Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Самбуу гүртэмбэ очир гүйлгэсэн ньУншсан39,779

Маршал Чойбалсангийн нэрэмжит 3 удаагийн шагналт, анхны Ардын Уран Зохиолч, ШУА-ийн жинхэнэ гишүүн, XX зууны манлай соён гэгээрүүлэгч, орчин цагийн Монгол хэлний дүрмийг үндэслэгч эрдэмтэн, орчуулагч, зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн "ЛУС САВДАГ, ЧӨТГӨР ШУЛМАСТАЙ УЧИРСАН ХҮМҮҮСИЙН ЯРИА" номонд орсон сонирхолтой хэсгээс уншигч та бүхэндээ сонирхуулж байна.

Маршал Чойбалсангийн нэрэмжит 3 удаагийн шагналт, анхны Ардын Уран Зохиолч, ШУА-ийн жинхэнэ гишүүн, XX зууны манлай соён гэгээрүүлэгч, орчин цагийн Монгол хэлний дүрмийг үндэслэгч эрдэмтэн, орчуулагч, зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн "ЛУС САВДАГ, ЧӨТГӨР ШУЛМАСТАЙ УЧИРСАН ХҮМҮҮСИЙН ЯРИА" номонд орсон сонирхолтой хэсгээс уншигч та бүхэндээ сонирхуулж байна.

ОЧИР ГҮЙЛГЭХ

Очир гүйлгэх гэдгийг би урьд хүүхэд байхдаа нэг үзсэн юм. Манайх Өгийн Хөөвөр гэдэг газар нутаглаж байлаа. Орхон голоос зүүн тийш байдаг Өгий нуурын дэргэд байгаа газар юм. Олон орос, үхэр худалдаж авах гэж ирдэг байлаа. Тэд нар булигаар, чихэр, одончуу зэргийн сонин сайхан бараа авчирч худалддаг байсан юм. Сайн бүдүүн шар 25 целков хүрдэг байсан. Намайг арваад настай байхад нэг зун юмсан. Манай нутгийн Даваасүрэн тайж, оросод үхэр олж өгөх гэж Эрдэнэ зуугийн зүүн бие Хөшөө Цайдамын тийш нэг хүн дагуулаад оросын баахан мөнгийг өвөртөлж яваад замдаа айл хэсэж архи ууж яваад 2-3 мянган целковыг гээчихжээ. Манай нутагт Самбуу гүртэмбэ гэдэг олон хүүхэдтэй ядуу цагаачин хүн байсан юм. Тэр очир гүйлгэж чаддаг юм байжээ. Даваасүрэн түүнийг залж очир гүйлгүүлэх юм боллоо. Даваасүрэнгийнх том гэртэй айл юм. Гэрт гадаа дүүрэн хүн цуглалаа. Самбуу гүртэмбэ гэрт суугаад ном уншиж байна. Дэмбээн гэдэг залуугийн гарыг угаагаад шатаасан арцаар ариулж байна. Түүний баруун гарт улаан утсан оосортой очрыг атгуулжээ. Гэрийн үүдэнд Дэмбээнд унуулах эмээллэсэн морийг бэлэн бариад байна. Гэтэл Дэмбээн очир атгасан гараараа үүд чиглүүлэн загнаж зүхэж эхэллээ. Түүний булчинг бүсээр ороож багласан харагдав.

Дэмбээнийг бэлэн морин дээр мордуулаад Даваасүрэн хөтлөөд, бас хэдэн морьтой хүмүүс дагаад баруун тийш улаан тоос манаруулан давхиад явчив. Дэмбээний зангасан гарын чигээр тэд явсаар Орхоны улаан эргийн дэнж дээр байгаа хэдэн гэрийг нэг тойроод гадаа нь буучихжээ. Тэр айл олон үхэртэй айл байжээ. Гадуур нь үхрийн нойтон баас олон байжээ. Нэг баас руу Дэмбээн очиртой гараараа шааж гэнэ. Тэр нойтон баасыг эргүүлээд харсан чинь, тэнд өнөөх боолттой целков бүрэн байжээ. Даваасүрэн, тэр айлд архи уугаад гадаа нь мөнгөө унагачихсаны дээр нь үхэр баасан хэрэг байжээ. Даваасүрэн тайж тэгж мөнгөө олоод их баярлаж Самбууд морь үхэр хоёрыг өгч байсан. Дэмбээнд ч бас юм өгсөн. Дэмбээн хэд хэвтэж байгаад боссон. Дэмбээн бол Авзага уулын Хүйтэний голд нутагтай хүн юмсан.

