Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хорь гаруй мянган ламыг цагаатгаад байнаУншсан1,055

Уг үйл явцтай зэрэгцэн лам нарыг олноор цагаатгах ажил эрчимжсэнээр одоогийн байдлаар 20 мянга шахам лам нарыг гэм буруугүйг тогтоон цагаатгаад байна.

Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтэд хамгийн их өртөж хэлмэгдсэн хүмүүс бол яахын аргагүй лам нар мөн билээ. Одоогийн бидний судалгаагаар 30 орчим мянган хүнийг улс төрийн хэрэгт хэлмэгдэж, гэм буруугүй болохыг тогтоон цагаатгаад байна. Эдгээр 30 мянган хүнээс 17 мянга гаруй нь лам нар байсан бөгөөд үүний 14 мянгыг буудаж, үлдсэнийг нь 10 жил хорих ялаар шийтгэж байсан юм. 1921 оны хувьсгалын үйл хэргийг Монголын төр шашныг хослон баригч хэмжээг үй эрхт эзэн хаан VIII Богд Живзундамба хутагтаас эхлээд эгэл жирийн олон лам хуваргууд талархан дэмжиж, зарим нь хувьсгалын үйл хэрэгт хүчин зүтгэж байсан билээ.

 

VIII Богд Живзундамба хутагт МАН-ыг сайшаан үзэж, төлөөлөгчийг нь хүлээн авч, Зөвлөлт Орос Улсаас тусламж гуйх бичигт нь мутрын тэмдгээ дарж өгч баталгаажуулж, улмаар Зөвлөлт Орос Улсад явах намын төлөөлөгчдийн замын саад тотгорыг арилгах шашны зан үйл үйлдэж байсан тухай баримт бий. 1936 оны байдлаар улсын хэмжээгээр насанд хүрсэн лам нар 74058, насанд хүрээгүй лам нар 15084, бүгд 89142 байснаас 1936 онд элдэв шалтгаанаар хорогдсон лам нар 5899… мөн онд 1026 лам ял шийтгүүлж байсан бол 1937 оны эхний зургаан сарын байдлаар 811 лам ял шийтгүүлжээ. 1937 оны наймдугаар сарын 1-ний өдрийн байдлаар шоронд 410 лам хоригдож, мөрдөн байцаалтад 117 лам байгаа гэж бүртгэгджээ.

1937 оны есдүгээр сарын 6-ны өдөр Гандан, Зүүн хүрээний их хамба, ёнзон Ц.Лувсанхаймчиг, дэд хамба Б.Дамдин нарыг Дотоод явдлын яамнаас баривчилж, хувьсгалын эсэргүү, Японы тагнуулын хэрэг гэгчийг хүлээлгэж, тэдний мэдүүлгийг дараа дараагийн баригдаж ирэх лам нараас асуух асуулгын удирдамж болгож ашигласнаар үй олон лам нарыг тэдний хамсаатан гэгдэхэд хүргэсэн юм. 1937 оны аравдугаар сарын 4-7-ны өдрүүдэд Бөмбөгөр ногоон театрт болсон шүүх хурлаар хувьсгалын эсэргүү лам нарын “Төв” хэмээх байгууллагыг зохиомлоор бий болгон, удирдагчаар хамба номун хан ёнзон Ц.Лувсанхаймчигийг нэрлэж, хилс хэрэг тулган хүлээлгэж, 23 ламын хамт шийтгэснээс ёнзон хамба тэргүүтэй 19 ламыг цаазалсан юм. Эдгээр лам нарын дотор манзушир хутагт С.Цэрэндорж, дэд хамба Б.Дамдин, Богд хааны цорж нараас Б.Чойнзон, мөн цорж Жанцан, Чүлтэмийн Сандаг, Ж.Ёндонжамц, Д.Вандан, Хасбазар, Д.Дашдаваа нарын зэрэг Гандан, зүүн хүрээний ихэс лам нарыг бүлэглэж шийтгэсэн юм. Ийнхүү бурхны шашны төв болсоор ирсэн Гандан зүүн хүрээний ихэс лам нарыг устгаснаар лам нарын их баривчилгаа цааш үргэлжлэхэд ямар ч саад тотгоргүй болжээ. Лам нарын их баривчилгаа ийнхүү эхэлснээр үй олон лам нарыг ёнзон хамбын хувьсгалын эсэргүү “Төв” хэмээх байгууллагын гишүүн гэдгээр ямар ч гэм зэмгүй лам нарыг дайчлан баривчлах ажиллагаа нийслэл хотоос аймаг, аймгаас сум, сумаас баг, багаас хэлтгий захтай дээл өмссөн малчдыг хүртлээ хамран өргөн баривчилгаа болон хувирчээ. Лам нарыг ёнзон хамбын “Төв” хэмээх эсэргүү байгууллагын үлдэгдэл гэдгээр дайчлан баривчлахдаа өмнө дурдсан лам нарын Лам нарыг хэлмэгдүүлсэн нь бүртгэл дэх нэрсийн жагсаалтад тулгуурлажээ.

