Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ленинградын бүслэлтУншсан6,300

Ленинградын газар тариалангийн хүрээлэнд Зөвлөлтөд төдийгүй дэлхийд цор ганц байх үр тарианы фондод олон тонн үр тариа, төмс, будаа бүтнээрээ үлдсэн.

“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ- Технологийн сургууль, Монгол Улсын Зөвлөх инженер Д.Отгонбаатар.


Аугаа их Эх орны дайны ялалтын баярыг жил бүрийн 5 дугаар сарын 09-ний өдөр Оросын ард түмэн ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр зөвхөн Зөвлөлт Холбоот Улс дайнд ялсны баярын өдөр бус маш олон хүний амь нас эрсэдсэн асар их гарз хохирол, гай зовлон дагуулсан дэлхийн дайн дуусч, энх тайван цаг эргэн ирсэн баярт өдөр юм. Дайны хор хөнөөлийг амссан, хохирсон, зовсон бүх ард түмний “Баярын өдөр”-ийг дэлхий нийтээрээ тэмдэглэдэг тэр дундаа монголчууд бид ч зохих хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан уламжлалтай. 

Дайны хүнд бэрх жилүүдэд Монголын ард түмнээс өгсөн тусламж, сэтгэл санааны дэмжлэгт  талархан  дурсаж 2017 оны 5 дугаар сард ОХУ-ын нийслэл Москва хотод “Дайны замаар” нэртэй монгол морьдын хөшөө босгосныг бид мэднэ. Аугаа их  Эх орны дайны ялалтын баяраар ОХУ-ын олон хотуудад цэргийн  сүрт парад, “Үхэшгүй мөнхийн хороо” нэртэй дурсгалын жагсаал, гадаа гудамжинд концерт тоглох, дайнд амь үрэгдэгсдийгээ хүндэтгэн дурсаж тэдний хөшөө дурсгалд цэцэг өргөх гэт мэт олон арга хэмжээ зохион байгуулж өндөр дээд хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.

Орчин үеийн түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн бүслэлтэд орж, өлсгөлөн зовлон, үхэл хагацал гээд олон хүнд бэрхийг даван туулж төрөлх хотоо баатарлагаар хамгаалсан аугаа түүхтэй хот бол Ленинград (одоогийн Санкт-Петербург) юм. Орос орны урлаг соёл, шинжлэх ухааны нүүр царай болсон уран барилга, архитекторын шилдэг бүтээлүүдтэй тансаг сайхан энэ хот хоёр дахь нийслэлд зүй ёсоор тооцогддог. Тэр сайхан хотод сурч, амьдарч байсны хувьд Санкт-Петербург хот Оросын бусад хотуудаас өөр гэдгийг мэдэхийн хувьд энэ ялалтын баярын өдөр миний хувьд ердийн өдөр биш юм.

Дэлхийн II дайны үед фашистын германууд Ленинград хотыг эзлэн авах нь стратегийн чухал ач холбогдолтой гэж үзэж байсан бөгөөд тэдний цэргүүд 1941 оны 7 дугаар сарын 10-нд хотыг эзлэн авах дайралтаа эхлүүлсэн. Ленинград хот бүслэлтэд 1941 оны 9 дүгээр сарын 9-нөөс 1944 оны 1-р сарын 27 хүртэл 872 хоногийн турш байсан бөгөөд түүхэнд Ленинградын бүслэлт гэдэг нэрээр мөнхрөн үлдсэн.

Бүхэл бүтэн 872 хоног бүслэлтэд байсан энэ хотын амиа алдсан 1,5 сая иргэний ердөө гурван хувь нь л их бууны буудлага, бөмбөгдөлтийн үед амь алдсан бол үлдсэн 97 хувь нь өлсгөлөн, өвчнөөр өөд болсон гэдэг. Тиймдээ ч энэхүү бүслэлт орчин үеийн түүхэн дэх хамгийн урт удаан хугацаанд үргэлжилсэн хамгийн их эвдрэл сүйрэл, үхэл зовлон авчирсан харгис хэрцгий бүслэлт дайны тоонд тооцогддог.

Гитлерийн Германы төлөвлөгөөний дагуу хотыг газрын хөрснөөс арчих ёстой байлаа.

Харин Ленинград хотын улаан армийн анги гарнизоны цэргүүд хотын оршин суугчид германчуудын довтолгоонд хүчтэй няцаалт өгч, хотоо баатарлагаар хамгаалж чадсан юм.

