Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Стэнфордын шоронгийн туршилтУншсан16,873

1971 онд Америкийн Стэнфордын Их сургуулийн сэтгэл судлаач-багш Филипп Зимбардо нь хүн тодорхой орон зайд хоригдох, янз бүрийн дарамтад орох үедээ сэтгэл санааны ямар өөрчлөлтөд ордог талаар нэгэн туршилт явуулжээ.

Доктор Филипп Зимбардо

1971 онд Америкийн Стэнфордын Их сургуулийн сэтгэл судлаач-багш Филипп Зимбардо нь хүн тодорхой орон зайд хоригдох, янз бүрийн дарамтад орох үедээ сэтгэл санааны ямар өөрчлөлтөд ордог талаар нэгэн туршилт явуулжээ.  Засаг төрөөс санхүүжүүлсэн энэ төсөлд 24 эрэгтэй хүнийг зараар олж сонгон хоёр бүлэг болгон хувааж нэг хэсэг нь шоронгийн хуяг, нөгөө хэсэг нь хоригдол болох ёстой байв. Эдгээр хүмүүс энэ жүжиглэлтийнхээ төлөө өдөрт 15 доллар авах ёстой байсан бөгөөд хуяг, хоригдол болох эсэхийг нь зүгээр л шодолтоор буюу зоосон мөнгө шидэн байж шийдсэн гэдэг. Ингээд туршилт эхлээд хоёр дахь хоногоос хоригдогсод “бослого” гаргаж, зургаа дахь өдөр шоронгийн хуяг нарын сэтгэл санааны болон бэлгийн дарамтаас болж туршилтыг зогсооход хүрчээ. Туршилт хоёрхон долоо хоног үргэлжлэх ёстой байсан боловч яагаад ийм хурдан дуусав аа?

Туршилтад орох хүсэлтэй хүмүүсийн бүртгэлээс сэтгэлзүйн ямар нэг асуудалгүй, урьд өмнө хэрэг төвөгт холбогдож байгаагүй хүмүүсийг сонгож аван хэнийг хуяг, хоригдол болгох талаар ярилцаж эхлэхэд олонх нь хоригдол болох хүсэлтэй байсан гэдэг ба дараа нь хамгийн догшин, зэвүүн авир гаргаж байсан нэг нөхөр ч бас хоригдол болох хүсэлтэй гэж байв. Нэгэнт ихэнх нь хоригдол болох санал тавьсан учир зоос хаян хэн нь хэн болохыг шийдлээ. Хоригдол болсон хүмүүс дараа нь энэ зоос шидэлт хуурамч зүйл байсан, анхнаасаа бие бялдар сайтай, өндөр, булчинлаг, тусгайлан бэлтгэсэн хүмүүсийг хуяг болгосон гэж ярьж байсан боловч үнэндээ тэд бие хаагаар илүүрхээд байх юмгүй, хоригдлуудын адил цэрэг цагдаа, шорон оронгоос дэндүү хол хүмүүс байжээ.

Хоригдлууд болох ёстой хүмүүсийг мэдээ өгтөл хүлээж бай гэж тараагаад нэг л өдөр гэрээс нь гэнэт баривчлан цагдаагийн хэлтэст авчран яг л гэмт хэрэгтнийг барихад гүйцэтгэх үйл ажиллагааг хийсэн бөгөөд зураг хөрөг, хурууны хээг нь авч, эрхийг нь уншиж өгөх зэргээр туршилт эхэллээ.

Эдгээр хоригдогсод нэг жижигхэн өрөөнд гурвуулаа хоригдох ба дотуур хувцасгүй, богинохон углаа цамц, резинэн шаахай, байнга толгойд углаатай байх ёстой нимгэн малгай (халзан мэт харагдуулах ёстой малгай) л өмсөх, нэр байхгүй зөвхөн дугаараар өөрийгөө нэрлэх ёстой болжээ. Богинохон углаа цамц нь олигтой юм хааж чадахгүй учир хоригдол жаахан тонгойх, эвгүй хөдлөхөд л бүх зүйл нь ил болж байсан ба хүний царай нүүрийг гутаан доромжилсон мэт малгай, шаахай зэрэг нь хүний хөдөлгөөн, өөртөө итгэх итгэлийг маш богино хугацаанд өөрчилж байсан гэдэг.

Хуягийн хувьд тэд хаки өнгөтэй хувцас өмсөж, хар толин шил зүүн, бороохой агсах боловч туршилтын дүрмээр хоригдлуудын биед халдах, хүч хэрэглэх эрхгүй байв. Харин сэтгэл санаагаар бол яаж ч дарамтлах эрх байлаа. Тэдний хувьд бас нэг давуу тал байсан нь найман цаг ажиллаад дараа нь гэртээ харьж амарч болох явдал. Гэсэн ч туршилтын үеэр олон хуяг сайн дураар илүү цагаар үнэ төлбөргүй ажиллаж байсан гэдэг.

