Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн бүх цаг үеийн түүхийн баатрууд түүний дотор БНМАУ-ын Баатар цолтнуудыг энэ ангилалд онцгойлон мэдүүлнэ.

Нэг хот айлаас нэгэн зэрэг зургаан хүн цэрэгт татагдаж байлааУншсан5,091

1939 оны Халхын голын болон 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин, өдгөө 105 настай Биньеэ овогтой Аюурзанын дурсамж

1939 оны Халхын голын болон 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин, өдгөө 105 настай Биньеэ овогтой Аюурзанын дурсамж

Б.Аюурзана миний бие 1915 онд Засагт хан аймгийн Баян мандал уулын хошууны Баян Эрдэнэ сум буюу одоогийн Увс аймгийн Зүүнговь сумын нутагт “Өгөөмрийн цагаан үзүүр” гэдэг газар аав Биньеэ, ээж Жургаа нарын хоёр дахь хүү болж мэндэлсэн.

Өсгөж хүмүүжүүлсэн аав, ээж маань ажилч хичээнгүй, хөдөлмөрч хүмүүс байсан бөгөөд манайх тухайн үедээ чинээлэг амьдралтайд тооцогддог, мал ихтэй зохих ёсны хөрөнгөтэй айл байсан юм. Миний бие хүүхэд ахуйдаа тэр үеийн хүүхдүүдийн нэгэн адилаар аав, ээждээ тусалж, ус, түлш, түлээ дөхүүлэх, мал маллах зэрэг ажилд гар бие оролцдог байлаа.

Миний эцэг Биньеэ 1933 онд нас барсан. Энэ үеэс эхлэн миний бие өрх толгойлон ээжтэйгээ хамт амьдарч байгаад 1935 онд Т.Багуушинтай гэр бүл болсон. Бид найман хүүхэд төрүүлэн өсгөж 79 жил ханилан сууж, энх тунх амьдарлаа. Бидний үр хүүхэд бүгд зохих хэмжээний боловсрол эзэмшин, сайхан айл болж улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан нэр хүндтэй хүмүүс болж төлөвшлөө.

Ач, зээ, гуч, жич зэрэг таван үеийн үр хүүхдүүд маань 100 давсан өнөр өтгөн омгийг бүрдүүлж, тэд бүгд элдэв муу үйлсэд орооцолдохгүй, тус тусын амьдралаа аваад явж байна. Мөн зарим нь улсдаа болон олон улсын хэмжээнд өндрөөр үнэлэгдсэн, алдар хүнд, цол хэргэмтэй хүмүүс болсныг насны энэ өндөрлөгөөс харахад сэтгэлд өег байна.

Өрх гэр тусгаарлан амьдрах болсон тэр цагаас эхлэн мал маллахын зэрэгцээ жин тээж, сумын ард олноос тушаасан түүхий эдийг алс холын Хөвсгөл аймгийн Хатгал боомтод ердийн хөсгөөр тээвэрлэн хүргэж тушаах, эргүүлээд аймаг, сумын иргэдийн өргөн хэрэглээний барааг тээвэрлэн ирж орон нутгийн ард олондоо дэм тусыг хүргэж байлаа. Энэхүү ажлыг өөрийн болон нутгийн ард олны тэмээн сүрэгт тулгуурлан хийж байсан бөгөөд манай сумын иргэн Жамбаад зохих хөдөлмөрийн хөлсийг нь өөрийн зүгээс олгож хамтран ажиллаж байлаа.

1937 онд эх орны дуудлагаар Архайдын Гомпил, Гонжоон Баатар, Равданы Жамбал, Навааны Жумдаан, Раднаагийн Дамдин, Анжааны Ланжаа, Цагаадайн Нугаржаа, Хавтгайн Бадрах, Пүрэвийн Бадарч зэрэг нутгийн залуустайгаа эр цэргийн албанд мордож, аймгийн төвд цэргийн “карантин”-д хамрагдсан билээ. Улмаар Ховд аймгаар дамжин Улаанбаатар хотод ирж, Улаан хуаранд байрлаж байсан хуягт танкийн бригадын хоёрдугаар батальоны нэгдүгээр суманд байлдагч, салааны туслах, сумангийн жагсаалын даргаар тус тус үүрэг гүйцэтгэж байгаад батальонд дэвшин ажиллаж, 1939 онд өөрийнхөө алба хааж байсан хуягт бригадынхаа бүрэлдэхүүнд багтаж Халхын голын байлдаанд оролцсон юм.

