Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Миний сүнсийг бурхан ивээгУншсан3,636

“Walt Disney” кино компанийн үүсгэн байгуулагч, алдартай найруулагч тэрээр хүүхэд багачуудын гайхалтай төсөөллийн ертөнцийг бодит болгож чадсан агуу уран бүтээлч билээ.

 Амьдралын утга учир юунд оршино вэ? Зарим хүмүүс хэзээ ч үхэхгүй мэт амьдарч байхад, хэзээ ч амьдарч байгаагүй мэтээр салхи адил хийсэн одох хүмүүс ч цөөнгүй байх юм.

Та энэ нийтлэлийг унших хэрэггүй ч байж мэднэ. Учир нь алдартнууд гэдэг харагдаж байгаа шигээ, бусдын зүрх сэтгэлийг байлдан дагуулж байгаа шигээ бус, дотоод ертөнц нь хачин жигтэй гэмээр эмзэг, уйтгартай байх нь олонтаа. Тиймээс л цаг бусаар одсон тэдний үхэл, үхлийнхээ өмнө хэлсэн үгс тийм ч сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй байх нь бий. Цөөн нэгнийх нь сүүлчийн үгс л танд амьдралын үнэ цэнийг ойлгуулж, цаг хугацаа хэзээ ч, хэний ч хийж бүтээх насыг хүлээж зогсдоггүй болохыг ойлгох буй за.

Би аз жаргалтайгаар хорвоог орхино

Нацист Германы удирдагч Адольф Гитлер (Adolf Hitler)-ийн үхлийн талаар олон баримт, таамаглалууд байдаг. Түүнээс хамгийн бодитой байх магадлалтай нэгэн баримтад түүнийг олон жил хамт амьдарсан ч гэрлэлтээ батлуулаагүй байсан эхнэр Ева Браун (Eva Brown)-тай гэрлэснээс ердөө 1 хоногийн дараа буюу 1945 оны 4-р сарын 30-нд амиа хорлосон гэж үздэг. Үдийн хоолны дараа Гитлер өөрийн тойрон хүрээлэгч хүмүүстэйгээ салах ёс гүйцэтгээд эхнэрийн хамт өрөөндөө орсон аж. Удалгүй тэрхүү өрөөнөөс хэсэг хүмүүс гарч, түүний өрөөнд ороход Гитлер буйдан дээрээ суугаа байдалтай, харин эхнэр нь хор ууж үхсэн байдалтай түүний дэргэд хэвтэж байсан гэдэг.

Тэдний цогцсыг нэгэн цэргийн хөнжилд ороон, тамгын газрын гадаах цэцэрлэгт аваачин бензин асган шатаасан хэмээдэг. Түүний нас барахаасаа өмнө хэлсэн хамгийн сүүлчийн үг буюу тойрон хүрээлэгчдэдээ хэлсэн үг нь “Би аз жаргалтайгаар хорвоог орхино. Учир нь хүн төрөлхтөн насан туршдаа миний хэмжээлшгүй их алдар гавъяа, цэргүүдийн минь эр зоригийг үнэлж, бахдах болно. Миний нэр түүхийн хуудаснаа тодоос тод үлдэнэ”. Хожим түүний хувийн тэмдэглэлээс “Тэд намайг, эхнэрийн минь хамт гутамшигтайгаар зугт, эсвэл үх гэсэн. Ард түмнийхээ сайн сайхны төлөө хийсэн үйлсийн минь төлөө шүү. Бусдын урсгасан цус хөлсийн төлөө би хэзээ ч, амиа хоохойлон зугтаж чадахгүй. Харин намайг үхсэний дараа даруй шатаахыг хүсэж байна” хэмээсэн зурвас олджээ.

Патд баяртай гэж хэлээрэй. Ерөнхийлөгчид ч мөн адил

1950-иад оны залуусын зүрх сэтгэлийг эзэмдээд байсан бүх цаг үеийн хамгийн сайхан бүсгүй, “Америкийн секс бэлгэ тэмдэг” Норма Жин (Norma Jeane) буюу Мэрилин Монро (Marylin Monroe) 1962 оны 8 сард 36-хан насандаа хорвоог орхисон. Тухайн үед түүний нас барсан шалтгааныг нойрны эм тунг нь хэтрүүлэн хэрэглэснээс болж хордож нас барсан, амиа хорлосон гэх мэт янз бүрээр мэдээлж байлаа. Гэвч хожим түүнийг бусдад хорлогдсон гэх баримтыг дэлгэсэн юм. Учир нь бүсгүй амьд сэрүүн байхдаа өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан бөгөөд түүнийг нас барсны дараа улаан өнгийн дэвтэр учир битүүлгээр алга болсонд оршино. Тэрхүү дэвтэрт ямар нэгэн нууц тэмдэглэл байгаад, тэр нь эргээд өөрийнх амийг авсан ч гэж ярьдаг.

