Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Цагаан арслан, чи наад сарлагийнхаа адсагыг цуу татчих л даа"Уншсан15,907

Нэг өдөр Далай ван ноён өвлийн идэш хоолоо төхөөрч сарлагийн гүйцсэн шар идэж гэнэ. Ноёны гэрээр дүүрэн хүмүүс байж гэнээ.

Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Архангай аймгийн Тариат, Цахир, Хангай, хуучин Мөрөн, Завхан аймгийн Их уул, Наран, Тосонцэнгэл, Идэр, Хөвсгөл аймгийн их Жаргалант, Шинэ-Идэр зэрэг сумдын нутгийн уугуул иргэд ард олны дотор Цагаан арслангийн тухай домог болон үлдсэн яриа их байдаг.

Халхын хүчит бөх Цагаан арслан Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Архангай аймгийн Тариат сумын нутаг Тэрхийн цагаан нуур, Дархан-Уул, Давын адаг орчим нутгаар нутаглаж байсан.

Бага насандаа Тариатын хүрээний зүүн Чойрт лам байсан буюу хожим нь Тариатын хүрээнд хар бор ажил хийж эхтэйгээ хамт амьдардаг эхнэр хүүхэдгүй хүн байсан. Энэ бөх 27 насандаа Халх долоон хошуу, Даншиг наадамд анх удаа очиж Цэцэн Хан аймгийн Рэнцэн гэдэг хүнийг хаяж Даншигийн арслан цол хүртсэн. Их том биетэй, маш их хүчтэй бөх байсан бөгөөд Хошуу наадам болон ойр хавийн хошуудад очсон болгондоо түрүүлдэг байсан. Тэгээд Засаг ноён Далай вантай их тэрсэлддэг байсан учир 40 орчим настайдаа Монгол цэргийн харуулын албанд нэгэн ёсны цөлөгдөж хөгшин эхийнхээ хамт тэр үеийн Эрдэнэ вангийн хошуу одоогийн Сэлэнгэ аймгийн Түшиг сум Зэлтэр, Хужир харуулд Монгол цэргийн харуулын алба гүйцэтгэж хөгшин эхийнхээ хамт амьдран сууж байсан. 49 настайдаа Халх 7 хошуу Даншиг наадамд хоёр дахь удаагаа түрүүлсэн. 51 настайдаа хараалын гэмээр өрөөл татуу болж 57 настайдаа нас барсан.

Цагаан арслан шиг хүчтэй том биетэй, сайхан бөх тэр үед Халх даяараа л байсангүй. Энэ хүнээс арай өмнөх үеийн хэдэн насаар ахмад Цэмбэл арслан гэж маш хүчтэй аварга том биетэй бөх мөн л Далай Чойнхор вангийн хошуунд байж, нас барсных нь дараа цээжний ясанд нь чоно төрсөн байсан юм гэнэ лээ гэж ярьдаг, хожим тэрхүү Цэмбэл арслангийн ясыг тэр үеийн Илдэн бэйлийн хошуу руу алдсан түүхтэй аж.

Үүнээс хойш Далай Чойнхор вангийн хошууны бөхчүүдийн чанар доошилсоор жаахан Дамбий аварга, Чулуунбат арслан, Төмөрбаатар арслан, Шагж арслан, урт гарт Маамын Лхагваа арслан, даян аварга Буур хэмээх Жамъян, гогцоо хэмээх Банзар заан, Памбага хэмээх Жамъяншарав заан, улсын начин Дамдинбазар, Гуагийн Ядмаа зэрэг бөхчүүдээр дууслаа гэж нутгийн уугуул иргэд ярьдаг байлаа. Энэ тухай Архангай аймгийн Цахир сумын уугуул иргэн Дүгэрсүрэн тойн гэдэг хүн олон сонирхолтой зүйл ярьдаг байлаа. Энэ хүн өөрөө барилдаж явсан. 10 засгийн наадмын шонхор цолтой, ханхар том биетэй хөгшин байлаа. Энэ хүн 1950-иад оны сүүлчээр нас барсан юм. Энэ хөгшин миний ээжийн хойд эцэг нь байсан учир би энэ хөгшинтэй ойр дотно зарим үед хамт нэгэн гэрт амьдардаг байсан. Энэ хөгшнийг бөх ярихад нь их сонирхдог байлаа.

