Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрнийг хүртэлх цаг хугацааг хамруулан ойлгоно.

Хүннүгээс өмнөх нүүдэлчдийн улсуудУншсан4,400

Олон эх сурвалжид Жао улс Хүннүгийн хоёр аймаг болох Линху (Ойн Ху аймаг), Лоуфань аймагтай байлдсан тухай өгүүлж байна.

МУСГЗ, доктор Я.Ганбаатар бичиж байна.

МТӨ 506 онд олон Рун, Ди аймаг дахин нэгдэж сэргээд Жуншань гэгч улсыг байгуулжээ. Хятадын судлаач Дуань Лянцин “Бэйди ба Жуншань улс” гэдэг номдоо энэ аймгийнхан болоод тэдний байгуулсан улсын тухай тусгайлан судалсан нь анхаарал татдаг. 1978 онд Хятадын Хэбэй мужийн Пиншань сумын нутагт Бэйди аймгийн Сян-юй овгийнхны байгуулсан Жуншань улсын ван эзний бунхан шарил олдсон нь Нангиадын Хавар-намрын улсын үеийн энэ нүүдэлчин улсын түүхийг сэргээн судлахад хүчтэй түлхэц болсон байна.

Урьд нь “Зуо овогтын туурвисан Хавар-намрын түүх”, “Хавар-намар”, “Байлдаант улсуудын бодлого” зэрэг эртний түүх бичлэгүүдээс л мэдэж багцаалж байсан нүүдэлчдийн энэ улсын тухай бодитой эд өлгийн дурсгалд тулгуурлан гүнзгий судлах боломж нээгдсэн нь энэ юм. Түүний судалгаагаар бол Жуншань улсыг байгуулсан Бэйди буюу Умард Ди нар нь Гуй (Гуйфан) овогт Ди нар гэж тэмдэглэгдсэн байдгаас үзвэл Ди нар нь эртний Гуйфанчуудын удам угсаа ажээ. Ди хэмээх нэрийг хятадын эртний эх сурвалжуудад хоёр янзын ханз үсгээр тэмдэглэсэн байдгийн нэг нь “зэрлэг бүдүүлэг” гэсэн утгатай доромж нэр аж. Харин өөр нэг ханз үсгээр тэмдэглэгдсэн нэр нь махчин шувууны нэр бөгөөд энэ шувууг тэрбээр “Бор харцага” гэж үзсэн байна.

Эрдэмтэн Дуань Лянцин Хятадын хамгийн анхны газар зүйн хөлгөн судар болох “Шаньхайзин” буюу “Уул усны судар”, мөн анхны эмийн судар болох “Бэнцао ганьму” буюу “Өвс ургамлын эмийн жор бичиг”, мөн “Монголын нууц товчоо”-нд Бодончар мунхаг, ах дүү нараасаа салж яваад ганцаараа бор харцага тэжээн ан гөрөө хийн амьдарч байсан тухай өгүүлдэг зэргээс хөөн үзэж энэ шувууг бор харцага гэж тогтоожээ. Тэр ч байтугай энэ шувуу нь бас улаан, цагаан хоёр янзын зүстэй байдаг нь Ди аймгийн доторх хоёр овог тус тус тэр хоёр зүстэй шувууны нэртэй байсантай холбогдож байгааг дурдсан байна.

“Уул усны судар”-т бүгд 284 овог аймгийн тухай өгүүлдэгийн 58 нь тотемийн буюу амьтны шүтлэгтэй байсны 14 нь даруй ямар нэгэн шувуун шүтээнтэй байсныг дурдсан байдаг. Ийнхүү шувууны нэртэй байсан аймгийн нэрийг хятадууд түүх бичлэгт тэмдэглэхдээ эхэндээ шувууны нэрээр нь тэмдэглэдэг байснаа аажмаар ханз үсгийг нь өөрчлөн өөр утга илэрхийлдэг янз бүрийн ханз үсгээр сольж бичиж болсон байна. Ийм хандлага түгээмэл байдгийг дээр дурдсан билээ. Энэ судалгаандаа үндэслэн Дуань Лянцин: Домогт гардаг Хуанди хэмээх Шар хааны үеэс Шан, Жоу улсын үе хүртэлх хугацаанд Ди угсаатны нэр Динлин, Гуйфан, Ди (хоёр янзаар) хэмээн янз янзаар өөрчлөгдөн солигдож ирсэн боловч тэд Монголын их говийн өвөр бие, Хатан голын Бор тохой зэрэг газраар төвлөн суурьшсаар байжээ” гэж үзсэн байна.

