Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Я.Ганбаатар: Манай эрдэмтэд шинэ юм бага хийж байнаУншсан8,370

Манай эрдэмтэд шинэ юм бага хийж байна. Нэгнийхээ хийснийг хуулж, хувилж цэцэрхээд л байх юм. Ялангуяа залуучууд эрс шинэлэгээр сэтгэж зүтгэх ёстой.

“Open door” сонины “VIPERSON”-оор энэ удаа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэлбичгийн ухааны доктор Я.Ганбаатар уригдлаа.

 -Монголын түүх, соёл, утга зохиолын тухай олон өгүүлэл нийтлэл тань манай сонин болон сайтуудад тогтмол гарч байна. Энэ хэдэн зуугаар тоологдох бүтээл туурвилыг амжиж хийснийг бодоход Та их залуугаасаа эрдэм шинжилгээний ажил хийж ирсэн болов уу гэж тааварлаж байна?

 

-Тийм ээ, би МУИС-д оюутан байхаасаа буюу бүр дал, наяад оны зааг үеэс л номын багш нэрт эрдэмтэн Чой.Лувсанжавтаныг даган Монгол судлалын ертөнцөд хөл тавьсан. Тэр цагаас хойш өдөр өнжилгүй эрдэм номын ажил хийж ирсэн дээ. Бас академич Ч.Далай, Н.Ишжамц, Д.Чимидцэрэн зэрэг нэрт түүхчид, хамба Х.Гаадан, монгол бичгийн Д.Чойжилсүрэн, хэл шинжлэлийн доктор С.Мөөмөө, С.Дулам, Ш.Чоймаа, хятад судлалын Ц.Базаррагчаа гээд мундгуудаар ном заалгасан минь ховорхон аз завшаан юм. Үүнийхээ хүчинд өнөөдрийг хүртэл хэдэн зуун өгүүлэл бичиж, тэр бүхнээ 20 шахам ном болгон хэвлүүлсэн байх юм. “Хүннүгийн түүх, соёл”, “Утга зохиолын тухай яриа”, “Утга зохиолын тухай өгүүллүүд”, “Их нүүдэл” гурамсан түүхэн роман гээд миний номуудыг уншигчид гайгүй мэддэг юм. Нэг хэсэг “Их нүүдэл” роман маань хүүхэд залуучуудын дунд бэлгэнд их явсан шүү.

-Энэ роман тань Хүннү Сүннүгийн түүхийг өгүүлдэг биз дээ?

-Тийм ээ. Ерээд оноос хойш монголчууд эх түүхээ эргэн харж идэвхтэй судалж эхэлсэн. Түүнээс өмнө маш их хаалттай байсан шүү дээ. Би оюутан цагаасаа эртний түүх, нүүдлийн соёл иргэншлийн түүхийг судалж ирсэн юм. Тэгээд цаг тавирахаар Хүннүгийн түүхийг тэрлэж, түүндээ тулгуурлан түүх-уран сайхны зохиол болгож бичсэн юм. Эхлээд Хүн гүрний мандаж бадарсан цаг үеийг бичсэн “Моодун шаньюй” гэдэг романаа хэвлүүлсэн. Дараа нь Хүн гүрэн задарч мөхсөн үеийн тухай “Хүүхэн шаньюй”, Европт нүүдэллэн очсон хүн нарын тухай “Тэнгэрийн ташуур Атилла” хоёр, гуравдугаар дэвтрийг нь бичсэн. Ингэхдээ би түүхийг санаанаасаа зохиогоогүй, гажуудуулаагүй, уран сайхны дүрслэлээр баяжуулж бичсэн гэж боддог.

 -Их зохиолч Д. Нацагдоржийн шүлгэнд “Хүннү, Сүннүгийн үеэс хөгшид өвгөдийн минь нутаг мину” гэж байдаг санагдана. Та ганцхан Хүннү гэж яриад байна. Хүннү Сүннүгийн учрыг хэлж өгвөл манай Уншигчдад сонин байх болов уу?

 -Аль аль нь хятаджсан нэр л дээ. Уугал нэр нь бол Хүн юм. Хятадын түүхэнд тэмдэглэгдэж, хэлцэгдэж ирснээр бол Хүн-нү буюу Хүн-боол гэсэн нэр. Сүннү гэдэг нь Сюн буюу Догшин боол гэсэн утгатай нэр. Хүн нар өмнөд хөршдөө дийлдэн эзлэгдэж, нэг хэсэг нь харьяанд нь орж номхрон суусны дараа тэднийг Гунну буюу Журамт боол гэж нэрлэсэн байдаг. Ийм түүхэн нэрс нэлээн бий. Монгол хэлэнд тэнэг гэсэн утгатай дүнхүү гэдэг үг бий. Энэ бол Дунху буюу Зүүн Хүн нар гэсэн нэр цагийн уртад утга солигдон өөр утга илтгэх болсны гэрч. Сэнхүү гэдэг үг дээр дурдсан Сюнху гэдэг нэрийн утга хувирсан хэлбэр нь. Хөөрүү, онгироо, сагсуу гэсэн утгатай үг шүү дээ. Энэ мэтчилэн мангуу, мундаг, гээд үгс олон бий. Энэ бол түүхэн хэл шинжлэлийн судалдаг зүйлс.

 -Та сүүлийн жилүүдэд маш сонирхолтой хэд хэдэн сайхан өгүүлэл, нийтлэл нилээн шаргуу ойр ойрхон бичлээ. Манай сонин, сайтад бүгд тавигдаж, хамгийн олон уншигчтай өгүүлэл нийтлэлээр шалгарч байгаад бид болон манай эрхэм Уншигчид баяртай байдаг юм.  Энийг бас тэмдэглэн өнгөрүүлэхгүй байж болохгүй болов уу гэж бодож байна.

-Баярлалаа. “Чингис хааны харц”, “Хубилай хаан авд мордсон нь”, “Ухаант хатдын үйлс зууныг нэвтлэн гэрэлтнэм”, “Хүннүчүүд монголын өвөг дээдэс биш гэж үү?”, “Манжийн хааны зуслан ордонд аялсан тэмдэглэл” зэрэг нэлээд өгүүлэл бичсэн. “Намрын дуун”, “Их Нямсүрэнгийн насны ойд”, “Яруу найргийн аралд зорчсон тэмдэглэл”, “Авьяаслаг шүлэгч Агай хатан”, “Норвегийн ой хэмээх анхны хайрын дууль”, “Ногоон нүдэн лам” гээд утга зохиолын судлал, шүүмжлэлийн тухай өгүүллүүд ч нэлээдийг бичсэн. Монгол судлалд өнөөдөр шинийг хийх цаг үе ирээд байна. Шинэ юм хийх хэрэгтэй байна. Тэр хятад хэлээр байгаа, тэр араб перс хэлээр байгаа, урьд өмнө гар хүрээгүй арвин их эх сурвалж, судлагдахуунуудыг судлья л даа.

