Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Улс орны төрийн тэргүүнүүдийг хэрхэн хамгаалдаг вэ: Кимийн гэр бүлУншсан9,788

Ким Ир Сен 1946 онд БНАСАУ-ын Ардын түр хорооны даргаар ажиллах болсноос хойш Кимийн гэр бүлийн хувийн хамгаалалтын албаны түүх эхэлдэг.

БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор (Ph.D), хошууч Т.Сүхбаатарын орос хэлнээс орчуулсан нийтлэлийг уншигчдадаа хүргэж байна.


Ким Ир Сен 1946 онд БНАСАУ-ын Ардын түр хорооны даргаар ажиллах болсноос хойш Кимийн гэр бүлийн хувийн хамгаалалтын албаны түүх эхэлдэг. Тэрээр ХХ зууны 30-аад оны үед Манжуурт партизаны үйл ажиллагаа явуулж байсан хэд хэдэн зэвсэгт нөхдөө анх бие хамгаалагчаар томилсон байна. Энэ шийдвэр зөв байсныг 1946 оны 3-р сарын 1-нд болсон нэгэн үйл явдал тодорхой харуулсан. Тэр өдөр Хойд Солонгосын удирдагч Пхеньяны нэгэн талбай дээр ард түмэнд хандан үг хэлж байжээ. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Сталины тушаалаар Хойд Солонгост үлдсэн Зөвлөлтийн арми түүний хамгаалалтыг бэхжүүлсэн үе юм. Кимийг хамгаалж байсан Зөвлөлтийн армийн бага дэслэгч Яков Новиченко тэр үед Кимийн индэр рүү олны дундаас гранат нисэн ирж байгааг анзаарчээ. Гэвч гранат байндаа хүрсэнгүй. Индэрийн хажуул Новиченкогийн хажууд унав. Гранатыг аваад буцаад шидэх ч боломж байсангүй. Өрнөд фронт дээр Германы гранатыг хариу авч шидэх тохиолдол олон байсан бол дорно зүгт бол байдал өөр байлаа. Бага дэслэгч үүргийнхээ дагуу Матросов шиг өөрийн биеэр халхлахаар шийдэв. Үүрэг бол үүрэг. Дэлбэрэлт болов.

Бидний өмнө амьд гэхдээ баруун гар нь шархдсан, цээжиндээ олон тооны гэмтэл, зүүн нүд нь гэмтсэн, биеийн бусад хэсгүүдэд олон тооны гэмтэл  авсан хүн хэвтэж байлаа.

Эмнэлгийн албаны хошууч Елизавета Богдановагийн дурсамжаас

Хожим нь Новиченког офицер цүнх үхлээс аварсан нь тогтоогджээ. Ийм тохиолдол эх орны дайны үед ч олон тохиолдож байсан. Удаан эмчилгээ хийсний дараа Яков төрөлх тосгондоо буцаж ирэв. Тэгээд 80-аад онд түүнийг Ким Ир Сен ЗХУ-д айлчлах үеэр нь олж БНАСАУ-ын баатрын одонгоор шагнажээ. Дараа нь Новиченко болон түүний гэр бүлийнхэн Хойд Солонгосын удирдагчийн гэрт хүндэт зочноор хэд хэдэн удаа зочилж байжээ.

Халдлага болохоос хэдхэн хормын өмнөх Ким Ир Сен

Яков Новиченко (зүүн талд), Ким Ир Сен (баруун) Фото: "Солонгос хойд зүгээс урагш" ном

 

Амиа хорлох баг

Амжилтгүй аллага хийсний дараа аюулгүй байдлын арга хэмжээг чангатгасан байна. Ким Ир Сен өөрийн гэсэн хамгаалалтын ангитай болжээ. Тэднийг Зөвлөлтийн туршлагатай офицер Хангери Элоков удирдаж байв.

Хангери Элоков

БНАСАУ-ын удирдагчийн байрыг морин цэргийн тусгай хороо хамгаалж эхэлсэн бөгөөд түүнийг улс даяар аялах үеэр нь дагалдан явдаг байв. Удалгүй Ким Ир Сен дахин нэг аллагын оролдлогоос амьд үлджээ. Нэгэн удаагийн баярын жагсаалын үед түүний орчуулагчаар ажиллаж байсан нэгэн гал нээжээ.

