Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

А.Сүхбат: Өсөхөө намайг босч ирэхгүй болтол өшиглөсөн нь болсон юмУншсан44,242

Давж л байвал ам мэх хийх, үгүй нь хамаагүй шүү дээ. Тэр бол барилдааны л нэг хэлбэр. Ам мэхэнд унаж байгаа бол ёстой хохь нь байхгүй юу. Боловсроогүй, бэлэн биш байна гэсэн үг.

Монгол бөхийн түүхэнд нэгэнтээ залуу зургаан заан хэмээн алдаршсан бөхчүүдийн тухайн цаг үедээ хэвлэлд өгч байсан ярилцлагаас сэргээн, түүвэрлэж уншигчдынхаа сонорт дахин хүргэж байгаа билээ. Сэтгүүлч Д.Нанжид Монгол Улсын дархан аварга А.Сүхбаттай ярилцлага хийж "Өдрийн шуудан" сонинд нийтлүүлж байжээ. ”Дархан аваргын төлөө зүтгэх л байсан” хэмээх гарчиг бүхий дэлгэрэнгүй сайхан ярилцлага авсан нь өдгөө түүх болон үлджээ.

 
А.Сүхбат: ”Дархан аваргын төлөө зүтгэх л байсан”

 

Монгол түмний хайртай аварга маань дуулиан шуугиантайхан зодог тайлаад зургаан жил болсон ч олны анхаарлын төвд байсаар. А.Сүхбат 1992 оны Хэнтий аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан, 1993 онд улсын баяр наадамд улсын начин Ш.Батхуягаар зургаа давж өсөх идэр чимэгтэй улсын начин, 1997 онд улсын аварга О.Балжиннямаар долоо давж улсын заан, 2000 онд улсын заан Б.Гантогтохоор ес давж түрүүлэн улсын арслан цол хүртсэн. 2001 онд Б.Бат-Эрдэнэ аваргаар 10 давж түрүүлэхэд нь далай аварга бус улсын аварга цол олгосон юм. 2004 онд улсын гарьд Б.Гантогтохоор ес давж түрүүлэн далай аварга цол хүртсэн. Түүнийг зодог тайлсных нь дараа жил буюу 2007 онд 2001 онд 10 давж түрүүлсэн амжилтыг нь үнэлж, даян аварга цолыг нь нөхөж олгосон билээ.

Унаган авьяас, хичээнгүй хөдөлмөр, хор шартай зангийн нийлбэр болсон уран барилдаант аварга маань үндэсний бөхөөс гадна их спортод ч өндөр амжилт үзүүлсэн. Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, “Монгол говь” олон улсын тэмцээний гурав, Монгол Улсын таван удаагийн аварга, ОУХМ, сонгомол барилдааны Зүүн Азийн наадмын мөнгөн медальт, сонирхогчдын сүмо бөхийн 1995, 1997 оны дэлхийн аварга тамирчин. МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Гацуурт-Олимп” сургуулийн захирал А.Сүхбат тун завгүй нэгэн. Аваргаас хариулт аваагүй асуулт олон үлдсэн ч “Эр хүний замын хүзүү урт” гэдэг болохоор эргэж уулзах тохиол бүрдэх байлгүй дээ. Бид ийн ярилцлаа.

 

БӨХӨӨС ОЛОН САЙХАН ЗҮЙЛИЙГ АВСАН

-Та анх Монгол Улсын гавьяат дас­гал­жуулагч О.Цэрэн­дагва багшийн шавь болж, “Хоршоолол” нийгэм­лэгт хичээллэж эхэлсэн юм билээ. Хэдэн он билээ?

-1986 он. Би талийгаач эгчээсээ бөхийн секцэнд оруулж өгөхийг гуйдаг байлаа. Тэгж л О.Цэрэндагва багшийн чөлөөт бөхийн секцэнд орсноор миний амьдралд их өөрчлөлт гарсан. Би зорилготой, хичээл зүтгэлтэй, амьдралыг өөр өнцгөөс хардаг болж, боловсролтой, ёс зүйтэй байхыг ойлгосон. Би бөхөөс олон сайхан зүйлийг авсан.

-Таныг Хонхороос “Хоршоолол” руу гүйж ирж бэлтгэл­дээ ордог байсан гэдэг?

-20 гаруй км гүйж ирээд бэлтгэлд орно гэдэг хэцүү л дээ. Харин багшаасаа зөвшөөрөл авч байгаад кросс гүйлтээр гэр рүүгээ харьчихдаг байсан. Ер нь Б.Гантогтох бид хоёр бусдаасаа илүү их тэсвэр суусан. Бэлтгэлийн дараа бид хоёрыг салгаж, хоолонд авч явдаг байлаа. Байрлаж байхад хоолны цаг болчихоод байдаг, хоолны газар хаах гээд байдаг, бид хоёр ноцолдоод салдаггүй. Тийм л байсан. Хоорондоо тасралтгүй гурав, дөрвөн цаг барилдчихна.