 Би дээр хэлсэн. Түүх, соёл, утга зохиолын чиглэлээр насаараа хийсэн хэдэн зуун өгүүлэл материал бий гэж. Тэр бүгдээ эргэн харж сайт, сонингуудад өгч байгаа. Шинээр ч судалж бичиж байгаа. Өнгөрсөн хэдэн жил би Тайваньд ажилласан юм. Тайвань бол Монгол судлалын арвин их судлагдахуунтай газар. Тэндхийн музей, номын сан, архив гуравт манай их юм байна. Би багцаалж баримжаалан судалж байгаад ирсэн. Эхний алхмууд болгож хоёр том альбом хэвлүүлсэн. “Тайванийн “Хааны ордон” музей дэх Монголын түүх, соёлын өв дурсгалууд”, “Тайванийн Төв номын санд хадгалагдаж байгаа Монголын түүхийн сурвалж бичгүүд” гэдэг хоёр номыг Нийслэлийн ЗДТГ, “Оюу толгой” компанийн дэмжлэг, ивээн тэтгэлгээр хэвлүүлсэн. Тайванийн Үндэсний Төв номын санд Монголын түүх, соёлд холбогдох нэг зуу гаруй ном судар хадгалагдаж байна.

“Тайванийн “Хааны ордон” музейд дэх Монголын түүх, соёлын өв дурсгалууд” ном 

Тэдгээрийн дотор “Монголын нууц товчоо”-ны эхээс хуулбарласан хувь, “Саган сэцэний 1662 онд туурвисан “Хаадын үндэсний эрдэнийн товч”, Чингис хааны есөн өрлөгийн нэг Елүй Чуцайн “Өрнө этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Монголын түүхийн ойллого”, “Юань улсын үеийн яруу найраг, уран зохиолын эмхэтгэл” зэрэг судар, шасдир бий. Синика академийн архивт Монголтой холбоотой нийтдээ 14 мянга орчим бичиг материал хадгалагдаж байдаг агаад Их хүрээ, Улиастай, Ховдын амбан, Хиагт дахь хятад цэргийн үйл ажиллагаанд холбогдох материалууд гэж ангилсан байдаг. Үүнээс Их хүрээнд холбогдох нь долоон мянга, Улиастайн амбанд холбогдох нь дөрвөн мянга, Хиагтад холбогдох нь 1311, Ховдын амбанд холбогдох нь 612 бичиг материал байна. Хоёр талын судлаач эрдэмтэд хамтран хэд хэдэн төсөл хэрэгжүүлж эхэлсэн.

 -Та дипломат албаны хүн. Ноён дипломат Ганбаатар Бээжинд бас олон жил ажиллаж амьдрахдаа шинжилгээ судалгааны нэлээн юм хийсэн болов уу гэж бодож байна?

-Тийм ээ. Бээжин, Хөх хотод нийтдээ 10 жил ажиллаж амьдарсан. Төрийн алба хашихын хажуугаар эрдэм номын ажил их хийсэн үр өгөөжтэй он жилүүд байсан. Ер нь манай ГХЯ-ны нэг чухал үүрэг чиглэл бол дэлхийн олон улс оронд Монгол судлалыг дэмжиж хөгжүүлэх, гадаадад байгаа Монголын түүх, соёлын өв дурсгалуудыг олж сурвалжлах, судалж тогтоох явдал. Дэлхийн түүх Монголын түүхтэй салшгүй холбоотой. Хятад, Тайвань, Солонгос, Дундад Азийн орнууд, Орос, Араб, Персийн орнуудад Монголтой холбоотой маш их өв дурсгал бий. Бид тэр бүхэнд хүрч сурвалжилж, судалж, ард түмнийхээ, цаашилбал дэлхийн дахины хүртээл болгох ёстой. Сүүлийн жилүүдэд энэ талаар их ажил хийж байна. Миний хувьд гэхэд хэд хэдэн ном хэвлүүлсний дотор “Гүрний их нийслэл Хаанбалгас”, “Юань гүрний монголчуудын хятадаар бичсэн шүлгийн сонгомол”, “Нангиадын утга соёлын товчоон”, “Ляожайн өргөөнөө тэрлэсэн гайхам өгүүллүүд” зэрэг судалгаа, орчуулгын номууд бичиж хэвлүүлсэн. Бээжин хот бол XIII зууны Монголын их гүрний нийслэл байсан түүхт газар. Түүх, орчин үе хосолсон эртний их хотод амьдарч байгаагаа урьд мэддэггүй байсан.

2003 онд шиг санагдаж байна, түвдэч эрдэмтэн Л.Хүрэлбаатар багш  Японд багшлахаар явахдаа Бээжингээр дайрч явсан. Ер нь амралтаараа ч ирж очиж байсан юм. Нэг удаа надад “Хубилай хааны хаш сав байдаг гэсэн. Очиж үзье” гээд, хоёулаа сураглаж явсаар байгаад олж үзсэн юм. Монголын түүхэнд холбогдох гайхамшигтай өв дурсгалуудын нэг. Өнөөдөр Хятадын төрийн нэгдүгээр зэргийн үнэт эрдэнэ гэгдэн хадгалагдаж байдаг. Тэгээд Хүрэлбаатар багш надад: “Явуулын бид нар энэ бүгдийг үзэж судалж чадахгүй. Суурин суугаа та нар л хаана, юу байгааг олж, судалж тогтоох ёстой юм шүү” гэж захисан юм. Тэр цагаас хойш би хэдэн жил тасралтгүй судалсан даа. Бээжинд Монголын түүхтэй холбоотой маш их өв дурсгал байдаг. Бээжин ч гэлтгүй, Хятадын олон газар нутагт зөндөө бий. Тэр бүхэнд бид хүрч судалж шинжлэх, ард түмэндээ мэдүүлэх учиртай. Би Ардын жүжигчин кино найруулагч Г.Жигжидсүрэн гуайтай хамтарч Дайду-Хаанбалгасын тухай 9 ангит телевизийн цуврал, “Хүн гүрэн” гэдэг телевизийн 6 ангит цуврал баримтат кино хийсэн. TV5 телевиз, “Сэмүүн” продакшнтай хамтарч бас нэвтрүүлгүүд хийсэн. Энэ ажил үргэлжлэх ёстой. Бээжингээс гадна олон газарт очиж ийм судалгаа, сурвалжлага хийх санаа бий.      

