Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Д.Ёндондүйчир: Эцгийнх нь үйлдсэн хэрэгт хүүг нь цээрлүүлж болохгүйУншсан13,428

Хувьсгалын эсэргүү хэрэгт Зөвлөлтөд шийтгэгдсэн хэсэг удирдах хүмүүсийн хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн тухай ЗСБНХУ-ын Ерөнхий прокурор Р.А.Руденкод би захидал бичиж хүмүүсийнхээ жагсаалтыг хавсарган явуулсан билээ

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1921 онд төрсөн, Монголын цэргийн зүтгэлтэн, дэслэгч генерал Дондовын Ёндондүйчир агсны дурдатгал, дурсамжийн хэсгээс History.mn (Tolgoilogch.mn) сайт уншигчиддаа сонирхуулж байна. Д.Ёндондүйчир гуай  1960-1969 онд БНМАУ-ын прокуророор ажиллаж байсны хувьд 1937-1940 оны хоорондох их хэлмэгдүүлэлтийн үеийн хохирогчдыг цагаатгах ажилд идэвхийлэн оролцож байсан ба түүний үед гарсан "Намын эсэргүү бүлэг" гэх үйл явдалд хэрхэн хуулийн мэргэжилтний зүгээс хандаж байсан тухай дурсамжийг нь  хүргэе.

Зүүн гараас: Дэслэгч генерал Д.Ёндондүйчир, хурандаа генерал Б.Цог, хошууч генерал Ч.Пүрэвдорж нар

Нэг хүнийг тухайлбал Сталин, Чойбалсанг тахин шүтэж байсан үед “Хувьсгалын эсэргүү, тагнуул, хорлон сүйтгэгч Гэндэн, Дэмид, Ёнзонхамба нарын бүлгийг” илрүүллээ гэж 1937-1940 оны үед гэм зэмгүй олон мянган хүн, түүний дотор нам, төр, цэргийн олон тооны удирдах зүтгэлтнүүдийг хэлмэгдүүлснийг нийтээр мэднэ. Хожим нь хэлмэгдсэн хүмүүсийн хэргийг шалгах Б.Ширэндэв даргатай Намын Төв Хорооны комисс ажиллаж, мөн С.Чойжамц даргатай Цагаатгах комисс Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд ажиллан нэлээд хүмүүсийг цагаатгасан байлаа. 1960 оноос Т.Гэндэн (Намын Хянан Шалгах Хорооны) даргатай хоёр дахь комисс томилогдож түүний бүрэлдхүүнд Б.Лхамсүрэн, С.Жалан-Аажав, X.Дамдин, генерал Д.Батаа, хурандаа Цэрэнбалжир бид хэд орж ажилласан. Энэ комиссын удирдлагад шалгах ажлыг эрхэлсэн хэлтэс ажиллаж байв.

Бид их хэмжээний материалтай танилцсанаас гадна хэлмэгдсэн, бас бусдыг хэлмэгдүүлж байсан олон хүнтэй уулзаж ярилцсан юм. Комиссын дэлгэрэнгүй том тайлан ба олон арван хавтаст материал Аюулаас хамгаалах байгууллагад бий. (Одоо архивт байгаа биз). Намын Төв Хороо ба Их Хурлын Тэргүүлэгчдийн газарт тайлангаа товч болгож өгсөн. Хэлмэгдсэн олон хүнийг Цагаатгах ажпыг эрхэлсэн комисс болон мөн Улсын Дээд шүүхээр цагаатгасан юм. Энэхүү комисс нь эсэргүү хэрэгт шийтгэгдсэн хүмүүсийн хэргийг зохион байгуулалт ба шийтгэгдсэн бүлэг бүлгээр нь шалгах хугацаатай үүрэгтэй байсан. Хүч хэрэглэж хүмүүсээс худал, зохиомол мэдүүлэг хавтгайруулж авсан, хавтаст хэрэгт нь хэрэг болох материал байхгүй зарим нь бараг материалгүй, нэлээд хүнийг Зөвлөлтөд шийтгэсэн зэрэг нь шалгахад үлэмж бэрхшээл учруулж байлаа. Лам нарт бол бүр ч материал ховор.

