Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Солонгын таван өнгө, хүний сайхан сэтгэлтэй хачин хүнУншсан2,704

Ариун цагаан бадрангуй сэтгэлтэй бага нас хэмээх юутай сайхан байсан юм бэ дээ. Гэнэн томоогүй насанд аль хөглөхийг хэлж барах вэ.

Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн найруулагч Бадамсүрэнгийн Нагнайдорж, найруулагч, судлаач Түдэвийн Чимид бид гурав нийслэлийн V дунд сургуульд хамт суралцаж, сурахын хажуугаар сангийн аж ахуйд ажиллаж эх орныхоо хөгжилд бага ч болов нэмэр тус болж явна хэмээн хөөрөлхөж явсан нэг үеийн улс билээ.  Саяхан Нагнай бид хоёр уулзаж, бага насаа дурсан ярилцлаа. Ариун цагаан бадрангуй сэтгэлтэй бага нас хэмээх юутай сайхан байсан юм бэ дээ. Гэнэн томоогүй насанд аль хөглөхийг хэлж барах вэ.

Нэг удаа хаврын тариалалтад яваад буцаж явах үед Нагнайгийн хацраас цус шүүрч харагдлаа. Гэтэл хэн нэг нь даг дайр болтлоо дарайсан холцрууг нь сахлын хутгаар авч болно хэмээн зөвлөсөн хэрэг байж. “Энэ жирийн боловч сонин хөөрхөн түүхийг бичвэл чи дургүйцэхгүй биз дээ” гэвэл тэрбээр “Бич, бич” хэмээн зөвшөөрсөн учир ийнхүү өгүүлж буй хэрэг билээ. Үүнийг зориуд бичсэний учир нь одоогийн хүүхдүүд хацраа холцруутуулж, бидэн шиг гарынхаа арьсыг хууртал хүрз, зээтүү, лоом барин ажилладаг бил үү дээ, үнэхээр танхи болж дээ хэмээн хэлэх гэсэн хэрэг. Бид тийнхүү ажил хөдөлмөр, оюун ухааны  амтанд орж байснаараа амьдралын хатуу хөтүүг мэдэрч, оюун ухаан, бие, сэтгэлээрээ хатуужиж байсан маань өдий зэрэгтэй явахын үүдэл байж дээ хэмээн одоо сэтгэнэм.

Найруулагч Б.Нагнайдорж надтай тийнхүү хууч хөөрөх зуураа өөрийнхөө санаж бодож явдаг зүйлсээ харамгүй ярьсан юм.  Тэрбээр “Юуны өмнө чи Монголын кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулан уран бүтээлчдийн тухай  цуврал хөргийг анх удаа бичиж байгаа нь маш том, чухал ажил болж байна.  Чи миний тухай бичих хөргөө “Баяр, гуниг, харуусал” гэж нэрлээрэй. Учрыг нь одоо би чамд яръя. Надад тохиолдсон аз завшаантай, баяртай явдал бол би арван жил төгсөөд л хүссэн газраа ажиллаж байлаа. “Монгол кино” үйлдвэрт гэрэлтүүлэгч хийж байсан.

Эндээс миний баяр зол, гуниг, харуусалтай амьдрал эхэлсэн юм. Тэрхүү бурхны оронд олон гайхамшигтай хүмүүстэй танилцаж, олон билэг авъяастнуудтай хамтран уран бүтээл туурвих завшаан олдсонд  би баярлаж явдаг. Олон газар оронд зорчиж, хэдэн арван хүмүүстэй танилцан мэдлэг, оюун ухаан, сэтгэлгээнийхээ цэнэгийг баяжуулж байсан маань баяртай хэрэг байсан. Энэ бүхэн бол Монголын кино урлагийн төдийгүй тэнгэр бурхны надад өгсөн хишиг буян, миний аз завшаан байлаа. Нэрт найруулагч Д.Жигжид гуай хөлийг минь дөрөөнд, гарыг минь ганзаганд хүргэж, амьдралын утга учрыг зааж өгсөн буянтай их уран бүтээлч байсан билээ.