-Х.Баянмөнх аваргад тоогд­сон нь хэдэн он билээ?

-1987 оны өсвөр үеийн УАШТ юм. Миний ах А.Батсүх (Монгол Улсын манлай уяач) Политехникийн дээд сургуулийн нэр дээр 18, би Найрамдлын районы нэр дээр 16 хүртэлх насны ангилалд барилдсан юм. Тэгэхэд аварга багш ирээдүйтэй хүүхдүүдийг “Шонхор” клубтээ бүртгэж авсан. Ингэж л ах бид хоёр аваргад тоогдсон доо.

-Хэн нэгэн таныг аварга цол хүртэж, өнөөдрийн өндөрлөгт хүрэхийг таамаглаж байсан уу?

-Би багадаа шальдаггүй байсан юм аа. 1987 оны үндэсний бөхийн өсвөр үеийн УАШТ-д 31 бөх тойргоор барилдсан юм. Тэгэхэд би 15 давж, 15 унаж, 15 дугаар байрт орсон (инээв). Тухайн үед намайг аварга цол хүртэнэ гэж олон хүн бодоогүй байх. Харин У.Мижиддорж арс­лан л “Ээ дээ чи том бөх болно шоо. Бөхөө хаяж болохгүй шүү, хичээгээрэй” гэж надад урам өгдөг байсан. Би 1989 онд залуучуудын шигшээ багт орохдоо өсвөр үе, залуучуудын УАШТ-ээс долоон алтан медаль хүртээд байлаа.

-Х.Баянмөнх аваргын тухай яриач?

-Аварга багш минь бидний төлөө олон жилийн хөдөлмөр, цаг зав, сэтгэл санаагаа зориулсан. Бидний аав, ээжийг орлосон үнэхээр шүтээн минь. Нутаг нутгийн энэ олон хүүхдийг чиглүүлж өгч, гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүр­гэж өгсөн баг­шаараа үнэхээр их бахархаж явдаг. Монголын ард түмэн миний багшийг “Бөхийн одонд төрсөн хүн” гэж ярьдаг. Бид багшийнхаа энэ сайхан буян хиш­гийг хүртсэнээрээ сайн сайхан явна.

 

БАРИЛДААН БОЛ ЭРЧҮҮДИЙН ТОГЛООМ

-Та улсын наадамд анх хэдэн онд зодоглосон юм бэ?

-1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн түүхт ойгоор зодоглож, хоёрын даваанд О.Балжинням аваргад өвдөг шороодсон. Намайг хаясан бөх тэр наадмаар түрүүлсэнд бэлгэшээж байлаа. Ардын хувьсгалын 50, 60, 70, 80, 90 жилийн түүхт наадамд дандаа амны хишигтэй бөх түрүүлсэн байдаг. Би 1991 онд хүүхэд байсан ч бэлтгэл дээр О.Балжинням аваргыг хаядаг л байсан.

-Та 1993 оны улсын наадмаар зургаа давж, өсөх идэр начин цол хүртсэн. Долоогийн даваанд Д.Мөнх-Эрдэнэ арслантай сайн барилдсан ч давж чадаагүй. Улсын цол хүртлээ гэж баяр­лах, заан цолд хүрч чадаагүйдээ харамсах хоёрын аль нь дийлж байв?

-Тийм ээ. Заан цолны бос­гыг давж чадаагүй. Надад ирээдүй бий, үүний тулд бэлтгэл сургуулилалтаа сайн хийж, олон дархан мэхтэй болох хэрэгтэйг ойлгосон.

-Б.Гантогтох гарьд 1994 онд П.Сүхбат гарьдыг гайхалтай мэхээр өвдөг шороо­дуулсан. Энэ мэхээ тантай бэлтгэдэг байсан уу?

-Ер нь манай Ганаа хөлд ороод даллах мэхийг хүүхэд байхаасаа хийдэг байсан. Тэр мэхээ тэр наадмаар маш онцгой сайхнаар хийж чадсан. Энэ бол ховор мэх, ховор барилдаан.

-Таныг 1997 онд өндөр чансаатай бөхчүүдийн даваа үнэлэх барилдаанд Б.Бат-Эрдэнэ аваргыг давж байсныг мэдэх юм. Үүнээс өмнө аваргыг хазайлгаж байв уу?

-Анх 1992 оны аравдугаар сард болсон Х.Баянмөнх аварга багшийнхаа хөдөлмөрийн баатар цолны мялаалгын барилдаанд хөлийг нь авч давж байсан.

-Та 1995 онд цагаан сарын барилдааны гур­вын даваанд Ц.Бэгзсүрэн харцагад өвдөг шороодсон ч дараахан нь хоёр ч удаа амалж хаясан. Энэ нь таны шартай, спортын их тэмцэлтэйн шинж үү?

-Барилдаан бол эрчүүдийн тоглоом. Тийм зүйл байна. Энд өөрийгөө сорих, тодорхойлох гэсэн олон юм байдаг. Мэдээж шартай, тэмцэл­тэй байлгүй яах вэ.

