Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Зуурхан төдийд татаад л арилсан, зургийн алаг Солонго билээ"Уншсан5,261

Элстэй жимээр дугуйтай хоёр хүн хурдлана. Алсад харагдах гэрүүд рүү дөхлөө. Дугуйны ард суусан холбоочин бүсгүйн нимгэн цэнхэр даашинз намирна. Тэр энэ замыг л туулах ёстой. Тэгэж байж л Номинд хүрнэ...

Элстэй жимээр дугуйтай хоёр хүн хурдална. Алсад харагдах гэрүүд рүү дөхлөө. Дугуйны ард суусан холбоочин бүсгүйн нимгэн цэнхэр даашинз намирна. Тэр энэ замыг л туулах ёстой. Тэгж байж л Номинд хүрнэ...

Энэ бол түүний хамгийн анхны дэлгэцийн бүтээл. Энэ л дүрээр анх танигдаж, бидний зүрх сэтгэлд тод үлдсэн. Хүмүүний амьдралд богинохон хугацаанд наслахдаа Монголын кино урлагийн шигтгээ болоод буцсан жүжигчин Я.Оюунцэцэгийн бүтээсэн дүрүүд уйтгар гуниг, ухаарал, баясалтайгаа бидний сэтгэлд хоногшсон билээ.

Тэрээр 1960 оны 2 сарын 28-нд Увс аймгийн Баруунтуруун суманд, олон сайхан охидтой айлын удаах охин болон мэндэлжээ. Түүнийг зургаан сартай байхад гэр бүл нь Дархан хотод нүүн ирсэн гэдэг. Үүнийг дурдах болсон нь түүний амьдралын зам мөртэй салшгүй холбоотойн учир. Аавыг нь Янжив гэдэг. Харин ээж Б.Ханд гуай Дарханы төмөр замд ажиллах болсон тул тэднийх ийн нүүдэллэх болжээ. Харин Янжив гуай  үйлдвэрт мастер хийдэг.

Дүү нарын хамт

Я.Оюунцэцэг хүүхэд байхын даруу төлөв, хүнлэг энэрэнгүй, ухаалаг нэгэн байж. Дүү нартаа зохиол уншиж, зохиолын баатруудын дүрийг ярьж өгдөг байжээ. Нэгэн сонирхолтой зүйл нь тэрээр бөх үзэх хачин дуртай. Түүний бага дүү ярихдаа “Би гоё дуу сурсан. Та нар бүгд сурч ээжид дуулж өгөөрэй” гэж миний эгч захиад энэ дууг зааж өгч байлаа.

“Миний ээж сайхан ээж,

Мяндас зөөлөн уян ээжий,

Буруу хийвэл хатуу ээж,

Буурал болсон ч чадуу ээж” ...

Мөн тэрээр зан байдал, царай төрхөөрөө аавыгаа их дууриасан гэж дүү нь ярьжээ. Тэрээр аавыгаа маш их хүндэтгэдэг байсан гэдэг. Түүн шигээ эр нөхрөө ч бас хүндлэн дээдэлж байсан.

Нөхөр Л.Нямсүрэн

Түүний нөхөр драмын урлагийн том төлөөлөл гэгддэг Л.Лувсангийн хүү Нямсүрэн билээ. Монголын кино урлагийн түүхэнд үлдсэн сайхан хосууд зүйрлэшгүй их хайраар бие биеэ хайрласан гэдэг. Тэд өөрсдийн биш ч гэсэн өргөж авсан нэг сайхан хүүтэй. Я.Оюунцэцэг хүүгээ өөрийн төрсөн эгчээсээ өргөж авчээ. Тэдний хүүг Н.Соронзонболд гэдэг, өдгөө Эрдэнэт хотод ажиллаж амьдардаг аж.

Хадам аав  Л.Лувсангийн хамт

Хүү нь ээж аавтайгаа байсан үеэ дурсахдаа, “Ээж маань өглөө явахдаа хийх ажлын жагсаалт гаргаж өгдөг байлаа. Урлагийн хүний гэр бүл болоод ч тэр үү би эрт биеэ даасан. Гэхдээ би их эрх хүүхэд байсан” хэмээжээ. Тэрээр “Даль хагдрах цаг” кинонд хадам аав, нөхрийн хамт тоглосон байдаг. Л.Лувсан гуай бэрдээ их хайртай байсан тухай Л.Нямсүрэнгийн эгч нь хожим дурссан байдаг. Хүний л амьдрал болсон хойно алдаж эндэх зүйл бишгүй л тохиолдоно. Тэрээр Л.Нямсүрэнтэй суухаасаа өмнө нэгэн залуутай ханилж байгаад хүүхдээ зургаан сартай байхад нь алдсан гэдэг. Залуу хосууд МУБИС-ийн кино драмын ангид орохдоо үерхэж байжээ.

