Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Тушаал авч дайтсаар 30 жил болсон нэгэн цэргийн түүхУншсан43,916

1974 он. Японы аялагч, ширэнгэн ой судлагч, оюутан Норио Сузуки гээч Филиппиний ойгоор тэнүүчлэн явж байгаад гэнэт бага дэслэгчтэй таарсан байна.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Халх голын дайны үеэр Японы хэдэн цэргүүд даргаасаа тодорхой цэгийг хамгаалах тушаал аван тухайн газар хоёр хонохдоо шумуулд бариулж ёстой л эрүүл газаргүй болж байхдаа үндсэн хүч нь Зөвлөлт Монголын цэргүүдэд яйр цохиулан ухарч, бүслэгдэж байгааг харсан ч ухрах тушаалгүй, хөдлөх эрхгүй учир шумуулд идүүлэн тарчилсаар байгаад Зөвлөлтийн цэргүүдэд баригдсан тухай маршал Жуков шагшин ярьсан байдаг билээ. Монголчууд бидний дэндүү сайн танил болох энэ маршалын гайхан шагшсан тэрхүү Япон цэргүүдийн ёс суртахуун, дайчин чанар гэж юугаараа онцлог юм бол.

Япон цэргийн ер бусын тэвчээр, тушаал үг дуугүй биелүүлэх шинжийг илтгэсэн олон зуун гайхам тохиолдол байдаг бөгөөд (өмнө бичсэн “Рапорт өгөхдөө тэсэлгүй уйлсан генерал” хэмээх нийтлэлийн маань баатар болох генерал Ноги тэдний нэг яах аргагүй мөн) үүний нэг нь Хиро (Хироо) Онода хэмээх нэгэн бага даргын түүх билээ.

Хиро Онода мэтийн цэргүүдийг америкчууд «Stragglers» буюу үлдэгсэд, мартагдагсад хэмээн нэрлэсэн бөгөөд тэд улс орон нь дайнд ялагдаж бууж өгсөн гэдгийг мэдэлгүй, хамгийн найдваргүй нөхцөлд ч эцсээ хүртэл тэмцэн байсан хүмүүс юм. Тэдний хувьд тэмцэл гэдэг бол ялалт эсвэл үхэл байлаа.

Бага дарга Хиро Онода 1944 оны төгсгөлд Филиппинд очин хорлон сүйтгэх жижиг группийг толгойлсон хүн болж дайнаа эхлүүлжээ. 1945 оны 1-р сард тэрээр Лубанг арал дээр байх үед нь АНУ-ын армийнхан япончуудыг цохиж арлыг эзэлж авахад Онода өөрийн гурван цэргийн хамт ойд нуугдан аврагдаж, тэндээ партизаны тэмцэл хийж эхэлсэн байна. Хэдийгээр Америкийн онгоцнууд мань Онода мэтийн энд тэнд тарсан нөхдүүдэд зориулж дайн дууссан тухай элдэв ухуулах хуудас хаяж байсан боловч иймэрхүү зүйлийг Онода ердөө л суртал ухуулга, хоосон заль мэх гэж үзэж байв. Онода өөрийн жижиг группийн хамт дайтсаар...

Дайнд ялагдсан Япон улс хэдэн жилийн турш иймэрхүү цэргүүдээ цуглуулахыг нь цуглуулж, олж чадаагүй хэдийгээ аль эрт амь үрэгдсэн гэж албан ёсоор тооцсон боловч 1950 онд Филиппинд нэгэн Япон цэрэг баригдсан мэдээ ирлээ. Тэрхүү цэргийн өгсөн мэдүүлгээр бол бага дэслэгч Хиро Онодагийн бүлэг одоо хүртэл амьд мэнд байхаар барахгүй дайны үйл ажиллагаа явуулсаар байгаа гэж. Япончууд энэ бүлэгтэй холбоо тогтоохын тулд уг нутагт очих гэж хичээн оролдсон ч тухайн бүс нутаг дахь байдал, Япон Филиппиний харилцаа зэргээс болж энэ нь санасан хэмжээний амар зүйл байсангүй. Яах ийхээ шийдэх гэж будилсаар байсан үед буюу 4 жилийн дараа дахин нэг үйл явдал болсон нь Филиппиний цагдаагийнхан Японы цэргийн хувцас бүхий хэдэн нөхөдтэй таарч буудалцаж нэгийг нь хөнөөсөн явдал боллоо. Үрэгдсэн цэргийн нэр хаягийг тогтооход тэр нь Онодагийн бүлгийн нэг цэрэг байв.

Энэ явдлын дараа Филиппин улс Японы эрэн хайх группийг Лубанг арлын нутаг дэвсгэрт ажиллах эрх олгосон боловч япончууд арал дээр очоод Онодагийн бүлгийн ямар ч ул мөр олсонгүй.  Багагүй хугацаагаар эрж хайж, хөрөнгө мөнгө зарсан нь үр дүнд хүрээгүй учир эрлийн ажиллагааг зогсоолоо. Үүнээс хойш бүтэн 15 жилийн турш Онода болон түүнтэй үлдсэн нэг цэргийн тухай дахиж ямар ч сураг чимээ гараагүй учир Японы засгийн газар мань эрийг нөгөө цэрэгтэй нь хамт хоёр дахь удаагаа амь үрэгдсэн гэж тооцон цэргийн хүний ер бусын тэсвэр тэвчээр, үнэнч зан чанарыг нь үнэлэн “Мандах наран” 6-р зэргийн одонгоор нэхэн шагнажээ. Ингээд сайхан түүх дууссан баймаар боловч тэгсэнгүй.