Тойн өвгөнийхөөр Санжаатулгат, Дөвчинжав заан, улсын начин Дамдинбазар гуай гээд л бөхчүүл ирж бөх их ярьдаг байсан. Мөн Цахир сумын уугуул иргэн Б.Дарамбазар гэдэг хөгшнийх манайхтай айл саахалт нутагладаг байлаа. Энэ хүний, төрсөн эцэг нь Батаа гэдэг хүн байсан буюу энэ хүн Далай чойнхор вангийн хошууны тамгын бичээч байсан учир баригдаж яваад эргэж ирээгүй гэж ярьдаг.

Энэ Батаа гэдэг хүн хошууны бичээч байсан учир 1880-аад оноос эхлэн ноёнтойгоо хамт Даншигийн наадамд явдаг байжээ. Тэгэхээр энэ Батаа бичээч өөрийн хүү Дарамбазар гуайд Цагаан Арслангийн тухай ярьдаг байжээ. Үүнээс үндэслэж Дарамбазар гуай Цагаан Арслангийн тухай их ярьдаг хүн байсан юм. Энэ хүн 1970-аад оны үед 80 орчим настайдаа нас барсан.

Ингэхлээр Тойн өвгөн болон Дарамбазар гэдэг хүний ярьсан болон Санжаатулгат, Дөвчинжав заан, Дамдинбазар начин зэрэг хүмүүсийн Цагаан Арслангийн тухай ярьсан сонирхолтой зүйл, үйл явдлуудын тухай тодруулан бичиж энэ домогт бөхийн нэрийг Монгол бөхийн алтан хуудсанд улам тодруулах зорилгоор доорх хэдэн зүйлийг бичлээ.

Домогт бөхийн тухай сонирхолтой уйл явдлууд

Далай чойнхор вангийн хошууны хүчит бөх Цагаан арслан, Цэмбэл арслан хоёрт хэр барагтай гутал багтдаггүй байжээ. Тэгэхлээр нь Далай ван ноён тэр хоёр бөхчүүддээ хятад газраас захиалгаар хийлгэн 32 угалзтай Жанчхүү наамал гутал хийлгэж өгчээ. Тэр гутлын ул нь ширмэл ултай байсан учир тасрахын аргагүй бөх бат гутал байжээ. Тэгээд нөгөө хоёр бөх тэр гутлыг цоо шинээр нь өмсөн хошуу наадамдаа барилдаж гэнэ.

Хоёр бөх үзүүр түрүү булаацалдах болж, Тариатын хүрээний Улаан хашааны дотор барилдаж байхад нь харахад гутлынхаа улаар газрын хөрсийг хүү хүү татаж хоёр сарлагийн бух мөргөлдөж байгаа юм шиг байж билээ. Тэгээд Цэмбэл арслан, Балбай Цагаан арслангийн гутлын улыг хамартай нь хамт атгаж аваад татахад Цагаан арслангийн өрөөсөн хөлнийх нь гутал нь хамраараа тасарч, ул нь тэг дундуураа тасарч гарт нь үлдсэн боловч Цагаан арслан нэг хөл нь ул хоншооргүй гуталтай Цэмбэл арсланг зөрж суйлж хаяж байсан гэж ярьдаг байв. Энэ барилдааныг Тойн өвгөн өөрийн нүдээр үзсэн гэж ярьдаг.

