Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголоос олдсон үлэг гүрвэлийн ховор олдворуудУншсан876

Монгол Улсаас олдсон үлэг гүрвэлийн ховор олдворуудын талаарх мэдээллийг хүргэе.

Эрдэмтэд уйгагүй эрэл хайгуул, судалгааныхаа үр дүнд дэлхийд томоохонд тооцогдох олон олдворуудыг нээн илрүүлсээр байна. Өмнөх нийтлэлээрээ бид дэлхийн томоохон үлэг гүрвэлийн олдворуудын тухай мэдээлэл хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаад манай улсын газар нутгаас олдсон үлэг гүрвэлийн зарим олдворуудын талаарх мэдээлэл хүргэе. 

Тарбозавр Батаар

Нью-Йорк хотноо дуудлага худалдаанд орох гэж байсан 70 гаруй сая жилийн настай “Тарбозавр Батаар” үлэг гүрвэлийн олдворыг 2012 онд эх орондоо авчирсан билээ. Тарбозавр батаар нь цэрдийн галавт амьдарч байсан махан идэшт аварга үлэг гүрвэлүүдийн хамгийн томд тооцогддог байна.

Хойд хөлөөрөө түргэн хөдөлж, урт сүүл нь уг хавьдаа том булчинтай тул сүүлээ хэвтээ шахуу төвшинд өргөж тогтоож, хөдөлгөөний үед тэнцвэрийн үүрэг гүйцэтгэдэг байсан хэмээн судлаачид тэмдэглэжээ. Тарбозавр батаарын биеийн урт 7.5м, өндөр 2.5м бөгөөд энэхүү олдворыг Өмнөговь аймгийн “Нэмэгтийн давхаргадас” хэмээх газраас олжээ.

 Нугасан хошуут Зауролоф

Манай улсаас хууль бусаар Японд зарагдан улмаар Европт хувийн цуглуулагчийн гар дээр очоод байсан Завролоф буюу нугасан хошуут динозаврын зулзагын ясыг 2016 онд эх орондоо авчирч байжээ. Энэхүү  олдворыг  Монгол орны говийн бүс нутгийн баруун хэсэгт өргөнөөр тархсан дээд Цэрдийн Нэмэгт формациас олдсон болохыг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн харьяа Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн эрдэмтэд, Бельгийн Вант Улсын Вангийн Байгалийн Шинжлэх Ухааны хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран судалж тогтоосон байна.

Нугасан хошуут үлэг гүрвэл буюу Завролофын бага залуугаас нас бие гүйцэх хүртэлх бодгалийн хөгжлийн олон үе шатны олдвор олдож байсан боловч нялх зулзагын олдвор олдож байгаагүй аж. Тус үлэг гүрвэл нь нас бие гүйцэхдээ 10-12 метрийн урт хүртэл өсдөг өвсөн тэжээлтэн амьтан юм.

Үлэг гүрвэлийн ховор олдвор

1971 онд доктор Р.Барсболд тэргүүтэй  Монгол, Польшийн эрдэмтэд Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт орших “Төгрөгийн ширээ” хэмээх газраас үлэг гүрвэлийн олдвор олжээ. Үүнийг Монголд төдийгүй дэлхийд цор ганц ховор олдвор гэж үздэг байна. Учир нь өвсөн тэжээлт протоцератопс, махан идэшт велосираптор хоёр хоорондоо ноцолдож байгаад мөхсөн олдвор ажээ. 

Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн бүртгэл, мэдээллийн санч Д.Идэрсайхан "“Fighting Dinosaurs” буюу “Ноцолдож буй үлэг гүрвэл” нэртэй олдворыг Польш-Монголын хамтарсан судалгааны баг олсон юм. Энэ бол дэлхийд цор ганц байдаг олдвор" хэмээн манай сайтад ярилцлага өгөхдөө дурдаж байсан юм. 

“Өндөг хулгайлагч” үлэг гүрвэл 

1923 онд гаднын судалгааны баг Монголд ирж малтлага хийхдээ үлэг гүрвэлийн өндөг бүхий үүр, гурван шинэ төрлийн үлэг гүрвэл Овираптор, Велосираптор, Суорорнифойдесийг нээжээ. Тэд Овираптор нь шүдгүй боловч бусад үлэг гүрвэлийнхээ өндгийг хулгайлан иддэг амьтан байж хэмээн дүгнэсэн байна. Тус экспедицийн гишүүн Жорж Оулсоны олсон үлэг гүрвэлийн өндгийг тухайн үедээ "аврага том шувууны өндөг байна" гэж таамаглажээ. Америкт буцаж очоод шинжилж үзэхэд үлэг гүрвэлийн яс болохыг тогтоосон байна.  Ингэж анх үлэг гүрвэл өндөг гаргадаг гэдгийг Монголын говиос нээжээ.

Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн бүртгэл, мэдээллийн санч Д.Идэрсайхан "1920-иод оны олдвор л доо. Тэр “нөхрийг” /Овираптор/ өвсөн идэшт үлэг гүрвэлийн өндөгний хажуухнаас олсон байдаг. Мөн түүний ойролцоо газраас өвсөн тэжээлт үлэг гүрвэл болох Протоцератопсийн олдворыг олсон байгаа. Гэтэл овираптор өөрөө махан идэшт үлэг гүрвэл. Тэгээд судалгааны багийнхан “энэ өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн өндгийг овираптор хулгайлж иддэг байж” гэж ойлгож. Үүнээс үүдэж л нэрийг нь хүртэл “өндөг хулгайлагч” гээд өгчихөж л дээ. Харин үүнээс хойш 1990-ээд онд өндөг хулгайлагч биш, өөрөө эх байна гэдгийг тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны тайлбар энэ үе хүртэл алдаатай явж байсан. Тэгээд 1990-ээд онд залруулагдсан" гэсэн юм.

Сүрэг үлэг гүрвэлийн мөр бүхий Шар цавын нуруу

Монгол, Японы хамтарсан баг Өмнөговь аймгийн Манлай сумын нутгаас үлэг гүрвэлийн мөрийг илрүүлж байжээ. Уг газрыг дэлхий дээр олддог бусад мөрт газраас маш их онцлогтой гэж судлаачид үзсэн байна. Учир нь нэг дор маш олон төрлийн үлэг гүрвэл явж өнгөрсөн мөр нь тухайн бүс нутагт хадгалагдан үлдсэн байдаг. 

Тус газраас хэмжээгээрээ дэлхийд гуравт орох, Монголд анхных гэж болох хамгийн том үлэг гүрвэлийн мөрийг олсон бөгөөд уг мөр нь уртаашаа нэг метр 10 орчим см ажээ. Үүнийг аварга өвсөн идэшт гүрвэл зауроподын бүлэгт багтах амьтны мөр гэж тогтоосон байна. Зауроподын бүлэгт хамрагдах амьтад том байдаг ба 30-40 тонн жинтэй, урт нь 20-30 метр ч хүрдэг гэж үздэг байна. 

Г.Жаргал

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]