 Түүнчлэн Монрогийн үхэлд ах дүү улс төрчид болох ерөнхийлөгч Жон Кеннеди, Ерөнхий прокурор Роберт Кеннеди нартай янаг амрагийн харилцаатай байсан нь холбоотой байж магадгүй гэсэн таамаг бий. Түүнийг олох мөчид тэрээр орон дээрээ байсан бөгөөд орны хажууд нь эмний  хоосорсон 3 сав болон нэг захидал байсан юм. Энэхүү захидалд, “Патд баяртай гэж хэлээрэй. Ерөнхийлөгчид ч мөн адил. Бас өөртөө баяртай гэж хэлээрэй" гэсэн байжээ. Мөн Монро нас барахаас өмнө нэгэн зурваст “Яахаа мэдэхгүй байна. Учир нь бүх зүйл миний эсрэг эргээд байх шиг. Би бүр сульдаж гүйцлээ. Энэ галзуу хүн шиг сонсогдож магадгүй ч, би камерын өмнө гарах бүрт надаас ямар нэгэн зүйл улам бүр холдоод байх шиг санагддаг. Эцэст нь би огт амьдарч байгаагүй мэт алсран одох болно" гэж бичсэн байжээ. 

Түүний амьдрал надгүйгээр илүү жаргалтай байх болно

Алдарт "Нирвана" хамтлагийн дуучин Курт Кобейн (Kurt Cobain), хар тамхи согтууруулах ундаанд ихээр донтож, улмаар эхнэр Кортни Лав (Courtney Love)-тай маргаж, тэдний хооронд маш том ангал үүссэн. Тэрээр “Where did you sleep last night” буюу “Өчигдөр шөнө чи хаана хоносон бэ?” хэмээх дуугаа эхнэртээ зориулан бичсэн хэмээх яриа байдаг. Тэрхүү ярианд эхнэр нь түүнийг хуурснаас дуучин залуу өөрийгөө буудаж амиа егүүтгэсэн хэмээдэг юм. Мөн түүнийг хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс ухаан нь балартаж, өөрийгөө буудсан ч гэдэг. Түүнийг нас барахад охин Фрэнсис Бин Кобейн (Frances Bean Cobain) 2 настай өнчирч хоцорсон юм. Курт Кобейн өөрийгөө хороохоос өмнө эхнэр охин хоёртоо, “Миний охин Францис, чин зүрхний минь хайр Кортни, би та хоёрынхоо зүрх сэтгэлд үргэлж амьдрах болно. Охиныхоо төлөө миний хийж чадаагүй бүхнийг өмнөөс минь хийгээрэй. Түүний амьдрал надгүйгээр илүү жаргалтай байх болно. Та хоёртоо маш их хайртай” гэсэн зурвасыг үлдээсэн юм.

Харин одоо би амармаар байна

1970-аад оны өрнөдийн сэтгүүлзүйн өнгө төрхийг тодорхойлж байсан чадварлаг сэтгүүлч, зохиолч Хантер С.Томпсон өнөөгийн эрэн сурвалжлах сэтгүүлзүйн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан байдаг. Цагдаагийн хурандаагаас алдарт “Rolling Stone” сэтгүүлийн Ерөнхий редактор хүртэл ажлуудыг хийж байжээ. С.Томпсон 2005 онд нас барсан юм. Тэрээр нас барахаасаа өмнө, “Ямар ч тоглоом, тэсрэх бөмбөг, алхаа, зугаа цэнгэл дахиж байхгүй. Өнгөрсөн 50 жилийн 17 жилд нь би юу хүссэнээ хийж, уйдах ч завгүй хөгжилддөг байсан. Харин үлдсэн жилүүдэд нь бусдын өмнөөс өвдөж, чичлүүлж, хараалгаж тамын мэт л амьдарлаа. Харин одоо би амармаар байна. Дахиж өвдөхгүйгээр үүрд...” хэмээжээ.