73 настай Цэрэннамжил. 1974.2 сар

 

 

ШИНЭ МЭРГЭН ШОВГОР

Төв аймгийн Баяндэлгэр суманд Мэргэн Шовгор гэж малчин ард байлаа. Мэргэн Шовгор гэдэг нь гоч юм. Алдсан малыг хаана байгааг ардуудад хэлж өгдөг. Цэнхэрмандал сумын 2 тэмээ алдаад эрж ядаад Мэргэн Шовгороос асуужээ. Тэгэхэд “Та хойшоо буцаад яв. Хоёр тэмээ чинь салсан байна. Хоёр тамгатай тэмээгээ та урьдаар олно. Нөгөө нь түүнээс зүүн тийш байна” гэжээ. “Манай тэмээ хоёр тамгагүй” гэжээ. “Тэгвэл хэн мэдэх вэ? Намайг харахад хоёр тамгатай л юм байна” гэж. Тэр ирсэн замаараа буцаж яваад нэг тэмээгээ олжээ. Харсан чинь нээрээ 2 тамгатай юм байжээ. Түүнийг эзэн нь мэдэхгүй байхад Мэргэн Шовгор мэдсэн байна. Нөгөө тэмээг бас Мэргэн Шовгорын заасан газраас олсон.

Мэргэн Шовгор Хэнтийн Мөрөн суманд одоо нутаглаж байгаа юм. Түүнийг Баяндэлгэрт байхад нь Төв аймгийн төвөөс байн байн дуудан аваачиж мэргэллээ гэж загнадаг байсан. Одоо Хэнтийн төвөөс дуудан аваачиж загинаж айлган сүрдүүлсээр байна. Мэргэн Шовгорыг байцаахад түүний хэлдэг нь:

“Би барьц харамж авдаггүй. Би зүгээр л таадаг хүн. Ардууд намайг зөв таалаа гээд алдсан мал энэ тэрээ асуугаад байдаг. Би таагаад хэлдэг, ийм л юм” гэдэг.

Мэргэн Шовгор 8 наснаас эхлэн юм мэддэг болсон. Одоо 50-60 хүрч яваа хүн.

Халзан Дамдин. 1975.3.24

Хэнтий аймаг Мөрөн сумын төв дээр байдаг Мэргэн Шовгор гэдэг Ишжамц, гэргийн нэр Хэрэмжурам, хүүхдийн нэр Идэржав. /цэргийн хугацаа дууссан/

 

ОРОС ШИВШЛЭГ

Дашням 1948 оны зун Хондын амралтад амарч байжээ. Хонд бол Монголын Хойт хязгаар Сэлэнгэ аймагт их нарсан ойд байдаг газар юм. Тэнд тэр үед орос хоёр тосгон байсан юм. Нэг тосгонд нь шившлэг хараал хийдэг нэг эмгэн байдаг гэж олон хүн ярьдаг байлаа. Амралтын нярав Даш тэр эмгэний тухай над олон юм ярьдаг байлаа. Жишээ нь, амралтын нягтлан бодох Уртнасан тэр эмгэнээс гэрээлсэн түлээгээ хурдан тушаа гэж шахсан, үнэ мөнгий нь хугацаанд нь өгөлгүй саатуулсан учир тэр эмгэн Уртнасанд хараал хийсэн юм. Уртнасангийн эхнэр шүд нь ургасан хүүхэд гаргаад эх хүүхэд хоёул үхсэн. Уртнасан өөрөө тахир зэмдэг болж байгаад удалгүй үхсэн. Ингээд Уртнасангийн гэдэг айл бүр үрэгдсэн юм. Бас амралтын газар хэдэн адуутай, нэг догшин хээр азаргатай байв. Тэр азарганы сэлдий өтөөд азарга галзуурах шахам болж байв. Даш тэгэхлээр тэр орос эмгэнийг эрж очоод азаргыг эмнэж өгөхийг гуйв. Эмгэн хэлжээ: “Маргааш өглөө 10 цагт азаргаа барьж сайн чөдөрлөж хүлээд байж бай. Би эндээс шившиж өгье” гэжээ. Даш маргааш өглөө нь азаргыг олон залуустай элбэж барьж чөдөрлөөд ургаа модноос уяад байж байжээ. Тэгтэл 10 цаг болоход өнөөх эмгэн шившсэн юм байх. Азарга цоройж хачин их сандарч гэнэ. Сэлдийнээс нь бүдүүн цагаан өтнүүд үсчин унаад байжээ. Азарганы доорхи газар цайрч байж. Өтөө дуусахаар цус гоожиж эхэлжээ. Даш хэдэн хүмүүс азаргыг хачирхаж үргэлж харж байжээ. Азарга баахан тэвхцэж байгаад нам жим болжээ. Тэгэхлээр азаргыг сул тавьжээ. Тэгээд хэд хоноход азарга улам улмаар эдгэрч зүгээр болсон гэж Даш Дашнямд ярьж байсан.