-Таны хувьд 1997 оны наадмын даваа бүхэн онц­лог байлаа. Гурав, дөр­вийн даваанд өм­нө нь өвдөг шороодоод байсан улсын начин Д.Пүрэв­сүрэн, М.Жамьян­пүрэв нарыг амлаад хаясан байдаг?

-Давах бөхөө л амалсан хэрэг.

-Наймын даваанд Д.Мөнх-Эрдэнэ арс­лантай хийсэн барилдаан жаахан мар­гаантай бол­сон ч эр хүн, бөх хүний жуд­гаар тахимаа өгсөн. Заан цолондоо ханаснаас ийм шийдвэр гар­гасан юм уу?

-Тэгэхэд миний засуул намайг унасан гэж тооцсон. Энэ бол бүдүүлэг алдаа. Хэрвээ бичлэг үзсэн бол дахиж барилдах байсан байх. Би өөрийгөө унаагүй л гэж боддог. Энэ бол миний хувьд хал үзэж, халуун чулуу долоосон цаг үе.

 

ТӨРИЙН НААДАМД ТҮРҮҮЛЭХЭЭС ИЛҮҮ САЙХАН ЗҮЙЛ ҮГҮЙ

-Та улсын заан цол хүртэхдээ 26 настай байлаа. Танаас дүү бөхчүүд түрүүлээд энэ цолыг авахад шар хөдөлж байв уу?

-Миний үед “Зургаан залуу заан” гэж байлаа. Би Ц.Цэрэн­пунцаг, Б.Гантогтох, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар нарын дараа, Б.Ганбатын өмнө эрэмбэлэгддэг байсан. Энэ хэдтэйгээ ана мана, ач тач үзэлцэж даян аварга хэмээх сайхан цол хүртсэндээ баяртай явдаг.

-Б.Бат-Эрдэнэ аваргын олон түрүүнд завсар гаргаж, 1999 онд цагаан сарын барилдаанд түрүүлэхэд ямар мэдрэмж төрж байв?

-Хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөр, зориг зүрх байвал аваргыг давж аварга болж болохыг мэдэрсэн.

-Тухайн үед Б.Бат-Эрдэнэ аварга та хоёрын барилдаан олны анхаарлыг татдаг байлаа. Гэсэн ч аварга заалны барил­дааны их шөвөгт учраа бөхдөө эсэргүүцэлгүй унаж, тантай түрүү булаалдахаас зайлсхийдэг байсан. Үүнийг та хэрхэн хүлээн авдаг байв?

-Тийм, ийм гэж хэлмээргүй байна. Би нэлээн сайжирч, Б.Бат-Эрдэнэ аварга харих талдаа орсон үе.

-Миний хувьд жил жилийн наадмаас 2000 оных хамгийн гоё нь. Тэр жил танд арай өөр мэдрэмж төрсөн үү?

-Тэр жил аварга багш маань УИХ-ын сонгуульд өрсөлдөөд гал ахалж гарах зав гараагүй. Би Баян-Уулын амралтад гал ахалж гарсан юм. Намайг гурван удаа бэлтгэл хийхэд гурван удаа бороо орж, солонго татсан. Би яагаад ч юм наадмын бэлтгэлд гарахдаа шинэ гэр барьсан. Тэр жил байгаль дэлхий, бурхан тэнгэр ивээсэн сайхан наадам болж, би төрийн наадамд анх удаа түрүүлсэн. Бүх л юм цаанаасаа бүтсэн, сайхан бэлгэдэл ихтэй байсан. Д.Сумъяабазар, Г.Өсөхбаяр, Б.Гантогтох гэсэн гурван гол өрсөлдөгчөө давж, үеийнхнээсээ түрүүлж улсын арслан цол хүртсэн сайхан цаг мөч байсан.

-Д.Сумъяабазар аваргыг долоогийн даваанд хаясан гар ачих мэхээ олон давтсан уу?

-Тийм шүү. Наадмын бэлтгэл дээр улсын харцага Ж.Намжил­дорж, улсын начин Х.Түвшинсанаа нарын найзуудынхаа гуя, ташааг цоортол давтдаг байлаа.

-Б.Гантогтох гарьдтай түрүү булаалдахаар гарахдаа ямар хувилбар боловсруулсан байв. Их шөвөгт Г.Өсөхбаяр аваргыг давахдаа их цуцсан болохоор ингэж асуулаа?

-Тийм ээ, Г.Өсөхбаяр аваргатай барилдаж үнэхээр их ядарсан. Бараг ухаан орж, гарсан байх. Энэ барилдааны дараа 25 минут амраад Б.Гантогтохтой түрүү булаалдахаар гарсан. Дахиж барилдмааргүй санагдталаа ядарсан. Төв цэнгэлдэх хүрээлэнд хурсан олон намайг дэмжиж байсанд урамшаад эцсийнхээ хүчийг шавхсан даа. Хэрвээ Б.Гантогтох барилдаан эхлэнгүүт дайраад хэд дугтарсан бол би нисчих байсан биз. Би сэтгэлзүйн дайралт хийсэн л дээ.