Я.Оюунцэцэг 1978-1984 онд УБДС-ийн кино драмын ангид суралцаж, жүжигчин хэмээх эрхэм мэргэжлийг эзэмшсэн. Харин ээж нь түүнийг эмч, эдийн засагч болгохыг хүсдэг байжээ. Гэвч тэрээр өөрөө ихэд хүсэн тэмүүлж жүжигчин болсон түүхтэй. УБДС-ийн кино драмын ангид орсон түүнийг багш нар нь анх хараад киноны мундаг жүжигчин болно гэж байсан гэдэг. Тэрээр их сайхан нүдтэй, түүн шиг сайхан хайр татам нүдтэй жүжигчин ховор гэдэг билээ.

Монголын кино урлагийн авьяаслаг жүжигчин, дуу оруулагч, сэтгүүлч Н.Зориг өөрийн фейсбүүк хуудаснаа “Л.Нямсүрэн найзын маань гэргий Я.Оюунцэцэг манай ангийг төгссөн. Оюутан байхдаа бид гурав салдаггүй байж билээ. Энэ хоёр маань одоо бурхны орны үзэгчдийг бишрүүлж яваа даа гэж би боддог" хэмээн сэтгэгдлээ бичжээ.

Мөн тэрээр нэгэн ярилцлагадаа "Я.Оюунцэцэг бол маш төлөв даруу, хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүн байсан. УБДС-ийг төгсөөд хонхны баяр ойртож, хүн болгон гоё хувцсаа бэлдээд байсан үе. Би тэр үед хүнтэй суугаагүй ганц бие явсан. Тэгсэн нэг удаа намайг загнаад “Зоригоо хүн болгон юмаа бэлдээд байхад чи тоохгүй яваад байх юм гээд надад орос дэлгүүрийн агуулахаас хувцас авч өгч байлаа. Тэр үед бүх зүйлд дугаарладаг байлаа шүү дээ. Тэгэхэд орос дэлгүүрийн хүнээс би нөхөртөө хувцас сонгох гэсэн юм гэж хэлээд орж билээ. Тэр үед биднийг бодвол кинонд тоглоод од болж байсан үе нь. Ер нь бол хэзээ ч нэр хүндээ ашиглаад юм болгоё гэж боддог хүн биш, хүний төлөө л явсан нь тэр. Энэ ганцхан жишээгээр хүний төлөө сэтгэлтэйг харж болно” гэсэн байдаг. Н.Зориг түүний нөхөр Л.Нямсүрэнтэй хар багын найзууд байжээ.

Сургуулиа төгсөөд Я.Оюунцэцэг 1980-1981 онд Дархан хотын залуучуудын театрт дагалдан жүжигчнээр ажилласан байдаг. Тэрээр жүжигчин Ш.Дэлгэржаргалын анхны шавь болж, Дарханы театрт ажиллаж байхдаа Сакаловын “Мөрөөдөл” жүжигт анх тоглосон юм. Мөн 1984-1987 онуудад УДЭТ-т, 1987-1992 онд Армийн драмын театрт ажилласан байна.

Я.Оюунцэцэг Р.Доржпалам найруулагчийн "Говийн зэрэглээ" киноны Номингийн дүрд 1980 онд, И.Нямгаваа найруулагчийн "Гарын таван хуруу" киноны Сүрэнгийн дүрд 1982 онд, Ж.Сэлэнгэсүрэн найруулагчийн "Мартагдсан дууль" киноны ээжийн дүрд 1989 онд тус тус тоглож, үзэгч олныхоо хайр хүндлэлийг хүлээсэн. Я.Оюунцэцэгийн бүтээсэн дүрүүд хэдийгээр цөөхөн ч Монгол түмний сэтгэлд үл мартагдах ажээ.

Түүнтэй хамт “Говийн зэрэглээ” кинонд тоглосон Г.Эрдэнэтогтох “Манай киноны гол дүрд тоглосон  Я.Оюунцэцэг маань хүнд өвчний улмаас бурхан болсон. Дараа нь Арслан буюу найруулагч Г.Доржсамбуу маань нас барсан. Кинотой холбоотой цуурхал хэлбэрийн яриа ард түмний дунд байдаг. Түүнийг ард түмний дунд ярьж итгүүлэх гэж оролдож явсан хүн нь одоог хүртэл олдоогүй. Манай кинонд тоглосон уран бүтээлчид цаг зуураар хүнд өвчнөөр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн” хэмээжээ.