1980.1.3. Оргил рашаан амралт.

 

ДОЛООН АЙЛЫН ХОНИЙГ НЭГ ГАЗАР БӨӨГНӨРҮҮЛСЭН НЬ

— Цэст гуай та 84 хүртлээ чөтгөр үзсэн үү?

— Үзээгүй.

— Ер бусын хачин явдал танд тохиолдсон уу?

— Үгүй гэх үү дээ. Нэг хачин явдал болохыг би үзсэн.

— Түүнийгээ ярьж өгнө үү?

— За тэгье. Энэ бол 1930 оны намар Өвөрхангай аймгийн Баянбулаг сумын нутагт болсон хэрэг. Арвайхээрийн хүрээний эрдэмтэй номтой нэлээд лам нар Онгийн голын хавьд байгаа хэдэн айл дээр гарч амарч айраг ууж биеэ тэнхрүүлж байсан юм. Би залуухан лам тэнд байж байлаа. Тэнд байсан айлууд бол Шиндүг нярав, Цэдэн-Иш, Жаргал, Гэндэн зэрэг долоон чинээлэг хот айл байсан юм. Онгийн голын хөвөөнд Нүдэн булаг гэдэг сайхан билчээртэй газар байсан. Тэнд чөтгөртэй болсон гээд айл нутаглахаа больсон юм. Тэгээд ч билчээр нь сайхан, мал идэхгүй болохлоор ногоо нь соргог хэвээрээ байгаа хэрэг. Лам нарын хөдөөлж байсан айлууд нэлээд лам нар байгаа учраас чөтгөрөөс айхгүй болж Нүдэн булгийн тэнд очиж бууцгаав.Тэгээд хэд хоноход ямар ч юм мэдэгдэхгүй тайван байлаа. Би Шиндүг нярвынд хонож өглөө босох гэж байтал хүмүүс:

— Хоттой хонь алга. Яачихваа гэцгээж байна. “Юу болоо юм бол?” гэж бодоод гадаа гараад харсан чинь нээрээ хэдэн гэрийн мянга шахуу хонь байдаггүй, хороо нь хоосон байна. Хүмүүс цөм гайхацгаав. Хэдэн хүн морьтой эрэхээр явцгаав. Бусад айлуудын хонь бас цөм байдаггүй гэнэ. Хүмүүс ийш тийшээ давхицгаав. Тэгсэн чинь, тэр айлуудаас одоогоор бодоход 5-10 километрийн зайтай нэг хонхорт долоон айлын түм орчим хонийг бүгдийг нийлүүлээд хураачихсан байж билээ. Хэн тэгж хонийг хөөж аваачаад хураасан нь огт мэдэгдээгүй. Айлууд хонио таньж ялгаж авах гэж бөөн хар ажил болж үд өнгөртөл олон хүн ажиллаж арай гэж хонио ялгаж салгаж авлаа. Тэгээд маргааш өглөө нь болсон чинь, бас айлуудын хонь хотондоо байдаггүй, өнөөх хонхорт бүх айлын хонийг нийлүүлээд хураачихсан байлаа. Бас арай гэж хонио ялгаж аваад гурав дахь шөнө зарим айл хонио манаж хоносон боловч тус болсонгүй, бас л өнөөх хонхорт бүх хонийг шөнө аваачаад хураачихсан байв. Өөр мэдэгдэх харагдах юм юу ч байгаагүй. Тэгээд бүр ядаад тэндэх айлууд бүгдээрээ нүүж Нүдэн булгаас холхон газар очиж буусан. Тэгээд л зүгээр. Айлуудын хонь хотондоо хонодог болох нь тэр. Үүнээс өөр хүн амьтан өвдөж зовох юм уу, элдэв хачин дуу чимээ гарсан юм байхгүй. Тэгээд хүмүүсийн ярьсан нь: “Нүдэн булгийн тэнд чөтгөр байна. Тэр чөтгөр айлуудын хонийг нийлүүлж хорлоод хөөж нүүлгэсэн хэрэг” гэж бодоцгоосон. Үүнийг өөрөөр тайлбарлах аргагүй юм гэж Цэст ярив.

