үгийн урлагийн бүхий л төрөл жанраар бичиж байна. Бичнэ гэдэг мэдээж амаргүй. Гэхдээ аль төрөл нь илүү бэрх санагдав.
-Би “Өүлэн эх” гэж нэг дуурийн цомнол бичсэн юм даа. Хөгжим, аялуу ордог учраас тэр их амаргүй санагдсан. Ер нь амар төрөл ч гэж юу байхав дээ. Барьж авсан сэдэв бүхэн л хэцүү. Түүнийгээ өөрийн болгож, толгойгоо л сайн ажиллуулах хэрэгтэй. Цогт хунтайжийн талаар “Сэтгэшгүй сүмийн дууль” гэдэг ном бичих гэж 37 хааны түүх, Халх товчоо, Шар тууж гээд л толгойгоо эргэтэл түүхэн ном зохиол уншлаа. Цогт хунтайж их бүдэг түүхтэй хүн шүү дээ. Арай гэж л энэ хүний энэ чанар илүү давамгай юм байна гэдэг төсөөлөлтэй боллоо. Түүхэн сэдэв амаргүй юм билээ. Би түүхийн талаар мэдлэг мааруухан. Зохиол бичиж байгаагийн буянд нэлээд л түүх уншлаа.
-Та нэлээд хожуу докторын зэргээ хамгаалсан. Ямар сэдвээр хамгааллаа?
- “Газар шороо” романы соёлын илэрхийлэл. Ном чинь өөрөө соёл шүү дээ. Соёл дотор соёл байна гэж юу байх вэ гээд эхэндээ жаахан шүүмжлүүлсэн. Гэхдээ “Газар шороо” роман зүйр цэцэн үг, хараал, ерөөл, хурим найрын зан үйл гээд маш их уламжлалт соёлын өгүүлэмжийг агуулдаг. Тэр илэрхийллүүд нь баатруудаа тодорхойлдог юм. Ер нь Сүхбаатар аймгийнхан тийм байсан. Их цэцтэй ярьдаг улс шүү дээ. Дүрүүд нь цэцэлж хэлдэг үгүүдээрээ тодордог юм.
-Бичиг, соёлын хүнээс номын талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Танд ширээний ном бий юу?
- Номын тавиур дээр хамгийн ойр байдаг номууд нь “Газар шороо роман”, С.Эрдэнийн романууд, Б.Лхагвасүрэнгийн гурван боть, С.Удвал гуайн номнууд, Монголын шилдэг өгүүллэгүүд байна. Номын тавиурынхаа өөрт хамгийн ойр хэсэгт монголынхоо сайхан романуудыг тавьчихдаг юм. Заримдаа номон дундаасаа хайж байгаагаа олохгүй юм. Маш олон ном уншихаар төлөвлөж байгаа ч заримыг нь уншаад, заримыг нь уншиж амжихгүй байна. Юм бичиж байхдаа бусдын бүтээлийг уншдаггүй. Санаа бодол хоёрдчих гээд байдаг юм.
Одоо цагт Африкийн арсланг ч дэргэд нь байгаа юм шиг харах боломжтой болжээ. Бага залуу байхдаа уншиж байсан нэг зохиол дээр арслан архирахад хажууд нь явж байсан морьтой хүний морь нь шээс алдсан, арслан айхтар хүрхэрсэн дуутай гэж дүрсэлсэн нь ерөөс санаанаас гардаггүй. Тэгтэл одоо арслан, бар архирч байгаа бичлэгийг үзэхээр дуу нь “өүүү, өүүү” л байна. Залуудаа уншсан номоороо төсөөлж, айхтар сүртэй дуугардаг амьтан байдаг байх гэж бодсон чинь бичлэг үзээд инээд хүрдэг юм. Зохиолч тэгж л айхтар дүрсэлдэг байж шүү.
-Одоо ямар ном уншиж байна вэ?