-Та сүүлийн үед ямар бүтээл хийж байна? Энэ тухайгаа яриач.

-Хэд хэдэн ном бэлэн болгосон ч хэвлүүлж чадахгүй байж байна. “Хитан нарын түүх” гэдэг түүхийн бүтээлийг бараг арван жилийн өмнө бичсэн. Тэгэхээр судалгааг нь түүнээс ч өмнө хийж эхэлсэн байж таарна. Монголчуудын язгуурын өвөг дээдэс гэгддэг хитанчуудын тухай нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай. Х.Пэрлээ гуайн “Хитан нар, тэдний монголчуудтай холбогдох нь” гэдэг бүтээл 1959 онд гарснаас өөр судалгаа Монголд хийгдэлгүй өнөөг хүрч ирсэн гэхэд халагламаар. Бид ийм маягаар л эх түүхээ судалж тодотгож байна шүү дээ. Өнөөдөр Хятадад 10 мянган оюутан суралцдаг. Гэтэл тэдний дунд түүхээр суралцаж байгаа оюутны сураг алга. Лав наяад оны сүүлчээр Хятадад оюутан сургах болсон цагаас хойш ийм байна. Нэг ч түүхч бэлтгээгүй гэхэд хилсдэхгүй байх. Одоо болтол тодорч гялалзсан түүхч судлаач гарч ирээгүй байна. Хятад хэлгүйгээр монголын түүхийг судалж, тодотгож, урагшлуулах боломжгүй. Манай төр засгийн бодлого ийм л байна.

-Төр засгийн бодлого тийшээ төвлөрч чадахгүй байгаагаас гадна манай иргэдийн эрдэм мэдлэгийг ойлгох ойлголт өнгөц байх шиг.  Түүхийн судлалгүйгээр түүнд ач холбогдол өгөхгүйгээр гадаад орныг байтугай өөрийн орныг танин шинжлэхэд хэцүү байх даа?

-Манай эрдэмтэд шинэ юм бага хийж байна. Нэгнийхээ хийснийг хуулж, хувилж цэцэрхээд л байх юм. Ялангуяа залуучууд эрс шинэлэгээр сэтгэж зүтгэх ёстой. Цаг хугацаа урагшлан улирахын хэрээр түүх уг гүн рүүгээ улам ярган орж цаашлан судалдаг жамтай. Бид хаанаас эхтэй, хэнээс үүсэлтэй, хаана хэрхэн аж төрж байснаа ултай судлан тогтоох хэрэгтэй. Тэгэхгүйгээр амрыг харж XIII зуунд эргэлдсээр байх нь учир дутагдалтай.

 -Энэ бол уучилж боломгүй алдаа болох байх. Хятад судлал бүү хэл ЗХУ-аас хойш Орос судлалыг ч бас мартсан юм шиг. Нэн харамсалтай. Одоо уран зохиол руугаа эргэж орьё. Өнөөдөр түүхэн романууд их гарч байна. Та тэднийг уншдаг уу? Мэргэжлийн хүний хувьд ямар санагддаг вэ?

-Заримыг нь уншсан, заримыг нь уншаагүй.

 -Сонин хариулт байна?!

 -Түүхэн зохиол бүтээл олшрох нь муу биш. Хүмүүс эх түүхээ сонирхдог, уншдаг болно. Тэр хэрээр түүхийн тухай мэдлэг, ойлголттой болж, түүнийгээ зузаатгана. Гадаад улс орнуудад түүхэн уран зохиол том байр эзэлдэг. Тийм учраас манайд түүхэн уран зохиол их бичих болсон нь муу юм биш. Одоо чинь хүн юу дуртайгаа хийдэг ардчилсан, чөлөөт цаг үе шүү дээ. Харин чанарыг анхаарах ёстой. Уран бүтээлийн чанарын тухай асуудал хэзээ ч байх ёстой зүйл. Өнөөдөр нэг хэсэг хүн зохиол бүтээл хийж, нөгөө хэсэг нь тэднийг хурцаар шүүмжилж байна. Аль аль нь байдаг л зүйл. Шүүмжлэлийг зөв талаас нь хүлээн авч алдаа буруугаа дараа дараачийн бүтээлдээ давтахгүй байх, засч залруулах нь чухал. Түүхийн судалгаа ч тэр, түүхэн уран бүтээл ч тэр, болж өнгөрсөн бодит түүхийг сөхөн тодотгож байгаа хэрэг. Бодит түүхийг уран сайханжуулна гэдэг санаан зоргоор мушгин гуйвуулахын нэр биш. Санаанаасаа зохиогоод, хэт уран сайханжуулаад, огт болоогүй юмыг болсон мэтээр бичиж болохгүй.

 -Түүхийг хэт их фантаазлавал өнөө түүхийг гуйвуулна гэдэг болох байх л даа. Та судлаач, дипломат албаны хүн төдийгүй зохиолч, орчуулагч хүн. Энэ чиглэлээр ямар бүтээл хийж байна? Ялангуяа зохиол бүтээлийнхээ талаар тодруулж яривал ямар вэ?

-Уран зохиолын хувьд гэвэл, би хийдэг юмаа хийгээд л явж байгаа. Ажил албаны онцлогоос шалтгаалаад утга зохиолын үйл амьдралд идэвхтэй оролцож чадахгүй юм. Нэлээн хэдэн жил гадаадад ажиллалаа. Яваандаа болох байлгүй дээ гэж бодож байгаа. Гэхдээ би Монголын утга зохиолын ертөнцтэй байнга холбоотой байж “Утга зохиол” сонин, “Цог” сэтгүүлээ захиалан үзэж, тэндээс л Монголын их утга зохиолын амьдралын тухай, хаана юу болж, ямар ном бүтээл гарч байгааг олж мэдэж байх юм даа. Зарим том арга хэмжээнд оролцолгүй яахав. Хууччуул маань хуучнаараа бичиж туурвиж байна. Шинэ үеийнхэн түрэн гарч ирж байна. Эмэгтэй зохиолчид түлхүү төрж, том том романууд туурвих болж. Дэлхийн утга зохиол яаж хөгжиж байна, Монголынх аль хавьд нь байна гээд харьцуулж хардаг. Яруу найргийн “Болор цом”, хүүрнэл зохиолын “Утгын чимэг” наадмуудыг үзэж л байна.