Гэвч надад харамсмаар зүйл байдаг. Монгол киноны аваргуудаас ихийг сурах өчнөөн боломж байсан боловч түүнийг ашиглаж чадалгүй бага юм олж авч дээ гэж боддог. Өнөө үед киноны техник санаанд оромгүй хүчтэй хөгжиж их хол явж дээ. Үүнийг цаг үед нь мэдэрч бага ч болов зүйл мэдээд авахгүй яав даа гэж хүртэл харамсдаг юм. Саяхан нэг уран сайхны кино бүтээж эхэллээ. Гэтэл өөрийн эрхгүй “Би хийж чадах уу” гэсэн бодол орж ирсэн. Яагаад тэгж бодов гэтэл багаа бүрдүүлж чадахаа больсон байлаа. Энэ бол харуусал. Кино бол аль ч улс орны ард түмний баялаг түүх, унтрашгүй соёл.

Тийм ч учраас аль ч улс орны удирдлагууд кино урлагаа байнга анхаарч, хөгжүүлж байдаг. Тухайлбал, манай  том хөршүүд Орос, Хятад хоёрын кино урлаг ухаантай удирдагчдынхаа буянаар эрчтэй хөгжиж байна. Гэтэл манайд огт эсрэг. Ард түмний нүдэнд нь, чихэнд нь, сэтгэлд нь киног хүргэх ёстой атал манай төр, засгийн “мануухайнууд” огт анхаардаггүй. Кино урлагийг, ард түмний оюун ухааныг “эзгүйрүүлж” байна. Ингэж болохгүй. Энэ бол бидний гуниг, харуусал. Засч өөрчлөх ёстой зүйл. Монголчуудын сэтгэлгээ дэндүү хол.

Тэнгэрийн хувьтай. Улс орон сэргэг, соргог, тунгалаг байх ёстой. Одоо бол тийм биш байна. Тухайн үеийн Орос орны буянаар шинэ үйлдвэрт орж байлаа. Одоо ч байна. Гэтэл үүнийг юу ч биш болголоо. Уран бүтээлчид нь ч гудамжинд лааз өшиглөж явна. Манай кино урлагт багагүй гавъяа байгуулсан төрөөс үнэлэгдээгүй “нэргүй, гавъяагүй “ улс олон бий. Тухайлбал, найруулагч Жамсран, Цэрэндорж, зураглаач Баттулга, Дашгалсан, Хуяг-Очир зэрэг хүмүүсийг хэлж болно. Энэ бол миний сэтгэлд өөрийн эрхгүй гуниг төрүүлдэг юм. Эднийг яагаад  үнэлж дээдэлж болдоггүй юм бэ. Тухайн цаг үедээ нэг намын даалгаврыг зуун хувь хэрэгжүүлж, ард түмнийхээ сэтгэл, оюуныг цэнэглэж л явсан гавъяатнууд шүү дээ” гэсэн юм.

Энэ бүхэн бол үнэн... дэндүү үнэн юм. “Сэлэм Тогмид” хэмээх зөвхөн тоглосон дүрээрээ Монголын ард түмний сэтгэл зүрхэнд  жинхэнэ Монголчуудын дүрэлзсэн гал цогийг, бадрангуй эх оронч баатарлаг сэтгэлгээг авъяас билгээрээ зурж чадсан төдийгүй “Талын цуурай” киноноосоо эхлээд олон уран бүтээлүүдээрээ үзэгчдийн таашаалыг хүртэж  явсан нэртэй найруулагч Ц.Цэрэндорж маань бурхны оронд хэрэгтэй болоод залагдсан боловч өнөөгийн Монгол орны төр засаг үнэлэх сэтгэл хүрээгүй байсан болоод алдар гавъяагаа авч чадаагүй юм болов уу хэмээн зүрх сэтгэл өмөрч явдаг билээ.

