Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Миний аяллын төлөвлөгөөнд Монгол багтсанУншсан2,437

Зурагчин Могенс Тролле сүүлийн хорь гаруй жилийн турш дэлхийгээр аялан, зэрлэг байгалийн нүд булаам төрхүүдийг хальсандаа буулгаж яваа юм

 
Дэлхий дээрх нэн ховордсон амьтдын хүн төст бичил илэрхийлэмжүүд

 

Зурагчин Могенс Тролле сүүлийн хорь гаруй жилийн турш дэлхийгээр аялан, зэрлэг байгалийн нүд булаам төрхүүдийг хальсандаа буулгаж яваа юм. Тэрбээр амьтан судлаач, зэрлэг амьтдын биологич мэргэжилтэй бөгөөд өөрийн мэргэжлийн давуу талыг торгон мэдрэмжтэйгээ хослуулснаар дахин давтагдашгүй бүтээлүүдээ бий болгодог. Онцгойлон түүний авдаг мичний зургуудыг ажвал хүнээс олж хардаг нүүрний бичил илэрхийлэмжүүдийг ч харж болно.

Тролле ихэнх тохиолдолд амьтдын нүүрийг ойроос эсвэл томруулан авахыг илүүд үздэг. Ингэснээр амьтдын биеийн бүтцийг нарийвчлан харах давуу талтайн дээр, тэд хэрхэн хөмсгөө атируулдаг, уурлан хилэгнэх эсвэл сандрах, гайхан биширдэгийг бид харж чадна. Тролле олон жилийн турш хөхтөн амьтдыг ажиглахын зэрэгцээ тэдний дотоод шинж чанарыг шимтэн гайхсаар л байв. Тэрээр хэлэхдээ “Мичнүүд бидний хамгийн ойрын төрлийн хувьд тэдэнтэй хэдий чинээ их сэтгэгдлээ хуваалцана, төдий чинээ адилхан гэдгээ мэдрэх болно.”

Харамсалтай нь түүний дуранд буусан мичнүүд бараг л бүгдээрээ мөхөх аюулд орчихсон. Ингээд гайхамшигт зургуудын эзэн Троллетай зэрлэг амьтдыг хэрхэн ингэж ойроос авдаг, олон зүйлийн амьтдын шинж чанарыг яаж илэрхийлэн гаргадаг тухай ярилцлагыг толилуулж байна.

- Амьтдын зураг авах ажил хэрхэн явагддаг вэ?

- Зэрлэг хөхтөн амьтдын зургийг авахын тулд би эхлээд тэдэнтэй ойртож, өөртөө дасгах шаардлагатай байдаг. Ингэж чадвал тэд илүү нээлттэй болж өөрсдийн хувийн шинж чанарыг зурвасхан ч болов ил гаргадаг. Ийм нөхцөл байдлыг үүсгэхийн тулд та өөрийн биеийн хэлэмжийг сайн мэддэг болсон байх хэрэгтэй.

- Та амьтдыг өөртөө яаж дасгадаг талаараа яриач?

- Аажим хөдөлж, элдэв чимээ гаргахгүй байх хэрэгтэй. Хэрэв амьтад руу өөдөөс нь шуудхан алхаж очих юм бол таныг ямар нэгэн зорилго тээж явааг мэдэх учраас үүний оронд зигзаг маягаар алхах хэрэгтэй. Гэтэж болохгүй! Амьтдын хувьд энэ бол араатан амьтдын гаргадаг биеийн хэлэмж учраас тэд ихэвчлэн зугтдаг. Амьтанд ойртсоныхоо дараа түүний хэрхэн аяглахыг харах хэрэгтэй. Хэрэв сандарсан байдалтай болж эхэлвэл (үүнийг нүүр болон толгойн хөдөлгөөнөөс нь ажиглаж болно) түүн рүү харахын оронд огт тоогоогүй мэт дүр үзүүл, магадгүй буруу харж зогсох, эсвэл дээш харж зогсох гэх мэт байдлаар тухайн амьтанд өөрийг нь сонирхоогүй мэт санагдуулах хэрэгтэй.