Энэ үед манай хуягт бригад Баян түмэн, Тамсаг булгаар дамжин, Буйр нуурын орчимд орших нэр нь үл мэдэгдэх нэгэн толгойд очиж байрласан. Манай хуягт бригад дотроо хэд хэдэн батальонтой байсан ба миний бие тухайн үед хоёрдугаар батальоны жагсаалын дарга бөгөөд дунд хуягтын экипажийн ахлагчаар томилогдож билээ. Экипаж нь надаас гадна буудагч, сумлагч, жолооч гэсэн бүрэлдэхүүнтэй байлаа. Батальоны жагсаалын даргын хувьд би батальоныхоо цэргүүдийн галт зэвсэг, хувцас, хоол ундны хангамжийг хариуцан, тэдгээрийг тараах ажлыг гүйцэтгэдэг байлаа.

Тухайн газар очоод манай бригад хориглолтод орж, давшилтын бэлтгэл хийж байх үед Японы онгоцнууд үе үе агаарын дайралт хийж зарим тохиолдолд багагүй хохирол учруулж байсан юм. Тэр үед Японы нэг удаагийн агаарын дайралтыг эсэргүүцэн Зөвлөлтийн онгоцнууд хөөрч бидний байршиж байсан Буйр нуурын орчимд агаарын ширүүн тулаан болоход Японы хоёр нисгэгч шүхрээр буусныг манай эрлийн хэсгийнхэн олзолж дээд командлалд шилжүүлэн өгч байлаа.

Харин жинхэнэ тулаанд манай хуягт бригад орсны маргаашнаас ихээхэн хохирол амссан япончууд хилээс цэргээ алс татаж тулгаралтаас зайлсхийх болов. Тун удалгүй Монгол-Зөвлөлтийн цэргийн давшилт эхэлж япончуудыг эх орныхоо нутаг дэвсгэрээс хөөн зайлуулж, ялагдал хүлээсэн Японы цэргийн анги, нэгтгэлүүд улсын хилээс алс ухарсан тул 1941 онд манай анги Дорноговь аймгийн төв Сайншанд хотод шилжин байрласан юм.

Энэ үед бага дарга нарыг шалгалтад хамруулан, тэнцсэн хүмүүсийг Улаанбаатар хот руу явуулж нэг жил хагасын хугацаатай түр курст суралцуулсанд миний бие хамрагдан. Тухайн курст амжилттай суралцаж, дэслэгч цолоор шагнагдан ангидаа буцаж ирээд хоёрдугаар батальоны нэгдүгээр суманд салааны даргаар томилогдон ажиллаж байгаад 1944 онд Улаанбаатар хотод шилжин ирж авто тээврийн тусгай батальонд техникийн даргаар дэвшин ажилласан.

1945 оны Чөлөөлөх дайнд үүрэг авч, Америк улсаас тусламж болгон ирүүлсэн “Shavrolet” маркийн 30 машины цувааг хариуцан хилд байрлаж байгаа бригад, хороо, дивизийн ар талд ажиллаж, цэргийн хоол, хүнс, хувцас, зэвсэг, сум зэргийг тээвэрлэн фронтын цэргүүдэд хүргэх, олзлогдсон буу зэвсэг, эд материалыг тээвэрлэн хилийн чанадад ойрхон байгаа хороо, дивизийн складуудад буулгах зэргээр фронтын ар талд хүчин зүтгэж байв.