Нэг өдөр Далай ван ноён өвлийн идэш хоолоо төхөөрч сарлагийн гүйцсэн шар идэж гэнэ. Ноёны гэрээр дүүрэн хүмүүс байж гэнээ. Цагаан арслан гаднаас мах зөөж гэрт оруулж байж гэнэ. Ноёных идэш төхөөрсөн хүмүүст зориулж хуц тогоогоор мах чанаж мах нь захаасаа дөнгөж буцалж байж гэнээ. Тэгтэл Цагаан арслан өвгөн ноёнд хандаж хэлэхдээ "За, ноёных өнөөдөр идшээ идэж байна. Хүн болж ирснийх нэг сайн цадаад үхэх юмсан" гэж гэнэ. Тэгэхлээр нь өвгөн ноён их хилэгнэн уурлаж "Чи наад сарлагийнхаа адсагыг гол дундуур нь цуу татчих л даа. Тэгвэл би чамд наад үхрийн чинь махыг юу ч авахгүй. Цөмийг өгье. Чи болсонтой нь түүхийтэй нь үүрээд яваарай мэдэв үү. Чамайг үхрийн шир цуу татахыг энэ гэр дотор байгаа миний албатууд харж байг" гэжээ. Тэгэхлээр нь Цагаан арслан "Ноён хэлсэн үгэндээ эзэн болно биз дээ. Би энэ үхрийн ширийг татаад үзье л дээ. Болно биз" гэж гэнэ. Цагаан арслан босож зогсоод нөгөө дөнгөж төхөөрсөн нойтон сарлагийн ширийг хоёр чахалзуур дээрээс нь хоёр гараараа атгаж гол дундуур нь цуу татаж хоёр хэсэг болгож гэнээ. Тэгээд за болохсон болов уу ноёнтон минь гэж асуухад өвгөн ноён юу ч хэлж чадахгүй хоцорч Цагаан арслан үхрийн махыг сарлаг шарын аргамжаар хоёр давхарлан, захаасаа буцалж байсан махыг хамт боож гэрээс нь үүрээд явсан гэж ярьдаг байв.

Цагаан арслан Овоо тахилгын наадамд барилдаж түрүүлчихээд бай шагналд өгсөн морио хөтлөөд буцаж явж гэнээ. Гэтэл замд нь нэг монгол бух урамдаад замыг нь хөндөлдөн зогсож урд хоёр хөл эврээрээ газрын хөрсийг онги онги татаж шороо манаргаж эхэлж гэнээ. Тэгэхлээр нь хамт явсан Дэчил гэдэг гэлэнд хоёр морио бариулчихаад нөгөө бух руу явж очиход нь бух урдаас нь халз дайрч гэнэ. Дух руу нь өрөөсөн гараараа түлхэн зогсоож улмаар хоёр эврээс нь барин авч дугтран эврийг нь газарт шигтгэхэд орхисон гэдэг. Тэгээд тэр хавийн айлын хүмүүс Цагаан арслангийн бярыг гайхан ярилцаж гэртээ урин аваачиж хавчиг хувингаар архи өгч байсан юм гэнэ лээ гэж ярьдаг байв.

Энэ домогт бөх их том биетэй явахдаа хоёр хөл дээрээ далбаганаж явдаг байсан учир Балбай гэж нэрлэх болсон юм билээ. Энэ хүн маш том биетэй, их өндөр хүн байсныг батлах нэгэн жишээ бол Тариатын Хүрээний Улаан хашааг бүдүүн шургаагаар шивээлэн хатгаж хийсэн. Энэ хашааны өндөр нь газраас дээш дөрвөн үзүүр тохой, нэг алга дарам өндөр хашаа байж, гэтэл Балбай Цагаан арслан энэ хашааг тээгээд зогсож байхад уг хашааны өндөр Цагаан арслангийн улаан сугаар байсан гэж ярьдаг. Тэгэхлээр том хүн байсан нь тодорхой юм.

Б.Вандан

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]