-Үүнийгээ тодруулахгүй юу?

-Ядраагүй, хүчтэй байгаа гэдгээ харуулах оролдлого хийж байж арай гэж тогтоосон юм. Барьц булаалдахад хүчтэй байгаагаа харуулах гэж эц­сийнхээ тамирыг зарцуулж бай­лаа (инээв).

-Та хоёр энэ барилдааныхаа тухай сүүлд юу гэж ярилцдаг байв?

-Нэг их ярьдаггүй юм аа.

-Төрийн наадамд түрүүлэхээс илүү сайхан зүйл гэж бий юу?

-Би яруу найрагч, үгийн мастер биш. Тиймээс тийм мэдрэмж төрж байсан гэж илэрхийлэх гэхээр миний үг багадаж байна. Далайн давалгаа нүргэлж байгаа юм шиг үзэгчийн уухай одоо ч чихэнд сонсогдох шиг. Үнэхээр сайхан гэхээс өөр юу гэх вэ.

 

АМ МЭХЭНД УНАЖ БАЙВАЛ ЁСТОЙ ХОХЬ

-Та 1998, 1999, 2000 оны наадмын тавын даваанд Ч.Батзориг зааныг давсан. Зааныг 2001 оны наадмын наймын даваанд амлаагүй нь тамирчин хүний өрсөл­дөгчөө хайрлах ухааны илрэл болов уу?

-Манай Ч.Батзориг их сайхан хүн. Хэдий миний найз, хүн нь сайхан байлаа ч гэсэн хариуцлагатай даваанд амалж барилдаад давахаас өөр аргагүй. Тамирчин хүнд дэвжээн дээр найз байх ёсгүй. Ч.Батзориг “Чи энгийн амьдрал дээр найз гээд маяглаад байдаг. Яг барилдахаар нүд амаа гялалзуулаад, нүүр амаа алгадаад дайрч ирээд хаячих юм” гэдэг (инээв). Барилдаан бол барилдаан, найз бол найз гэсэн журмаар явна. Ч.Батзориг маань маш хөдөлмөрч. Би найзаараа их бахархдаг. Бөхийн спортоор хожуу хичээллэсэн ч улсын заан хэмээх эрхэм цол хүртэж чадсан. Бас манай Д.Бумбаяр заан байна.

-Есийн даваанд Г.Өсөх­баяр аварга та хоёрын дунд болсон барилдаан их дуулиантай. Энэ тухай ярихаас татгалзахгүй биз дээ?

-Г.Өсөхбаяр аварга намайг босч ирэхгүй болтол өшиглөсөн нь болсон юм. Миний их омголон байсан үе. Хэрвээ намайг дутуу өшиглөсөн бол би босч ирээд чихийг нь тас хазаад, бид хоёул наадмаас хөөгдөх байсан биз. Намайг нам өшиглөснөөрөө би наадамдаа үлдэж, түрүүлсэн. Тэгж л хэлмээр байна.

-Тэгэхэд таныг ам мэх хийсэн гэдэг үнэн үү?

-Давж л байвал ам мэх хийх, үгүй нь хамаагүй шүү дээ. Тэр бол барилдааны л нэг хэлбэр. Ам мэхэнд унаж байгаа бол ёстой хохь нь байхгүй юу. Боловсроогүй, бэлэн биш байна гэсэн үг. Хэрвээ ам мэхээр л давчихдаг бол бэлтгэл сургуулилалт хийж, биеэ зовоох ямар шаардлага байна вэ. Амаа л бэлтгээд хэвтэж байя. “Ам мэхэнд унасан” гэж ярьж байвал арчаагүй хүний шинж. Би ер нь олон хүнийг гомдоож, дургүйг нь хүргэсэн л дээ. Олон хаяад байвал хэн ч гэсэн дуртай байхгүй нь мэдээж. “Эр хүний 13 мэх” гэж ярьдаг. Би бараг 14 мэхтэй байсан байх.

-Тэр жил Ардын хувьс­галын 80 жилийн түүхт ой тохиож, 1024 бөх барилдсан. Таныг ес давж үзүүрлэсэн бол улсын аварга цол олгох байсан болов уу?

-Намайг Б.Бат-Эрдэнэ аваргад унаж үзүүрлэсэн бол аварга цол олгох байсан байх. Тэгж зар­ласан гэдэг. Гэхдээ аваргыг давж түрүүлэхэд аварга цолоо л өгсөн.

-Уг нь далай аварга цол олгох ёс­той биз дээ?

-Тийм. МҮБХ-ны эрх мэд­лээрээ бөхчүүдийг хохироодог аргачлал нь энэ. Ерөнхийдөө манай үндэсний бөхийн бодлого хувийн компани шиг болчихсон шүү дээ. 1990 оноос хойш МҮБХ-ны тэргүүнээр нэг л хүн байгаад байна. 22 жил гээд бод доо, та нар.

