Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Их дайны үеийн хамгийн бүтэлгүй маршалУншсан15,401

Жирийн нэгэн байлдагч, тосгоны хүү нэг л мэдэхэд ЗХУ-ын цэрэг армийн томоохон офицерын нэг болсон байлаа.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна. 

Сталины хэлмэгдүүлэлтийн з о л и о с болсон Блюхер болон Смушкевич нарын тухай урьд өмнө бичиж байсан бөгөөд энэ удаа мөн л дээрх аймшигт явдлын х о х и р о г ч болсон гэх маршал Куликын тухай сонирхуулъя.

Орос оронд өрнөсөн иргэний дайны үеэр цагаантны армийн их бууч явсан залуухан Кулик яваандаа бөөрнөөсөө "улайсаар" улаантнуудын эгнээнд орсон байна. Ворошиловын удирдлага дор байлдаж явсан энэ эр даргадаа ихэд таалагдаж бүр үй зайгүй найзууд болсон гэх ба Царицын хотыг хамгаалах алдарт тулалдаанд гарамгай байлдаж Ворошилов төдийгүй Сталин хэмээх нөхрийн анхааралд өртсөн гэдэг. Удалгүй Сталин “Оросын хаан” болох суудлаа засаж эхлэхтэй зэрэгцэн Ворошилов ч бас даган томорч байсан ба түүний араас найз нь болох Кулик ч мөн ахин дэвшсээр.

Жирийн нэгэн байлдагч, тосгоны хүү нэг л мэдэхэд ЗХУ-ын цэрэг армийн томоохон офицерын нэг болсон байлаа. 1936 онд Испанийн иргэний дайнд артиллерын сургагчаар явж жил гаруй байлдаж байгаад дуудагдан ирж том албан тушаал дээр буусан зэргээс харахад энэ хүн олон сая хүний дундаас ганц нэгхэн тодрон гардаг агуу сайн эрийн нэг гэмээр.

Сайн эр ч шинэ албан тушаалдаа орж бужигнуулж эхэллээ. Янз бүрийн уриа лоозон ярих, аливаа нэг зүйлийг буруутгах, дэмжих тал дээр хэн хүнээс илүү ширүүн аашлах бөгөөд чухам энэ хүний үйлдлээс болж ЗИС-3 хэмээх танк эсэргүүцэх их бууг голж шилэн зэвсэглэлд авалгүй байсаар их дайныг Улаан арми аль дээр үеийн гэмээр 45 мм-ийн танк эсэргүүцэх их буутай угтаж байсан гэдэг. Дараа нь T-V (Ирвэс-пантера), Т-VI (Барс) хэмээх Германы хүнд танкууд тулалдаанд ороход өөдөөс нь сөргүүлэх юмгүй нэг хэсэг баларч байсан нь чухам Куликын буруу юм гэнэ лээ. Ганцхан ЗИС-3 ч биш ППС болон ППШ автомат буу, Т-34-тэй холбоотой өч төчнөөн л юм байдаг бололтой.

1939 онд Халх голын дайн болж оросууд өөрийн ирээдүйтэй гэсэн жанждаа явуулсны дотор Кулик ч багтсан. Зөвлөх нэрээр очсон Кулик тун эгзэгтэй цаг үед Халх голын нөгөө эрэг дээр хамаг их буугаа гаргаж хориглолт байгуулах тухай заавар зөвлөгөө өгч Жуков болон Штерн зэрэг нөхдүүдийн гайхлыг төрүүлж, уурыг нь барсан учир Монголын нутгаас хөөгдөн Москвад ирсэн байна.

1940 оны ЗХУ-Финийн дайнаар энэ эр мандан ЗХУ-ын Баатар болж, маршал цолоор шагнагдсан ба уг “Өвлийн дайн”-ы дараа Зөвлөлтийн олон жанжид тушаал буурч, зарим нэг нь ш о р о н оронд орж, бүр б у у д у у л ж байсан гэдэгтэй харьцуулахад Кулик их л том гавьяа байгуулсан бололтой. Чухам яг ямар юм хийсэн нь ойлгомжгүй буюу “Маннергеймийн хамгаалалтын шугамыг сэт татахад онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн” гэсэн юм л харагдана. Тухайн үед Улаан армид маршал цолтой хүн гарын таван хуруунд багтахаар тоотой байсан гэхээр энэ хүн ямар өндөрт мандсан нь ойлгомжтой. Бодвол Ворошилов найзыгаа өөд нь татсан биз.