Ах нь өөрийн ажлыг амьдрал хэмээн андуурч байжээ

Алдарт зураач Винсент Ван Гог 1853 онд Голландын Гротзюндер тосгонд айлын хоёр дахь хүү болж төрсөн аж. Эцэг эх нь түүнд жилийн өмнө амьгүй төрсөн ахынх нь нэрийг өгсөн гэдэг. Ван Гог өөрийн сонирхол мэргэжлийн дагуу дүрслэх урлагаар суралцаж, улмаар архинд донтсон хөнгөмсөг хүүхэн Кристина Хорника (Christina Khornika)-тай холбогдон гэрлэх гэсэндээ эцэг эхтэйгээ ам зөржээ. Удалгүй гэрээ орхин хол явж байр хөлслөн, хүүгээ өлгийдөн авчээ. Тэрээр эхнэр хүү хоёрынхоо хамтаар аз жаргалтай амьдарч байсан ч, эхнэрийнх нь хөнгөмсөг зан тавгүйтүүлж байсан тул салж, төрөлх гэртээ ирсэн байна.

 Улмаар тэрээр 2 жилийн хугацаанд галзуу юм шиг л ажиллаж, 200 гаруй зургийг зуржээ. Түүний биеийн байдал муудаж, тамир нь барагдсаар байсан гэдэг. Тэрээр 1890 оны 7-р сарын 27-нд хүнд шархтаж, улмаар 2 хоногийн дараа дүүгийнхээ гар дээр амьсгал хураасан юм. Тэрээр нас барахаасаа өмнө дүүдээ ийнхүү зурвас үлдээжээ. “Дүү минь, миний хэлэх гэсэн үгийг анхааралтай унш. Ах нь өөрийн ажлыг амьдрал хэмээн андуурч байжээ. Эцэст нь ажил чинь биш үр хүүхэд, хань ижил чинь чамайг түших болно. Би алдсан. Гэвч чи хожимдоогүй байна. Амьдрал чиний гарт байна дүү минь” хэмээжээ.

Тэд бидэн рүү тамаас мэндчилж байгаа хэрэг

Өмнөд Африкийн гэрэл зурагчин Кевин Картер нэгэн алдартай, бас эмгэнэлтэй гэж хэлж болох гэрэл зургаараа Пулитцерийн шагналыг хүртсэн юм. Африкийн өлсгөлөнд нэрвэгдсэн бяцхан хүүгийн араас хэзээ мөдгүй үхэхийг нь хүлээх тас шувуу... Энэ зураг маш олон хүний сэтгэлийг шархлуулж, нийгмийг чичлүүлэхэд хүргэсэн билээ. Зурагчин залуу хүүгийн зургийг авснаас сарын дараа нас барсан бөгөөд түүний цогцсыг ойролцоох голын орчмоос хордсон байдалтай олсон юм.

 Тэрээр нас барахаасаа өмнө, “...Уучлаарай, зовлон гэдэг бидний үхэн хатан тэмцээд байгаа мөнгө, үнэт эдлэл, ганц бие амьдрал биш. Зовлон гэдэг хэн нэгэн үхлээ хүлээн хэвтэх, өлсгөлөнд нэрвэгдсэн бяцхан хүүхдүүд. Зовлон гэдэг араатан амьтанд урж тасдуулчихаад шархаа дийлэхгүй үхэж байгаа хүмүүс. Зовлон гэдэг амьд явах эрх нь зөрчигдөж байгаа хөөрхийлөлтэй хүмүүсийг хэлдэг. Одоо өөрийгөө зовж байна гэвэл, тэд бидэн рүү тамаас мэндчилж байгаа хэрэг" хэмээн бичиж үлдээсэн байна.

