Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Домог болсон нугаламгүй хүлэг “Мянгадын чонон саарал”Уншсан17,106

Монголчууд эрт дээр үеэс морийг шүтэж ирсэн. Наадам дөхсөн энэ өдрүүдэд хурдан морьдын уяа сойлго жигдэрч унаач хүүхдүүдийн сэтгэл гэгэлзээд сайхан байна.

Монголчууд эрт дээр үеэс морийг шүтэж ирсэн. Наадам дөхсөн энэ өдрүүдэд хурдан морьдын уяа сойлго жигдэрч унаач хүүхдүүдийн сэтгэл гэгэлзээд сайхан бадагсан. Хөдөө нутагт малын бэлчээрт хэн нэгэн бодол болон сууж буй гэхээс сайхан санагдана. Одоо адууны хурд Сүхбаатар, Дорноговь, Хэнтий гээд зүүн аймаг руу чиглэж, тэндхийн захын даагыг л таван саяар үнэлэх нь энгийн үзэгдэл юм. Ийн бодох нь Ховд аймгийн Мянгад сумын харьяат нэгэн хурдан буянг дурсах шалтаг эрж буйн хэрэг л дээ. Баруун Монголд төдийгүй улс орон даяар “Мянгадын чонон саарал" гэж алдаршиж ирсэн нэгэн хүлэг буй.

Чонон сааралын тухай тодруулбал, Мянгад сумын “Мөрөн” багийн Бортнууд овогт Лодойгийн Нацагийн хүү Готовын бидэртэй эрмэг борогч гүүний унага, Готовын ах Шаравсамбуугийн халиун халзаны төл, 1948 онд Мянгад сумын Мөрөн, Гахайт багийн зааг нутаг Товдоны буланд гарсан унага гэдэг. Лувсангийн Бат-Очир дааганд нь сургаж, аймгийн наадамд шүдлэн, хязааланд нь унаж түрүүлж байсан гэх.

Шүдлэнд нь Готовын дүү Лхагваа хязаалангаас өтлөх хүртэл нь уяач Сэдэнжавын Гомбоо уяж уралдуулж байсан байна. Саарал морины эх борогч гүү нь Сааяа гүний удмын адуу байсан аж.

Ер нь багаасаа их хурдан ажнай болох нь мэдэгдэж байсан гэж нутгийн хөгшчүүл хуучилдаг. Тухайлбал, хязаалан насанд нь их насны морьдтой үсэргэхэд түрүүлээд л ирдэг байж…

Хязаалан, соёолон нь Лувсандондогийн Жамсранжав уяж түрүүлж, аман хүзүүлж, соёолонд нь хол тасархай ирэхэд бүдүүн морь байна гэж дахин шүдлүүлж байсан удаатай. Хавчиг соёолонд нь зун Увс аймгийн Ховд сумын ногоон цэгээний наадам болон намар нь Мянгад сумын “Их арлын сургууль”-ийн наадамд их насны морьдын уралдаанд түрүүлж ирэхэд нь барих хүний морь нь гүйцэлгүй хоцорч байсан түүхтэй. Чонон саарал нь биеэр их том, галбир сайтай, уралдахаар гарч байгаа морьдын дотроос биеийн өндрөөрөө гоц ялгаран харагддаг, том толгойтой, өргөн магнайтай, соотон чихтэй, нүд томтой, майхан шиг алцгар салтаатай, галуун сагагтай, дэл, сүүл шингэн, хазах өшиглөхийг мэддэггүй, дөлгөөн араншинтай морь байжээ.

Чонон саарал ямар нэг наадамд очоод уралдахдаа эхлээд гарч саахалт хэрийн газарт тасарч, тасарсан хойноо биеэ нөөн хоёр чихээ солбин чимээ чагнан давхидаг, араас ирэх морины чимээгээр хурдаа нэмэн холддог. Анхны гарсан гараагаараа ирдэг.

Ховд, Увс аймгийн наадамд бүрэн бус мэдээгээр 16 түрүүлж, дөрвөн удаа аман хүзүүлж, нэг удаа айрагдаж “Мянгадын саарал”, “Чонон саарал” гэгдэх болжээ. С.Гомбоогийн Чонон саарал 1950 оны дунд үед уралдааны морины даамлуудын тооцсоноор 28.8 км замыг 27 минут буюу 17.8 м/сек хурдлан түрүүлж байсан талаар Д.Лхам /1991/, С.Жамбалдорж /1996/ нар бичсэн байна. Чонон саарал энэ хурдаараа улсад хоёрдугаарт бичигдэж байгаа юм. Нэгдүгээрт, Архангай аймгийн Их тамир сумын Л.Шагдаржавын хүрэн морь сум, аймагтаа 21 удаа түрүүлсэн бөгөөд аймгийнхаа 40 жилийн ойн баяр наадамд 30 км замыг 21 минут 33 секунд буюу 23.2 м/сек хурдтай ирсэн тухай баримт байдаг.

Чонон саарлыг 1950-иад оны дундуур ид уралдаж байх үеийн үсэргээний үеэр нутгийн өвгөд цуглаж суучихаад "Энэ саарал морь нөгөө домог болон яригдаж ирсэн үе нугаламгүй ажнай хүлэг мөн байна. Тэгэхээр залуучууд та нар алсдаа ясыг нь заавал үзээрэй" гэж захиж байжээ. Үнэхээр ч С.Гомбоогийн Чонон саарал, С.Данаажавын хүрэн саарал, Ч.Буянтогтохын хээр, Ч.Бат-Очирын бор хээр зэрэг ажнай хүлгүүд үе нугаламгүй ястай байжээ. Чонон саарлын молор эрдэнэ одоо аймгийн алдарт уяач, сумын заан Жамцын Чулуунбатад хадгалагдаж байна. Улсын алдарт уяач Амгалангийн Молом "Цуутай хурдан Мянгадын Чонон саарал шиг хүлэг миний мэдэхээр дахин төрөөгүй" гэж ярилцлагадаа өгүүлсэн байна. Жараад жилийн дотор төрөөгүй байгаа Чонон саарал шиг гоц хурдан ажнай Мянгад нутгаас эртнээс нааш тасраагүй удам, үе нугаламгүй сүрэг уламжлан өсч үржиж байгаа цагт төрөх нь эргэлзээгүй билээ.

Д.Жамбалдорж

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]