 -Эдгээр наадам танд ямар санагдаж байна? Үүгээр Монголын утга зохиолын өнөөгийн байдлыг дүгнэж болох уу? Зарим нь ийм уралдаан тэмцээн гадаад оронд байдаггүй гэж үгүйсгэх нь ч бий. Миний хувьд бид заавал гадаадтай адил байх албагүй шүү дээ. Уран зохиолд хандах ард түмний өөрийн онцлог байна. Бас байдаггүй гэдгийг хэн бүрэн ноттой мэддэг юм бол гэдэг ч юм уу.

-Нэг талаас хэлвэл болно, нөгөө утгаараа болохгүй. Яагаад болно гэж байна вэ? гэвэл, яруу найраг, хүүрнэл зохиол хоёр бол утга зохиол хэмээх их ертөнцийн үндсэн хоёр багана. Тиймээс энэ хоёр наадамд сойж байгаа бүтээлүүдээр ерөнхийд нь дүгнэж болно. Тэгвэл Монголын утга зохиол хөгжил хөдөлгөөн багатай байна гэж хэлмээр байна. Шинэ юм, часхийсэн бүтээл алга. Дэлхийд Монголын утга зохиолыг төлөөлөх тийм чансаатай сайн бүтээл гарахгүй байна. Гэхдээ олон хүн шүлэг найраг, зохиол бүтээл туурвидаг болж. Иймд бүхэлд нь болохгүй бүтэхгүй байгаа мэтээр үзвэл өрөөсгөл болно. Энэ наадмуудад ордоггүй олон уран бүтээлчид бий. Хоёр янзын дүр төрх харагдаж байна. Нэг хэсэг нь хуучнаараа бичиж байна. Нүүдэлчин малчин ахуй, түүнийг уянгалуулан дуулсан уламжлалт өгүүлэмж, дүрслэл, хот айл, хамт өссөн залуусын бүтэлгүй хайр дурлал, цэрэгт явсан ах, хадамд очсон айлын эгч гээд нүүдэл нүүдэл, бас дахин нүүдэл суудал...

 Нөгөө хэсэг нь өнөөгийн цаг үе, нийгмийн сэдэв рүү орж, хот суурин газрын, орчин үеийн амьдрал аж төрөл, хүүхэд залуучуудын үеэрхэл нөхөрлөл, цаашлаад бүр Монголын хавтгайгаас халиад дэлхий даяар хэсч тэнүүчлээд интернациональ хайр дурлал, адал явдлыг сэтгэж зохион бичих болжээ. Цагийн төрх биз дээ. Болохгүй нь юу байхав Гэхдээ судлаач шинжээчдийн хэлээд шүүмжлээд байгааг хүлээн авч, цаашдын зохиол бүтээлдээ анхаарах нь зөв дөө. Солонгосын телевизийн сериалууд шиг савангийн дууриуд бий болж эхэллээ гээд байгаа нь үнэний хувьтай ч болох ёстой юм болж байгаа нь л тэр. Харин тухайн уран бүтээлийн чанар чансаа, жинхэнэ сайн бүтээл, хиймэл зохиомол зүйл эсэхийг нь утга зохиолын судлаач шинжээчид, бас цагийн шалгуур ялгаж салгаад өгнө дөө.  

 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 онд уран бүтээлчдийг хүлээн авч уулзаж байх үеэр

Би сүүлийн хэдэн жилийн хугацаанд “Сансарын хүүхдүүд” гэдэг нэртэй роман бичсэн. Удахгүй хэвлүүлнэ. Хүүхэд насны тухай роман. Гэхдээ энэ бол намтарчилсан бүтээл биш. Өнгөрсөн зууны жар, далаад оны үеийн Монголын хүүхэд залуучуудын амьдралыг харуулсан зохиол. Улаанбаатар хот, тэр тусмаа Улаанбаатарын шинэ хороолол Сансарт өссөн хүүхдүүдийн нэгэн үеийн амьдралыг буулгахыг хичээсэн. Тийм болохоор цаг үе нь ч сонирхолто. Романд гарах орчин газар, өгүүлэмж нь ч сонирхолтой. Сансарыг тэр үед Микр гэдэг байсан шүү дээ. Микрорайон буюу Бичил хороолол гэсэн үг. Монголд орос цэргүүд орж ирж байрлан, барилга барьж эхэлсэн цаг үе. Хамгийн эхэлж Сансар хорооллыг барьсан юм. Тэгж жараад оны үед Улаанбаатар өргөжин тэлж, орчин үеийн байшин барилга баригдан хүмүүс монгол гэрээс тохилог орон сууц руу орж эхэлсэн юм. Энэ бол зөвхөн нэг орон сууцжуулах үйл явц биш. Нийгэм тэр аяараа тухайн цаг үеийнхээ алхааг дагаж орчин үежиж, соёлжиж, гэгээрч байсан үйл явц байсан юм.

 -Та хэллээ намтарчилсан бүтээл биш гэж. Тэгээд энэ ном Микрийн тэр үеийг гаргаж тавихаар ностальги- дурсамжийн ном баймаар юм шиг. Сонирхолтой юм?

 -Наадах чинь их чухал асуулт. Ингэж асуух чинь зөв. Ийм төрлийн зохиол бүтээлийг дотор нь дурсамж, дурдатгал, намтар зохиол, намтарчилсан тууж, роман гэх зэргээр хэд хэд ангилдаг. Товчхон хэлэхэд дурсамж дурдатгалын ном, амьдралд тулгуурласан намтарчилсан уран зохиол хоёр бол хоёр өөр зүйл. Нэг нь “Тэгж билээ, ингэж билээ” гээд цэвэр дурсамжаа хүүрнээд өгүүлээд явчихдаг. Нөгөө нь уран сайхны боловсруулалтад оруулж, бодит хүнийг дүрслэхээсээ илүүтэй хэв шинжит дүр баатрууд бүхий нийтлэг уран зохиол болгон баяжуулсан зохиол бүтээл. Эхнийхэд нь өгүүлж буй бүх зүйл болсон явдал, бодит түүх. Харин хоёрдахид нь өгүүлдэг өгүүлэмжүүд бол хагас үнэн, хагас зохиомол. Түүнд уран сайхны халил, уянгын халил, адилтгал зүйрлэл, хэтрүүлэг, төсөөлөл, уран сэтгэлгээ, нэмсэн зохиосон зүйл түгээмэл байдаг. Харин энэ нь сайн, тэр нь муу гэж ялгах аргагүй. Утга зохиолын онолын үүднээс ангилах юм бол нэг нь уран зохиолын бус ном бүтээл. Үүнийг олон улсын нэр томьёогоор non-fiction. Нөгөө нь уран зохиол буюу fiction шүү дээ. Non-fiction  нь баримтат зохиол, олон төрлийн шинжлэх ухааны ном бүтээлийг хэлдэг. Fiction гэдэг нь зохиол, уран зохиол, хүүрнэл зохиол, роман, тууж гэж орчуулагддаг.

