Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Д.Дашдаваа: Дэлхийн хаана ч болж байгаагүй том хэлмэгдүүлэлт зөвхөн Монголд болсонУншсан447

Хэлмэгсдийн холбооны тэргүүлэгч гишүүн Д.Дашдаваагийн 2014 онд "Нийслэл Таймс" сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна. Түүний аав н.Дамдин 1938 онд хэлмэгдэж тэрээр хэлмэгдлийн гашуун зовлонг өөрийн биеэр туулсан.

Хэлмэгсдийн холбооны тэргүүлэгч гишүүн Д.Дашдаваагийн  2014 онд "Нийслэл Таймс" сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна. 

Түүний аав н.Дамдин 1938 онд хэлмэгдэж тэрээр хэлмэгдлийн гашуун зовлонг өөрийн биеэр туулсан. 

Одоогоор "Хэлмэгдэгсдийн холбоо"-нд ажиллан бусад хэлмэгдэгсэдийнхээ дуу хоолой болж явна. Өдгөө 82 насыг зооглож буй тэрээр Хөдөө аж ахуйн дээд сургууль, Биеийн тамирын хороонд эрдэм шинжилгээний ажилтан, дасгалжуулагч багшаар ажиллаж байжээ. 

-Таны аав болон ах дүүс тань 1938 онд хэлмзгдэж байсан гэдэг. Ямар шалтгаанаар?

-1938 онд миний аав, ээж болон ээжийн маань ганц дүү болох нагац ах, аавын эмэгтэй дүү гээд манай хөгшчүүлийг бүгдийг нь буудсан. Ингэхдээ Зөвлөлтийн Засгийн эсрэг ажиллаа гэх хэрэг тулгасан юм шиг байна лээ.

-Одоо та Хэлмэгдэгсдийн холбоонд ажиллаж байна. Тэдний ар гэртэй ойр дотно байдгийн хувьд өнөөдөр хэлмэгдэгсдийн ар гэрийнхний хохирлыг хэрхэн барагдуулж байгаа гэж бодож байна вэ?

-Тэтгэвэрт сууснаасаа хойш хэлмэгдүүлэлтийн асуудлыг судалж байгаа, Өөрөөр хэлбэл.Монголд яагаад ийм хэмжээний хэлмэгдүүлэлт болов. Хэлмэгдсэн хүмүүсийг яах ёстой юм бол хохирлыг нь барагдуулах ёстой юм уу, үгүй юм уу гэсэн баримтуудыг үзэж байгаа. 

Эцгийг нь алаад бүх хөрөнгийг нь хураачихаад, бэлэвсэрсэн гэргий, үр хүүхдүүдийг нь эсэргүүний хүүхдүүд гээд ад шоо үзээд ажилтайг нь ажил сургуулиас нь хөөж гаргаад боловсрол мэргэжилгүй болгож бүх амьдралаар нь хохироосон байдаг. Ийм хүмүүс олон байна. 

Буудуулсан 30 мянган хүний хүүхдүүдийн дээд тал нь 80, 90 настай болж хорвоогийн мөнх бусыг үзүүлсээр байгаад ердөө 900 гаруйхан хүн үлдсэн байна. Тэдний хохирлыг одоо хүртэл барагдуулаагүй байгаа. Тэр дундаа хамгийн хүнд хэлмэгдсэн энгийн хүмүүсийн хохирлыг барагдуулахгүй байна. 

Тийм учраас амьд сэрүүн дээр минь хохирлыг минь барагдуулаасай гэсэн хүмүүс олон байна. Тэд цагаатгагдаад 20, зарим нь 50 гаруй жил болж байна. Тэд нэг сая төгрөгөөс өөр юу ч аваагүй. Гэтэл гадны оронд асуудал арай өөр байна. 

Ганцхан монголд л хэлмэгдэгсдийн хохирлыг барагдуулахгүй цааргалаад байна. Эцгийг нь алаад хөрөнгийг нь төр хурааж аваад идчихсэн мөртлөө хохирлыг нь барагдуулахгүй байгаа нь ямар учиртай юм гэдгийг би ердөө ойлгохгүй байна. Үндсэн хуулинд бусдад хууль бусаар учруулсан хохирлыг баталгаатай нөхөн телүүлнэ гээд заачихсан. 

Энэ талаар хэлэхэд хууль гаргана гээд 10 гаруй жил болж байна. Тийм учраас хэлмэгсдийн үр сад болох цөөн хэдэн хөгшчүүл бухимдаад байгаа юм. Гэхдээ сүүлийн үед тодруулбал 1960-аад онд хэлмэгдсэн хүмүүсийн хохирлыг барагдуулсан тал бий. Гэсэн хэдий ч 1930-аад оны хүмүүст дундаа хувааж ав гэж нэг сая төгрөг өгснөөс өөр юу ч өгөөгүй. 

Ер нь хамгийн их хэлмэгдсэн хүмүүс бол 1930,1940-өөд оныхон л байгаа шүү дээ. Өдгөө тэдний ихэнх нь боловсролгүй хамгийн бага тэтгэвэртэй ядуухан амьдарч байна. Ихэнх нь байр сууцгүй. Тийм учраас тэд амьд сэрүүн дээр минь байрны мөнгийг нөхөн төлбөр болгоод өгөөч гэж хүсээд байгаа юм. 