Найруулагч Б.Нагнайдорж 1946 оны есдүгээр сарын 18-нд Төв аймгийн Баянчандмань сумын “Эх сүж” хэмээх газар мэндэлжээ. 196З-1969 онд “Монгол кино” үйлдвэрт гэрлийн техникч, туслах, ассистент найруулагчаар ажиллаж байгаад 1969-1974 онд БХКУДС-ийг ОХУ-ын нэрт кино найруулагч И.В.Таланкины удирдлага дор суралцан төгсчээ.

Тэрбээр тус сургуулийг кино найруулагч мэргэжлээр суралцан төгсөхдөө зохиолч Ч.Бадарчийн “Хүжийн гал” хэмээх алдартай өгүүллэгээр кино зохиол бичиж, дипломын бүтээл хийхээр шийдэхэд нь тус сургуулийн захирал А.Громов ихэд сонирхон Б.Нагнайдоржийг хүлээн авч уулзсанаар барахгүй тус сургуулийн түүхэнд анх удаа 6000 км хол Гусийный озер хэмээх газрын Хамбын дацанд зураг авах томилолт өгч, бас мэргэжил бүрийн 11 оюутныг дагалдуулан явуулж байжээ. Б.Нагнайдорж дипломоо амжилттай хамгаалж ирээд 196З-199З онд “Монгол кино” үйлдвэрт найруулагч, 1999 оноос “Харцага”, КУДС, РТДС-д багшаар ажиллажээ. Аливаа уран бүтээлчийн бүтээлээс тэр хүмүүний бодол санаа, зан төрх, аяг ааш тод харагддаг. Тэндээс уран бүтээлийнх нь арга барил ч мэдрэгддэг.

Найруулагч  Б.Нагнайдоржийн бүтээлүүдийг харахад хүнлэг сэтгэлийг магтан дуулсан өнгө аяс хурц тод харагддаг бөгөөд аль ч уран бүтээлдээ амьдралын үнэнийг бодитойгоор харуулах хэмээсэн эрмэлзлэл нь үзэгчдийн хүсэл сонирхолыг татах соронз болсон байдаг. 1978 онд баримтат киноны найруулагч, зохиолч Т.Чимидийн зохиолоор “Солонгын таван өнгө” уран сайхны кино бүтээсэн юм. Энэ кино нь Монголын нэрт зураач “Марзан” хэмээх Шаравын амьдрал, уран бүтээлийн тухай өгүүлжээ.

Найруулагч Б.Нагнайдорж тэрхүү алдарт уран бүтээлчийн амьдралыг намтарчилж харуулахын оронд ардын хувьсгалын ялалт Монголын ард түмэн, улс оронд ямар их өөрчлөлт шинэчлэл оруулсныг тодруулан харуулахын хамт тэрхүү шуурган жилүүдэд уран бүтээлч хүмүүний оюун ухаанд ямар их өөрчлөлт шинэчлэл гарсныг голлон үзүүлснээрээ  оножээ. 1980 онд Б.Нагнайдоржийн бүтээсэн “Хүний сайхан сэтгэл” кино түүний уран бүтээлийн нэг том алхам болсон юм. Учир юу вэ хэмээвээс түүний уран бүтээлийн арга барил тэгширч, бүтээж туурвих эрч хүч нь цалгиж ирсэн үе байлаа. Нэрт зохиолч Д.Мягмарын “Үер” туужийн уянгалаг шинж төрх ч түүнд ихэд нөлөөлсөн нь мэдрэгддэг.

Энэ кинонд зөвхөн хүн чанарын нарийн нандинг харуулаад зогсохгүй орчлонт ертөнцийн эргэж хөрвөх гүнзгий утга учрыг уран сайхны хэлээр дүүрэн харуулснаараа үзэгч, судлаачдаас өндөр үнэлэлт авсан билээ. Энд хүмүүний хувь тавилангийн сонин зураг ерөөлийг харуулснаараа онцлог болсон юм. Хүмүүн хэмээгч өөрөө төрүүлээгүй ч өрөөлийг төрүүлдэг. Дэнзэн өвгөн “Хойтонгийн цагаан сараар охиныг минь авчирч золгуулаарай” гэдэг.