-Сүбээдэй баатрын тухай туульсын яруу найргийн номыг уншсан. Багшийнхаа “Алтанхан ай” номыг уншлаа. Өө, тэгээд зөндөө зөндөө.
-Номтой нөхөрлөсөн түүхээсээ хуваалцахгүй юу?
-Багаасаа л ном их уншсан. Хүүхдүүд гадаа тоглож байхад ном уншиж л сууна, багш хичээл зааж байхад анхаарахгүй, уншиж суугаад л загнуулна. Ер нь номонд дуртай хүүхэд байсан шүү. Олон ном уншсан хүүхдийг Д.Нацагдоржийн тэмдэгээр шагнаж, урамшуулдаг байлаа. Намайг хүмүүжүүлсэн нэг багш бол ном юм даа, их мөрөөдөмтгий болгосон. “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь”, “Цагаан бээлий”, М.А.Шолоховын “Шөлгөөн дон”, “Анна Каренина”, “Парисын дарь эхийн сүм” гээд л алдартай зохиолуудыг багаасаа уншиж, сэтгэл догдолж өссөн дөө.
-Таны хувьд хамгийн үнэ цэнтэй ном?
- Монголын нууц товчоо миний хувьд үнэтэй. “Мөнхийн үсэг” компанид ажиллаж байсан болохоор хоёр, гурван янзын хэвлэл нь бий. “Монголын нууц товчоо”-г олон удаа уншсан. Монголын уран зохиолын эх болсон тул бид эрхэм дээд ном гэж үзэх учиртай. Тэгээд дараа нь С.Эрдэнэ, Б.Явуухулан, Д.Пүрэвдорж гээд л уншина даа. Эдгээр хүмүүс бидний хувьд шүтээн байлаа.
-Номын ямар арга барилаар уншдаг вэ?
-Залуу байхад их цээж сайтай, уншаад л тогтоочихдог байж. Одоо бол зурж, тэмдэглэж уншдаг болоод байна.
-Уншсан номоос сэтгэлд хамгийн тод үлдсэн хэсгийг хуваалцахгүй юу?
-Юм бичиж байхад нэг хэсэг юмаа л мартана, тэгэхгүй бол хөөрхий минь энэ толгой яаж багтаах вэ дээ. Хамгийн сүүлд 37 хааны намтар уншиж байхад их сонин хааны тухай уншлаа. Агваржин гэж хаан чи сонсов уу. Тэр хаан болохын тулд ойрадуудтай нийлж ахыгаа хөнөөсөн байгаа юм. Тэгээд ойрадууд “чамайг хаан болгоё хүрээд ир” гээд очих үед нь дагуулж явсан 108 язгууртнуудыг хөнөөсөн байдаг. Айхтар нүгэлтэй хүн юм. Тэгээд сүүлд нь өөрөө, хүү нь хөнөөгдсөн байдаг. Тэр л санаанд их үлдэж дээ. Тэгээд үүнээс “Ноёдын үхэл чуулганд, нохойн үхэл ганд” гэж үг гарсан байгаа юм.
Эрхэм нэрт зүтгэлтэн С.Оюун таныхаа амар амгаланг эрж, тавлаг сайхан өвөлжиж байна уу гэж мэндчилье!
ЭХ ОРОН, газар шороо , нутаг усаа үргэлж тээж явдаг таны сэтгэл ,бодол тань ярилцлага , зохиолоос чинь илхэн томруун мэдэгддэг. Ард түмэн нь өвөг дээдсийн замнал , нутаг ,ус ,газар шорооны холбогдолтой түүх өгүүлэх өв хөрөнгийг хамгаалах , адгуус амьтан нь хүртэл газар уснаа ноцон тэмцэж , үүх ,түүх, хүйн холбоотой зүйлс зөвхөн монголдоо шингэн үлддэг санааг хүрэн халзангаар төлөөлөн үзүүлсэн Домогт хүрэн халзан зохиол энгийн надад таалагдсан . баярлалаа танд!