Энэ бүх зовлон шаналалтай тэмцэх хүч алга

Заримдаа жирийн хүмүүс ч тэр, алдартнууд ч ялгаагүй амьдралын төлөө тэмцэх зориг зүрх, тэвчээргүй, шантрамтгай байх нь бий. 1970-аад оны үед хүчээ аваад байсан “Joy Division” хэмээх амьд хөгжмийн хамтлагийн гишүүн бол Ян Кертис. Нэгэн удаа хамтлагийн Америк дахь аялан тоглолтын үеэр тайзны ард татах өвчин нь сэдэрсний улмаас тоглолт хойшлогдсон байна. Тэрхүү аялан тоглолтод дуучин залуугийн хурим ч мөн төлөвлөгдөж байсан ажээ. Хүсэн хүлээсэн бүхэн нь талаар өнгөрсөн залуу өвчиндөө шаналан, улмаар өрөөндөө өөрийгөө боомилон нас баржээ. Тэрээр “Энэ бүх зовлон шаналалтай тэмцэх хүч алга. Тиймээс би явлаа" хэмээн зурвас үлдээсэн байсныг олсон байна.

Бурхан минь намайг уучлаарай

Америкийн дуучин, ая зохиогч Эллиотт Смит параной өвчтэй тэмцэж байжээ. Өвчинтэйгөө тэмцэхийн тулд тэрээр хар тамхи, мансууруулах бодис, хүчтэй өвчин намдаагч зэргийн тунг хэтрүүлэн хэрэглэдэг байсан аж.  Мэдээж энэ нь түүнийг сайн юманд хүргэсэнгүй. 2002 оны 5-р сарын 2-нд болсон тоглолтынхоо дараа өөрийн амийг егүүтгэжээ. Түүнийг олоход, халааснаас нь нэгэн зурвас олсон бөгөөд “Хайрт минь намайг уучил, бурхан минь намайг уучлаарай” гэсэн байжээ.

Магадгүй та ч гэсэн миний бичвэрт гацчихаад яахаа мэдэхгүй байгаа байх

Алдартай "модернист" зохиолч Виржиния Вульф хүүхэд байхаасаа маш хэцүү зовлонт амьдралыг туулж ирсэн хүчирхэг бүсгүй юм. Тэрээр хүүхэд байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртөж, ядуу тарчиг амьдралаас урган гарсан сарнай гэлтэй, үнэхээр мундаг зохиолч байв. Түүнийг "Time" сэтгүүл шилдгүүдийн жагсаалтад оруулсан байдаг. Тэрээр дэлхийн 2-р дайны үеэр 59 насандаа нас барсан юм.

 Түүний нөхөртөө бичиж үлдээсэн хамгийн сүүлчийн зурваст “Би дахиад л гуниглаад эхэллээ. Одоо л сэргэхгүй юм бол би эцэс төгсгөлгүй үргэлжлэх хонгилын гүнд гацах гээд байна. Намайг урин дуудсан, чиглүүлсэн дуу хоолойг сонсож байгаа ч би юу ч хийж чадахгүй нь. Магадгүй та ч гэсэн миний бичвэрт гацчихаад яахаа мэдэхгүй байгаа байх. Миний хэлэхийг хүссэн зүйл гэвэл, миний амьдрал чамгүйгээр төсөөлөгдөшгүй. Би чамдаа бүхий л амьдралаараа өртэй” гэжээ.

Би өөрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байна

“Walt Disney” кино компанийн үүсгэн байгуулагч, алдартай найруулагч тэрээр хүүхэд багачуудын гайхалтай төсөөллийн ертөнцийг бодит болгож чадсан агуу уран бүтээлч билээ. Тэрээр 1966 онд уушгины хавдар хэмээх аймшигт өвчнөөр хорвоог орхисон. Түүнийг нас барахад алдартай хүүхдийн парк, кино студи нь Калифорнийн урлагийн институтын мэдэлд очсон юм. Хожим нас барсных нь дараа өрөөнөөс нь нэгэн бяцхан зурвасыг олжээ. Тэрхүү зурваст “Би өөрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байна. Учир нь би өөрийнхөө мөрөөдлийг бодит болгосон" хэмээсэн ажээ.

Миний сүнсийг бурхан ивээг

Инээдмийн жүжигчин, элэглэгч энэ эр 1977 оны зул сарын өглөө 88 насандаа унтаагаараа нас барсан юм. Хүмүүс түүнийг дуугүй, хар цагаан кинонуудаар нь илүүтэй мэдэх билээ. Гэвч хэд хэдэн кинонд өөрийн дуу хоолойг мөнхөлсөн байдаг. Тэрээр нас барахаасаа өмнө гэр бүлийнхээ хүнтэй дотно яриаг өрнүүлсэн бөгөөд “Миний сүнсийг бурхан ивээг” хэмээжээ.