1972 онд (1945 оны эхнээс хойш энэ хүртэл!) Филиппиний цагдаагийн бүлэг дахин үл мэдэгдэх япон цэргүүдтэй таарч буудалцсан бөгөөд бас нэг Япон үрэгдсэн нь Хиро Онодагийн бүлгийн үлдсэн байж болох нөгөө нэг цэрэг байж. Буудалцах үед тэр цэрэг ганцаараа байгаагүй учир Хиро Онода амьд байж магадгүй боллоо. Дахиад л эрлийн групп зохион байгуулж Филиппиний засаг төртэй тохирох гэж нэлээд юм болж байгаад ямар ч байсан арал дээр уг багийнхан очсон боловч эрлийн явцад бас дахиад л ямарваа нэгэн анхаарал татах, Хиро Онода амьд байж болох ул мөр олсонгүй. Хаа нэгэн газар шархаа даалгүй үхсэн бололтой гэхээс өөр тайлбарыг эрлийн ангийнхан  хэлж чадаагүй гэдэг.

1974 он. Японы аялагч, ширэнгэн ой судлагч, оюутан Норио Сузуки гээч Филиппиний ойгоор тэнүүчлэн явж байгаад гэнэт бага дэслэгчтэй таарсан байна. Дайсантай таарахад үргэлж бэлэн Онода шууд дайран алахаар завдсан боловч өнөөх оюутан бодвол Японоор орь дуу тавин зугтах гэж оролдсон уу яасан бага дэслэгч маань мань эрийг алалгүй харин ч удаан ярилцсан байна. Сузуки нь Онодаг нутаг буцахын тулд бууж өгөх хэрэгтэй, дайн аль эрт дууссан гэх зэргээр ятгасан боловч зоригт дайчин маань даргын өгсөн тушаал хүчинтэй хэвээрээ байгаа, тушаал хүлээсэн цэрэг бууж өгөх эрхгүй, Наран улсын цэрэг эр бол... гэх мэтийн олон юм хэлэн татгалзлаа.

Нутагтаа эргэж очсон Сузуки энэ явдлынхаа талаар хэвлэл мэдээлэлд ярилцлага өгсний дараа Япон орон даяар шуугиж эхэлсэн бөгөөд удалгүй Хиро Онодагийн яг дээд дарга, түүнд байлдааны тушаал өгсөн жинхэнэ дарга болох хошууч Есима Танигути ч олдсон юм.

1974 оны 3-р сард Лубанг арал дээр цэргийн бүх л хувцас хэрэглэлээ бүрэн өмссөн Япон хошууч ирж чанга яригчаар бага дэслэгч Хиро Онодод бууж өгөх тушаал өгч байгаагаа зарлалаа. 3-р сарын 10-ны өдөр хошуучийн хэлсэн газар буюу Америкийн радарын станцын ойролцоох газар Онода гарч ирэн даргынхаа өгсөн шинэхэн тушаалын дагуу Филиппиний засаг захиргаанд бууж өгчээ.

Филиппиний хуулиар Япон офицерыг цаазаар авах ёстой байсан бөгөөд тэрээр олон арван жилийн дайны явцад Америк болон Филиппиний цэргүүд, цагдаагийнхан болон нутгийн иргэд зэрэг 30 гаруй хүнийг хөнөөсөн, 100 гаруй хүнийг шархдуулсан учир арга ч үгүй байж. Гэсэн хэдий ч япончууд ямар нэг байдлаар Онодаг өршөөх зарлигийг Филиппинээр гаргуулж чадсанаар Хиро Онода 30 жилийн дараа эх нутагтаа хөл тавьсан байна. Түүнийг нутагтаа ирэхэд нь бас бөөн шуугиан болсон бөгөөд зарим нэг нь жинхэнэ Япон самурай чанар гэж энэ гэж байхад зарим нэг нь алуурчин, цэргийн гэмт хэрэгтэн гэж үзэж  мань эрийг байх суух аргагүй болгосон учир тэрээр ердөө жилийн дараа дахин эх нутгаа орхиж Бразилд 9 жил амьдарсны дараа 1984 онд Японд эргэн ирж чимээ анир багатай байсаар 2014 онд Токио хотноо нас нөгчжээ.

Хиро Онодатай адил 5-30 жил дайтсаар байсан (магадгүй одоо хүртэл дайтсаар байгаа гэх Япон эр байгаа ч юм билүү) олон хүний түүхийг харж байхад яагаад ч юм энэ Япон эр арай л онцгой санагддаг юм. Уул, ширэнгэн ойд тэр олон жил болохдоо бараг л зэрлэгшсэн, үс бөөсөндөө баригдсан нөхдүүдийг олноор нь олж байсантай харьцуулахад Хиро Онода нь цэргийн хувцсаа тэр чигээр нь хадгалж чадсан (хэдийгээр нөхөж, засаж янзалсан ч яг л дүрэмт хувцас хэвээрээ), байлдааны зэвсэг болох винтов буу болон бусад эд хэрэглэл нь дээд зэргийн арчиж цэвэрлэсэн, хэзээ ч буудахад бэлэн байсан байдлаараа ялгардаг билээ. Мань эрийн харц нь ч хүртэл нэг л дайчин.

Хэдийгээр Онода бидний дайсан байсан боловч дээр дурдсан маршал Жуковын хэлснээр  “ийм дайсныг хүндлэхгүй байж болно гэж үү? Хүндлэхгүй байж болохгүй!“ гэсэн үг санаанд орно.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]