 -Таны шинэ бүтээл тань тэгээд аль “fiction” рүү нь багтах ном бэ?

 -Би энэ номоо бичиж байхдаа бага залуудаа уншиж байсан, саяхан ч уншсан эдгээр төрлийн цөөнгүй зохиол бүтээлийг эргэн харлаа. П.Очибат гуайн “Тэнгэрийн цаг”, Д.Пүрэвдоржийн “Улаан гэрийн хоригдол”, Г.Жуковын “Дурдатгал, бодол”, Жавахарлал Неру, Хиллари Клинтон, Барак Обама гээд олон хүний зузаан цэвэр дурсамж, дурдатгалын номууд маш олон. Бас “Ш.Гаадамбын “Багын явдал”, Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх”, П.Лувсанцэрэнгийн “Усны эргүүлэг буюу Борзооны явдал”, Д.Гармаагийн “Хөгжөөнтэй туужууд”, С.Эрдэнийн “Халхын заяат харгуй минь” гээд олон зохиол тухайн тодорхой хүний бага насны үйл явдлууд дээр тулгуурлан уран сайхны боловсруулалтад орж тууж, роман болсон байх нь элбэг. Өнөөдөр монголчууд ном бичиж хэвлүүлэх нь их болж. Дурсамжийн номууд ч их гарч байна. Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын “Зааг”, Ж.Цолмонгийн “Цагийн зурвас” номууд гарчээ. Ер нь дурсамж дурдатгалыг улс төрчид, нэр бүхий зүтгэлтнүүд бичих, бичүүлэх нь түгээмэл. Харин би бол улс төрч биш, олны танил нэртэй хүн биш.

 -Та хэтэрхий даруухан загнаж байгаа юм биш үү? Я. Ганбаатар гэдэг авторыг мэдэхгүй, уран зохиолын хүрээний хүн лав байхгүй болов уу? Та олон талтай хүн. Түүх соёл, уран зохиол судлал, дипломат хүрээнийхэн ч Таныг андахгүй персон байх. Тийм ч учраас бид Таныг ВИПЕРСОН-доо уриад байгаа.

 -Таныг ийм үг хэлсэнд талархаж байна. Виперсоны зочиноор урьсанд ч талархаж байна. Гэхдээ олны танил хүн гэдгээ би бол хэлж мэдэхгүй. Тиймээс энэ романаа өөрийнхөө нэрээр цэвэр дурсамж дурдатгалын ном болгоогүй юм. Зүгээр нэгэн цаг үеийнхний нийтлэг амьдралыг, тэр өнгөн дээр тухайн үеийн Монголын нийгмийг дүрслэн өгүүлэхийг зорьсон.

 Гавьяат уран зохиолч С.Пүрэв, Х.Чилаажав, Ц.Хулан нарын хамт

 Гадаадад бол “Жэйн Эйр”, “Оливер Твист”, Л.Толстойн “Бага нас”, Марк Твений “Том Сойерийн адал явдал”, Жек Лондоны “Мартин Иден”, гээд маш олон зохиол бүтээл хэн нэгний бодит амьдралд үндэслэгдсэн байдаг шүү дээ. Сүүлийн үеийнхээс гэвэл Японы зохиолч Харуки Муракамигийн “Норвегийн ой” романыг би сүүлийн хоёр жил ширээнийхээ номыг болгон үзэж байна. Нэг төрлийн дурсамж зохиол шүү дээ. Зохиогч нь ч өөрөө анхны хайрын тухай хөнгөн маягийн дурсамж роман бичье гэсэн юм гэж хэлсэн байдаг. Энэ номын тухай өнгөрсөн жил нэг шүүмж бичиж сонин, сайтад нийтлүүлсэн. Дахиад ч бичих санаа төрж байгаа. Тэгэхдээ өмнө бичсэнээсээ огт өөр өнцгөөс бичих санаа төрсөн. Энэ зохиолыг унших бүрт шинэ шинэ ойлголт, үзэл бодол төрдөг юм. 

 -Та Муракамийг ямар хэл дээр уншиж байна. Ханзаар уншиж байна уу гэдэг утгаар нь асууж байна л даа?

 -Хятад, англиар нь авч уншсан. Дашрамд хэлэхэд энэ бүтээлийг орчуулсан Гэрэл байх аа, орчуулагч сайн орчуулсан байна лээ. Эмх цэгцтэй, усыг нь сайн шахсан, илүү дутуу дэл сул үг хэллэггүй тул уншихад их амар. Уг бүтээлийн талаар одоо өөр талаас нь бичнэ гэдэг нь унших тусам шинэ шинэ зүйл ойлгогдож, харагдаж байна л даа. Японы нийгэм, япончуудын, ялангуяа залуучуудынх нь амьдрал, бодол санаа, хүсэл мөрөөдөл улам тодорч ирдэг. Манайд өнөөдөр урьд өмнө орчуулагдаж байгаагүй, шилдэг сайн гэгдсэн бүтээлүүд нэлээн орчуулагдах болж. Сайн хэрэг. Гэтэл тэдгээрийг уншихаар санаанд хүрэхгүй юм их байна аа. Орчуулгадаа байна уу, ерөөс уг зохиол бүтээл нь үнэндээ тийм ч сайн гайхалтай биш юм уу гэдгийг нь тунгаах боллоо. Нэрт орчуулагч Аким гуай, Ж.Нэргүй гээд манай ахмадууд, аваргууд голоод байгаа нь учиртай, үнэний хувьтай юм шиг санагдах болсон.

 -Өнгөрсөн зууны жар, далаад оны үе гэдэг Монголын хөгжлийн нэг өвөрмөц, сонирхолтой цаг үе яах аргагүй мөн? Бид дотор нь амьдарч байсан. Бид Хятадыг мэддэг юм шиг мөртлөө мэддэггүй тухай дээр өнгөц хөндсөн. Түүн шиг энэ үе рүүгээ өнөө цагаас бас дүн шинжилгээ хийж, танин мэдэж, хойч үедээ бүрэн дүүрэн ойлголт өгөх хэрэгтэй байх. Зөв үү?