Энд тэр хүмүүний агуу их итгэл шингэсэн байдаг. Жинхэнэ үнэнч шударга зантай, гүндүүгүй сайхан Монгол эр хүний үг мөн дөө. Б.Нагнайдорж 1985 онд зохиолч П.Дашхүүгийн зохиолоор “Байлдааны даалгавар” хэмээх кино бүтээж үзэгчдийн хүртээл болгосон юм.Энэ кинонд Халх голын  байлдааны  эхэн үеийн ар тал  Дорнод аймгийн Матад сумын бага сургуулийн сурагч Цогоо фронтод байлдаж буй аавтайгаа уулзахын мөрөөдөл болж, гэрээсээ оргосноор уг киноны үйл явдал өрнөдөг.

Түүний явж байх замд дайсны бөмбөгөнд шархадсан цэргийн дарга дайралдаж, нас барахдаа Цогоод нууц мэдээ бүхий цүнхээ өгч, ангидаа яаралтай хүргэж өгөхийг даалгана. Чухал даалгавар авсан Цогоо хүү бэрхшээл саадыг туулж явсаар тэр даалгаварыг амжилттай биелүүлнэ. 1989 онд  Б.Нагнайдорж найруулагч Б.Балжиннямтай хамтран зохиолч Ц.Балдоржийн зохиолоор “Хачин хүн” хэмээх киног бүтээсэн нь нэг үе нэлээд шуугиан тариад авч билээ. Учир нь ардчилсан хувьсгал ялсан тэр эрин үед социалист нийгмийн  зарим албан хаагчдын дунд оршиж асан хүнд суртлын хор уршигаар хувь хүн яаж хохирч байсныг зоригтой шүүмжлэн харуулжээ. Байгууллагынхаа дутагдлыг сонинд шүүмжлэж бичсэн Харцагыг “Хачин хүн” хэмээн ад шоо үзнэ.

Түүнийг байгууллагын дарга нар нь элдвээр оролдон сэтгэл мэдрэлийн эмнэлэг, шүүх цагдаагийн газраар явуулж, хамт олноороо салхинд гарах нэрийдлээр зугаалга зохион байгуулж, архиар шахан согтоож элдэв хэл аманд оруулан өшөөгөө авч  нэр төрийг нь муутгасанд  эхнэр нь ойлголгүй хүүхдүүдээ аваад явдаг.  199З онд зохиолч Д.Хатанбаатарын зохиолоор “Нүцгэн уулын бэлд” хэмээх кино бүтээсэн нь  үзэгчдийн анхаарлыг ихэд татжээ. Тухайн үед улс орон зах зээлийн тогтолцоонд орж, түмэн олны сэтгэл санаа улс орны эдийн засаг тогтворжоогүй байсан билээ.

Тийм үед өсвөр насныхан эцэг, эх төдийгүй нийгмийн хайр халамжийн гадна үлдэж, хувь заяа ирээдүйгээрээ хэлмэгдэн хохирч, зүг чигээ ч олохгүйд хүрч байсныг харуулж, өнгө булаалдсан уулын өндөрт эрхэлж байх учиртай үрс минь нүцгэн уулын бэлд хохирч үлдэх нь гэсэн үнэтэй санааг дэвшүүлжээ.

Мөн тэр жил дээрх зохиолчийн зохиолоор Б.Нагнайдорж “Өв” хэмээх кино бүтээсэн юм. Энэ кинонд аливаа улс орон, үндэстэн ястнуудад өөрсдийг нь тодотгож илэрхийлсэн, цагийн эрхэнд мартаж, гээж болохгүй үеэс үед дээдлэн авч явах учиртай нандин шүтээн байдаг. Энэ бол Монголчуудын хувьд дээдсээс заяасан уугуул ахуй, эртнээс уламжилсан ёс заншил, хүнийг энэрэн хайрлахуйн чанар байдаг тухай өгүүлжээ.