Тиймээс германчууд бүслэлтээ үргэлжлүүлэн хотын хүн амыг өлсгөлөнгөөр буулган авахаар шийдсэн бөгөөд дайснууд хотын томоохон хүнсний агуулахуудыг хамгийн түрүүнд дэлбэлсэн нь харгис хэрцгий бодлогын эхлэл байсан. Бүслэлт эхлэнгүүт хотын хүнсний нөөц дуусч, талоноор хүнс, талх олгож эхэлсэн ба жирийн иргэд өдөрт 125 гр, ажилчид 250 гр хар талхны нормтой байсан. Эргэн тойрны бүх хуурай газрыг бүсэлж, хот руу орох гарах авто зам, төмөр замыг бүгдийг хаажээ. Бүслэлт эхэлснээс гурван сарын дараагаас гудамжинд өлсгөлөнгөөс болж нас барсан хүмүүсийн цогцос харагдаж эхэлсэн байна.

Агаараар, усаар гэсэн хоёр аргаар хүнс залгуулах боломжтойгоос нисэх онгоцоор хүнс тогтмол зөөгөөд байх аргагүй байсан тул хотын зүүн хэсгээр Ладога нуурын ус өвөл хөлдөнгүүт хот руу маш бага хэмжээгээр хүнс нууцаар оруулдаг буцахдаа хүүхдүүдийг бүслэлтээс зөөж гаргадаг байсан. Гэхдээ нацистууд Ладог нуурын орчмыг тасралтгүй бөмбөгдөж байснаас өлсгөлөнг давж зугтаж гарсан ард иргэд зам зууртаа бөмбөгдөлтөд өртөн амиа алдах нь олон байжээ.

Олон хүний амьдралыг залгуулж “гадна” ертөнцтэй харьцах ганц жим болж байсан болохоор түүнийг “амьдралын зам” гэж нэрлэж байсан билээ. Өлсгөлөнгийн хүнд хэцүү үеийг даван туулахын тулд хүмүүс идэж болох бүх л зүйлийг иддэг байж, муур нохойг ч идэж сүүлдээ хулгана харх ч харагдахаа больсон гэдэг. Түүнээс гадна цавуу, мод, холтос, арьсан гутал, ширэн бүсийг буцалгаж шөл болгож, ханын цаасаа уран зажилж байсан талаарх гашуун түүх өнөөг хүртэл хүмүүсийн сэтгэлийг эмзэглүүлсээр байдаг.

Өвлийн хүйтэн гэрэл цахилгаангүй түлэх түлээгүй, идэх хоолгүй, олон хоног сарын өлсгөлөнт тарчлаанд хүн юу ч хийхээс сийхгүй мэт санагдавч тэд оюунт хүн хэвээрээ байж чадсан. Фашистууд хортой хоол хүнс, өвчтэй мал амьтан онгоцоор хаяж хотын  оршин суугчдыг хордуулах ,өвчин тахал тараах гэх мэтийн хамгийн бузар харгис хэрцгий арга хэрэглэж байсан ч тэд баатарлагаар тэмцээр байсан юм. Зарим эх сурвалжуудад гудамжинд хүн нас барахад тэдний цогцос дорхноо алга болдог байсан, хүний махаар хооллодог хэд хэдэн бүлгийг илрүүлэн тэдгээр хүн араатнуудыг газар дээр нь буудан хороосон тухай бичсэн нь бий.

Ленинградын газар тариалангийн хүрээлэнд Зөвлөлтөд төдийгүй дэлхийд цор ганц байх үр тарианы фондод олон тонн үр тариа, төмс, будаа бүтнээрээ үлдсэн. Өлссөн хотынхон ширхэг ч төмс, атга будаанд гар хүрсэнгүй тэр ч байтугай тус хүрээлэнгийн 28 ажилтан өлсгөлөнгөөс болж нас барсан түүхэн баримт бий. Дайны дараа чухам энэ фондын ачаар газар тариалан, хөдөө аж ахуй эргэн сэргэж олон сая хүнийг хүнс хоолтой залгуулж, амь амьдрал бэлэглэсэн ачтай газар юм.

 Бидний өнөөдрийн идэж буй төмс, ногоо, гурил ч энэ фондоос эхтэй болов уу? хэмээн боддог.

Үр тарианы фондын ажилчдын дурсгалд зориулсан дурсгалын самбар.

Үр тарианы фондын хэсэг.