Удирдагчийг бие хамгаалагчдын нэг нь биеэрээ хааж, хүнд шархадсан ч амьд үлджээ. Халдагчийг амьдаар нь барьсан бөгөөд байцаалтын үеэр тэрээр америкчуудтай тохиролцож, ийм оролдлого хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Дараагийн удаад Ким Ир Сений эсрэг хийсэн гурав дахь оролдлогын захиалагчийг тогтоох боломж байсангүй. Халдагч этгээд Умард Солонгосын удирдагч руу хутга барин дайрсан боловч хамгаалагчид нь түүнийг зогсоосон байна.

 Үүний дараахан халдлага үйлдсэн этгээд цианидын капсул хазаад нас баржээ.

Энэ хооронд 1949 оноос эхлэн жилийн өмнө байгуулагдсан Солонгосын ардын арми удирдагчаа хамгаалж эхэлжээ. Энэ нь Зөвлөлтийн цэргүүд Хангери Элоков болон түүний дайчдын хамт Хойд Солонгосыг орхисны дараа болсон үйл явдал юм. 1950-иад оны дунд үеэс БНАСАУ-ын Улс төрийн аюулгүй байдлын газрын нэг хэсэг болох Аюулгүй байдлын алба Хойд Солонгосын удирдагчийн аюулгүй байдлыг хариуцах болсон байна. Тус албыг 1958 онд Ким Ир Сентэй хамт тулалдаж байсан туршлагатай хорлон сүйтгэгч О Бен Ненг удирдаж байв.

Америк, Өмнөд Солонгосын тусгай албаны бай болсон удирдагч өөрөө өөрийнхөө томилсон албан тушаалтнуудад ч итгэдэггүй байв. 1960-аад оны сүүлчээр түүнийг устгахын тулд Өмнөд Солонгост 31 хүнээс бүрдсэн "684-р анги”-ийг байгуулжээ. Тэд бүгд оршин суугчгүй Силмидо арал дээр бэлтгэл сургуулилтад хамрагдаж, Хойд Солонгосын удирдагчийг устгахад бэлтгэгдэж эхэлсэн байна. Хүн бүрт асар их мөнгө амласан байлаа. Сонгогдсон хүмүүс нь алдах зүйлгүй, голдуу гэмт хэрэгтэн, хойдоос зугтаж ирсэн хүмүүс байжээ. Сургалтыг маш хүнд нөхцөлд, нууцын зэрэгтэй явуулж байсан тул долоон хүн бэлтгэлээ даалгүй нас барсан байдаг. Энэ тухай Солонгосын кино дээхэн манай кино театруудаар гарч байсан. Эцэст нь "684-р анги" Ким Ир Сенийг устгаж чадаагүй юм. Хүнд бэлтгэл, дарамт шахалт юуны ч төлөө бэлтгэгдээд байгаагаа ойлгохоо байтлаа ядарсан дайчид захиалагч нартайгаа муудалцан сургагч нараа устган завь хулгайлж Сөүлд ирсэн байна. Сөүлд түгшүүр зарлан тусгай ажиллагаа явуулж тулалдаан болсноор бэлтгэгдсэн 20 дайчин нас барж, дөрвийг нь дараа нь дээд хэмжээ өгч шийтгэжээ. Ингээд уг хэрэг нам дарагдсан байна.

Сөүлийн төвд 684-р ангийн гишүүдийн автобус

 

Театр руу - өөрийн сандалтай

XX зууны 70-аад он гэхэд БНАСАУ-ын Хамгаалах газрын ажилтнууд дөрвөн хэлтэст харьяалагддаг 30-40 мянга орчим хүнээс бүрдэж байв. Ким Ир Сен болон түүний гэр бүлийн гишүүдийн хувийн аюулгүй байдлыг зөвхөн хамгийн туршлагатай, найдвартай хамгаалагчид л очдог нэгдүгээр хэлтсийн ажилтнуудаар хангасан байна. Тэнд байгаа бүх ажилтнуудын зөвхөн намтар төдийгүй хамаатан садных нь улс төрийн үзэл бодлыг ч гэсэн сайтар шалгаж үздэг байна. Хоёрдугаар хэлтэс нь хөдөө аж ахуйн тусгай бааз дээр даргад зориулан тариалсан бүх ногоо, жимс жимсгэнэ төдийгүй, Хойд Солонгосын нэгдүгээр хүний хоол бэлтгэлд хяналт тавих үүрэгтэй байв. Мөн "хоёр"-ын офицерууд Ким Ир Сений гэрт ирсэн бүх гэр ахуйн эд зүйлсэд хор, тэсрэх бодис, чагнах төхөөрөмж, дамжуулагч байгаа эсэхийг шалгадаг байна.

