Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
1999 онд үүнийг бичигч бээр нэгэн албан байгууллага орж өөрийнхөө хувьд ихээхэн чухал уулзалт хийхээр явж байлаа. Ёстой л гутлаа тослоод, зангиагаа зүүгээд гарсан хүн зорьсон байгууллага дээр ирэх үед шинэхэн баригдсан байшингийн нэг том хэсгийг шилэн хаалгаар тусгаарласан, тэр хаалга нь өөд өөдөөсөө харсан, одоо бол жирийн л нэг хос шилэн хаалга байлаа. Очих ёстой байгууллага маань тэр гайтай хаалганы цаана...
Аажуухан ойртох үедээ тэр шилэн хаалга дээр түлхэх болон татах хэрэгтэй гэсэн үг байхгүй байгааг анзаарлаа. Шинэхэн барилга болохоор тиймэрхүү юмаа бичиж тавьж амжаагүй юм байлгүй дур**ууд.
-“За онигоонд оров, хэн нэг хүн гарч, ороход нь дагаад яваад орно доо” гэсээр дотроо нэлээд түгшүүртэй, аль болох удаан алхсан боловч хэн ч гарч орсонгүй. Явсаар гайт шилэн хаалга дээр тулан ирлээ. Хоёр ширхэг хаалга, зөвхөн гадна талд байх хоёр бариул, түлхэх татах тухай ямар ч бичиг үгүй. “Ямар ч байсан 4 хувилбар бий, хаалга бүрийг татах, түлхэх...баруун талын шилэн хаалга арай илүү их хэрэглэгдэх учир, бас бариул нь наана байгаа учир татдаг байж таарах нь” гэж хэрдээ л Шерлок Холмсын дедуктив аргаар бодож тунгаасаар баруун хаалгыг татлаа. Байдаггүй ээ...ядаж байхад яасан ч муухай дуугардаг юм...Шилэн хаалганы цаана байгаа хүмүүс бүгд эргэж хараад л...”ингэх гээд байсан юмаа” гэсэн юм бодогдсоор түлхлээ... байдаггүй... “өнөөдөр л ингэж шившгээ хутгахгүй байсан юм ш дээ”... яаран зүүн хаалгыг нь татлаа... тачигнан дуугарахаас биш онгойсонгүй... хаалганы цаана инээж дооглож, ямар нэг юм хэлж байгаа эр эм хүмүүс нүдний буланд харагдах үед бүр буцаад зугтчихмаар болж билээ. Одоо үлдсэн сүүлчийн боломж зүүн хаалгыг түлхэх...” зүүнийг татчихаад яах гэж зай авбаа, шууд л түлхэхгүй... тэнд хүмүүс чамайг дооглоод бөөн юм, өнөөдөр л бүтэлгүйтэхгүй байж болох байсан даа...” гэсэн юм бодогдож нүд харанхуйлсаар түлхтэл хаалга онгойдог байгаа.
Дотор байгаа хүмүүс яаж хаалга онгойлгодог байсан хэрэг вэ? гэж бодогдож байгаа биз. Бариул хийх гээд амжаагүй, маргааш болтол гээд олсоор бариул хийгээд унжуулчихсан байгаа юм даа. Яг тийм үеэр би очиж, хэрдээ их харж анзаарсан ч дотор талын олс нь гадна талын бариулд хаагдаад харагдаагүй... Муу “Маслотай талхны хууль”.
Энэ бол болох ёстой зүйл болсон буюу “Маслотай талхны хууль” хэрэгжсэн хэрэг байлаа. Маслотай талх газар унагаан алдахад хаашаа харж унадаг билээ? Хэрэв ямар нэг зүйл бүтэлгүйтэх боломжтой бол чухам тэр бүтэлгүйтэл л болно гэсэн үг. Амьдралд олон тохиолдох бүтэлгүй явдал, муушиг тоглох зэргээс сурч авсан энэ “Маслотай талхны хууль”-ийг дэлхий дахинд Мерфийн хууль гэж нэрлэдэг гэдгийг хаалгатай танилцсан түүхээс нэлээд дараа мэдэж билээ.
Хэргийн эзэн болох Эдвард Мерфи нь 1949 онд АНУ-ын Эдвардс хэмээх нисэх бааз дээр хэрэгжиж байсан нэгэн том төсөл дээр ажиллаж байлаа. Төслийн нэр нь MX981 буюу хүний бие организмын тэсч, давж чадах хэт даралтын дээд хэмжээг тодорхойлох зорилготой байв.
Нэгэн өдөр МакДоннел-Дугласын инженер Эдвард нь уг төслийн үеэр хэрэглэх 16 мэдрэгчийг туршилтад орж байгаа хүний биед хэрхэн тогтоох талаар нэгэн бүтэл муутай туслагч-техникчдээ зөвлөгөө өгөөд хэсэг хугацаагаар гарчээ. Уг мэдрэгчийг зөвхөн хоёр янзаар л хүний биед тогтоож болох ба ямар аргаар тогтоохыг нь зааж, ямраар тогтоож болохгүйг нь Мерфи техникчид маш сайн, дахин дахин хэлж өгөөд гарсан гэдэг. Эргэж ирээд шалгатал 16 мэдрэгчийг бүгдийг нь буруу аргаар тогтоосон байжээ.