Ленинград хотын бүслэлтэд 2,5 сая хүн байсан ба 400 мянга нь хүүхдүүд байсан гэдэг. Бөмбөгдөлтийн үеэр олон зуун байшин барилга сүйдэж, барилгын нурангид хүмүүс олноороо дарагдаж амиа алдах ч үе байжээ. Бүслэлтийн үеийн хамгийн аймшигтай цаг үе бол 1942 оны өвөл байсан гэдэг. Хотын төвлөрсөн халаалтын систем ажиллахгүй болсон өвлийн хүйтэнд Ленинградын оршин суугчид гэрийнхээ модон тавилга, ном цаас түлж дулаацахаас өөр аргагүй.

Нөхцөл байдал хүнд байсан хэдий ч хотын амьдрал алхам алхмаар үргэлжилсээр л. Бүслэлтийн үеэр сургууль, үйлдвэрүүд ч ажилласаар л байсан бөгөөд Кировын завод гэхэд л фронтын шугамаас хэдхэн километрийн зайтай байсан үйлдвэртээ танк, их буу, зэвсэг техник үйлдвэрлэж байсан билээ. Хотын иргэд амьд гарахын тулд хамтран тэмцэж театрууд нээлттэй урлаг соёлын арга хэмжээнүүд явагдаж байсан гэдэг. Нацистуудын их бууны галын дор бүслэгдсэн хотод аугаа их хөгжмийн зохиолч Дмитрий Шостакович 7-р симфониа бичжээ. Түүний энэ бүтээлийг 1942 оны 8-р сарын 9-ний өдөр Ленинградын радио чанга яригчаар хот даяар нэвтрүүлсэн байна. Ленинград хотын ард иргэд нацистуудын эсрэг тэмцэх зориг төгөлдөрийг илтгэн харуулсан баатарлаг тэмцлийн бэлэг тэмдэг болсон энэ концертыг радио чанга яригчаар хот даяар хүргэж байсан тэр үед Ленинградын дээрээс нэг ч бөмбөг унаагүй гэж бичсэн байдаг.

Ленинградын үйлдвэрүүдэд цэрэг дайны зэвсэг техникийн 30 хувийг үйлдвэрлэж байсан ба алдарт Катюша пуужин харвагчийг хүртэл тэнд үйлдвэрлэдэг, мөн хотын 10 гаруй үйлдвэр заводад байлдааны онгоц үйлдвэрлэн фронтод илгээж, тэнд өсвөр насны хүүхдүүдийг ч ажиллуулдаг байлаа.

Аж үйлдвэрлэлийн том төв байсны хувьд шилдэг инженер техникийн ажилтнууд энэ хотод олноороо ажиллаж амьдарч байжээ. Бүслэлтийн дараа мөн дайны үед ч олон музей, музейн үзмэрүүдийг бүрэн бүтэн хадгалан хамгаалах, сэргээн засварлах ажил эрчимтэй явагдаж байсан юм.

Дайны үеийн Невскийн өргөн чөлөө.

Эх орны дайны эхлэлийн цэг байсан, фронтын тэргүүн эгнээнд байлдсан Ленинградын ард иргэд одоо ч Орос орны бахархал, үлгэр дууриал болсон хэвээр байдаг юм. Санкт-Петербург хотын оршин суугчид Москвагийнхныг “тосгоныхон”, “хөдөөнийхөн” гэцгээдэг. Өлсгөлөн үхлийн аймшигт зовлон амссан Санкт-Петербургийн оршин суугчид бусад хотын ард иргэдээс тэс өөр эелдэг зөөлөн, боловсролтой соёлтой, хөгшчүүд нь дотроосоо гэрэлтсэн зан харьцаа сайтай, найрсаг, тусархаг хүмүүс.

Аугаа их Петр хааны үндэслэсэн байгуулсан энэ хотод тэр үеэс л ихэс дээдэс язгууртнууд, алдар нэртэй зохиолч, жүжигчид, зураачид, урлаг соёлын алдартнууд, эрдэмтэн мэргэд, инженер техникийн ажилтнууд гээд нийгмийн дээд давхаргынхан ажиллаж амьдарч ирсэн түүхтэй билээ. Тэр үеэс  өнөөг хүртэл Орос орны түүх, соёл урлаг, шинжлэх ухааны үүр уурхай гол цөм нь байсаар ирсэн юм. Бүр XIX зууны үед гэхэд л Санкт-Петербург хотын дурын морин тэрэгчин Европын аль нэг хэлээр ярьдаг, ойлгодог байсан гэдэг. 