Ингэхдээ Хятадын Цагаан хэрэм, Жанчхүүгийн даваа, Хянганы нурууг дамжин тээвэр хийж байлаа. Сандаг, Чүлтэм гэсэн хоёр салааны дарга тус бүр 15 машинтай цувааг хариуцаж би эдгээр хоёр салааг нэгтгэн захирч байлаа. Ийнхүү авто батальоноос 30 жолооч, хоёр салааны дарга, би гэсэн 33 хүн л Улаанбаатараас гарч дайнд оролцоцгоосон юм.

Тэрхүү дайны цагийн тээврийн ажил энх цагийнх шиг байгаагүй бөгөөд үе үе аюулт байдалтай тулгарна. Жишээ нь, нэг удаа манай цуваа бөмбөгдөлтөд өртөж хоёр машин бүхий л ачаа бараатайгаа дэлбэрч, жолооч нар нь амь үрэгдсэн харамсалтай үйл явдал болж байсан.

Дайны жилүүдийн үеийн цэрэг татлага маш өргөн далайцтай явагдаж айл болгоноос хэн нэг нь цэрэгт татагдаж байсан. Тухайн үед нэг хот айлаас ах дүү дөрвүүл бүхий зургаан хүн зэрэг цэрэгт мордож байлаа. Тухайлбал, миний дүү Биньеэгийн Лаагин (хожим Төрийн шагнал хүртэж гавьяат агрономич цолоор шагнагдаж, докторын зэрэг хамгаалсан, “чацарганын Лаагин” хэмээн алдаршсан), авга ахын хүү Түүвэйн Дүүдэй (БНМАУ-ын баатар), Түүвэйн Түдэв (Орос, Монголын “Бид ялав” медальт), Түүвэйн Дамдинжав (Орос, Монголын “Бид ялав” медальт) нар цэрэгт мордож намайг оролцуулан зургаан хүн дайны хүнд хүчир жилүүдийн цэрэг явсан удаатай. Бид дайны дараа энгэртээ ялалтын одон, медалиуд гялалзуулсан залуус төрж өссөн нутаг Баян Хүрэн Өгөөмөр болон угаагдаж, ундаалсан Баян нуур усандаа очиж ажил хөдөлмөр эрхлэн дор бүрнээ амжилт бүтээл гарган өнөр өтгөн болж сайн сайхан амьдарцгаалаа.

Дайны дараа Баруун хязгаарт хил хязгаарын байдал тайван бус байсан тул баруун зүгт байрлаж байсан хилийн анги, нэгтгэлүүдийн хүч чадлыг зузаатгах арга хэмжээ авагдаж, тэнд оршиж байсан Хилийн цэргийн ангиудад зэр зэвсэг, ачаа бараа хүргэх зорилготой тээврийн ажилд манай авто батальон дайчлагддаг байв. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Тамчийн даваа хүртэл хийгдсэн нэгэн удаагийн тээвэрлэлтэд манай сумын Түдэвийн Чойдон болон бусад нөхдийн хамт оролцож явсан маань тод санагдаж байна.

Цэргийн албанаас ахлах дэслэгч цолтойгоор ар гэрийн гачигдлаар 1948 оны өвөл халагдан орон нутагтаа эргэн ирснээс хойш энх цагийн хөдөлмөрт шилжиж өөрийн төрөлх сум Зүүнговьдоо гуравдугаар багийн даргаар томилогдон ажиллах болсон юм. Тэр үед сумын даргаар Б.Чулуун ажиллаж байсан.

Энэ ажлыг нэг жил орчим хийгээд 1950 оны эцсээр Увс аймгийн төвд авто баазын даргаар ажиллах болсноос хойш 1978 он хүртэлх хугацаанд авто тээврийн болон худалдааны байгууллагуудад тасралтгүй ажилласан даа. 1950-1954 онд Увс аймгийн тээврийн есдүгээр баазын анхны даргаар ажиллаж байгаад Увс аймгийн намын хорооны шийдвэрээр худалдааны байгууллагад шилжин Бургалдайн мал баазын дарга, мөн оны 9 дүгээр сараас Улаангом хотын хоршооны даргаар томилогдон ажилласан. Улмаар 1956-1957 онд Хяргас, 1957-1962 онд өөрийн төрж өссөн Зүүнговь суманд хоршооны дарга, 1962 оноос 1978 он хүртэл 16 жил тасралтгүй Баруун туруун сум, сангийн аж ахуйн Худалдаа бэлтгэл ангийн даргаар тус тус ажиллалаа.