1941 оны 6-р сарын 22-нд Гитлер ЗХУ руу довтолж, анхны өдөртөө л аймшигтай цохилт хийн Улаан армийн удирдлага, анги нэгтгэлийн харилцаа холбоог таслан сүйтгэснээр оросууд баахан сандарч үймсэн хүмүүс болж хувирлаа. Сталин Баруун фронт дээр болж байгаа үл бүтэх явдлыг таслан зогсоохоор Шапошников, Кулик нарыг 23-ны өдөр явуулсан боловч Кулик очсон өдрөө л бүслэгдэн сураг тасарсан байна. Хоёр долоо хоногийн дараа Кулик өөрсдийн цэрэг дээрээ ирэхдээ тариачны хувцас өмсөж, бүх л бичиг баримтаа устгасан байсан гэдэг. Түүнтэй цуг ирсэн туслах нь ч мөн адил тариачин хувцастай, харин бичиг баримтаа хадгалсан байсан юм байх. Өөр бусад цуг ирсэн офицерууд нь бичиг баримт, зэвсэг хэрэгсэлтэй төдийгүй дүрэмт хувцастайгаа байсан гэдэг нь мөн л олон юм хэлж өгөх биз ээ. Орчин цагт бараг л баатар болчих гээд байгаа урвагч Власов яг л ингэж хувцас хунар бичиг баримтаа устгаж, тариачин дүрээр цэргээ хаян зугтаж явсан гэдгийг нэг эргэн санахад буруугүй болов уу.

Сталин энэ бүхнийг нь өршөөн Ленинградын фронт руу явуулсан ч тэнд дахиад л бүтэлгүйтлээ.

1941 оны 9-р сард Керчийн чиглэлд байдал эрс хүндэрч ирэхэд Сталин Куликийг тийшээ явуулахаар шийдэн “Керчийг ямар ч нөхцөлд дайсанд алдахгүй байхыг” хатуу тушаан, өөрийнх нь цаашдын хувь заяа чухам энэ тушаалыг хэрхэн биелүүлэхээс шалтгаална гэдгийг ойлгуулжээ.

Харин маршал Кулик тэнд очоод олон ажил хийж эхэлсэн ч тэдгээр нь хотыг хамгаалах биш харин хотыг яаран орхих, аль болох бушуу түргэн зайлах ажил л байсан гэдэг. Угаасаа хөл толгойгоо алдах шахсан, айж сандарч үймсэн олон цэрэг, энгийн иргэд холилдсон хүмүүс хотыг орхих гэж байгааг мэдээд бүгд л зайлж зугтахыг бодож таарах нь ойлгомжтой. Ингээд хотыг хамгаалах ч юм байхгүй, зохион байгуулалтайгаар ч орхисон юм байхгүй...

Сталин ийм явдлыг яаж зүгээр өнгөрөөх билээ, маршал болон баатрын тэмдгийг нь хураан авч, намаас хөөн, хошууч генерал болгон бууруулаад бүтэн жил ямар ч ажилгүй шахам байлгасан байна.

1943 оны 3-р сард Кулик генерал Ватутины удирдлага дор фронтод тулалдаж эхэлсэн боловч 9-р сард Ватутин энэ бүтэлгүй, хоосон ярихаас цаашгүй, очсон газар болгондоо будлиан тарих нөхрөөс бушуухан салахын түүс болон бас л хөөн явуулж.

Урьдын том маршал зангаараа энд тэнд очихдоо мундаг юмаа ярин, байлдахаас бусдыг хийж явсаар. Согтуу хөлчүү үедээ хурал цуглаан хийж, их ярих дуртайг нь яана. Ярьж байгаа юм нь хоорондоо ямар ч авцалдаагүй, том үгсийн цуглуулга.

"Ар талын харх"-ны хуулиар нэлээд удаан амьдарсан Кулик удалгүй ихэнх гавьяа шагналаа буцаан авсан төдийгүй бүр Улаан тугийн одон нэмж авсан гэдэг. Гэтэл гавьяа байгуулахгүй ч гай болохгүй явсан энэ үл бүтэх нөхрийг 1945 оны 2-р сард дахин албан тушаалаас нь огцруулсан ба энэ удаа цэрэг армийн талаас биш харин намын талаас х э р э г мандуулсан юм байж.