Ийм оюунлаг сэхээтний хотод амьдрахаас гадна асар их зовлон бэрхшээлийг биеэрээ мэдэрсэн ард түмэн болохоор тэр үү илүү боловсорсон гэгээрсэн, оюунлаг мэт санагддаг.  Магадгүй өлсөх, даарах, өвдөхийн зовлон туулаагүй соёл урлаг, шинжлэх ухаанаас хол хөндий бүдүүн борог харьцаатай хаяг асуухад дайрчих шахам өнгөрөх бухимдуу ширүүн хүмүүстэй өөр хотынхон тэдэнд “хөдөөнийхөн” мэт санагддаг байж болох юм.

Анх Санкт-Петербург хотод очоод дэлгүүрт тал талх, талын тал талх зүсүүлж авч байхыг хараад их л сонин санагдаж байж билээ. Нэг удаа хотын Технологийн Их сургуульд сурдаг монгол найз дээрээ очихоор яваад дотуур байрны жижүүр эмгэн хогон дотор бүтэн талх хаясан байхыг хараад авч хажуудаа тавьчихаад уйлж суухыг харсан билээ. Зүсэм талх хүний амьтай дүйсэн хүнд хэцүү цаг үеийг туулсан болохоор талхны үнэ цэнийг мэддэг тэрээр хойч үе нь ямар болж байгааг хараад сэтгэл өвдөн  уйлсан байх.  Гэхдээ тэр талхыг дотуур байранд амьдардаг орос оюутнууд биш араб оюутан хаясан нь сүүлд тогтоогдсон. 

Тэр хотын хөгшин залуу хэнбугай ч талхны үйрмэгийг ч хаяхгүй, талхыг бүтнээр авчихаад идэхгүй удаагаад үлдсэн хэсгийг хаяна гэсэн ойлголт  огт байдаггүй.  Тийм зуршил гадны хүнд ч суудаг байх, тэнд нэлээд хэдэн жил сурч амьдарсан, хотын олон музей үзмэрээс өлсгөлөн зовлонгийн тухай бодит баримтыг харсан, түүхээс нь уншсан миний бие одоо ч талхны үйрмэг хаядаггүй, хүнс хоол үлдээж хаяхгүйг хичээдэг.

Германчууд Ленинградыг газрын хөрснөөс арчих бодолтой байсан гэдэг.

“Соёлтой боловсролтой зэрлэгүүд хамгийн аймшигтай араатан болдог” гэж нэгэн суутан хэлсэн нь бий. Германчууд өөрсдөө соёл гэгээрлийн асар их түүх соёлтой, өв уламжлалтай ард түмэн хүн төрөлхтөний түүхэн өв соёлын нэг болох Санкт-Петербург хотын түүх соёлын тансаг сайхан өвийг сөнөөх устгах, газартай тэгшлэх харгис санаатай байсан гэдэг аймшигтай.

Тэд асар их үнэ цэнээр төрөлх хотоо болон түүх соёлын дурсгалт олон газраа хамгаалж авч үлдэж чадсан юм. Германчууд дайны жилүүдэд хотын ойролцоох түүх соёлын өв болсон  Петергоф гэх мэт олон газрыг эзлэн авч чадсан ч газартай тэгшлээгүй үлдээсэн.

Орос орны түүх, соёлын үнэлж баршгүй өв хадгалагдсан  олон ордон өргөөг сэргээж болох хэмжээнд үлдээсэн нь одоо дэлхийн олон сая хүний нүд сэтгэлийг баясгаж байна. Газартай нь тэгшилж эзлэн авахад 3 сарын хугацаа хэрэгтэй байсан гэдэг ч стратегийн ийм чухал газрыг 3 жил бүслэлтэд байлган, хүн ардыг нь хүнс хоолоор тасалж, өлсгөлөнгөөр буулгах гээд тэд чадаагүй юм. Асар их тэвчээр хатуужил шалгасан хүнд бэрх 900 хоногийн дараа ЗХУ-ын цэргүүд нэгдсэн хүчээр Германы бүслэлтийн армийг бут цохин хотоос 60 км алсад хөөн зайлуулж чадсан. Ийнхүү нацистуудыг үлдэн хөөснөөр өлсгөлөнд нэрвэгдэн турж эцэн, ядарч туйлдсан хотын ард иргэдийг чөлөөлсөн байна.