Нийт хүний хавтаст хэрэгт Гэндэн, Дэмид, Ёнзонхамба нарын “Хувьсгалын эсэргүү бүлгэм”-д элссэн, эсэргүү даалгавар авч байсан, тийм тийм хүмүүсийг эсэргүү бүлгэмд элсүүлэн, хорлон сүйтгэх ажил хийж байсан гэсэн нэг хэв маягийн зохиомол мэдүүлгүүд байх бөгөөд нотлох баримтаар ягштал нотолсон юмгүй байсан. Үнэхээр завхрал гаргаж олон шударга хүнийг хэлмэгдүүлсэн байв. Миний бодлоор энэ олон хүнийг хэлмэгдүүлэх ажил хоёр шаттай явагджээ. Эхлээд олон хүнийг хилсдүүлж ихэнхийг нь устгасан, дараа нь тэр хэргийг сайн мэдэх, өөрсдөө гардан завхрал гаргаж байсан хүмүүсээ барьж устган ул мөрөө баллахыг оролджээ. Энэ үед прокурор хяналт тавих ямар ч бололцоо, эрх байсангүй, харин олон прокурор өөрсдөө хэлмэгджээ. Үүний урьд Зөвлөлтөд шийтгэгдсэн хүмүүсийн талаар Б. Ширэндэв даргатай комисс Зөвлөлтийн талд асуудал тавьж хариу авах талаар ярилцсан юм гэнэ лээ.

Хувьсгалын эсэргүү хэрэгт Зөвлөлтөд шийтгэгдсэн хэсэг удирдах хүмүүсийн хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн тухай ЗСБНХУ-ын Ерөнхий прокурор Р.А.Руденкод би захидал бичиж хүмүүсийнхээ жагсаалтыг хавсарган явуулсан билээ. А.Руденкогоос 1960 оны 6 дугаар сарын 15-нд миний нэр дээр маш нууц 3543 СС тоотод нэр бүхий 35 хүний хэргийг Зөвлөлтийн прокурор, шүүхийн байгууллага хянан үзээд холбогдолгүй болгож цагаатгасныг дурдсан байлаа. Эдгээр хүмүүсийн дотор Ерөнхий сайд А.Амар, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ө.Бадрах, Ерөнхий сайд П.Гэндэн, Дээд шүүхийн дарга Г.Даншийцоодол, орлогч жанжин Ц.Лувсандоной, Худалдаа, аж үйлдвэрийн яамны сайд Э.Мэнд, Цэвээн-Жамсранжав зэрэг хүмүүсийн нэрийг дурджээ. Дотоод яаманд ажиллаж байсан хэд хэдэн хүний нэр мөн оржээ. Харин Н.Борхүү, И.Бямбажав, Ц.Готовсүрэн, Сандиков-Дамдин, Б.Ишдорж, М.Лувсан-Ёндон, Б.Хаймчиг нарын материал байхгүй байгааг мэдэгдсэн. (Н.Борхүү зэрэг зарим хүний материал манайхаас хожим олдсон). Энэ тоот бичиг бол ЗХУ-д шийтгэгдсэн хүмүүсийн хэргийг тэндэх хуулийн байгууллагууд хянаж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан тухай манайд ирүүлсэн анхны албан ёсны хариу байлаа.

Улсын прокуророос бичсэн дараачийн захидлын хариуд Р.А.Руденко гуайгаас 1965 оны 12 дугаар сарын 22-нд ирүүлсэн маш нууц 1/910 СС тоот бичигт Сангийн яамны сайд С.Довчин, орлогч жанжин Г.Дамба, дотоод яамны Ц.Готов, Цэргийн ар талын газрын С.Алтангэрэл, Мал тариалангийн яамны сайд 3.Пүрэвдорж, Худалдааны яамны Д.Шагдаржав, Улсын худалдааны Нанзад нарын хэргийг мөн хэрэгсэхгүй болгож цагаатгасан юм. Харин цагаатгах ажлыг эрхэлсэн комисс шалгасан хэргээ Намын Төв Хороонд танилцуулахад П.Гэндэнгийн зарим асуудлыг тодруулах нь зүйтэй гээд цагаатгахыг түр хойшлуулжээ. Түүнээс болж хожуу цагаатгагдсан байх.

Цагаатгах комисс Намын Төв Хорооны улс төрийн товчоонд ажлынхаа үр дүнг танилцуулж мөн 1962 оны 1 дүгээр сард Намын Төв Хорооны Бүгд хурлын илтгэлд материал дүгнэлтээ оруулж ажлаа дуусгасан юм. Комиссын ажлын гол дүн бол Гэндэн, Дэмид, Ёнзон хамба нарын удирдсан хувьсгалын эсэргүү бүлгүүд Монголд байгаагүй ба олон мянган хүнийг хилс хэрэгт холбогдуулж хэлмэгдүүлснийг нотлон тогтоож, олон зуун хүнийг зохих ёсоор нь цагаатгуулсан явдал мөн. Манай комиссын даргаар ажилласан Т.Гэндэнгийн бичсэн “Гурван түмэн хүний амь” номонд орсон хэлмэгдүүлэлтийн баримтууд үндэстэй.