 Жуншань улсын ард түмэн нь нүүдэлчин малчин хүмүүс байсан бөгөөд алтай овгийн хэл аялгуутай, хятадууд тэдэнтэй харилцахдаа хэлмэрч хэрэглэдэг байсан, Хуася хэмээх язгуурын хятад үндэстнээс өөр соёлтой, өөр ёс заншилтай байсан нь “Гүө-юй” буюу Монголоор “Улсын өгүүлэл” хэмээх эртний Хятадын түүхийн сонгодог шасдираас нэгэнт тогтоогдсон тухай Дуань Лянцин бээр “Бэйди ба Жуншань улс” бүтээлдээ тэмдэглэжээ.

      Ийм нэг улс байсныг Дуань Лянцин тодорхойлон дүгнэхдээ: “Тэд нэгдүгээрт Бэйди хэмээх угсаатны нэртэй, Жуншань хэмээх улсын нэртэй байсан, хоёрдугаарт тодорхой нутаг дэвсгэртэй байсан, гуравдугаарт аймгуудын холбоо бүхий нэгдсэн засаглалын байгууламжтай байсан, дөрөвдүгээрт дайн, энхийн нэгдсэн бодлоготой байсан, тавдугаарт Хуася улсаас хүлээн зөвшөөрөгдсөн төр засгийн байгууламжтай байсан” гэж үзсэн байна.

Гуй овогт Ди нарын байгуулсан Жуншань улс мөхөхөд ард түмэн нь гурав хуваагдан салж оджээ. Тэдгээрийн хоёр нь Хятадын нутгийн гүнд тархан суурьшиж, хятадын олон ханлиг улсуудад эзлэгдэн боолчлогдсоор угсаатны хувьд уусч шингэсэн бол умарш нүүдэллэсэн нэг хэсэг Ди нар Их говийн ард хүрч Монголын өндөрлөг тал нутагт суурьшаад, улам хойшлон нүүдэллэж Байгаль нуурын орчимд хүрч тогтжээ. Хожим нь тэднийг Динлин гэх болсон байна. Судлаачид умарш нүүж очсон энэ Динлин нарыг Карасукийн соёлыг үүсгэлцсэн Ди аймаг мөн гэж үздэг. Ди, Дили, Динлин, Теле, Түзюэ хэмээх Түрэг, Гаочэ хэмээх Өндөр тэрэгтэн, Хуйхуй, Уйгур зэрэг угсаатан үндэстэн цөм энэ угшилтай гэдэг.

Рун, Ди гэсэн хоёр үндсэн нэрийг тойрсон хэд хэдэн нэрс бий. Хожмын судлаач эрдэмтэд ямагт Жун гэж бичиж тэмдэглэж ирсэн энэ нэр үгийн зөв дуудлага нь уг нь Рун юм. Оросын голдуу судлаачдын бичиж тэмдэглэж ирсэн энэ нэр үг бол орос хэлний “ж” үсгийн онцлогийг өөрийн хэлнээ харгалзаж үзэлгүй шууд авч хэрэглэсний тусгал мөн. Орос хэлний “ж” гийгүүлэгч бол зөөлөн авиа тул энэ нь англи, герман, Монгол зэрэг зарим хэлний “ж” бус “р” гийгүүлэгч авиатай илүү адилхан дуудлагатай. Гэтэл манай судлаачид орос хэлээр буй түүхийн бүтээлүүдийг үзэхдээ Рун гэдэг энэ үгийг орос хэлэнд Жун гэж тэмдэглэснээр нь шууд авч хэрэглэснээр Цюаньрун гэхийг Цюаньжун, Шаньрун гэхийг Шаньжун гэх мэтээр бичиж тэмдэглэж хэвшсэн байна. Энэ алдаа зөрүүг засах хэрэгтэй.