Маршал байгаад генерал болсон Кулик “Фронтоос таван ширхэг машиныг хувийн хэрэглээнд зориулан ар тал руу татан авсан (хувьдаа авсан), хоёр ширхэг сүүний үүлдрийн ховор үнээг мөн гэртээ аваачсан, Москва хотын ойролцоо хувийн том байшин бариулахдаа Улаан армийн зориулалттай барилгын материалыг ашигласан, захиргаандаа байгаа цэргүүдийг шууд дайчлан ажиллуулсан, Крымд байрлах том хувийн байшинг доторх тавилга хэрэгсэлтэй нь цуг өөрийн болгосон...”

Дээр нь Куликын штаб гэдэг бол ёстой л найр цэнгээний төв байж. Хөнгөн хөлтэй хөөрхөн бүсгүйчүүд эргэлдсэн энэ штаб хавиар голцуу л согтуу хөлчүү хүмүүс хөлхөлдөх бөгөөд тухайн нутаг орны хамтрал, хоршоодын дэлгүүрийн ажилтан нар зарсан хүнс барааныхаа мөнгийг авах гэж өдөржин шөнөжин Куликийг харуулдан зогсоно. Энэ их мөнгийг бүгдийг арми төлөх нь ойлгомжтой. Ингээд ч зогсохгүй Кулик ар талд “өлсөж зовж” байгаа ар гэрийнхэндээ тус болох бөгөөд тэрээр цэргийн онгоцыг Гүрж рүү дайчлан явуулж 250 шил дарс, коньяк авчруулсныхаа 200-г нь өнөө өлсөж байгаа ар гэртээ явуулсан ба хажуугаар нь дайвар болгож 5 кг ховор түрс гэх мэтийн юм явуулсан нь нэг биш гэнэ. Өмнө дурдсан тэр олон машин, үхрийг гэртээ аваачсан нь бараг л цэргийн тусгай ажиллагаа шахам юм болсон гэх ба бүгдийг нь цэргийн онгоцоор зөөж байжээ. Дайны хажуугаар шүү.

Энэ мэт явдлуудаас болж Кулик Сталинд адлагдаж хэн ч биш боллоо. Ажил төрөл ч үгүй, нэр хүнд ч байхгүй болсон Кулик чаддагаараа ууж, элдэв чухал юм ярьдгаа л хийх ба сүүлдээ Сталин, Берия, Молотов болон бусад жанждын тэнэг мангарыг гайхан а г с р а х  нь улам бүр ихэссээр. Мэдээж энэ тухай хов матаасууд төв рүү очиж л таараа.  Берия нэг хэсэгтээ энэ а р х и ч и н эрийг тоохгүй л байлаа.

Удалгүй дайны үеэр бүтэлгүйтэн, хамаг албан тушаалаа алдсан хуучин генералууд нийлж уулзалдан архи ууж, Сталиныг муулдаг, улс орныг яаж авч явах ёстойг нэг нэгэнтэйгээ зөвлөдөг тухай мэдээ ирэх болсноор Берия хөдлөн Куликийг баривчилсан байна. Иийнхүү “Гомдсон генералуудын хэрэг” гэж нэрлэгдсэн хэрэг үүссэн ба гурван жилийн турш үргэлжилсэн мөрдөн шалгалтын явцад Кулик болон түүний хамтрагч хурандаа генерал байсан Гордов, дэслэгч генерал Рыбальченко нарыг Зөвлөлт засгийн эсрэг үйл ажиллагаа явуулсан хэргээр б у у д а х  я л оноон ц а а з а л с а н байна.

1957 онд Куликийг цагаатган ЗХУ-ын Баатар болон бусад бүх цол хэргэмийг нь эргүүлэн нэхэн олгожээ. Одоо Кулик нь Сталины хэлмэгдүүлэлтийн з о л и о с болсон хүмүүсийн тэргүүн эгнээнд бичигддэг юм гэнэ лээ.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
10 сар 28. 15:24
Зочин

Мехлис гэж бас нэг генерал бий дээ. Түүний талаар мэдээлэл оруулаач хө.

11 сар 9. 16:05
Зочин

халимаг цэрэггүй бол орос эртл балрах байж дээ. муу хүний заяа завагт гэгч болж дээ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]