-Таныг 10 давж түрүүлснийхээ дараа улсын аварга биш далай аварга цолны үнэмлэх асуусан гэдэг. Энэ үнэн үү?

-Үнэн. Баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга М.Энхболд надад цол олгосон. Тэгэхэд нь би “Би ес даваад аварга болчихсон юм бол 10-ын давааны үнэлгээ гэж байхгүй юм уу” гэж асуусан ч МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан “Намар хуралдаад болъё” гэж хуураад өнгөрсөн. Миний тэр жилийн амжилтыг зургаан жилийн дараа 2007 онд зодог тайлсан байхад үнэлж, даян аварга цол олгосон. Спортын залуу нас гэж хэдэн жил байдаг билээ. Амжилтыг нь цаг тухайд нь үнэлнэ гэдэг ямар хэрэгтэй зүйл байдаг билээ. Хэрвээ би цаг тухайд нь үнэлүүлсэн бол дархан аварга цол хүртэнэ гээд зүтгэх л байсан.

-Та хоёр мянганы зааг дээр, ХХ зууны отгон, ХХI зууны ууган наадамд түрүүл­сэн. Энэ бол үнэхээр том хувь тохиол. Энэ тухай бодож байв уу?

-Төрүүлж өсгөсөн ижий аав, сайн багш, сайхан нутаг ус, ард түмэндээ залбирч явдаг юм. Энэ бол тэр болгон тохиолдоод байхгүй буян заяа юм даа.

 

НУТАГТАА ХҮРТСЭН ХҮРЭЛ МЕДАЛЬ АМЖИЛТЫН МИНЬ ЭХЛЭЛ БАЙСАН

-1993 он таны хувьд дурсгалтай жил. Үндэсний бөхөөр өсөх идэр чимэгтэй улсын начин цол хүртсэнээс гадна Улаанбаатарт болсон чөлөөт бөхийн Азийн аварга шал­гаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Таны оролц­сон анхны том тэмцээн байв уу?

-Бидний үе дөнгөж гарч ирж байлаа. Манай “Шонхор” клубийнхэн шигшээ багийн ах нарыг залгаж гарч ирсэн. Миний оролцсон анхны том тэмцээн. Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль миний амжилтын эхлэл байсан гэж боддог юм. Тэр жил Иран болон Казахстан, Узбекистан тэргүүтэй таван Стан орж ирснээр Азийн аварга шалгаруулах тэмцээн улам хүчтэй, сонирхолтой болж ирсэн.

-Олимп, дэлхийн аварга Пак Ян Сун гэж БНСУ-ын мундаг бөхтэй гар зөрүүлж үзэхэд ямар мэдрэмж төрж байв?

-Би 80 кг-аас жин хасч 74-т орсон юм. Гар бадайрчихсан байсан. Эхний тойрогт аваргатай таарч, олигтой эсэргүүцэл үзүүлж чадалгүй ялагдсан. Гэхдээ энэ сайхан бөхтэй барилдаж үзсэн нь сайхан санагдаж байсан. 1992 оны Барселоны олимпийн аварга Пак Ян Сун дараа жил нь Улаанбаатарт аваргалах зорилготой ирсэн ч Ираны Яри Бехрузад ялагдаж мөнгөн медаль хүртсэн. Жаахан бардсан байж магадгүй. Гэхдээ Бехруз муу бөх биш. 1994 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн.

-Тэр тэмцээнийг зохион байгуулахад монголчуудад хэр хүнд байсан бэ?

-Олон хүний зүтгэлийн хүчинд сайхан тэмцээн болж, улсынхаа нэрийг авч гарсан. Тамирчдаа байрлуулж, Нүх­тийн амралтад хүлээн авалт хийгээд сайхан байсан. Харин түүнээс хойш тамирчдын нөхцөл байдал, ахуй хангамж хүнд болсон доо.

-Тэр жилийн ДАШТ-д оролцоход хангамж хэр бай­сан бэ?

-48 кг-ын жинд Л.Сэргэлэн­баатар, 57 кг-д Ц.Цогтбаяр, 74 кг-д би, 82 кг-д Б.Гантогтох явахаар бэлтгэж байсан. Хуучны “Хөдөлмөр” нийгэмлэг дээр байрлаж байсан ч бэлтгэл хангагч байсангүй. Хангамж, нөхцөл маш муу байсан. Нэг тамирчны Торонто руу явах зардал, байр хоолны мөнгө 1600 ам.доллар болж байсан санагдана. Тэр бол бидний хувьд асар хүнд. Энэ бүхэн амжилтад сөргөөр нөлөөлж байсан. Бидний үеийнхэн 1990-ээд онд маш хэцүү жилүүдийг давж гарсан. Харин одоо барилдаж буй залууст боломж байна. Тэдэнд замын зардалдаа санаа зовох зүйл, нөхцөл бололцоо муудсан зүйл алга. Энэ хоёр байдлыг харьцуулж үзэх ёстой.