 -Тэгэлгүй яахав. Монгол үндэстэн дахин сэргэн мандсан. Монгол орон аж үйлдвэржсэн, социалист чиг баримжаагаар замнасан, нэг үгээр хэлэхэд эрчтэй хөгжлийн замд орсон үе байсан эргэлзээгүй үнэн. Үүний гэрч нь биднийг тойрон бодитоор хүрээлж байгаа шүү дээ. Хотжилт идэвхтэй өрнөж Улаанбаатар хот өргөжин тэлсэн. Орчин үеийн орон сууцны хорооллууд баригдаж сүндэрлэсэн. Монголын хүн ам 1962 онд дөнгөж 1 саяд хүрсэн юм шүү дээ. Тэгээд Улаанбаатарын оршин суугчид ч түргэн нэмэгдсэн. Хотын төв барилгажиж, олон айл орон сууцанд орсон. Ялангуяа манай Сансар хороолол баригдсанаар орчин үеийн тохилог амьдрал, орчин үеийн соёл нэвтрэхэд их нөлөөлсөн. Ер нь Оросын нөлөөгөөр европын соёл иргэншил Монголд бий болсон юм шүү дээ. Хятадын зээл, тусламжаар ч олон бүтээн байгуулалт хийгдсэн байдаг.

 -Ер нь тэр үеийн Улаанбаатар хотыг Хятад, Орос хоёр л барьсан юм шиг санагддаг юм. Бас Япончуудын барьсан барилга байшин, зам гүүр бий. Миний мэдэх 1982 онд л Монголчууд маань бие дааж анхны есөн давхар угсрамал орон сууцны барилга барилаа гэж ярьж байсан нь ой тойнд үлджээ. Тэр цаг үеийг товчхон тодорхойлооч гэвэл та яг юу гэж хэлэх вэ? 60, 70-аад он шүү дээ.

 -Бидний үед хүүхдүүд хоёр л зүйлээр амьсгалж амьдарч ирсэн. Нэг нь ном унших, нөгөө нь хөгжим сонсох. Энэ хоёр л байсан юм. Харин ч гэж гадаадын сайхан сайхан номууд их орчуулагдаж, хэвлэгддэг байсан даа. Бидний үеийнхэн маш их уншдаг байсан. Тиймээс дэлхийн оюуны соёлоос нэг их хоцрооогүй явж ирсэн дээ. Чарьлз Диккенс, Ги Де Мопассан, Ричард Киплинг, Байрон, Бальзак, Шекспир, Гөөтэ, Пушкин, Лермонтов, Иван Бунин, Толстой, Шолохов бүгдийг уншиж өссөн. Жараад оноос ийм байсан бол далаад оноос барууны дуу хөгжим сонсох явдал нэмэгдсэн юм. Хэдийгээр хөрөнгөтний үзэл суртал, барууны суртал ухуулага гээд хориглож хянадаг байсан ч Монголд нэвтэрч ирдэг байсан. Эхлээд Битлз, Бий Жийз, Дийп Пёрпл, Шокинг Блү, Пинк Флойд, Роллиг Стоунз, Лед Зеппелин, Осмондз, Доорз, Клифф Ричард, Демис Русосс, Мирей Матье, за тэгээд Абба, Бони М, Смоуки, Сүзи Куатро, Виллиж Пийпл, Германы Чингис хаан гээд л наашилна шүү дээ. Одоо л дэлхий дахины хаанахын бол хаанахын дуу хөгжмийг сонсох боломжтой болоод ирэхээр хүн тоохоо байчихдаг юм шиг байна. Түүнээс биш бидний үед бол мэргэжлийн түвшинд сонирхож сонсдог, олж авах гэж амь тавин зүтгэдэг, судалдаг байсан юм шүү.

 -Гэхдээ л тухайн нийгэмд болж бүтэхгүй зүйл их байсан байх? Гэхдээ би нэг их туйлшрахыг хүсэхгүй байна. Манайхан 1921 оны хувьсгалаас өмнө л нэг их агуу юм байсан юм шиг ярих гээд байдаг. Бас ч гэж болж бүтэхгүй зүйлээсээ болж бүтэх нь илүү байсан уу? гэдэг асуулт давхар явж байгаа шүү. Жишээ нь 60 жилийн өмнө л хөдөө нутагт айлууд зуух яндан хэрэглэдэг болсон факт байна. Түүнээс өмнө агуйд байгаа юм шиг тулганы ил галтай байсан байх жишээтэй.

 -Мэдээж. Үзэл суртлын хүлээс гэж айхтар юм байсан. Бүхнийг энэ хэмжүүрээр хэмжиж, хянана, хорино. Социалист, капиталист хоёр ертөнц хүйтэн дайны нөхцөлд хүчтэй сөргөлдөж байсан үе. Бие биенийхээ дээр гарах гэж нэг нь нөгөөгөө газар доор ортол нь муулж, сурталддаг байлаа. Тэр хэрээр ард иргэд нь нөгөө талынхаа тухай хамгийн муу, муухай, эмгэнэлтэй, аймшигтай, хөөрхийлөлтэй ойлголттой байдаг байсан. Гэхдээ далдуураа хүмүүс хөрөнгөтөн улс орнуудад ард иргэд нь илүү эрх чөлөөтэй, чинээлэг, хөрөнгөлөг амьдардгийг мэддэг болсон юм. Тэнд материаллаг болоод оюуны соёлыг илүү сайн үйлдвэрлэж, чанартай сайн, сайхан хувцас өмсч, илүү олон төрлийн сайн хоол хүнс хэрэглэж, илүү хөгжингүй нийгэмд аж төрж байгааг нь ойлгодог байсан. Тийм ч учраас ерээд онд социалист систем задарч, хөрөнгөтний ардчиллын зам руу шилжсэн юм шүү дээ. Ийм цаг үед, тийм нийгэмд амьдарч байснаа би энэ номдоо өгүүлсэн. Үүнийг бид бичиж үлдээх ёстой. Ямар нийгэмд яаж амьдарч байснаа түүх болгон үлдээхгүй бол ор тас мартагдахад хүрнэ. Ялангуяа сөнөж мөхөх гэж байсан монгол үндэстэн сэргэн мандаж, хөгжиж дэвжсээр өнөөгийн энэ зэрэгт хүрсэн гэдгийг мартаж болохгүй. Маргаашийн хүүхэд багачуудад хэлж өгөхгүй бол тэр бүгдийг мэдэхгүй өснө.

 Я. Ганбаатар нэрт зохиолч, яруу найрагч, соён гэгээрүүлэгч Д.Урианхайн хамт

-Та бид нэгэнт тэр үеийн давуу, сул талыг бага ч гэсэн өдгөөгийн хүмүүст хүргэх чиг тавьсан учир зарим нэг жишээ хэлээч?