"Гарын таван хуруу" киноны хэсгээс

Үзэгчдийн сэтгэлд хоногшсон бас нэг дүр нь 1983 онд гарсан “Гарын таван хуруу” киноны хэрсүү охин Сүрэнгийн дүр. Уг киноны зураг авалт Дархан хотод хийгдсэн ба түүний аавын үйлдвэр дээр зургийг нь авсан гэдэг.

Түүний тоглосон хамгийн сүүлчийн бүтээл нь 1994 онд бүтээгдсэн "Монголжингоо" хэмээх уран сайхны кино байсан бөгөөд энэ үед Я.Оюунцэцэгийн бие нэлээд чилээрхүү байсан хэдий ч тэвчээр зааж зураг авалтыг дуусгасан гэдэг. Өөрөө уг кинонд тоглох хүсэлтэй байгаагаа хэлж кино багийнхан эмчтэй нь уулзахад “Ер нь сэтгэл зүрхээ өгч байгаа юм чинь тоглуулсан нь дээр сүүлийнх нь кино байж мэднэ” гэсэн гэдэг. Тэрээр үүгээрээ жүжигчин хүн мэргэжилдээ хайртай дуртай байхын үлгэр жишээг харуулж чадсан. 1995 онд Соёлын яамыг татан буулгах үед түүнд шилдэг жүжигчний шагнал өгч байжээ. Энэ шагналыг түүнд өгөхөд тэрээр аль хэдийнэ бурхны оронд очсон байсан. “Ийм зүйл тохиолдсонд өгч байгаа юм биш ээ, тэр үнэхээр шилдэг жүжигчин байсан юм шүү” гэж шагналыг гэрийнхэнд нь өгөхдөө яамнаас хэлүүлсэн байдаг. Тэрээр “Монголжингоо” кинонд тоглож байх үедээ жирэмсэн болсон ч эмч нар бие нь дийлэхгүйг хэлжээ. Я.Оюунцэцэг кино багийнхандаа “Би жирэмсэн болсон. Нямаадаа хүүхдийг нь гаргаж өгнө” гээд ихэд баяртай ярьж байсан боловч хүний амьдралын хатуу жамаар хүүхдээ тээх боломжгүй болж байжээ.

Түүнийг эмнэлэгт хэвтэж байхад хүү нь сахидаг байж. Энэ тухай хүү нь “Ээж гэнэт муудаад аавыг хурдан ирээсэй гэж бодоод байсан. Өрөөнөөсөө гартал аав ирсэн эмчтэй уулзаж байсан. Аав та орж ирэхгүй яасан бэ гэхэд, "Аав нь орвол ээж нь сэтгэл нь амраад явчих гээд байгаа юм шиг санагдаад байна" гэж билээ” хэмээн дурссан байдаг. Эндээс л хоёр хосын бие биедээ ямар их хайртай байсныг харж болохоор.

Хүү Н.Соронзонболдын хамт

Түүнийг эмчилж байсан УГНТЭ-ийн эмч Ц.Мухар “Эмч нар олон хоног шинжлээд, бодисын солилцооны нэлээн хүнд өвчин туссан байна, эдгэрэхэд хэцүү гэдгийг мэдсэн. Энэ өвчин нь залуу хүнд их түргэн явцтай байдаг гээд сар шахам хэвтүүлсэн. Бид гадны профессор ч авчирч үзүүлж, өөр олон эрдэмтдийг авчрахад тэд бүгд л найдваргүй гэж хэлж байсан. Гэхдээ өөрт нь хэлээгүй” хэмээжээ.

Ц.Мухар эмч түүнд зориулж “Хагацал” туужийг бичсэн байдаг.

...Би ямар ч өвчнийг хоромхон зуур эдгээх хурган цагаан сэтгэлээ аваад очно. Тэгээд мөнхийн ус уусан юм шиг жаргана аа хоёулаа... “Хагацал” туужаас

1995 оны зургадугаар сарын 22. Нар буцдаг өдөр үүрээр тэрээр бурхны оронд очжээ. Түүнийг өөд болсноос хойш нөхөр нь гүн их эмгэнэл дунд байсаар хүүгээсээ ч холдсон гэдэг. “Аав минь уулзахаараа намайг хараад л мэлмэрдэг байсан” гэх хүүгийнх нь хууч бий. Тэрээр бурханд биш буурал хорвоодоо байх байсан жүжигчдийн нэг билээ.

Түүний шарилын чулуун дээр “Наддаа чи минь нар байлаа. Нартай хамт буцаад явчихлаа”

Хайрт нөхөр Л.Нямсүрэн ... гэх үгс сийлээстэй үлджээ.

Бэлтгэсэн Г.ЖАРГАЛ

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]