 Цюаньрун гэдэг нь Нохойт Рун, Шаньрун гэдэг нь Уулын Рун гэсэн нэр. Ер нь дээрх гийгүүлэгч авианаас гадна орос хэлэнд байдаггүй ө, ү эгшиг авиаг оросууд ямагт э, у, о зэрэг үсгээр тэмдэглэдгийг манайхан мөн тэр хэвээр нь авч хэрэглэж заншсан нь хятад хэлний үгийг ихээхэн гажуудуулан тэмдэглэж, бас тэгж хэлж дуудахад хүргэдэг. Тухайлбал: Энх ургийн гэрээ гэдэг нэрийн Хэцин гэдэг үгийг уг нь Хөцин гэж бичиж дуудмаар, Хатан голын Бор тохой гэдэг нэрийн Хэтао гэдэг үгийг Хөтао гэж бичиж дуудмаар, засч залруулууштай ийм жишээ олон бий.

Бас Монгол хэлэнд хос гийгүүлэгч байдаггүй, өөрөөр хэлвэл хоёр гийгүүлэгч нэг дор орж нэг авиаг илэрхийлдэггүй. Гэтэл бид хятад хэлний зарим үгийг Монголоор галиглахдаа орос хэлний үсгийн дүрэмд тааруулсан тэр хэлбэрийг нь шууд авч хэрэглэдэг нь ерөөсөө таарахгүй байгааг мэдсээр байж хэрэглэх явдал байсаар байна. Тухайлбал: Ши цзи, Ши цзин, Жан Цзян, Чжаньгуо, Учжулю, Ичжицзу, Лю Цзин, Чжичжы, Яньчжи,... гэх мэтийн маш олон үг нэрсийг энэ мэт орос хэлний хэлбэрээр нь бичиж хэрэглэсээр байгаа нь үнэндээ бичихэд хэцүү, уншихад эвгүй байдаг.

Одоо гол асуудалдаа эргэн орьё. Рун гэхэд л Шаньрун буюу Уулын Рун, Цюаньрун буюу Нохойт Рун гэж, Ди нар нь Байди буюу Цагаан Ди, Бэйди буюу Умрын Ди, Чиди буюу Улаан Ди, Чанди буюу Урт Ди гэх мэтээр нэр гарах болсон агаад зарим судлаачид эдгээрийн дотроос Бэйди буюу Умард Ди нарыг хожмын Хүннүгийн шууд өвөг дээдэс, харин Шанрун буюу Уулын Рун нарыг Дунху хэмээх Зүүн Ху нарын өвөг дээдэс байсан гэж үзэх хандлага бий. Ер нь энэ мэтээр Жуншань улсаас ч өмнө нүүдэлчдийн дунд бас Бэйди, Шаньрун зэрэг анхны төр төстэй засаглалын хэлбэр болсон улсуудыг байгуулж байсан тухай хятадын түүхийн эх сурвалжуудад тодорхой тэмдэглэгдсэн байгааг бид анхаарахгүй өнгөрч боломгүй.

Энэ бүх мэдээ сэлтээс үзэхэд нүүдэлчин ард түмнүүд МТӨ III зууны үед сая, Хүннүгийн захиргаан дор нэгдэж анхны төр улсыг байгуулсан гэж үздэг уламжлалт ойлголтыг эргэж үзэхэд хүрч байна. Гэхдээ тэдгээр улс нь хожмын Хүннү гүрэн шиг хүчирхэг том, өргөн уудам газар нутагтай, олон угсаатан үндэстнийг нэгтгэсэн их улс байж чадаагүйг ойлгох ёстой. Тэдгээр нь хүний нийгмийн анхдагч цаг үед дөнгөж бий болох аядаж “суралцаж” байсан төр засаглалын үүсэл хэлбэрүүд байсан биз ээ.