Гурав дахь хэлтэс нь материаллаг болон техникийн хангамжийн асуудал, дөрөв дэх нь удирдагчийн орон сууц барих, үдэшлэг зохион байгуулах, үйлчилгээ, мөн тэнд найдвартай боловсон хүчнийг сонгох асуудлыг хариуцдаг байжээ.

Ким Ир Сен тэргүүтэй Хойд Солонгосын төлөөлөгчид Москвад хүрэлцэн ирж байгаа нь. 1950 оны хавар

Аюулгүй байдлын алба Хойд Солонгосын нийслэл Пхеньян руу орох хаалганд хатуу хяналтыг зохион байгуулна. Хот руу орж байгаа хэн бүхнийг шалгах ёстой. Аюулгүй байдлын алба нь 1982 онд 70 мянган ажилтантай Аюулгүй байдлын командлал болон өөрчлөгджээ. Үүнээс 1500 нь Ким Ир Сений хувийн аюулгүй байдлыг шууд хариуцаж байжээ. Үүний зэрэгцээ командлалын дотор хэд хэдэн тусгай бригад ажиллаж, удирдагчийн хамгаалагч нарын дундаас урвагч найдваргүй этгээдүүдийг зогсолтгүй хайдаг байв.

 Бие хамгаалагчид ялангуяа гадаад томилолтын үеэр түүний аюулгүй байдлыг сайтар хянаж байв. Ким Ир Сен 1980-аад онд ЗСБНХУ-д айлчлах үеэрээ амь насанд нь халдах оролдлого хийх вий гэсэн болгоомжлолоор Ким өөрийн тусгай сандалтайгаар Зөвлөлтийн театруудад тоглолт үзэж байжээ. Хойд Солонгосын удирдагч Зөвлөлтийн алдарт КГБ-ын хамгаалалтад хүртэл үл итгэн зочид буудлуудад байрлахаас татгалзаж өөрийн хуягт галт тэргэнд амьдарч, түүгээрээ хотоос хот руу аялж байжээ. Үүний зэрэгцээ Зөвлөлтийн цэргүүд галт тэрэгний зам дагуу битүү хамгаалалтад гарч байв.

Биднийг бүсэлсэн. Бид төмөр зам руу нуруугаа харуулан зогслоо. 15-20 минутын дараа бид галт тэрэг ойртож байгааг анзаарав. Тэр маш удаан, цагт 50 км хурдтай явсан, үүнээс илүүгүй. Цонхыг болгоомжтой хаасан. Цонхонд хэн ч юу ч харагдахгүй байв.

1988 онд Өвөрбайгалийн хязгаарт алба хааж байсан цэргийн дурсамжаас

 

Ким Чен Ирд зориулсан бөмбөг

Ким Ир Сенийг залгамжлагч том хүү Ким Чен Ир засгийн эрхэнд гарахаас өмнө буюу 1977 онд өөрийн арван хүний бүрэлдэхүүнтэй хамгаалалтын албаа хүлээн авч байжээ. Жилийн дараа Хойд Солонгосын удирдагчийн өв залгамжлагчийг хамгаалахын тулд 17-18 насны 300 байлдагчаас бүрдсэн алба байгуулагдсан бөгөөд тэд бүгд бие бялдар, сэтгэлзүйн тогтвортой байдалаараа ялгагдаж байв. Уламжлалт мэдлэгийн шалгалтаас гадна хамгаалагчид нэр дэвшиж буй бүх хүмүүс зургаан сарын сургалтад хамрагдсан байх бөгөөд үүнд буудлага, тулааны урлаг, өнгөлөн далдлах, хамгаалалтын арга техник зэрэг сургалтууд багтдаг байна.