Амьтдын нүд рүү битгий хар. Хөхтөн амьтад, ялангуяа мичнүүд харц тулгарах явдлыг тэмцэл, аюул занал гэж ойлгодог (гэхдээ камерын дурангаар харах нь өөр нэг хэрэг). Тэгээд эцэст нь амьтны дэргэд камерын төхөөрөмжөө байршуулж чадах юм бол стресстэхгүйгээр, аль болох тайван байж, өөрөөсөө дулаан энерги цацруулах хэрэгтэй. Сандруу хөдөлгөөн болон дуу чимээ гаргаснаар амьтад хормын дотор алга болж орхидог. Гэвч та амьтанд санаа зовох юу ч байхгүй гэдгийг ойлгуулж чадвал тэдний дэргэд суух, хүссэн хугацаагаараа зургийг нь авах завшаан нээгдэх болно. Би энэ оны 7-р сард хар залаат макаки сармагчны зургийг дарахаар Индонезийн Сулавесид  ажиллаж байхдаа нэгэн өдөр ойн дунд суугаад хэсэг сармагчингууд үсээ оролдож байхыг харсан юм. 15 минутын дотор бүлгийн бусад гишүүд ч ирцгээж намайг тойрон унтаж, хэвтэцгээж эхэлсэн. Би бүр тэдний заримд нь гараараа хүрч болохуйц ойр байсан (гэхдээ хүрээгүй л дээ). Тэгэхэд би тэдний дунд байгаа нь сармагчингуудын хувьд зүгээр байсан ба энэ бол зураг дарахыг эс тооцвол надад юу юунаас илүү таашаал өгдөг мэдрэмж юм.

- Амьтан судлаач/биологич байх нь таны зураг дарахад хэрхэн нөлөөлдөг вэ?

- Би амьтан судлаач байх хугацаандаа Амазонг зэрэг Өмнөд Америкийн зэрлэг онгон байгальд нэлээдгүй хэдэн жилийг өнгөрөөж, хөхтөн амьтдыг судалж байсан. Энэхүү хээрийн ажлаасаа би хөхтөн амьтдын араншингийн талаар маш ихийг мэдэж авсан бөгөөд намайг зэрлэг амьтдын зурагчин болоход яалт ч үгүй хүч нэмсэн гэж би боддог. Амьтдыг “унших”, тэдгээрийн хөдөлгөөнийг урьдаас мэдэх чадвартай байх нь зураг дарахад нэн чухал. Мөн шинжлэх ухаанч хүний хувьд шинжлэх ухааны бичвэрүүдийг уншихад их цаг зориулах хэрэгтэй. Би зэрлэг амьтдын зурагчны хувьд энэ аргаа одоо болтол ашигласаар байгаа. Зургийг нь авах гэж буй амьтдынхаа талаар танин мэдэхүйн өгүүлэл уншсанаар танд хэрэг болох маш үнэ цэнэтэй суурь мэдээллүүдийг авч чадна.

- Таны дарсан сармагчингуудын зургуудаас тэдгээрийн бичил илэрхийлэмжүүд болон хүн төст шинж чанарын илэрхийллийг дурдахгүй өнгөрч боломгүй. Та өөрийн торгон мэдрэмжээ хэрхэн хөгжүүлдэг вэ?

- Мичнүүдийн зургийг дарахдаа бидний хайдаг тэр зүйлийг маш сайн илэрхийлдэг учраас надад “бичил илэрхийлэмж” гэдэг үг их таалагддаг. Би сүүлийн таван жилийг мичнүүдийн зургийг ойроос авахад зориулаад байна. Ер нь ямар ч зүйлд их хугацааг зарцуулж, шаргуу хийх тусам түүний деталиудыг илүү сайн ажиглаж эхэлдэг. Би мичнүүдийн царай, нүдний ялгаа зэргийг тоолшгүй олон цаг ажиглаж байгаа бөгөөд түүнээс ч их цагийг компьютер дээр ажиллангаа зураг дээрх бүх төрлийн нүүр царайны илэрхийлэмжийн ялгааг сонирхон өнгөрөөсөн.

- Энэ төрлийн зургуудыг дарахад таны гэрэл зурагчны дадлага, чадвар хэрхэн тусалдаг вэ?