Амьдрал миний санаснаас ч богинохон юм

“Apple” компанийг үндэслэгч, зохион бүтээгч энэ эрийг өнөөгийн мэдээлэл технологийн ертөнцөд хувьсал авчирсан тул хүмүүс өнөө цагийн Леонардо Да Винчи хэмээдэг. Харамсалтай нь тэрээр 2011 онд 56 насандаа нойр булчирхайн хорт хавдрын улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Түүний нас барахаасаа өмнө хэлсэн хамгийн сүүлчийн үг бол “Амьдрал миний санаснаас ч богинохон юм” хэмээжээ. Магадгүй тэрээр өөрийн амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байсан байх. Аль эсхүл ихийг хийж бүтээж амжаагүйдээ сэтгэл хангалуун бус байсан болов уу...

Авах бүхнээ авч, хүртэх бүхнээ хүртсэн

Алдартай зохиолч Оскар Уайльдыг “The Picture of Dorian Gray” хэмээх зохиолоор нь олон хүн мэднэ. Түүнчлэн тэрээр ижил хүйстэн алдартнуудын хамгийн анхны төлөөлөл юм. 1900-гаад оны үед зочид буудлын өрөөнд нас барсан бөгөөд үхэхээсээ өмнө “Би энэ амьдралдаа харамсахгүй. Учир нь амьдралаас авах бүхнээ авч, хүртэх бүхнээ хүртсэн” хэмээх үгсийг зурвас болгон үлдээжээ. Түүний үхлийг бусдын дарамтаас үүдсэн амиа хорлолт гэсэн байдаг.

Миний машины тоосонд дарагдаж тэд зогсох болно

Америкийн алдартай жүжигчин Жеймс Дин тухайн үедээ охид бүсгүйчүүдийн шүтээн, хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг байсан юм. Учир нь тэрээр карьерийнхаа оргил үед, насанд хүрэгчдийн киногоороо олонд танигдсан байдаг. Харамсалтай нь 1955 онд авто замын ослоор нас барж, түүнээс удалгүй Оскарын наадмаас шилдэг жүжигчний шагналыг хүртсэн анхны жүжигчин болсон билээ. Тэрээр ийнхүү осолд орохоосоо өмнө найздаа “Миний машины тоосонд дарагдаж тэд зогсох болно” хэмээсэн байжээ.

Би өнөө шөнө явах болно

Жеймс Браун цоглог аяз, бүжгийн хэмнэлээрээ залуусын сэтгэлийг эрхгүй байлдан дагуулж явсан билээ. Тэрээр 2006 онд 12-р сарын 23-нд шүдний эмч дээрээ очоод түүнээс хоёр өдрийн дараа буюу зул сарын өдөр нас баржээ. Нас барахаасаа өмнө “Би өнөө шөнө явах болно” гэсэн байна. Домогт дуучин эрийг хүнд өвчинтэй тэмцэж, түүнийгээ бусдаас нууж байсан болохыг туслах нь илчилсэн юм.

Сүү уумаар байна

Попын хаан, алдарт дуучин маань 2009 оны 6-р сард харамсалтайгаар нас барсан. Тэрээр зууны хамгийн шилдэг, чадварлаг уран бүтээлч байсан билээ. Түүний үхэл дэлхийг донсолгож, уй гашууд автуулсан гэхэд болно. Тэрээр хамгийн сүүлд “Сүү уумаар байна” хэмээжээ. Амьд ахуй үед нь маш олон дуулиан шуугиан байсан ч, тэдгээр ярианууд дуучин эрийг амьсгаа хураах мөчид австай нь хамт булагдсан юм.

Хоёр нүүртэнгүүдээс залхаж байна

Рок н Ролл хөгжмийн хаан Элвес Пресли өөр олон алдартны үхэлтэй адилаар нойрны эмийн тунг хэтрүүлэн ууж, нас барсан юм. Түүний үхэхээсээ өмнө хэлсэн хамгийн сүүлийн үг нь “Хоёр нүүртэнгүүдээс залхаж байна”. Гэвч энэ нь түүний хэлэх хамгийн сүүлийн үг байхыг хэн мэдэх билээ. Дуучин эрийг энэ дэлхийд нэгэнтээ харваад өнгөрсөн солиртой зүйрлэдэг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]