Үзэл сурталд ихээхэн анхаарал хандуулж тархи угаалгасан ирээдүйн бие хамгаалагчдад Кимд үйлчлэх нь тэдний эрхэм зорилго гэдгийг байнга заадаг байв. 1980-аад оны эхээр Ким Чен Ирийн гэр, ажлын байрны аюулгүй байдлыг хариуцсан мянга орчим хүн байжээ. Хамгаалагч асан Ли Янг Гукийн хэлснээр, Кимийн хөдөөгийн 20 байрыг тус бүр гурван рот цэрэг хамгаалж байжээ.

Ким Чен Ир инженерийн үйлдвэрт зочилж байна. 1975 оны гуравдугаар сарын 17

Ким Чен Ир усан онгоцоор Вонсан хотын ойролцоох зуслангийн байшин руугаа явахад түүнийг үргэлж Хойд Солонгосын тэнгисийн цэргийн хөлөг дагалддаг байв. 1992, 1995 онд Хойд Солонгосын цэргийн өндөр албан тушаалтнуудын оролцсон Засгийн газрын эсрэг хоёр ч оролдлого бүтэлгүйтсэний дараа 90-ээд оны дунд үе гэхэд Аюулгүй байдлын командлалын ажилтнуудын тоо 100,000 болж нэмэгджээ. Гэсэн хэдий ч Кимийн дайснууд үүнтэй тэмцэх оролдлогоо орхисонгүй. Ким Чен Ир 1994 онд эцгээсээ БНАСАУ-ын удирдлагыг хүлээн авсны дараа түүний хамгаалагчид хэд хэдэн удаагийн гар хийцийн тэсрэх бөмбөг ашиглан хийх гэсэн халдлагаас урьдчилан сэргийлж байжээ. Гэхдээ эзэн холбогдогч нь тодорхойгүй үлдсэн. Эцэг Кимийн үеийн хөгшин маршал, генералуудын хэрэг болов уу гэж таамагладаг. Энэ гавьяа нь партизаны хөдөлгөөний хамтран зүтгэгч эцэг Ким Ир Сений хамтрагч Ли Юл Сеолынх юм.

Тэрээр 2003 он хүртэл Хойд Солонгосын дээд албан тушаалтнуудын аюулгүй байдлын албыг хариуцаж байжээ. Энэ дотроо 25 бие хамгаалагчийг аюулгүй байдлын элит гэж үздэг байжээ. Тэд 2002 онд Ким Чен Ирийг Орост айлчлах үеэр дагалдан явсан хүмүүс юм. Энэ аяллын үеэр удирдагчийн Пхеньянаас Санкт-Петербург руу хөдөлсөн хуягт галт тэрэгний өмнө хурдасгах зүтгүүр явж байв.  Хэрвээ төмөр замууд дээр мина тавьсан бол аюулгүй болгох үүрэгтэй байжээ.

Хойд Солонгосын удирдагчийн хуягт галт тэрэг өөрөө жинхэнэ хөдөлгөөнт цайз байсан юм. Хуягласан 17 вагоныг уулзалт, амралт, хоол хүнс, харилцаа холбоо зэрэг хэд хэдэн бүс болгон хуваасан.  Зэвсгийн агуулахын зориулалттай хоёр ч вагон, хоёр хуягт Мерседес машиныг тээвэрлэх вагон, энгийн машины, бие хамгаалагчдад зориулсан вагон гэх мэтээр хуваагдсан байв. Ким Чен Ирийн хуягт галт тэргэнд цөмийн зэвсэг хөөргөх "улаан товчлуур" хүртэл байсан гэсэн яриа гарч байв. Гэхдээ Хойд Солонгос ийм цүнхтэй гэдэг нь хараахан нотлогдоогүй. Гэхдээ л тэд цөмийн дайнд үргэлж нухацтай бэлтгэдэг байсан. Кимийн Пхеньян дахь оршин суух газарт тэсрэх бөмбөгнөөс бүрэн хамгаалах байр хүртэл барьжээ. Байшин барилгууд нь бункер руу хөтөлдөг газар доорхи гарцаар хоорондоо холбогдсон. Тэд тус бүр нь хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглогдсон бөгөөд шаардлагатай бол удирдагчийн командын пост болж чаддаг байв.