-Торонто явах замд зар­дал хүрэхээ болиод хоёр тамирчнаа буцаахдаа тулсан гэдэг юм билээ?

-Ямар ч байсан бие биеэ чирээд л явсан. Болгоод л явж байлаа. Х.Намшир, А.Басхүү багш хоёр биднийг авч явсан. Тэр ДАШТ-ээс Ц.Цогтбаяр маань хүрэл медаль хүртэж, би зургаан тойрог барилдаж шагналт тавдугаар байр эзэлсэн.

-Танд медаль хүртэх боломж байсан уу?

-Би өөрийгөө хэсгийн барил­даанд Туркийн бөх Туран Сейланыг ялсан гэж боддог юм. Манай багийнхан ч гэсэн тэгж хэлдэг. Би сууж тавхайгаар нь хутгаад тохойгоор нь унагасан ч шүүгч гурав биш нэг оноо өгсөн. Ингээд би нэг оноогоор ялагдсан юм. Хэрвээ тэгэхэд ялсан бол мөнгөн медалийн төлөө АНУ-ын алдарт бөх Дейв Шульцтай барилдах байсан. Нэг тиймэрхүү л юм болсон (Туран Сейлан дараа жил нь дэлхийн аварга болсон).

 

ӨӨРИЙГӨӨ ЧӨЛӨӨТ БӨХӨД БҮРЭН ЗОРИУЛЖ ЧАДААГҮЙ

-Та дараа жилээс нь жин өгсч, 82 кг-т барилдах болсон уу?

-Тийм ээ. Жин 80 гарсан болохоор ингэхээс өөр арга байгаагүй. Би 68, 74 кг-ын жинд орохын тулд жин их хасдаг байсан. Энэ их буруу зүйл байсныг сүүлд ойлгосон. Эрүүл жин таван кг-аас дээш гарах юм бол дээд жиндээ орох ёстой юм билээ.

-Таны жингийн гол өрсөлдөгчид хэн хэн байв?

-Лу.Энхбаяр, Х.Амараа, хоёр ихэр (Ло.Энхбаяр, Ло.Эрхбаяр), Н.Түмэннаст нарын хүчтэй өрсөлдөгч байлаа. Тэдэнтэй хүч үзэж, ялж, ялагдаж гарч ирсэн дээ.

-1994 онд Туркийн Стам­булд болсон ДАШТ-д дээд жиндээ барилдахад ямар санагдаж байв?

-Миний хувьд алдаа гарсан юм. Би ихэнх тэмцээнд оролцохдоо бэлтгэлээ цөмөлсөн байдаг. Одоо бодоход юманд хатуу бодлоготой хандаж чадаагүй. Бидний байгуулсан “Гацуурт-Олимп” шиг сургууль, одоогийнх шиг нөхцөл байдал байсан бол. Хоёр туулай хөөлгүй, нэг юмаараа дагнасан бол амжилт үзүүлэх л байсан байх. Би үндэсний бөх, чөлөөт бөх, сүмо гэж явсан. Өндөр амжилт үзүүлье гэвэл нэг л зүйлээрээ дагнасан нь дээр юм билээ.

-Та 1995 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. “Барселона-92” олимпийн наадмын мөнгөн медальт Казахстаны Эльмади Жабрай­ловыг ялах боломж байсан уу?

-Нэг оноогоор ялагдсан байх. Эльмади Жабрайлов тэр жилийнхээ ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн, манай жингийн мундаг төлөөлөл. Би хэсгийн барилдаанд БНСУ-ын Ян Хюн-Мог (Дараа жил нь Атлантын олимпоос мөнгөн медаль хүртсэн) ялж байсан. Ер нь түүнийг нэлээн хэд ялсан байх шүү.

-Жабрайловыг ДАШТ, Ян Хюн-Мог олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэхэд ямар сэтгэгдэл төрж байв?

-Би чөлөөт бөхөд тууштай, бодлоготой хандаж, өөрийгөө бүрэн зориулж чадаагүй юм. Нөхцөл бололцоо байгаад, багштайгаа хамт сайн бөхтэй газар хэсээд явсан бол өөр байсан. Чөлөөт бөх үнэхээр болмоор санагддаг байсан. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд, залуучууд бэлтгэлээ хаячихсан үе.

 

ЧӨЛӨӨТ БӨХӨӨ ОРХИСОН ГОЛ ШАЛТГААН НЬ ҮНДЭСНИЙ БӨХ

-1997 онд БНСУ-ын Пусанд Зүүн Азийн наадам болоход та сонгомол барилдааны төрөлд мөнгөн медаль хүртсэн. Монгол­чуудын төдийлөн хичээл­лэдэггүй бөхийн төрлөөр амжилт үзүүлсэн тань сонин санагдлаа?