- Амьтдын төрөл зүйл болгон, амьтан тус бүр өөр өөрсдийн шинж чанаруудтай. Мичнүүдийн хувьд яг л хүн шиг дуусашгүй олон төрлийн нүүр царайны илэрхийлэмжтэй бөгөөд тэдгээрийн дийлэнх нь огт мартагдахааргүй. Учир нь бидний өөрсдийн илэрхийлэмжтэй тун төстэй байдаг. Эдгээр бичил илэрхийлэмжүүдийг хальсанд буулгахын тулд би амьтан тус бүрийн зургийг их олон удаа дардаг. Миний хувьд нэг амьтны зургийг хэдэн зуун удаа дарах нь энгийн үзэгдэл. Яг л хүний зургийг дарахтай адил. Нүүр царайны сонин содон илэрхийлэмжүүдийн олонх нь ердөө хэдхэн секунд л үргэлжилдэг тул зургийг нь дарахын тулд түргэн хөдөлж, тэвчээртэй бөгөөд азтай байх хэрэгтэй.

- Таны зургийг нь дарсан хамгийн хачирхалтай амьтан аль нь вэ? Тэрхүү зургийг хэрхэн дарсан бэ?

- Нэгхэн амьтныг сонгох хэцүү. Нэн түрүүнд санаанд бууж буй амьтад бол бөхөн болон хошуут сармагчин. Энэ амьтад хоёулаа асар том, дайвалзсан хамартай байсан нь сэтгэл хөдөлгөм мэдрэмжийг өгсөн. Мөн Хятадын шантгар хамарт сармагчингууд их хачин хамар, том уруултайн дээр нүүр нь хурц тод өнгөтэй. Бүгд л ер бусын бөгөөд гайхамшигтай. Бөхөн хамгийн хэцүү “хатуу самар” байсан. Би олон жилийн турш түүний зургийг дарахыг хүсч байсан ч яг яаж ойртох учраа нэг л олдоггүй байсан. Түүнийг агнах оролдлогууд их байдаг тул бөхөнгүүд их мэдрэмтгий бөгөөд дөхөж очих нь бараг л боломжгүй. Гэсэн ч энэ жил бөхөнг судалж явсан Оросын амьтан судлаач нарын тусламжтайгаар хээр талд долоо хонож, нуувчинд байрлан зураг дарах ховор завшаан тохиосон. Бөхөнгүүд нуувч руу дөхөж, би түүний зургийг дарж чадсан юм. Энэ бол миний хувьд онцгой тохиолдол байсан.

 

- Дэлхийгээр тойрон амьтдыг ажиглах, судлах явцад тань тохиосон хамгийн том хичээл, сургамж юу байсан бэ?

- Амьтад оюун ухаантай эсэх талаар философийн маргаанд орохгүйгээр олон жилийн турш амьтдыг ажиглах, амьтадтай ажиллах хугацаандаа амьтад хичнээн их мөн чанартай гэдгийг өөртөө дахин дахин нотолж байсан. Ялангуяа мичнүүд бидний хамгийн ойрын төрлийн хувьд тэдэнтэй хэдий чинээ их хуваалцана төдий чинээ адилхан гэдгээ мэдрэх болно. Дэлхийн олон өөр газар нутагт амьтдын зургийг дарах явцдаа миний сурсан нэгэн хичээл юм даа. Зургийг нь авсан мичнүүдээс минь маш олон нь амьдрах орчны хомсдол, хууль бус агнуур зэргийн улмаас болоод устах аюулд орсон. Бид бүгд л энэ талаар сонссон ч гэсэн та зэрлэг байгальд амьдардаг амьтдыг үзэх гэж эдгээр өдрүүдийг хаана ч өнгөрүүлсэн бай амьтад ямар их дарамтад байгааг олж харах болно.

- Та дараачийн сонирхолтой ажил, хэтийн төлвийнхөө талаар хуваалцаач.

- Ази, Африкийн газар нутагт одоо ч дийлэнх хүмүүсийн сонсож ч байгаагүй цөөн хэдэн гайхалтай мичний төрөл зүйлүүд бий. Би ирэх нэг, хоёр жилийн хугацаанд “Мичтэй харц тулгарах нь” төслийнхөө хүрээнд тэдгээрийн дүрсийг буулгах төлөвлөгөөтэй байна. Мөн миний аяллын төлөвлөгөөнд Монгол, Түвд, Сибир зэрэг гайхалтай улсууд, бүс нутгууд

багтсан байгаа.

Орчуулсан Ц.Лхагвадулам
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]