 

Гайхамшигтай "долоо"

Ким Чен Ун 2011 онд Хойд Солонгост засгийн эрхэнд гарснаас хойш тус улсын нэгдүгээр хүний хамгаалалтын албаны тоо дахин нэмэгджээ. Өнөөдөр Аюулгүй байдлын командлалд 120 мянган хүн багтдаг. Бие хамгаалагчид нэр дэвшигчдийг сургуулиас нь хянадаг боловч ихэвчлэн цэргийн алба хааж байх үед нь сонгодог байна. Тус командлалын нэгжүүд өөрөө улс даяар тархсан бөгөөд төлөөлөгчдийн өргөн сүлжээтэй. Тэрээр орон нутгийн албан тушаалтнуудын сэтгэл санааны байдал, засгийн газрын эсрэг явуулга байж болзошгүй талаар удирдлагадаа байнга мэдээлэл өгдөг.

Хамгийн хүчирхэг хамгаалалт бол Пхеньян дахь Ким Чен Уны оршин суух газар бөгөөд пуужин, танк, их буугаар хамгаалагдсан. Хойд Солонгосын удирдагчийн хувийн хамгаалалт нь 15 мянган дайчдаас бүрддэг. Түүний элит нь мянга гаруй хүн үйлчилдэг 6-р хэлтэс (Адьютантын ерөнхий газар) юм. “Алтан мянгат” гэж нэрлэх нь ч бий. Та бусад хамгаалалтын нэгжүүдэд арван жилийн турш өөгүй ажилласаны дараа л тэнд хүрч чадна.

“Алтан мянгат” нь өөрөө долоон түвшний хамгаалалтаас бүрдэх бөгөөд дээд хэсэгт нь Ким Чен Уныг хоёр өдрийн турш дагалдан явдаг 5-6 бие хамгаалагч байдаг. Хоёр дахь түвшин нь удирдагчаас нэг зуун метрийн зайд энгийн хүмүүсийн дунд уусах 200-300 хүнээс бүрддэг. Зөвхөн энэ хоёр түвшний дайчид зэвсэг авч явах эрхтэй.

Ким Чен Ун (дээд төв) бие хамгаалагчдынхаа хамт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзахаар Панмунжомын Хойд Солонгосын талд цэрэггүй бүсэд ирж байна. 2018 оны дөрөвдүгээр сарын 27.

Хамгаалагчдын дүрэмт хувцас таних тэмдэг бүхий ажил хэрэгч хувцас бөгөөд хоорондоо харилцахдаа код үг, нууц үг, дохиог байнга ашигладаг. Гурав, дөрөвдүгээр зэрэглэлийн хамгаалалт нь 1-р байгууламжаас 1-2 километрийн зайд үүрэг гүйцэтгэж байгаа Улсын аюулгүй байдлын газар болон сөрөг тагнуулын ажилтнуудаас бүрддэг. Эдгээр офицерууд Ким Чен Уны байрлаж буй нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хариуцдаг. Төрийн хамгаалалтын алба, Үндэсний аюулгүй байдлын яамны ажилтнуудаас бүрдсэн үлдсэн гурван шатлал нь шаардлагатай бол удирдагчийн хамгаалалтад холбогддог.

"Алтан мянгатын" дунд хоол амтлагч гэгддэг хүмүүс байдаг нь сонин. Тэд Ким Чен Уны ширээн дээр тавьсан хоолыг хамгийн түрүүнд амсаж, хордох эрсдлээс хамгаалдаг байна.

Үүний зэрэгцээ бие хамгаалагчид түүнийг ариун цэврийн өрөөнд зочлох үед ч дагалддаг. Зарим мэдээллээр Хойд Солонгосын удирдагчид Ким Чен Ирийн үеэс эхлэн гадаадад аялахдаа тусгай зориулалтын зөөврийн бие засах газар хэрэглэж байгаа аж. Тиймээс гадаадын тагнуулын албад Хойд Солонгосын дээд албан тушаалтнуудын эрүүл мэндийн байдлын талаар ямар нэгэн зүйл олж мэдэх, шинжилгээнд зориулж биоматериал авах боломжоо бүрэн алдсан байна.