Эхний өглөө болоход хуягууд орж ирэн хоригдлуудыг дугаараа хэлэн эгнэн зогсохыг шаардлаа. Хоригдлууд ч цовоо дуугаар дугаараа хэлж эхэлсэн боловч хуягууд сонсохгүй байгаа мэт болон дахин дахин хэлүүлж удалгүй буруу зөв хэлсэн гэсэн янз бүрийн шалтаг шалтгаанаар шийтгэж эхэлсэн байна. Тодорхой тоогоор суниах, галуун цуваагаар явах, бие засах, нүүр гараа угаах эрхийг нь хасах...

Харин сайн хэлж байна гэж үзсэн нэгэнд нь бүр тамхи татах боломж хүртэл олгож байлаа. Иймэрхүү байдлаар бүтэн хагас өдөр өнгөрсний дараа бослого эхэллээ. Хоригдлуудын нэг нь энэ туршилтаас хэн ч дураараа гарч чадахгүй, бүтэн 14 хоног хүний эрхэнд боол барлагаас дор доромжлолд байх болно гэж бусдыгаа ятгаж байсныг таслан зогсоохын тулд тэр эрийг тусад нь өөр өрөөнд хорьжээ. Хуягууд хоригдлуудын дунд өөрсдийн хүн байгаа мэт, тэдний хоорондоо ярьж байгаа бүх л зүйлийг  мэдэж байгаа мэт дүр гаргаж эхэлсэн бөгөөд хэсэг хоригдлыг сайн хоригдлууд гэж тусгаарлан илүү тайван боломжтой нөхцөлд хорих байдлаар хоригдлуудын дотор яс хаяж эхэлсэн нь тэдний хувьд маш их үр дүн өгсөн гэдэг.

Цаг явах тусам байдал хүндэрсээр. Эхний өдрүүдэд хуягуудын доромжлолыг ямар нэг байдлаар эсэргүүцэх, хэдхэн өдрийн туршилт гэсэн хайхрамжгүй хандлага... зэргээр нэлээд тайван байсан хоригдлууд нь 2-3-хан хоногийн дотор өөрийн гэсэн бодол санаагүй зомби, хуягийн тушаалыг яаран биелүүлдэг машинууд болж хувирсан байна. Хуягууд ч сэтгэл санааны дарамт үзүүлэхдээ улам гаргуун болж олон янзын шинэ арга чарга бодож олсоор байсан бөгөөд тав дахь өдрөөс бэлгийн дарамт, доромжлол эхэлжээ.

Шорон маань ч хир, хөлсөөр дүүрч, нүүр гар угаах, бие засах нь зөвхөн шагнал болж хувирсан ба шийтгэл нь улам бүр хорон болж байсны нэг жишээ нь жорлон нүцгэн гараар угаалгах, өрөөн дэх цорын ганц хэрэгсэл болох гудсыг нь хурааж аван хүйтэн цементэн шалан дээр унтуулах гэх мэт. Зарим нэг хоригдлыг туршилтын тухай насан туршдаа ярихгүй, анх гэрээлсэн хөлс мөнгөө авахгүй гэвэл яг одоо суллан явуулах тухай санал тавихад бүгд л дуу алдан зөвшөөрч байсан боловч энэ нь бас л нэг дарамт, туршилт байлаа.

Уг туршилтыг явуулж байсан Филипп Зимбардо нь энэ бүхнийг бүгдийг хянаж байсан, туршилтаа цэвэр байлгахын тулд аль болох бага оролцож байсан ч (туршилтыг дийлэхгүй болж ирсэн зарим нэг хоригдлыг өөр хүнээр сольсон гэх мэтийн ажлууд бас нэлээд бий) түүний энэ туршилтынх нь талаар юу ч мэдээгүй байсан найз бүсгүй нь ирж юу хийж байгааг нь харан “галзуурч” эхэлснээр хоёр долоо хоног үргэлжлэх ёстой байсан туршилт зургаахан хоног болоод зогсжээ. Энэ бүсгүй ингэж хөндлөнгөөс оролцоогүй бол хоригдож байгаа хүмүүсийн сэтгэл санаанд засаж боломгүй өөрчлөлт гарахад тун ойрхон байсан гэдэг.

Олон жилийн дараа Иракийн Абу-Грейб шоронд Америкийн цэргүүд хоригдлуудыг хэрхэн тамлан зовоож, дарамталж байсан тухай шуугиан гарахад олон хүн дээрх туршилтыг эргэн санасан ба туршилтын үеэр болж байсантай дэндүү адилхан зүйл их олон гарсан юм гэдэг. Дашрамд хэлэхэд 2018 онд АНУ-ын ТТГ-ын дарга болсон Жина Хаспел нь тэрхүү Абу-Грейбд бужигнуулж явсан гэх үнэн худал нь үл мэдэгдэх яриа байдаг билээ.

P.S

-Энэ туршилт нь бодит туршилт биш зальтай эрийн Засгийн мөнгө туух арга буюу жүжиглэлт байсан тухай зарим нэг мэдээ гардаг гэдгийг бас энд дурдах ёстой болов уу.

-Энэ туршилтаар хэд хэдэн уран сайхны кино хийсэн байна. Германы Das Experiment 2001 онд, 2010 онд Америкт энэ киноны ремейк болох The Experiment (Пол Шойринг найруулж, Эдриэн Броуди, Форест Витакер нарын тоглосон энэ киног олж үзээрэй), 2015 онд The Stanford Prison Experiment зэрэг билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]