-Сонирхоод л барилдаж байсан. Тэр наадамд сонгомол бөхийн 82 кг-д улсын начин цолтой байсан би, 125 кг-д улсын заан цолтой байсан Г.Өсөхбаяр барилдсан юм. Монголын багийн ахлагч нь одоогийн УИХ-ын гишүүн Д.Одхүү. Тэгээд л чөлөөтийнхөнтэй нийлээд тууж өгсөн дөө. Пусандд очоод сонгомлоор нэг, хоёр удаа бэлтгэл хийгээд л тэмцээнд оролцсон. Тэгээд Азийн наадмын мөнгөн медальт нэг японыг (Хидэюүки Сасаки) цэвэр ялаад БНСУ-ын нэг сайн бөхөд (Пак Мюн-Сук) ялагдаж мөнгөн медаль хүртсэн. Сонгомлоор барилдаж сураагүй болохоор хэцүү юм билээ.

-Пусан руу сонгомлоор биш чөлөөтөөр явах боломж байгаагүй юм уу?

-Байгаагүй ээ. Миний жинд Г.Ганхуяг барилдаж хүрэл медаль хүртсэн. Би нэг УАШТ-д Г.Ганхуягийг 7:1-ээр ялж яваад 7:8-аар ялагдаж байсан удаатай. Ямар ч сайн тамирчин бэлтгэл сургуулилалтаа муу хийвэл хэнд ч ялагдана. Сүүлчийн хэдэн секундэд хариуцлага алдаад, ядарч байсан тохиолдолд надад бий.

-Зүүн Азийн наадмаас мөнгөн медаль хүртсэн нь тэр жилээ чөлөөт бөхийн ДАШТ-д оролцоход нөлөөлсөн үү?

-Манай Г.Ганхуяг ид хүчтэй гарч ирж байсан үе. Хөл нь бэртсэн болохоор би Красноярск руу ДАШТ-д явсан юм. 1997 оны наадмаар улсын заан цол хүртээд байсан болохоор тэр ДАШТ-д оролцох гэж нэг их шимтээгүй, шальтай ч барилдсан юм байхгүй. Бас л бэлтгэлээ цөмлөөд орчихсон. Ер нь үндэсний бөхөөр дагнаж барилдах бодолтой болчихсон байсан.

-Та 2000 оны хоёрдугаар сард Токиод болсон Сиднейн олимпийн эрх олгох цуврал тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Тэгэхэд монголчууд таныг “Чөлөөт бөхдөө эргэн ирлээ” гэж баярлаж байлаа. Дараагийн тэмцээнүүдэд нь барилдаж, улмаар олимпод оролцож болоогүй юм уу?

-Дараагийн тэмцээнүүд нь яг наадмын бэлтгэлтэй давхацсан юм. Жин их хасах үндэсний бөхөд муугаар нөлөөлнө. Тэгээд наадмаа бодох уу, олимпийг бодох уу гэсэн сонголт гарч ирсэн. Ингээд л наадмаа сонгосон.

-Чөлөөтөөр үргэлжлүүлж барилдсан бол?

-Олимпийн эрх авчих л байсан байх. Би Токиод болсон тэр тэмцээнд хэд хэдэн гайгүй бөхийг ялсан юм.

-Та түүнээс хойш чөлөөт бөхөөр барилдсан уу?

-Үгүй.

-Дотоодын тэмцээнд ч гэсэн үү?

-Барилдаагүй.

-Таны чөлөөт бөхөө орхих болсон гол шалтгаан үндэс­ний бөх мөн үү?

-Ерөнхийдөө чөлөөт бөх нь үндэсний бөхөөсөө нэр хүнд, шагналаараа илүү болж ирсэн. Үндэсний бөхдөө их дуртай байсан болохоороо чөлөөт бөхийг орхисон доо.

-Та насанд хүрэгчдийн УАШТ-д хэдэн удаа түрүүлсэн бэ?

-Тэрийг МЧБХ-ноос асуу.

-Монголын чөлөөт бөх унасны гол шалтгаан нь юу вэ?

-Аливаа спортын хөгжил улс орны чадавхитай салшгүй холбоотой. Өнөөдөр БНХАУ спортын бүх салбартаа хөрөнгө хаяж байна. Баг тамирчдынх нь олимпийн наадамд үзүүлж буй амжилт тухайн орны нүүр царай гэж хэлж болно.

 

БИ НАЙРААНД ОРОЛЦОЖ БАЙСАН

-Эргээд үндэсний бөхийн тухай ярилцъя. Та 2004 онд гурав дахиа түрүүлсний дараа “Би энэ түрүүг хүртэх гэж 365 хоног хөдөлмөрлөлөө” гэж байсан?