 Хэлмэгдүүлэлтийн үед МАХН ч, прокурорын байгууллага ч түүнд хяналт тавих эрх мэдэлгүй харин өөрсдөө хүндхэн хэлмэгдсэн нь тодорхой баримттай байдаг Цагаатгах ажил Намын Төв Хорооны анхаарлын төвд байсан гэж хэлж болно. Өнгөрсөн үеийн дээрх хэлмэгдүүлэлтийн төлөө өнөө үеийн МАХН-ын удирдлага уучлал гуйсан нь шударга, хүний ёсны зөв бодлого, алхам боллоо гэж би үздэг. Гэхдээ Монголд тагнуул төлөөлөгч огт байгаагүйгээр үзэж нэг тийшээ туйлшрах нь үнэн байдалд нийцэхгүй байхаа.

Дотоод яамны ажилд завхрал гарч олон хүнийг хэлмэгдүүлсэн байдлын талаар дээрх бүгд хурал дээр би үг хэлсэн. (Энэ үг Намын Төв Хорооны архивт байж магадгүй). Мөн дараа нь “Намын амьдрал” сэтгүүлд ч бичсэн. Төв Хорооны Бүгд хурлаас хойш урьд хэлмэгдсэн олон хүний “Хувьсгалын эсэргүү” хэргийг цаашид цагаатгуулах гэсэн өргөдлөөр шалгаж Улсын прокурорын эсэргүүцлээр Дээд шүүхээс цагаатгадаг нэг л журам тогтоосон юм. 1960-1965 онд 1055 хүнийг цагаатгасан тоо гардаг. Энэ бол гол нь “эсэргүү" хэргийг зохион байгуулж, толгойлж удирдсан гэсэн хүмүүсийг цагаатгасан тоо. Энэ нь цаашид тэдгээрт элссэн, даалгаврыг биелүүлж байсан гэх олон хүнийг цагаатгах ажлыг хялбар болгох зохих боломжийг бүрдүүлсэн нь тодорхой. Дээрх комисс нэгэнт ажлын дүнгээ Төв Хороонд тайлагнаж татан буугдсан, угаас цагаатгуулахыг хүссэн өргөдөл маш цөөрсөн, НАХЯ-нд энэ ажлыг гардан хийж байсан шалгах хэлтэс хожим өөрчлөгдсөн зэрэг нь шалгаж цагаатгах ажлыг бараг зогсонги байдалд хүргэсэн талтай. Харин сүүлийн жилүүдэд цагаатгах ажлыг эрчимтэй явуулж хэлмэгдсэн олон зуун хүнийг цагаатгаж нөхөн олговор олгож байгаа нь сайшаалтай.

 Нэг хүнийг тахин шүтэж байсан үед Дотоод яамны ажилд нугалаа завхрал гарч, олон хүнийг зовоож хэлмэгдүүлжээ. Энэ бол ноцтой, харамсалтай, мартагдашгүй муухай хэрэг. Гэвч эцгийнх нь үйлдсэн хэрэгт хүүг нь цээрлүүлж болдоггүйн нэгэн адил хагас зуун жилийн урьд Дотоод яамны ажилд завхрал гарч байсан гэдгээр Аюулаас Хамгаалах байгууллагын (одоо Тагнуулын төв газар) шударга ажилтан нарын гүйцэтгэсээр ирсэн, одоо ч гүйцэтгэж байгаа үүрэг, ач холбогдлыг өчүүхэн ч дутуу үнэлж болохгүй. Энэ байгууллага чухлыг би яриад ч яахав дээ. X.Чойбалсангийн үйл ажиллагааг ч хартай, цагаантай гэж би боддог. Түүнд нөлөөлсөн гадаад, дотоод шалтгаанууд байсан нь мэдээж. Сайн тунгааж үнэлэх учиртай. Олон мянган хүнийг хэлмэгдүүлсэн ноцтой хэрэгт Монгол талаасаа Х.Чойбалсан гол буруутай, түүнтэй тэр үед хамт ажиллаж байсан зарим удирдах хүмүүс бас буруутай нь тодорхой. Гэхдээ өөрсдөө санаачлан хийсэн гэвэл арай юу л бол. Энэ нь Сталин, Берия, Ежов нарын бодпого, Монголд тусгай үүрэгтэй ирж байсан болон энд ажиллаж байсан Зөвлөлтийн Аюулаас хамгаалах байгууллагын ажилтнуудын гараар хийгдсэн нь архивын баримтаас харагддаг. Ямар ч гэсэн X.Чойбалсан Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч байсан нь түүхэн үнэн мөн.

