Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Гурван бэрсийн нүүдэлУншсан3,285

Унгар улсын иргэн Ласло Полгар гээч нэгэн эр үр хүүхэдтэй болбол тэднийгээ жинхэнэ сод ухаантнууд болгоно гэж боддог, тооцоолдог, төлөвлөдөг нөхөр байж.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна. 

Саяхан гарсан “Бэрсийн нүүдэл” (The Queen's Gambit) кинонд нэгэн эмэгтэй шатарчны тухай, тэрээр хэрхэн эрчүүдтэй үзэлцэж, дэлхийн хамгийн шилдэг шатарчдыг хожиж байгаа тухай уран сайхны аргаар, ихээхэн зохиомол боловч сонирхолтойгоор харуулдаг билээ. Харин бодит түүхэнд ийм хүн байсан юм болов уу?

Унгар улсын иргэн Ласло Полгар гээч нэгэн эр үр хүүхэдтэй болбол тэднийгээ жинхэнэ сод ухаантнууд болгоно гэж боддог, тооцоолдог, төлөвлөдөг нөхөр байж. Хүүхэдтэй болох байтугай эхнэр ч аваагүй байхдаа ийм том юм ярьж байсан энэ нөхөр зүгээр нэг амны пангаар бурж байсангүй, үнэхээр ийм байж болно гэдэгт хатуу итгэж байв.

Тэрээр олон алдартай сод хүмүүсийн амьдралыг судалж үзээд хэрвээ хүүхэд эрүүл төрсөн л бол сод ухаантан болгож болох нь гэсэн дүгнэлтэд хүрчээ. Үүнийгээ шалгаж хэрэгжүүлэхийн тулд юун түрүүн өөр дээрээ туршиж эхэлж. Хэдийгээр түүний онолоор хүний нас ахих тусам сод ухаантан болох боломж багасах байсан ч Ласло Полгарын хувьд сод ухаантан болох боломж өөрийнх нь тооцоогоор 5% гэж гарч. Мань хүн зүтгээд зүтгээд сод ухаантан болж чадсангүй. Ердөө л 5% юм чинь.

Сурган хүмүүжүүлэгч, гүн ухааны мэргэжилтэй энэ хүн сэтгэл судлал сонирхож, дунд сургуульд эсперанто хэл заадаг байсныг бодоход яав ч хоосон толгой биш байсан нь тодорхой.

Удалгүй Ласло Полгар Зөвлөлтийн иргэн Клара Альтбергертэй гэр бүл болсон ба энэ бүсгүй яг л нөхөртэйгөө адил үзэл бодолтой хүн байж. Ингээд цагийн эрхээр буюу 1969 онд анхны охин Жужа Полгар төржээ. Дараа нь бас хоёр ч охин төрсөн ба аав ээж хоёр нь охидыгоо хар багаас нь сод ухаантан болгоход бэлдэн шатар зааж, гадаад хэл үзүүлж сургаж байсны дотор зохиомол хэл эсперанто ч орж байлаа.

Эгч дүү гурван Полгар

Жужа 4 наснаасаа шатар тоглож суран жил хүрэлгүй хавийн амьтдыг шаглаж мадалсаар аавыгаа ч гаргахаа байж, удалгүй жижиг тэмцээнд түрүүлдэг болсон байна. Аав нь ч хүүхдээ сод ухаантан болох уу гэдгийг шалгах хамгийн сайн арга нь шатар гэж үзсэн бололтой. Ахиж дэвшиж, өөрчлөгдөж байгаа нь тэмцээнд үзүүлж байгаа амжилтаар шууд харагдах учир энэ нь ч зөв байсан болов уу.

Суут ухаантан болох ёстой охидын аав ээж хүүхдүүдээ гэрээр сургах хүсэлтээ гаргалаа. Социалист улс орон учир ийм дураараа занг зөвшөөрөхгүй нэлээд зовоосон ч эцэст нь зөвшөөрсөн байна. Гэхдээ л хүүхдүүдийнхээ  хүүхэд насыг хулгайлж байгаа аймшигтай амьтдын тухай яриа ер тасрахгүй олон жил болсон гэдгийг заавал хэлэх хэрэгтэй.

Дараа нь төрсөн охид болох София, Юдит нар шатар тоглож сурцгааж сүйд хийж эхлэх үед аав нь охидоо зөвхөн эрэгтэй шатарчидтай л тоглох ёстой гэсэн хатуу шаардлага тавьж эхэлжээ. Тэрээр хүүхдүүддээ хатуу сахилга баттай байх, хүсэл мөрөөдөл, зорьсондоо хүрэх шантаршгүй чанартай байхад онцгой анхаарч байлаа.

Иймэрхүү хүсэл зорилготойгоор үр хүүхдээ хүмүүжүүлэх гэж зүтгэсээр, хүүхэд насыг нь төдийгүй эрүүл мэнд, амь биеийг нь сүйтгэсэн тохиолдол дэндүү олон боловч Ласло Полгар харин өөр замаар явсан. Тэрээр өөрийн жижигхэн байрандаа эхнэр гурван охины хамт нарийн цагийн хуваариар ажиллаж, сурч, өрсөлдөж, амарч, наадаж, зугаацаж чадаж байлаа. Харин тэрээр зорьсон зүйлдээ хүрч чадсан уу?

Хамгийн том охин Жужа (Жужанна) нь 1996 онд эмэгтэйчүүдийн дэлхийн аварга болсон ба эрчүүдийн шатрын их мастер цолыг 22 насандаа авсан хүн. Шатрын их мастер цол гэдэг бол хамгийн, хамгийн том цол.

Дунд охин Софий нь арай даруухан амжилттай буюу эрчүүдийн олон улсын хэмжээний мастер цолыг 16 насандаа авсан, олон улсын том тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан билээ.

Хамгийн бага охин Юдит.

Энэ нэрийг мэдэхгүй хүн тун ч ховор. Насанд хүрээгүй байхдаа л дэлхийн хамгийн том шатарчид оролцсон тэмцээнд түрүүлж байлаа. Энд шатарчид гэсэн маань дан эрчүүдийг хэлж байгаа хэрэг. Эмэгтэй шатарчид бол түүний хувьд өрсөлдөгч биш. Юдит 15 настайдаа их мастер болсон буюу хамгийн залуу их мастер болсон рекорд тогтоосон байдаг. Энэ цолыг авахдаа “агуу аймшигт” Фишерийн рекордыг эвдсэн нь ихээхэн юм хэлж байгаа болов уу.

Тэрээр их мастер болоод зогссонгүй шатрын хаад, домог болсон Карпов, Каспаров нарыг ч хожиж байсан юм. Энэ бүсгүй дэлхийн хамгийн шилдэг 10 шатарчны нэг бөгөөд уг жагсаалтад Юдитээс өөр эмэгтэй хүн байхгүй.

Эгч дүү гурав Каспаровтай хамт

Гурван бүсгүйн хувь заяа бүгд өөр боловч тэд бүгдээрээ эх хүн болж, аз жаргалтай жирийн хүний амьдралаар амьдарч байгаа хүмүүс билээ. Энэ гурван эмэгтэй маань харин сод ухаантан болсон уу үгүй юу гэдгийг хүн болгон л өөрийнхөөрөө ойлгох байх. Ер нь бол сод ухаантан гэж жирийн хүний амьдралаар амьдарч чадсан эгэл бус хүнийг хэлдэг байж магадгүй юм шүү.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]