 -Тэртээ өнгөрсөн зууны жараад оны дундуур Монголд хотжих үйл явц эрчимжиж, хөдөөнөөс олон айл өрх гэр бүлээрээ нүүн шилжиж ирсэн. Тэд Улаанбаатарт хаа сайгүй суурьшсан. Тэр үед нийслэл хотод маань Хятад иргэд их олон байсан. Монгол, Хятад гэлгүй холилдоод л суудаг байсан даа. Миний шинэ романд энэ тухай өгүүлнэ. Хятад айлуудаар орж гарч, хятад хүүхдүүдтэй тоглож, бас чулуугаар байлдаж, юм юм л болж байсан тухай бичсэн. Сүүлд Сансар хороолол баригдахад оросуудтай бас нийлээд л суусан. Энэ тухай бас өгүүлнэ. Юм юм болж байсан даа. “Уулын мод урттай богинотой” гэдэг шиг сайн, муу их ч юм болж байв. Сайн муу их ч юм сурсан даа.

1968 онд би хоёрдугаар ангид байхдаа санамсаргүй улаан хамгаалагч болчихож билээ. Сахилгагүй ах нар барьж аваад хамрын маань хянгыг маажсаар байгаад улайлган цус гаргаж орхисон хэрэг. Энэ нь Хятадад өрнөсөн Соёлын хувьсгалын гол хөдөлгөгч хүч улаан хамгаалагчдын таних тэмдэг байж. Номын үйл явдал үүнийг дагаад өрнөнө. Өөрөөр хэлбэл эндээс цааш уран сайханжиж байгаа юм. Хамар хашааны хятад хүүхдүүд тааралдаад “Чи манай тал. Чи манай улаан хамгаалагч” гэж ирээд л хашгиралдана. Тэгэхэд нь үгүй гэж хэлээд нэмэргүй, сүүлд нь аргаа барахдаа чулуугаар байлдан, нэг хятад жаалын тархийг нь хага цохин бөөн хэрэг мандуулна.

 Далаад оны дундуур шиг санагдана, нэг орой манай хаалгыг хүчтэй балбалаа. Аав маань очиж тайлвал хоёр согтуу орос офицер дайраад л ороод ирсэн. Комендантдаа хөөгдөн зугтаж яваа юм гэнэ. Тэгээд манайд орой болтол нуугдаж, унтаж байгаад явсан юм. Нэг нь орос, нөгөөх нь украин үндэстэн байж. Орос нь умаа хум согтуу. Украин нь эрүүлдүү. Бөөлжсөндөө хутгалдан ухаангүй хэвтэх оросоо заан: “Энэ муу орос гахай. Оросууд ийм бүдүүлэг. Би украин хүн. Хамаагүй соёлтой” гэж ирээд л ярьж байсан нь санаанд үлдэж. Эндээс цааш бас уран сайханжиж үйл явдал өрнөнө.

 Долдугаар ангиад байхад маань нэг айхтар хэрэг гарлаа. Хэн нэг нь самбар дээр “Дөрвөд хүн хүн биш, дөрвөн шийр мах биш” гээч биччихэж. Түүнийг нь сургуулийн захирал орж ирээд харчихсан. Тэр үеийн төр засгийн удирдагчид Цэдэнбал, Батмөнх даргаас эхлээд ихэнх нь Увсынх, тэр тусмаа дөрвөд, баяд ястангууд. Ингээд бөөн хэрэг мандлаа. Нам, төрийн эсрэг гэмт хэрэг шахуу юм болсон. Ангийн багш, ангийн дарга, бүх сурагчид, тэдний эцэг эх хэрэгт унах дөхлөө...

 -Одоогийн залуучуудад толгойд нь багтахгүй үнэхээр сонирхолтой байх болов уу. Өөр ганц нэг жишээ хэлвэл болох уу?

 -Номынхоо хамаг нууцыг дэлгэж болж байна уу даа. (инээлдэв.) За яахав, дахиад нэг хоёр жишээ татья. Нэг ёсны номын маань реклам сурталчилгаа болж магадгүй. Наймдугаар ангид байхад манай ангийн нэг хүүхэд “Орос хэл хичээл биш” гээд хэлчихсэн чинь бөөн хэрэг мандсан юм. 1975 он шиг байна. Өнөөх чинь оросоор ус цас байхгүй юу. Аав нь Москвад элчинд ажиллаж байсан юм билээ. Тиймээс тэнд хэдэн жил оросуудтай хэрэлдэж, хэлцэж өссөн нөхөр л дөө. Гэтэл манай орос хэлний багш нэг удаа түүнд муу тавьчихлаа. Түүнд нь шаралхаад “Орос хэл бол хичээл биш” гэчихсэн нь бидний амны уншлага болж яваад багш нарт баригдаж бас бөөн юм болсон юм. Ангиараа агуу их Зөвлөлтийн ард түмний эсрэг дайсагнасан үзэл санаатан болчих шахсан.

 -Уг нь тэр хүү өөрөө унаган орос хэлтэй учраас “Миний хувьд орос хэл бол хичээл биш” гэж аархсан санаатай л юм байна л даа. Тэр нь орос хэлийг эсэргүүцэгч, Зөвлөлтийн эсрэг үзэлтэн болж дэлгэрэх шахаж л гэж ойлгогдож байна. Зөвлөлтийн эсрэг хэрэг бол тэр цагт өчиггүй буруутдаг хэрэг байлаа. Буруу зөв ойлголтоос болж ийм хэргээр хэлмэгдсэн олон хүн байдаг даа.

 -Тэр үнэн. Сонирхуулахад бас нэг удаа ангийн маань нэг хүүхэд багшийндаа очьё гэсээр байгаад би хамт явлаа. Хичээл тарж, айлууд зусландаа гарах дөхсөн үе. Багшийнх маань гэрийнхээ нэг ханаар дүүрэн хачин сайхан аквариумуудтай, монголд ховорхон гоё загаснуудтай байсан. Хараад ханашгүй. Гэтэл хэд хоногийн дараа багшийнд хулгай орсон гээд шуугиад явчихсан. Бөөн хэрэг мандлаа. Манай сургуульд “Чка багш” хочтой Цэнджав гэж дуу хөгжмийн багш байсан юм. Нэг өдөр өнөөх чинь орж ирээд чкадаж гарлаа. Хулгайчийг барих юм гэнэ. Хүүхдүүд сүнс нь зайлчих дөхсөн. Энэ мэт адал явдал их болдог байсны заримыг нь энэ номдоо өгүүлнэ. Тэр бүгдийг багтаах гэвэл ном биш эрээвэр хураавар зүйлсийн цуглуулга болчихно. Тийм учраас их ажилласан даа. 2014 онд эхэлсэн гэхээр бараг 4 жил энэ номоо бичсэн байна.