1964 оны Бүгд хурлын өмнө Намын Төв Хорооны гишүүд, хариуцлагатай ажилтнуудад хаанаас ч юм нэргүй олон захидал тараасан. Тэдгээрт улс орны байдал хүнд байна. Нам, төрийн удирдпагууд улсаа удирдаж чадахгүй байна. Тэднийг “өөрчлөх хэрэгтэй” гэсэн санаатай байсан санагдана. Гэтэл Бүгд хурал дээр Б.Нямбуу, Б.Сурмаажав, Ц.Лоохууз бас хэд хэдэн гишүүд нам, төрийн удирдлага, тухайлбал Ю.Цэдэнбал, Ж.Самбуу, С.Лувсан, Ц.Дүгэрсүрэн бусад удирдах хүмүүсийн ажлын арга барилын хоцрогдлыг улс орны байдал, ард түмний аж байдпын доройтол, боловсон хүчний асуудалтай холбон ярьснаас гадна зарим хүний хувийн дутагдлыг нилээд хурцхан ярьцгаасан. Гол шүүмжлэл Ю.Цэдэнбал руу чиглэсэн байсан гэж хэлж болно. Ц.Лоохууз онолын талаар, Б.Сурмаажав эдийн засгийн талаар, Б.Нямбуу удирдлагын арга барилын талаар голлон ярив уу даа гэж бодогдсон. Ц.Лоохууз марксизм-ленинизмийг баримтладагаа хэлээд манайд социализм байгуулах явц удаашралтай, бүтээмж муутай байна. Цэдэнбализм бол хувийн өмч дээр тулгуурласан жижиг хөрөнгөтний үзэл мөн гэж ярьж байсан нь санаанд үлджээ. Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав болон тэднийг дэмжиж үг хэлсэн зарим хүмүүсийн үгнээс үзэхэд урьдаас бодож төлөвлөн бэлтгэсэн юм байна гэж харагдахаар байсан. Тэд Ю.Цэдэнбал, Ж.Самбуу болон бусад зарим хүнийг огцруулахыг шаардаж байлаа. Тэднийг огцрууллаа гэхэд оронд нь тавих хүмүүсийн талаар төлөвлөсөн байж л таарна. Бүгд хурлын сүүлчээр Б.Нямбуу, Б.Сурмаажав, Ц.Лоохууз бусад зарим хүмүүсийн тухай тусгайлан хэлэлцэж, олон хүн хурц шүүмжилж тэднийг “Намын эсрэг бүлэг” гэж нэрлэсэн. Энэ бүгд хурлын материал одоо ч Намын төв архивт байгаа, хэвлэлүүдэд ч бичиж байсан болохоор энд би тэр бүхнийг тоочиж нурших нь юун. Судлаачид нарийвчлан судалж байгаа, цаашид ч судалж үнэлэлт дүгнэлт өгөх биз.

    Харин бүгд хурлын дараа Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нарт ямар хариуцлага хүлээлгэвэл зохих тухайд Улс төрийн товчоон дээр Улсын прокурор намайг Дээд шүүхийн дарга X.Дамдины хамт дуудан бидний саналыг асууж байв. Хуулийнхны мэргэжлийн хүмүүсийн саналыг авах нь зүйтэй гэж үзсэн байхдаа. Тэр нь ч зөв. Бид “Намын эсрэг бүлэг” гэгчийг эрүүгээр шийтгэх үндэс байхгүй, намын шугамаар л шийдвэрлэх нь зохимжтой гэсэн саналаа хэлсэн. Дагаж мөрдөж байгаа хуулийн маань үндэслэл ийм юм. Эрүүгийн хуулиар шийтгэх тухай бүгд хурал дээр зарим гишүүд санал гаргаж байсан.

Харин Төв Хорооноос тэднийг эрүүгээр шийтгэх зөвлөмж, шийдвэр Х.Дамдин бид хоёрт өгөөгүй билээ. Харин намын хянан шалгах хорооны хурлаар Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав тэдний хамсаатан гэх зарим хүмүүсийн тухай нэг бүрчилэн хэлэлцэхдээ хааяа Х.Дамдин бид хоёрыг дуудаж суулгадаг байсан. Бид намын Хянан шалгах хорооны гишүүн байгаагүй. Эрхэлсэн ажлын шугамаар суулгаж байсан бөгөөд эрүүгээр авч үзэх үндэс байгаа эсэхийг биднээс тодруулах гэсэн байлгүй.

Тэгээд ч прокурор хүн дагаж мөрдөж буй хуулийн ёсоор нам, олон нийтийн байгууллага, тэр тусмаа Намын Төв Хорооны үйл ажиллагаанд хяналт тавих эрхгүй нь хэнд ч ойлгомжтой. Бид тэднийг хуулиар шийтгэх үндэслэлгүй гэдгээ хэвлэл мэдээллээр ч хэлсэн удаа бий. Бид үнэн байдлыг л хэлдэг байсан.

Д.Ёндондүйчир “Миний амьдралын хуудас” номоос

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]