Хэдийгээр тэдгээр төр улс нь хожмын Хүннү гүрэн шиг байж чадаагүй боловч нүүдэлчдийн нийгэм хөгжин дэвшиж, төр төстэй засаглал бий болгож, улмаар улс болон төлөвших анхны алхмууд чухам энэ үед нүүдэлчдийн эдгээр улсын хүрээнд бүрэлдэн тогтож байсан бололтой. Тэр бүгдийг тусгайлан судалж чухам ямар янзын төр улс байгуулж байсан ямар ард түмнүүд болохыг нь сайтар тодотгон тогтоох хэрэгтэй. Тэгвэл Төв Азийн хэмжээнд анх төр улс байгуулж байсан түүх цадиг улам тодрон мэдэгдэх болно.

Хятадын нэрт түүхч Ван Гүөвэй, Ма Чаншоу, Дуань Лянцин нарын судалгааг үндэслэвэл Хавар-намрын улсын дунд үед олон Ди аймаг нэгдэн нийлж Жуншань хэмээх улсыг, олон Рун аймаг нэгдэн нийлж Шаньрун хэмээх улсыг тус тус байгуулсан аж. Энэ гурван улсад нэгдсэн олон овог аймаг нь хоорондоо ямагт харилцаа холбоотой байсан ажээ. Тэдний тухай мэдээ занги өмнө нэр дурдсан түүхийн олон бүтээлүүдэд тогтмол гарч байгаа агаад тэдний улсын байдал, нийгмийн байгуулал, хөгжлийн түвшний талаар нэлээд тодорхой ойлголт авахуйц боломжтой байна.

МТӨ 369 онд Хятадын дотоодод хагарал гарч дахин хэдэн ханлиг улсад хуваагдахад Зин улс, Жао улсад хамгийн их газар нутаг ногдсон нь нөгөө утгаараа Хүннү нартай шууд хил залгах болсон хэрэг байлаа. Эндээс чухал баримт гарч ирнэ. Тэр нь юу вэ? гэвэл мөнөөх Бэйди нарын байгуулсан Жуншань улстай нангиадын Жао улс хил залган хөрш зэргэлдээ орших болсныг энэ мэдээ гэрчилж байгаа бөгөөд нүүдэлчдийн энэ улсын харьяалалд Хүннү аймаг байсан буюу шуудхан хэлэхэд Жуншань улс нь хожмын Хүннү улсын нэг адил олон янзын нүүдэлчин угсаатнуудын овог аймгуудаас бүрдсэн Аймгийн холбооны хэлбэртэй улс байжээ. Дээр дурдсан хятадын ихэнх судлаачид бас ингэж үзэж байна.

Жуншань улсын харьяанд ойр хавийн олон овог аймаг, гэхдээ зөвхөн нүүдэлчин овог аймгууд төдийгүй бас нэлээд тооны хятад иргэд ч багтаж байсан нь тодорхой бөгөөд энэ шинж төрх дээр нь үндэслэн Жуншань улсыг хожмын Хитан улсын адил холимог ард түмнээс бүрдсэн улс байсан бололтой гэж үзмээр байна. Эх сурвалжуудад тэмдэглэснээс үзвэл Жуншань улсын хүн ам нь дотроо үндсэн хоёр хэсгээс бүрдэх агаад нэг хэсэг нь нутгийнхаа хойд хэсгээр оршин сууж байсан нүүдэлчин малчин ард түмнүүд, нөгөө хэсэг нь нутгийнхаа урд хэсгээр оршин сууж газар тариалан эрхэлж байсан нангиад иргэд ажээ.