 

Галын шугаманд

Ким Чен Уны үед хамгаалагч нарт шинэ шаардлага тавьжээ. Тэд удирдагчаас хэт өндөр эсвэл хэт намхан биш тодорхой өндөртэй байх ёстой, мөн бие махбодийн харагдахуйц гажиг байхгүй, зөв царайтай байх ёстой. Нэмж дурдахад, бие хамгаалагчид буудлага, тулааны урлагт заавал сургах бэлтгэлээс гадна тэсвэр хатуужлын бэлтгэлд хамрагддаг. Тэд хол зайд сэлж, гүйж чадна. Сүүлийн ур чадвар нь төрийн машиныг дагалдан явах хамгаалагчдад хэрэгтэй. Ким Чен Ун дагалдан явах мотоциклчдоос татгалзаж, бие хамгаалагчдаа машиныхаа хоёр талаар гүйхийг үүрэг болгосон гэдэг. Зарим мэдээллээр БНАСАУ-ын тэргүүн Клинт Иствудийн тоглосон Холливудын "Галын шугаманд" киноноос ийм аргыг зээлсэн гэх.

Ким Чен Уны машиныг бие хамгаалагчид бүсэлсэн байна. 2018 оны дөрөвдүгээр сар.

БНАСАУ-ын удирдагч 2019 онд Орост хийсэн анхны айлчлалынхаа хүрээнд Владивосток хотын оршин суугчид Ким Чен Уны хуягт Мерседес машины хажууд 12 бие хамгаалагч гүйж байхыг харж байв.

Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, 2015 онд Өмнөд Солонгосын хамгийн дээд албан тушаалтнууд осол, галт тэрэгний осол, завины осол гэх нэрийн дор Кимийг шаардлагатай үед устгах боломжийг хэлэлцсэн гэдэг. Мөн 2016 онд Өмнөд Солонгосын Ренхап агентлаг Сөүл хотод бүхэл бүтэн тусгай устгах бүлгийг бэлтгэж байгаа гэж мэдээлсэн. Тэнд орон нутгийн тусгай хүчний дайчдаас гадна хоёр мянга хүртэлх америк мэргэжил нэгт нөхдөө оруулахаар төлөвлөжээ.

Зарим мэдээллээр газар доорх бункерийг ч сүйтгэх чадалтай асар хүчтэй бөмбөг дэлбэрсэн нь Ким Чен Уныг устгах арга гэж үзсэн байна.

2017 оны 2-р сард БНАСАУ-ын тэргүүний эцэг нэгт ах Ким Чен Нам Малайзын нисэх онгоцны буудалд хордож, эмнэлэгт байхдаа нас барсан боловч Өмнөд Солонгосын тусгай албаны төлөөлөгчид гэмт хэрэгт холбоогүй гэдгээ няцаасан юм. Тэд Ким Чен Намыг Кимийн гэр бүлийн дотоод тэмцлийн золиос болсон гэж мэдэгджээ. Мөн 2017 оны тавдугаар сард Хойд Солонгосын тусгай албаныхны мэдээлснээр тэд тус улсын нэгдүгээр хүний эсрэг биологийн зэвсэг хэрэглэхээр төлөвлөж байжээ. Уг ажиллагааг Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын газрын удирдлага бэлтгэж, Умард Солонгосын оршин суугчдын нэгийг ийм зорилгоор элсүүлсэн гэж таамаглаж байв.

Гэсэн хэдий ч хуйвалдааныг цаг тухайд нь илчлэв. Хорлон сүйтгэгчийг халдлагад бэлтгэх үе шатанд баривчилсан ба тэд түүнтэй хамт хор, хамсаатнууддаа өгөх гэж байсан 120 мянган долларын хамт олджээ. Үүний дараа нэгэн цагт ЗХУ-ын КГБ-д алба хааж байсан сөрөг тагнуулын арван офицерын тусламжтайгаар Хойд Солонгосын удирдагчийн аюулгүй байдлыг бэхжүүлсэн байна. Тэдний гол үүрэг бол Ким Чен Уны бие хамгаалагчдыг халдлагаас урьдчилан сэргийлэх технологи, улстөрийн тагнуултай тэмцэх арга барил, Зөвлөлтийн тусгай албаны бусад арга техникт сургах явдал байв. Одоохондоо залуу Кимийг хөнөөх гэж оролдох нь саран дээр хүн буулгахаас ч хэцүү гэж сурталддаг. Түүнд ойртох ч аргагүй. Гэхдээ нэг л алдаа гаргавал дайснууд нь өршөөхгүй гэдгийг тэр сайн мэдэж байгаа.

Үргэлжлэл бий.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 12 сар 28. 17:55
Зочин

yun surtei ym

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]