 -Тэгвэл яггүй сонирхолтой, чанартай бүтээл гарах нь гэж совин татаад явчихлаа.

 -Гарахаар нь л дүгнээрээ. Түрүүний яриагаа төгсгөхөд тэр үед хичээл сургуульд Монгол орон социализмыг байгуулж, дараа нь коммунизмд дэвшин орно гэж заадаг байлаа. Хүний нийгмийн хамгийн дээд шат бол коммунизм, түүнд эхлээд агуу их Зөвлөлт улс удахгүй хүрнэ. Дараа нь Монгол дэлхийн олон улс орнуудаас түрүүлж коммунизмд орно гэсэн бат итгэлтэй, баярлаж бахархсан л цаг үе байсан шүү дээ. Гэхдээ аль ч цаг үед, ямарч нийгэмд хүүхэд нас гэдэг бодох санах юмгүй, жаргалтай сайхан байдаг. Бидний хүүхэд нас ч тийм л өнгөрсөн. Харин ч Монгол орон, нийслэл хот эрчтэй хөгжин тэлж, орчин үеийн байшин барилга олноор баригдан хүмүүс тохилог орон сууцанд суух болсон үе, соёлжиж гэгээрсэн, дэлхийн шилдэг тэргүүний соёл иргэншилд хүрсэн үе юм шүү.

 Ингээд яриад байвал номоо бүтнээр нь ярих болох нь. Ярьж өгөөд яахав. Номыг минь уншаарай гэж хүсэх байна. Уншигч түмэндээ номын хуудсаараа уулзья гэж хэлмээр байна. Дурсамжийн зохиол уншихад амттай, сонирхолтой байдаг шүү дээ. Миний ном уншигчдад таалагдана гэж найдаж байна. Тэр тусмаа манай Сансарт төрж өссөн хүмүүс, өнгөрсөн зууны жар, дал, наяад оны миний үеийнхэн, одооны хүмүүст ч сонирхолтой байх болно гэж бодож байна. Хэрэв та нар зөвшөөрвөл танай сонин, сайтууд дээр зарим нэг бүлгийг нь, хэсгийг нь нийтэлвэл хүмүүст илүү хүрэх бол уу. Манайд чинь номоор бизнес хийнэ гэдэг бүтэхгүй зүйл шүү дээ. Хүн ам цөөхөн болохоор цөөн хэвлэхгүй бол болохгүй. Дээр нь реклам сурталчилгаа хийхгүй бол бүр бүтэхгүй. Иймд би энэ номынхоо тухай боломж гарсан дээр нь гайгүй сайн дуугараад авья гэж бодлоо. Оросын А.Рыбаковын зохиол “Арбатын хүүхдүүд” гэдэг роман бий. ”Сансарын хүүхдүүд” гэдэг миний энэ ном түүн шиг сонсогдож магадгүй. Гэхдээ адилхан юм байхгүй. Хоёр өөр цаг үед, хоёр өөр газарт өрнөж байгаа үйл явдлууд шүү дээ.

 -Манай редакцид саатан морилж сонирхолтой яриа өрнүүлсэн Танд баярлалаа. Номноос тань нийтлэхэд бэлэн. Хэвлэгдээгүй номыг гарахаас өмнө олонд хүргэж таниулна гэдэг хамгийн шинэ соргог хэвлэл мэдээллийн хэрэгсэл болно биз дээ? “Open door” сонин маань. Ингээд Танд уран бүтээлийн олон сайхан ном гаргахыг хүсэн ерөөе. Хүлээж байгаа хүмүүс надаас эхлээд чамгүй олон байгаа шүү гэдгийг уламжлахад таатай байна.

 -Баярлалаа, хичээе. (инээлдэн салав.)

 Эрдэмтэн, зохиолч, яруу найрагч Ү. Хүрэлбаатар, Я.Ганбаатар, УИХ-ын гишүүн яруу найрагч Г.Мөнхцэцэг нарын хамт

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Соёлын гавьят зүтгэлтэн цол тэмдгээ хүлээн авсны дараахь баярт мөч

Ярилцсан Х.Бүрэнтогтох

Сэтгэгдэл 6ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 1 сар 31. 22:54
ЗочинАРХА

ТА УРТ НАСАЛЖ ОЛОН БАРИМТ ДЭЛГЭЭРЭЙ,ЭНЭ ХҮНИЙГ БЭЭЖИН ТАЙВАНД БАЙНГА СУУЛГАЖ ТҮҮХ СУДЛУУЛМААР БАЙГАА ЮМ ДАА ГХЯ *НД ХЭЛЖ ӨГӨӨРЭЙ

2018, 1 сар 23. 14:44
ЗочинАдилаа

Би ч гэсэн 33-р сургуульд суралцаж төгссөн. сансарт өссөн хүн. сансарынхаа тухай сонссон чинь ёстой л хүүхэд нас нүдний өмнүүр жирэлзээд өнгөрлөө. ном нь хэзээ гарах бол. заавал авч уншина. сэтгэл маш их хөдөллөө. цэнджав багш манай ангид дуу хөгжим заадаг байсан яг тийм зантай хүн байсан шүү кккккк.

2018, 2 сар 1. 11:33
Цэнгэл

Би ч бас Сансарын унаган хүүхэд. Монголын анхны лифттэй байшинд хүүхэд нас минь өнгөрсөн дөө. Ганбаатар манай доод анги юм бна. Номыг тань тэсэн ядан хүлээж бна. Хүүхэд нас минь, 33 р сургууль, багш нар маань гээд л олон сайхан дурсамж сэргээсэн ном гарна гэдэгт итгэлтэй бна. Уран бүтээлийн амжилт хүсье!

2018, 1 сар 21. 18:59
Т.Энхээ

Уран бүтээлийн олз омог дүүрэн, үйл нь дэлгэрэх болтугай.

2018, 2 сар 19. 18:10
Зочин

Би 1966 оноос л 33-р сургуулийн сурагч микрийн хүүхэд уншсан чинь сайхан байлаа. Уран бүтээлийн амжилт

2018, 1 сар 23. 13:31
Altankhuyag

Mundag medlegtei , daruuhan hun . bi ih hundelj yavdag yum. Ganbaatar ahdaa uran buteeliin amjilt husie

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]