Найруулагч Б.Нагнайдорж найруулагч төдийгүй авъяаслаг кино зохиолч билээ. Тэрбээр 1994 онд “Шувуухай” хэмээх киноны зохиолыг бичиж, өөрөө найруулан үзэгчдийн хүртээл болгосон юм. Энэ киноны онцлог нь түүний уран бүтээлийн гол шугам, арга барил болсон драмын чиглэлээс нилээд өөр, өөрөөр хэлбэл нилээд уянгалаг шинжтэйгээр барахгүй сэтгэлийн дотоод ертөнцийг уудлан илэрхийлэх хэмээсэн шинжтэй болсонд оршино. Үйл явдлыг нь харах аваас үзэгчдэд маш ойлгомжтой, тэгсэн мөртлөө дотор нь хүн чанарын гэгээлэг өнгө аяс нэвт гэрэлтэж буйгаараа онцлогтой. Төмөр замын жирийн нэг жижигхэн өртөөнд амьдрал буцалж буйгаараа аливаа зүйл жижигддэггүйг нэвт шувт харуулна. Нэг царайлаг жаалхан охин ээжтэйгээ даруухан, бусдаас дутахгүй амьдарна.

Тэр охин тэр л өртөөндөө төрж өсч, амьдралын зах зухаас мэдрэн, нийгмийн дунд байр сууриа олох хэмээн зүтгэнэ. Охин төрж өссөн өртөөндөө ажилд орж, үерхэж байсан нэг ангийнх нь хүү хот руу явахдаа ам өчгөө өгч, хайртай дуртай, ирээдүйд амьдарна хэмээн амлаж асан боловч өөр нэг охинтой үерхэж, тэр охинтойгоо ирсэнээр уг киноны жинхэнэ үйл явдал эхлэн өрнөж, шувуухай болгон холдон одох тусмаа тэс өөр хувь тавилангаар амьдрахад хүрдэг нэг талаас бодох аваас нилээд гүнзгий утга санаа илэрхийлсэн гүн ухааны утга санаа цухалзуулсан нь үзэгчдийн анхаарлыг ихэд татсан юм.

Б.Нагнайдорж зохиолч, найруулагч төдийгүй жүжиглэх уран чадвараа Ж.Сэлэнгэсүрэнгийн бүтээсэн “Хуучин сүм” кинонд Баттөрийн дүрээр харуулаад авсан гэж байгаа. Ийнхүү найруулагч Б.Нагнайдорж тэнгэр бурхнаас заяасан авъяас билгээрээ Монголын кино урлагт үлэмж их хувь нэмэр оруулж, уран бүтээлүүдээрээ Монгол үзэгчдийн танил болсон нэртэй уран бүтээлч билээ. Тэрбээр “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны найруулагчаар уг бүтээлүүдийн ерөнхий найруулагч Б.Балжиннямын хамт хүчин зүтгэж, тэрхүү Монголын кино урлагийн түүхэнд төдийгүй дэлхийн түүхэн сэдэвт бүтээлүүдийн өндөр сэнтийд хүрсэн агуу бүтээлүүдийг туурвихад хувь нэмрээ оруулсан нь Монголын  урлаг, соёлын түүхнээ нэртэй уран бүтээлч болохоо харуулсан юм. Б.Нагнайдорж зөвхөн уран сайхны кино бүтээгээд зогсохгүй 40 гаруй баримтат кино туурвижээ.

Тэрбээр уянгын аястай кино бүтээх арга барилаа хөгжүүлж, Халх голын дайнд оролцож явсан жирийн нэг сувилагчийн тухай үнэн бодит амьдралаас сэдэвлэсэн уран сайхны шинэ бүтээл рүү орж зураг авах ажлаа дуусгаад дараачийн ажилдаа шуудран ороод байна. Уран бүтээлч хүн болгон уран бүтээлээрээ амьсгалж, хөгжиж, улмаар эрин зуунд мөнхөд амьдардаг тавилантай билээ. Тэрчлэн найруулагч Б.Нагнайдоржийн бүтээлүүд Монгол үзэгчдийн мөнхийн танилууд байсаар байх болно.

Кино зохиолч, судлаач Дүйнхорын  Мягмарсүрэн

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]