Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хамгийн өндөр уулыг мэдэх үү?Уншсан24,128

Гэхдээ бид хамгийн өндөр уул ярьсан болохоос хамгийн өндөр цэг яриагүй. Тийм учраас өөр бусад тоо баримтыг харахад Эверест маань хамгийн өндөр нь биш харин Гавайн аралд байдаг Мауна Кеа (Mauna Kea) хэмээх уул юм.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

-Мэдээж Эверест л байж таараа... Жомолунгма, Сагарматха гэж нутаг орных нь нэрээр нэрлэж бас болох юм гэж олон хүн хариулах байх. Яах аргагүй Гималайн их нурууны ноён оргил болсон, далайн төвшнөөс дээш 8848 метр өндөрт байх энэ оргил нь бидний мэдэх хамгийн өндөр цэг билээ.

Гэхдээ бид хамгийн өндөр уул ярьсан болохоос хамгийн өндөр цэг яриагүй. Тийм учраас өөр бусад тоо баримтыг харахад Эверест маань хамгийн өндөр нь биш харин Гавайн аралд байдаг Мауна Кеа (Mauna Kea) хэмээх уул юм. Өндөр нь 4200 метр.

Гайхаж байна уу? Тэгвэл уулын өндрийг хэмжих хоёр янзын аргачлал байх ба нэг нь далайн төвшнөөс дээш хэмждэг бол нөгөөх нь уг уулын хамгийн доод ёроолоос дээд цэг хүртэл хэмждэг байна. Чухам энэ хэмжээсээр Мауна Кеа нь 9750 метр хүрэх  (зарим тооцоогоор 10250 ) ба энэ нь Эверестээс ч өндөр байгаа хэрэг.

Гэхдээ энэ удаа Мауна Кеа уул болон уулын өндөр хэмжих аргачлалын тухай биш харин хамгийн өндөр уулын тухай л сонирхуулах гэсэн билээ. Энэ нь Эверест ч биш, Мауна Кеа ч биш... Энэ уулын нэр бол Олимп.

Та Македоны нутагт байрлах Олимп (2917 метр) уулын тухай ярьж байна гэж бүү бодоорой. Бидний сонирхож байгаа уул нь арай өөр газар байрладаг билээ. Ингээд Олимп уулын тухай.

Энэ бол Олимп уулын сансраас авсан зураг. Аль XIX зуунаас энэ уулыг олж мэдэн судалж эхэлсэн гэдэг бөгөөд чухам тэр үед Олимп хэмээх мундаг нэрийг энэ хайрханд өгсөн байна.

Олимп уулын өндөр нь ёроолоосоо хамгийн өндөр цэг хүртлээ 27000 метр бол, харин харьцангуй өндрөөрөө 25000 метр. Агуу агуу гэхэд дэндүү агуу.

Та бүхэн анзаарсан бол энэхүү “харь гаригийн“ гэмээр уул нь манай дэлхийд байх боломжгүй буюу Ангараг гариг дээр байдаг билээ. Одоогийн байдлаар Олимп нь нарны аймгийн хамгийн өндөр уул бөгөөд магадгүй хорвоо ертөнц дэх хамгийн том нь ч юм билүү...

Олимп уул зөвхөн өндөр төдийгүй бас маш том уул юм. Уулын эзлэх газар нутгийн хэмжээ нь Францын нутгаас том, нэг талын хэсэг нь 7 км хүрэх өндөр эгц цавчим хажуутай гэнэ. Энэ галт уулын тогоо нь ч бас л аварга. Уртавтар сунасан хэлбэртэй тогооны урт нь 85 км бол өргөн нь 60 км. Архангайн Хоргын тогоонд орчихоод гарч чадахгүй болох нь гэж сандарч байсан, үгүй дээ л энэ тогоо руу өнгийж үзсэн хүмүүс Олимп уулын тогооны хэмжээг ямар “аймаар том” болохыг одоо сайн ойлгож байгаа болов уу.

Нэгэнт ийм өндөр уул болохоор орой дээр нь агаар мандал гэдэг юм тун ч өчүүхэн байх нь ойлгомжтой. Эверестийн оргил дээр гарсан хүний амьсгалах агаарын хэмжээ далайн төвшинд байгаатай харьцуулахад ердөө 30 гаруй хувь байдаг бол Олимп уул дээр Ангарагийн агаар мандлын даралтын ердөө 2 хувь л мэдрэгдэх нь. Ангарагийн гадарга дээрх даралт 0,01 атмосфер байдаг гэхээр Олимп уулын орой дээр бүр юу ч байхгүйтэй адил болж байгаа биз. Сансарт гарсан шиг л юм болох байх.

Олимп уулыг Эвересттэй харьцуулсан нь

Ангараг гариг дээр ямар нэг хоёр хөлтэй хохимой толгойтой амьтан байдаг байгаад, ууланд гарах сонирхолтой болоод Олимп уулын дээр яаж ийж байгаад гарлаа гэж төсөөлье. Тэгвэл тэр хачин амьтан маань уулын орой дээр гарснаа мэдэх арга байхгүй. Учир нь Олимп уулын орой дээр гарч зогсоод уулынхаа ёроолыг харах боломжгүй буюу энэ нь тэнгэрийн хаяаг даван үргэлжлэх юм байна. Ангараг гариг дэлхийгээс хамаагүй жижиг, Олимп уул дэндүү том болохоор тэр.

Тогоо байхгүй бол тэгээд уулын орой дээр гарсан ч юм уу үгүй ч юм уу гэдэг нь мэдэгдэхгүй төдийгүй зүгээр нэг тал газраар алхаад байгаа юм шиг л байх нь. Тэгэхээр энэ уулын зургийг зөвхөн их өндрөөс, сансраас л авах боломжтой билээ.

3,5 тэрбум настай буюу маш залуухан энэ уул нь галт уулын лав оргилон гарч давхарлагдан байсаар ийм өндөрт хүрсэн гэсэн тооцоо байгаа ба зарим судалгаагаар хамгийн сүүлийн оргилолт нь хоёрхон сая жилийн өмнө болсон байна. Өөрөөр хэлбэл дахиад оргилж, өндөр нь бүр ч нэмэгдэх магадлал байгаа юм гэсэн шүү.

 
Олимп уул, түүний шадар гурван цэрэг-уул

Ангараг гариг дээр хэд хэдэн станц, зонд буулгасан боловч яагаад энэ сонирхолтой уулан дээр буулгаагүй юм бол?

Ингэх боломж бараг байхгүй гэнэ. Үгүй дээ л ойрын ирээдүйд! Учир нь Олимп уул хэт өндөр, агаар мандал гэж юм бараг байхгүй учир буугч аппаратыг шүхрээр буулгах боломжгүй. Бас энэ хэсэг нь Ангарагийн хамгийн тоостой хэсэг учраас (магадгүй нарны аймгийн хамгийн тоостой хэсэг байж болох юм байна) буусан байлаа ч хөдөлж явах боломж үгүй юм байна.

Гэхдээ хэзээ нэгэн цагт эх дэлхийгээс хөөргөсөн аппарат Олимп уулан дээр бууж, дуу алдуулсан сайхан зураг явуулах сайхан цаг ирэх нь дамжиггүй биз ээ.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
9 сар 8. 16:14
Зочин

зүгээр л бич л дээ. Хэнтэйгээ хэрэлдээд байдаг юм.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]