1980.7.30

 

НЮГНАЙН ТӨВД

Гүнтэвийн Бадарч ярьж байна:

— Хатгины Үйзэн вангийн хошууны Алтан-Очиртын хийд дээр Нюгнайн төвд гэдэг мэргэн лам байлаа. Тэр үнэхээр мэргэн хүн байсан шиг над санагддаг юм. Би арван хэдтэй банди, 1930 хэдэн онд хар болоод байж байлаа. Эцэг Гүнтэвтэй хоёул хөвчөөс мод авчрахаар аян хийж явлаа. Буцаж ирэх замдаа Үйзэн вангийн хошууны нутаг Буурт, Цагаан Чулуутыг дайраад Алтан-Очиртын сүм дээр ирлээ.

— Хүүгээ Нюгнайн төвдөд мөргүүлнэ, аврал асууна гэж аав минь хэлж байна. Алтан-Очиртын өврийн хийд /Бандид ламын хийд/ дээр ирээд нэг хашааны өмнө тэрэг хөсгөө орхиод орлоо. Аав маань төвдийнхнийг мэдэх юм байна. Хашаанд нь ганц бор гэр байна. Орлоо. Хоовгор толгойтой лам сууж байна. Нюгнайн төвд нь энэ юм байна. Нюгнай сахих гэдэг номыг байнга уншиж бясалгал хийдэг учраас Нюгнай төвд гэдэг нэртэй болсон юм гэнэ. Төвд орноос бадарчилж ирсэн хүн юм гэдэг. Нэг багахан банди байна. Хоол ундыг нь хийж өгдөг хүн бололтой. Ороод бид хоёр мөргөж адис авлаа. Суулаа. Манай аав ламд хадаг бариад айлтгаж байна: “Хүрээ хийдийн лам нар цөөрч байхлаар манай энэ хүү Бадарч энэ жил хар болсон юм. Энэ хүү эрүүл мэнд сайн явж чадах нь уу? Дахиад лам болох хувь заяа үүнд байна уу? Намайг нас барахад миний толгой дээр энэ хүүгээр ерөөл уншуулах арга байна уу? Лам минь үзэж хайрла” гэв. Лам шоогоо орхиод түүнийгээ харах ч үгүй ярьж байна:

— Хүү чинь мэнд сайн явнаа. Зовлон тохиолдох байх. Гэвч зовлон даах зовлоготой төрсөн юм байна. Дахиад лам болж чадахгүй. Таныг нас барахад энэ хүү таны толгой дээр ерөөл уншинаа гэж тэр хэлэв. Бид хоёр гараад явав.

Тэгээд би цэрэгт явав. Халх голын байлдаанд оролцож бөмбөгдүүлээд гурван мөчөө хуга цохиулав. Эмнэлэгт хэдэн сар хэвтээд эв эрүүл болоод гарсан шүү. Нээрээ л би зовлон даах зовлоготой төрсөн юм байна. Би өнөө жар гаруй наслаад мэнд сайн л явж байна. Эцгийгээ нас барахад би толгой дээр нь ерөөл уншсан. Урьд цээжилсэн ерөөлөө мартаагүй юм чинь яах вэ. Нюгнайн төвдийн айлдсан цөм үнэн болсон шүү. Би түүнийг их мэргэн лам байсан гэж боддог доо.