Энэ хугацаанд хүн ардад үйлчлэх хүндтэй үүргийг нэр төртэй биелүүлэн улсаас өгөгдсөн төлөвлөгөөг жил бүр тогтмол биелүүлж, малын гаралтай түүхий эд бэлтгэх, ялангуяа хонины уртын ноос ахрын болон хурганы ноос, адуу, үхрийн шир, дэл, сүүл, адуу үхрийн хөөвөр, тэмээний ноос, ямааны ноолуур, төрөл бүрийн ангийн үс болон техникийн тос гэх мэтийн олон зүйлийг бэлтгэж улсад нийлүүлдэг чимхлүүр ажилд ихэд дадсан даа.

Тухайн цаг үед үүрэгт ажлаа манай байгууллага сайн гүйцэтгэж, төлөвлөгөө биелүүлэлт, санхүү, тоо бүртгэлийн үзүүлэлт зэргээрээ улсад нэг, аймагтаа долоон удаа тэргүүн байрт шалгарч байлаа.

Ийнхүү энхийн хөдөлмөрт хамт зүтгэж явсан Зүүнговь сумын харьяат, ажилч хичээнгүй, хөдөлмөрийн болон хувийн амьдралын хариуцлага өндөртэй, хамтран зүтгэгчдийнхээ нэрсийг энд дурдахгүй байхын аргагүй. Тодруулбал, хичээнгүй нягтлан бодогч У.Равжир, туслах нягтлан бодогч Пүрэвжав, Харцага, Г.Далай, Б.Минжээ, барааны мэргэжилтэн Б.Цээгээ, барааны нярав Ц.Баньд, Д.Аръяа, түүхий эдийн эрхлэгч Д.Сайнхүү, Халиун, Минсэл, түүхий эдийн чанар хариуцсан ажилтан Тамсран, тэргүүний агент, худалдагч Ж.Цээнпэл, Б.Дөмөөн, Цагаанхүү, Ц.Бадам, Х.Гээпэл, Манка, Жамцаа, Чулхаа, Дүүдээ, Сосор, Жимбэдорж, Данзан, авто мухлагийн жолооч-худалдагч Чимэд, манаач Б.Цагаан, Пунцаг, морин тэрэгчин Р.Баазар нараа эргэн дурсахад сайхан байна.

Эдгээр хүмүүсийн үр хүүхдүүд, ач, гуч, ирээдүй хойч үеийнхэнд нь эцэг, эх, өвөө, эмээгийнхээ сэтгэлийг ямагт дэвтээж явах, сайхан сэтгэлээр жигүүрлэсэн, амжилт бүтээл арвинтай, алдар цуутай хүмүүс болохын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Ийнхүү улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалахад болон энх цагийн хөдөлмөрт гар бие оролцож явсныг минь төр, засаг, ажиллаж байсан салбарын зүгээс өндрөөр үнэлж “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Цэргийн гавьяаны одон”-гоор хоёр удаа, Халхын голын хүндэт медаль, бусад ойн медалиудаар удаа дараа шагнаж, Худалдааны тэргүүний ажилтан цол, тэмдэг хүртээсэнд ихэд баярлаж явдаг юм. Түүнчлэн Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ойгоор ОХУ-ын болон БНХАУ-ын ялалтын ойн медалиудаар цөөн хэдэн хүн шагнасны дотор миний бие багтсан юм. 105 насны өндөрлөгөөс туулж өнгөрүүлсэн амьдралын түүхийнхээ талаар товч өгүүлэхэд ийм буюу.

Аав Шарнууд овогтой Биньеэгийн Аюурзанын өгүүлсэн товч түүхийг эмхэтгэн нэгтгэсэн хүү Б.Баяраа, А.Готовсүрэн

Эх сурвалж: "Соёмбо" сонин

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]