-Тийм ээ. Би 2002, 2003 оны улсын наадамд түрүүлж чадаагүй. 2003 оны наадмын шөвгийн дөрөвт Г.Өсөхбаярт уначихаад тэр өдрөө буюу долдугаар сарын 12-ны орой бэлтгэл хийсэн. Улсын наадамд дахиж түрүүлэхийн тулд бүтэн жил биеэ зориулж, элдэв найр, амралт зугаалгаас биеэ чөлөөлсөн. Үүний хүчинд 2004 оны наадмаар хөлс гаргалгүй түрүүлсэн дээ. Тэр жил бие үнэхээр сайн байсан, бүх юм сайхан бүтсэн.

-Тэр жил үнэхээр өрсөл­дөгч байгаагүй юу?

-Хэнбугай ч байсан өргөөд л тавих бодолтой байсан, биеэ ч тэгж бэлтгэсэн.

-Та их шөвөгт Ц.Цэрэн­пунцаг гарьдыг амалж, Д.Сумъяа­базар аварга Б.Гантог­тох гарьдтай тунасан. Ам ава­хад эргэлзээ төрөөгүй юу?

-Шууд л Ц.Цэрэнпунцаг гарьдыг амалсан.

-Та хоёрын барилдаан их ширүүн болж, бие биеэ цохиж авах шахсан шүү?

-Яах вэ. Хоёр шартай хүний дунд тийм юм болно шүү дээ. Ц.Цэрэнпунцаг гарьдад өмнө нь наадмаар хоёр ч удаа унаад байсан (1994, 1998 онд). Эр хүн чинь даагаа нэхэе гэж бодож явдаг байж болно тийм ээ. Тэгээд Б.Гантогтохтойгоо үлдэж түрүүлсэн.

-Таныг үндэсний бөхийн найрааны тухай ихээхэн шүүмжлэлтэй ханддагийг мэдэх юм?

-Бид “Хүчит 512 бөх” гэж ярьдаг. Гэтэл хүмүүс “512 жүжигчин” гэдэг болчихсон. Бөхийн найраа улаандаа гарсан. Одоо ч гэсэн наадам дээр цүнхтэй мөнгө бариад гүйгээд байна шүү дээ. Арай ч ийм байдалд хүрнэ гэж бодож явсангүй. Би хэнээс ч дутахгүй бэлтгэл хийж, боломжийн сайхан барилдаан үзүүлсэн. Тиймээс монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг цэвэр ариун байгаасай гэж боддог байсан. Гэтэл үүнд их гутарсан. МҮБХ энэ тал дээр нэг ч алхам хийхгүй байгаа. Өөрсдөө бөхөөр амьдрах гэсэн байр сууриа нэгдүгээрт тавьсан болохоос биш энэ завхарлыг таслан зогсоох бодит ажил хийгээгүй. МҮБХ-ны удирдлага солигдож, ажлаа хийж чаддаг хүнд нь өгөөсэй гэж бодож, тэмцэж явж байна. Их спортын талбар шиг цэвэр ариун болох цаг хугацаа удахгүй ирнэ. Аливаа юм настай байдаг. Тэр сувдаг сэтгэлтэй хүмүүсийн өөрсдийгөө хамгаалуулсан хана хэрэм удахгүй нуран унана.

-“Тэрийг битгий амлаарай” гэсэн гуйлттай олон таарсан биз?

-Би нэг талаараа найраанд оролцож л байгаа юм. Тавын даваа эхлэхийн өмнө “Энэ маань олон жил барилдаж байгаа”, “Тэрийг битгий аваарай” гэж гуйгаад амгүй болгодог байсан. Нөгөөхийг нь хараад өрөвдөх хэцүү, байх хэцүү. Хүссэн амаа авч чадахгүй байгаа нь найраанд оролцож байгаа нэг хэлбэр. Үүнийг зохицуулах талаар МҮБХ-той ярилцах гэхээр бөөн хэрүүл маргаан болдог. Ийм л хөгийн байдалд орчихоод байгаа юм. Төр засгаас баяр наадмыг зохион байгуулах гэж хэчнээн сая төгрөг төсөвлөдөг билээ. Ард түмэн наадмаар сэтгэл зүйгээ бэлтгээд, гоёлын хувцсаа өмсөөд гардаг. Гэтэл тэднийг бид хуураад байдаг. Хэрвээ үүнийг хуульчилж өгөх юм бол олон хүн хэрэгт холбогдоно шүү. Би наадмын найрааны талаар АТГ-ын даргатай уулзаад “Энэ авлига, хээл хахууль биш үү” гэхээр “Энэ чинь олон нийтийн байгууллага. Бид төрийн байгууллагын хүнтэй л хариуцлага тооцдог” гэдэг. Харин цагдаагийн байгууллагынхан “Хуульд тийм заалт байхгүй” гэнэ. Тэгэхээр хууль батлуулж байж бид шударга сайхан, эрүүл наадам үзэх болж байна.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа?

-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Монголын ард түмэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөгөөд үндэсний их баяр цэнгэл, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярын мэнд хүргэе. Та бүхэн минь сайхан наадаарай.

(“ӨДРИЙН ШУУДАН” сонин, №780) http://sport.news.mn/content/113874.shtml

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]