Жуншань улсын газар нутгийн байршлыг эргэж үзвэл өнөөгийн Хойд Хятадын төв хэсэг болох Шаньдун, Хэбэй, Хэнань мужуудыг багтаасан Тайханшань уулыг тойрсон, түүний эргэн тойрны нутаг аж. Жуншань улсын газар нутгийн хойд хэсэг нүүдэлчин овог аймгууд оршиж байсан нутаг нь өнөөгийн Өвөр Монголын Дациншань буюу Хөххотын хойгуур орших Мони уулаас өмнөх, өнөөгийн Бээжин хот, түүний эргэн тойрны нутаг бөгөөд энэ нь аанай л Хүннүгийн уугуул нутаг ажээ. Тэгэхлээр эх сурвалжуудад гарч байгаа нэн эрт үеэс янагш МТӨ IV-III зууныг дуустал нангиадын Жао улс, Зин улс, Янь улс болоод нүүдэлчдийн Жуншань улсын хооронд үхэх сэхэхээ үзэн өрнөсөн шийдвэрлэх тулалдаануудад Хүннү аймаг оролцож явсан нь гарцаагүй буй заа.

“Зуо овогтын туурвисан Хавар-намрын түүх”, “Байлдаант улсуудын бодлого” зэрэг эртний эх сурвалжуудад нангиадын Жао ханлиг улсын Ү-лин ван нь Жуншань улстай байлдсан тухай олонтаа өгүүлдэг нь түүний харьяанд явсан Хүннү тэргүүт нүүдэлчин аймгуудтай байлдаж байсан гэж үзэхэд хүргэж байна. Энэ үеийн дайн байлдаанууд бол Жао Ү-лин вангийн өнөөх “Хуфу цишө” буюу “Хүннүгийн хувцад өмсч, нум сумаар харваж сурагтун!” хэмээсэн алдарт зарлиг тушаал гарч, хятадуудыг, хятадын цэрэг армийг нүүдэлчдийн хувцас, зэр зэвсгээр шинэчлэн өөрчилсөн түүхэн, томоохон шинэчлэлт өөрчлөлтийн үе мөн билээ.

Олон эх сурвалжид Жао улс Хүннүгийн хоёр аймаг болох Линху (Ойн Ху аймаг), Лоуфань аймагтай байлдсан тухай өгүүлж байна. Жао улс нутгийнхаа хил хязгаараар барьж байгуулсан хоёр давхар хэрэм бэхлэлтийн дотоод хэрмийн гадна талд тэдгээр аймгийг хөөн гаргаснаар нутаг дэвсгэр нь умаршаа мянган газрын (“ли” хэмээх хятадын уртын хэмжүүрийн нэгжийг Монголчууд эртнээс “газар” хэмээн оноон орчуулж ирсэн агаад мянган газар нь ойролцоогоор таван зуун км юм) хэмжээтэйгээр тэлж өргөжсөн байна.

Энд геополитикийн бодлого явагдаж байгаа нь бидэнд ойлгомжтой байна. Гэвч энэ тухай жич ярья. Нүүдэлчин ард түмнүүдийн газар нутгийн өмнө ба баруун талаар олон зуун жилийн туршид аж төрсөөр ирсэн Ойн Ху, Лоуфань, Байян аймгууд умарш түрэгдэн гарснаар нангиадууд Жао улсын байгуулсан гадуур хэрмийн наагуур цаагуураар Хүннүтэй шууд хил залгах болжээ. Байян гэдэг нэр нь өнөөгийн Монгол хэлний баян хэмээх үг мөн бөгөөд Баяд гэдэгтэй утга ижил нэр тул Баян аймаг гэж бичиж тэмдэглүүштэй. Харин Линху буюу Ойн Ху нар гэдэг нь Ойн Хүн нар, Ойн хүмүүс гэсэн утгатай, шуудхан хэлэхэд хожмын Ойн ард-Ойрадын өвөг дээдэс мөн.                                                                                                       

                                                                                   Үргэлжлэл нь: Түүхэн соёл иргэншлүүдийн тулгаралт

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]