Төрөлх хотоо баатарлагаар хамгаалж чадсан ленинградчуудыг магтан дуулж алдаршуулан ялалтын баярын 20 жилийн ойгоор буюу 1965 оны 5-р сарын 09-нд  Ленинград хотыг  ЗХУ-ын Баатар хот хэмээн өргөмжлөн алтан таван хошуу одонгоор шагнасан. Хотод өнөө хэр нь дайны үеийн хүнд бэрх, хахир хатуу цаг үеийг санагдуулсан дурсгалт газрууд олон бий тэднийг огт хөндөж өөрчлөлгүй хэвээр хадгалан дайн, өлсгөлөнгийн үеийн хөшөө дурсгал үзмэр болгон хойч үе, хүүхэд залуустаа үзүүлэн таниулдаг.

Миний сурч байсан Уул уурхайн Их сургуулийн хашаан дотор гэхэд л эх орны дайнд оролцсон, бүслэлтэд амь үрэгдсэн сургуулийнхаа багш оюутан, ажилтнуудад зориулсан дурсгалын хөшөө босгосон байдаг. Аугаа эх орны дайны жилүүдэд Уул уурхайн их сургуулийг Иркутск мужийн Чермехово хот руу нүүлгэн шилжүүлсэн. Бүслэлтийн дараа 1944 оны 8-р сард буцаж нүүж ирэн нурж эвдэрсэн байшин барилгаа сэргээн босгох, засварлах хотын болон өөрийн сургуулийн барилгууд дотор унасан тэсрэх бөмбөг, сум хэрэгслийг аюулгүй болгох цэвэрлэх үйл ажиллагааг идэвхтэй явуулжээ.

Санкт-Петербург хотын уул уурхайн их сургуулиас олон зуун оюутан, аспирант ,багш нар эх орны дайны  фрондод байлдсан ба тэднээс 185 хүн фронтын шугам дээр амь эрсэдсэн ба зуу гаруй хүн өлсгөлөн  бөмбөгдөлтөд өртөж амь насаа  алдсан гэдэг.

Санкт-Петербургийн уул уурхайн их сургуулийн байранд унасан тэсрэх бөмбөгийн тоо байршлыг  харуулсан зураг.

Санкт-Петербургийн уул уурхайн их сургуулийн дайны үеийн болон өнөө үеийн фото зураг.

Санкт-Петербургийн уул уурхайн их сургуулийн хашаан доторхи аугаа эх орны дайнд оролцогчдод зориулсан дурсгалын хөшөө.

Ленинградын бүслэлтийн 15 жилийн ойгоор Пискарёвскийн оршуулгын газарт хүндэтгэлийн цогцолбор нээж, нэр нь үл мэдэгдэх амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулан мөнхийн гал асаасан юм.

Хүнд хэцүү 900 хоног үргэлжилсэн бүслэлтийн үеэр өлсгөлөн, агаарын дайралт, өвчин тахалаар амь үрэгдсэн хүүхэд, хөгшид гээд нийт 1 сая 200 мянган хүн энд нойрсож буй. Цогцолборын музейд дайн өлсгөлөнд амь үрэгдэгсдийн бичиж байсан захидал, тэмдэглэл, эдлэж хэрэглэж байсан эд зүйлс, зүсэм хар талхыг ч хүртэл үзмэр болгон тавьсан байдаг. Сая сая хүний амийг авч одсон дайны хар мөрийг гэрчлэх эдгээр тэмдэглэлүүд түүхэн баримт болон хадгалагдаж байна.

Пискаревскийн оршуулгын газар буюу дурсгалын цогцолбор

Танягийн тэмдэглэлийн дэвтрийн хуудаснууд.

02.05.2019

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
8 сар 13. 15:38
DD

Сайхан гэхээсээ илүү үнэн, энгийн ойлгомжтой бичжээ. Одоогийн залуучуудад эх орон, эх оронч үзэл, эрх чөлөө гэж юу байдаг, түүнийг хэрхэн олж авдаг, хамгаалдаг талаар мөн хувь хүний төлөвшил гэх мэт сэдвээр дорвитой ажил явуулмаар санагддаг юм.

8 сар 10. 18:40
Энхээ

Маш сайхан дэлгэрэнгүй, өмнө нь огт сонсож байгаагүй олон баримтыг агуулсан сайхан нийтлэл байна. Баярлалаа Отгонбаяраа. Дахиад Оросын түүхийн гоё гоё нийтлэлүүд бичээрэй. Тэсэн ядан хүлээж байя

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]