Лам нарыг дайчлах үндэс нь 1, 2 дугаар гүйцэтгэх ажлын бүртгэл гэгч нэрсийн жагсаалт байдаг байсан бөгөөд 1 дүгээр бүртгэлд бүртгэгдсэн хүмүүсийг 1 очерт, 2 дугаар бүртгэлд орсныг 2 дугаар очерт нэр илэрсэн, илрээгүй феодал, тайж, том лам гэдэг үндэслэлээр хэлтэс хэлтсийн чиглэлээр зохиож байжээ. Бүртгэлээр дайчлахдаа дайчлан баривчлах тогтоол, ордер, хууль ёсны баримт бичигг үйгээр нийтийн журмаар дайчилж, мөрдөн байцаалтыг явуулахдаа ямар ч хэргийн баримтгүйгээр эсэргүү хэргийг тулгаж зодож жанчих, касчерт хийх, жижүүрлэн амраалгүй байцаах, хоол ундыг хасаж сойх зэргээр байцааж мэдүүлэг гаргуулан аваад Онцгой Бүрэн эрхт комиссоор оруулан бууддаг байсан юм. Онцгой Бүрэн эрхтэй комиссын дарга нь Х.Чойбалсан, гишүүдэд Г.Цэрэндорж, Д.Лувсаншарав нарын бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд эдгээр гурван хүн тэдгээр үй олон хүний амьд үлдэх эсэхийг шийддэг байжээ. Энэ комисс нь 1937 оны 10 сараас 1939 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд бүгд 50 удаа хуралдаж 25824 хүнийг хувьсгалын эсэргүү, Японы тагнуулын хэрэгт таслан шийдвэрлэснээс 20474 хүнийг буудан алах, 5103 хүнийг 10 жил, 240 хүнийг 10 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэжээ .

Энэхүү лам нарыг хавтгайруулан баривчлан хилс хэрэгт хэлмэгдүүлэх ажиллагааг Дотоод явдлын яамны хариуцлагатай албан хаагчдаас эхлүүлсэн нь маргаангүй. ДЯЯ-ны орлогч сайд Б.Лосол, мөн яамны Эсэргүүцэн тагнах хэлтсийн дарга С.Галиндэв нар ёнзон хамба нарын хэргийг таслан шийтгэсний маргааш 1937 оны аравдугаар сарын 8-нд 330 тоот захидлаар аймгийн хэлтэс, ангиудад “мөрд өн байцаалтаар илэрсэн буюу шалгарч боловсруулсан зарим хэргийн холбогдогчдыг заавал төвийн зөвшөөрөл авна гэхгүй түүгээр өөрийн хяналт үзэмжээр баривчлаад нааш мэдэгдэж болохоос гадна уг хэргийн мөрдөн байцаалтыг өдөр шөнөгүй түргэн дуусгах” үүргийг өгчээ. Лам нарыг мөрдөн байцаахдаа нойр хоолгүй олон хоногоор өндөр сандалд суулгаж жижүүрлэн байцаах, үзэг харандаагаар хатгах, алгадах, өшиглөх, чихийг мушгих, ам, багалзуурыг барьж шахах, бүс гуперээр ташуурдах, ширээний хэрэглэл, сандлын хөлөөр цохих, халуун пийшин, том чийдэнгээр шарах, хүйтэнд нүцгэн гадаа гаргах, эсвэл цонхыг задгайлж дааруулах, даавуунд элс чулуу боож цохих, гар хөлд нь гав хийх, касчерт хорих, буу тулгаж буудна гэж сүрдүүлэх, хэргээ хүлээвэл хөнгөлнө, амь өршөөнө гэж ятгаж хуурах зэрэг олон аргыг хэрэглэж, зарим хүнд залхаалт хэрэглээгүй боловч зохиомол мэдүүлэг бичиж үсэг зуруулах зэргээр мөрдөн байцаалтын “түргэн журам” гэгчийг хэрэглэж байсан ажээ.

1988 оны арванхоёрдугаар сард хуралдсан МАХН-ын Төв Хорооны V Бүгд хурал өөрчлөлт шинэчлэл, намын үзэл суртлын талаар авч хэлэлцээд 1930, 1940-өөд онд хувьсгалын эсэргүү хэрэгт ял шийтгүүлсэн олон мянган лам нарын асуудлыг авч үзэх нь зүйтэй гэсэн түүхэн шийдвэр гаргасан юм. Энэ нь 1990 оны Монголын ардчилсан хувьсгалын өрнөлтөд өөрийн зохих нөлөө тусгалаа өгсөн түүхтэй. Улмаар ёнзон хамба Ц.Лувсанхаймчигийн хувьсгалын эсэргүү лам нарын “Төв” хэмээх байгууллагын хэрэг гэгчийг шалгаж, гэм буруугүй болохыг тогтоож, 1990 оны долдугаар сарын 25-ны өдрийн БНМАУ-ын Дээд Шүүхийн бүгд хурлын VII хурлын тогтоолоор “Төв” байгууллагын толгойлогч, удирдагч гэгдэж олон жил хилсээр гүтгэгдэж ирсэн ёнзон хамба Ц.Лувсанхаймчиг нарыг цагаатгажээ. Уг үйл явцтай зэрэгцэн лам нарыг олноор цагаатгах ажил эрчимжсэнээр одоогийн байдлаар 20 мянга шахам лам нарыг гэм буруугүйг тогтоон цагаатгаад байна. Энэхүү аймшигт яргаллыг дахин бүү гараасай гэж залбирахын хамт бидний үр хүүхэд хойч үе маань хэзээ ч мартах учиргүй юм…

Зуут овогт А.Эрдэнэсайхан

(Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан)

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]