-Таны хувьд амьдрал ямар байна?

-Би одоо 82 нас хүрч байна. Дээд боловсрол эзэмшсэн. 1950 онд гадаад явахаар сургуульд шалгалт өгч тэнцээд бас тухайн үеийн Гадаад явдлын яамны нэрийн өмнөөс намайг авъя гэсэн болохоор хөөцөлдөөд явж байтал "зөвлөлтийн эсэргүү цагааны оргодлын хүүхэд байна" гээд намайг явуулаагүй. 

Тэгээд монголдоо МУИС-ийн мал эмнэлгийн ангид орж дээд боловсрол эзэмшсэн. Яахав тэдний дундаас дээд боловсролтой болсон цөөхөн хүмүүсийн хувьд гайгүй амьдраад явж байгаа. Би ч гэсэн улсад олон жил ажилласан болохоор 400 гаруй мянган төгрөгийн тэтгэвэр аваад боломжийн амьдарч байна. 

-Хэдэн хүүхэдтэй вэ?

-Гурван хүүхэдтэй. Тэд маань ардчиллын буянаар гадаадад явж амьдарсан. Бид хоёрт тусалдаг. Хоёр өрөө байраа хүүхдүүддээ өгчихөөд одоо гадаадад амьдардаг хүүхдийнхээ байрыг сахиж байгаа. Заримдаа Салхитад очиж хашаа байшинд амьдардаг. 

-Тэгэхээр та 1932 оны хар түүхийн цагаатгах ажил өнөөдрийн байдлаар удаашралтай явагдаад байна гэж хэлэх гээд байна уу?

-Тэгэлгүй яахав. 1932 оны бослогыг Ардын засгийн эсрэг социализмын үед лам нар боссон гэдэг. Тэр үед хоёр эрэгтэй хүний нэг нь лам байсан гэж бодохоор лам нар олон байсан. Лам нар төдийгүй улсын бага хурлын гишүүд цэргийн дарга нар, нам эвлэлийн гишүүд энгийн ардууд гээд бүгд боссон юм билээ. 

Тиймээс өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлаар ард түмний бослого гэж нэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Миний хувьд энэ үйл явдлыг цагаатгах нь зүйтэй гэж боддог юм. Учир нь ард түмнийг яалт ч үгүй ийм бослого гаргахад хүргэсэн байдаг. 

Бүр тодруулбал, тэвчихийн аргагүй болсон учраас л тэд боссон. Эхлээд БНМАУ-аас 40 мянгаад хүн ийм газар яаж амьдрахав гээд Хятад руу дүрвэсэн. Тухайн уед шашинд их автсан байсан учраас шашин шүтлэгийн доромжлолоор эд хөрөнгийг нь хураагаад үнэхээр босохоос өөр аргагүй болсон шүү дээ. 

-Энэхүү бослогод хичнээн хүн оролцсон гэсэн тоо баримт байдаг юм бол. Хичнээн хэмжээний эд хөрөнгийг нь хураасан юм бол?

-Би судлаач түүхч биш ч гэлээ 1932 оны бослогыг сонирхдог. Ер нь энэ бослогын үеэр зургаан мянгаад хүн алуулсан гэдэг юм билээ. Байлдаанд алагдсанаасаа илүү барьж аваад цаазалсан нь олон байдаг. 

-Одоогоор эдгээр хүмүүсийн цагаатгалын ажил хэрхэн явагдаж байна вэ?

-Тэр үед монголын насанд хүрсэн эрэгтэй хүний 20 хувь нь баривчлагдаж шоронд орж 15 хувь нь буудуулсан. Дэлхийн хаана ч ийм том хэлмэгдүүлэлт болж байгаагүй. Зөвхөн Монголд болж баисан. Тэгээд эдгээр хүмүүсээс 1990 оноос хойш цагаатгагдаж байна л даа. Үүнээс өмнө 1956-1662 онд гурван цагаатгалын комисс ажилласан.

 Энэ хугацаанд 330 гаруй хүн цагаатгасан байдаг. Ялангуяа лам нарыг цагаатгаж болохгүй эд нар алагдах ёстой дайсан гэж Ю.Цэдэнбал гуайн илтгэл өгүүллэгийн хоёрдугаар ботийн 14 дээр байдаг. 

1960 оны долдугаар сард намын хорооны тогтоол гараад энэ ангийн этгээдүүдийг цагаатгахгүй байх нь зөв гээд 1990 он хүртэл нэг ч ламыг цагаатгаагүй. Тухайлбал Егзөр, Манзушир, Дилав хутагт нар бүгд цагаатгагдаагүй. Харин 1990 он Ардчилсан хувьсгал гарч ирээд лам нарыг цагаатгасан байдаг. 

-Та хэлмэгсдийн холбоо тэргүүлэгч гишүүний хувьд 6yсад хэлмэгдсэн хүмүүсийн талаар дуу хоолойгоо хаана хэрхэн xүpгэж байна вэ?

-Боловсрол эзэмшээгүй нас өндөр болчихсон хүмүүс өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж чаддаггүй, тэмцэж ч чаддаггүй юм байна. Тиймээс би тэдний өмнөөс санал хүсэлтийг нь төр засагт тавьж байгаа. 

 

Д.Нэргүй 

Эх сурвалж: Нийслэл Таймс

2014 ОН

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]