Уур нь хүрч, урам хугарсан Мерфи энэ үед “Хэрвээ ямар нэг зүйлийг буруу хийх хамгийн жижиг боломж ч гэсэн байвал энэ хүн тэр л зүйлийг хийх хүн” гэж дуу алдсан байна. Зарим тохиолдолд энэ түүхийг онгоцны сэнсийг буруу харуулан угсарсан байсан... гэх зэрэг олон хувилбар бий. Ямар ч байсан төслийн явцад тэр нэг бүтэлгүй нөхөр нэлээд хэдэн удаа болох болохгүй юм хийж байсан юм байж.
Төслийн удирдагч Ж.Никольс өөрийн илтгэлдээ иймэрхүү үл бүтэх явдлуудыг Мерфийн хууль гэж хэмээн нэрлэж бичсэнээс хойш боломжгүй мэт боловч болсоор байдаг бүтэлгүйтлийг энэ нэрээр нэрлэж эхэлсэн бөгөөд удалгүй армийнхан, техникийнхэн элдэв явдал, бүтэлгүйтлээс гарсан янз бүрийн өвөрмөц үг хэллэгийг нэмсээр, Мерфийн хууль улам бүр томорсоор одоо түүний үйлчилдэггүй салбар, орчин, тохиолдол үгүй болжээ. Болохгүй бүтэхгүй бүх л зүйлийг Мерфийн хуулийн дагуу харах бөгөөд хамгийн сонирхолтой нь ...
Их Британийн Ерөнхий сайд байсан Леонард Жеймс Каллагэн нь “Мерфи оптимист байжээ” гэж хэлж байсан гэдэг. Ёстой алтан үг! Магадгүй цэцэн мэргэний оргил үг байж ч магадгүй.
Олон юм ярихаа байж Мерфийн хуулийн зарим нэг “зүйл заалтууд”-ыг сонирхуулъя.
-“Маслотай талх"-аар энэ хуулийг танилцуулсан учир түүгээрээ үргэлжлүүлье. Талханд “масло” буюу тос түрхээд санаандгүй газар унагаахад хаашаа харж унах вэ? Мэдээж тостой талаараа. Энэ бол Мерфийн хууль. Тэгвэл тосоо талхны хоёр талд нь түрхээд унагаахад яах бол? Мерфийн хуулиар бол талх газар унахгүй, агаарт л тогтож байх мэт санагдаж байж магадгүй. Үгүй ээ, талх таны үнэтэй хивсэн дээр тонгорцоглон унана. Хоёр талын тосны аль аль нь таны хивсэн дээр наалдах ба чухам тостой талх маань хэдэн удаа тонгорцоглон өнхрөх нь таны хивсний үнэтэй шууд пропорционал хамааралтай. Энэ бол Мерфийн хууль, үнэндээ бол "Мерфи оптимист байжээ" гэдэг үгийн баталгаа.
-Ямар нэг муу зүйл тохиолдох боломж байгаа л бол яг тэр нь тохиолдох болно. Магадгүй хэд хэдэн муу зүйл тохиолдох боломжтой бол бүгд ээлж дараалан тохиолдох бөгөөд дараалал нь хамгийн хорон муу хувилбараар байх бололтой. Монголчууд нэг бүдрэхээр долоо бүдэрнэ гэж зүгээр ч нэг ярьдаггүй юм шүү.
Хэд хэдэн муу зүйл хэсэг бүлэг хүнд зэрэг тохиолдож болох бол хамгийн муу, хамгийн их хохиролтой нь танд тохиолдох болно.
-USB-ийн супер байрлал: Та өөрийн USB залгуураа залгах гэж оролдох үед бүтэлгүйтэж залгуур маань сууринд орохгүй. Тэгэхээр нь эргүүлж бариад хийх боловч мөн л орохгүй. Дахиад нэг эргүүлсний дараа л сууринд орно.
-Олон түлхүүртэй оосроос хэрэгтэй түлхүүрийг олох гэж хаалганд хийж үзэхэд хамгийн сүүлчийн түлхүүр л зөв түлхүүр байна. (хаалгатай танилцсан түүхийн нэг баталгаа)
-Хийх ёстой ажлын 90 хувь нь зарцуулах цагийн 10 хувийг эзлэх бол үлдсэн 90 хувийн цагийг тэр 10 хувийн ажилд зарцуулж дуусгана. Магадгүй энэ хугацаа хангалтгүй байж ч болно. (Энэ жижигхэн нийтлэлийг бичиж эхлээд бараг жил болж байгаа байх. Уг нь нэг л өдөрт дуусгах юм шиг санагдаж байж билээ)
-... хэдэн зуу, сая зүйл заалт үргэлжилсээр ...
-Маслотай талхны түүх буюу Мерфийн хуулийг мэддэг болсноос хойш та байнга бүтэлгүйтэх ба тухай бүр Мерфийн хууль ямар үнэн зүйл вэ гэдгийг ойлгох болно.
Хамгийн сүүлийн энэ заалт бол яах аргагүй үнэн зүйл байгаа юм даа хөөрхий.
Та хэн нэгэн хүнд маслотай талхны хууль нь бодит байдал дээр яаж хэрэгждэгийг харуулах гэж хэчнээн оролдлоо ч энэ нь огт бүтэхгүй. Бас л нөгөө хууль хэрэгжиж байгаа хэрэг юм шүү дээ.