1980.11.1

 

* * *

1933-34 оны үед манай Эрдэнэцагаан сумнаас Лүмбэнгийн Тавхай гэдэг хүн хэдэн өртөө зайтай байгаа Нюгнайн төвдөд очиж мөргөхөөр явж гэнэ. Түүнийг явахыг Мангас Балдан мэдээд нэг чулуун цай өгч

— Үүнийг Нюгнай төвдөд өгөөд над мэндийн аврал асуугаад ир гэж гуйжээ. Лүмбэн цайгий нь ганзгалаад явж гэнэ. Тэгсэн чинь цай нь морины сүвээ рүү балбаад ердөө болдоггүй гэнэ. Тэгэхлээр цайг авч замд дайралдсан айлын нутаг дээр хураасан аргалын дотор шургуулж орхиод явж гэнэ. Алтан-Очиртын хийд дээр очиж Нюгнайн төвдийнд ороод мөргөж аврал айлтгаж гэнэ. Түүний асуултыг хариулж хэлээд бас нэмж хэлж гэнэ:

— Таны замдаа орхисон цайгий чинь хүн олоод авах гэж байна. Та хурдан буцвал дээр байх гэжээ. Лүмбэн сандраад буцаж нутаг дээр ирсэн чинь тэрэгний мөр байжээ. Цай байдаггүй гэнэ. Тэрэгтэй хүн аргал аваад цайгий нь бас олж аваад явчсан байжээ. Үүнийг Лүмбэн өөрөө над ярьсан юм. Лүмбэн, Нюгнайн төвдийн мэргэнийг гайхдаг сан.

 

ҮХСЭН ХЯТАД

Говь-Алтайн Бугат сумын мал туугч Дүгрээ ярив. Миний таньдаг найз залуу жолооч байдаг юм. Тэр Махкомбинатаас зүүн хойш Толгойтод хашаа аваад тэнд байдаг гэж хүнээс сонсоод би эрсээр олж очлоо. Хашаанд нь хоёр гэр байна. Орлоо. Аав ижий нь том гэртээ сууж байна. Хүү жолооч нь бага гэр бариад гэрлэх гэж байгаа юм байна. Би цай ууж жаахан ярьж байгаад явлаа. Намайг хуримандаа ир гэж урьж байв.

Түүнээс хойш сар шахам болоод мөн жолоочийнд дахиж очлоо. Тэгсэн чинь хашаа нь хов хоосон байна. Зөвхөн хоёр гэрийн бууц харагдаж байна. Тэгэхлээр хавийн айлаас сураглавал тэднийх өөр хашаанд буусан гэж байна. Тэднийхийг олж очив. Ярилцав. “Танайх яагаад өвлийн хүйтэнд өөр хашаанд нүүж ирээ вэ?“ гэж асуувал “А тэр явдалтай хашаа” гээд өөр юм ярихгүй байна. Би өөр юм ярьж байгаад явчлаа. Дараахан нь өнөөх жолоочтой би дайралдлаа. Тэр надад хашаанаас нүүсэн учраа ярьж байна.

Гэрлэсний дараахан эхнэр нь ганцаараа гэртээ унтах гэж байжээ. Нэг харсан чинь баруун орон дээр нь нэг залуувтар хүн буруу хараад хэвтэж байж гэнэ. Гайхаад харсан чинь хурхираад унтаж байж гэнэ. Айж сандраад гүйн гарч аавындаа орж “Манай орон дээр нэг хүн унтаж байна” гэж хэлэв. Аав нь гайхаад бэрийн хамт гэрт нь оров. Гэрт нь хүн юу ч байхгүй хоосон байжээ. Тэр хүн босоод гараад явчив бололтой гэж бодоод гадуур эрсэн боловч хүн байсангүй. Жолоочийн эхнэр айгаад аавындаа унтжээ. Маргааш нь бэр хүүхнээ гэртээ унтаж чадахгүй гэхлээр нь аав нь зэмлээд “Дэмий юмнаас айж байх юм. Айхад аргалын толгой хөдөлнө гэдэг энэ шүү” гээд гэрт нь унтуулах гэж явуулжээ. Хүүхэн гэртээ унтах гэж байтал баруун орон дээрх хөнжил улам улмаар гулгаад шалан дээр ойчиж гэнэ. Хүүхэн айгаад хадам аавдаа хэлжээ. Хадам аав нь орж үзвэл нээрээ хөнжил нь газар хэвтэж байжээ. Түүнээс хойш энэ мэт явдал хэд хэд гарсны учир тэднийх нүүсэн байна.

Сүүлд сонсвол тэр хашаа бол ганц өвгөн хятадын хашаа юм байжээ. Өвгөн хятад үхээд буг болсон юм гэнэ. Тэр хашааг хэдэн айл удаа дараа хямдхан аваад гэрээ барьж суусан боловч сэжигтэй явдал олон гараад цөм нүүцгээсэн юм гэнэ. Манай жолооч тэр түүхийг мэдэхгүй болоод түүнийг авсан юм байжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]