Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Дэлхийн нэгдүгээр дайнтай зэрэгцэн хүн төрөлхтөнийг хиаруулсан Испани ханиадУншсан21,768

Энэ тахлын вирус хаанаас гарсан нь одоо хүртэл тогтоогдоогүй, Дэлхийн 1-р дайны үеэр байлдаж байсан улс орны арын албанаас гаралтай байх гэсэн нэг таамаг байдаг.

Дэлхий дахиныг тэр чигээр нь түгшүүлж айлгаж байгаа COVID-19 вирусын тархалтыг ямар нэг хэмжээгээр хорьж зогсоож чадаж байгаа, оргил үе нь удахгүй болно, дараа нь аажмаар айх аюулгүй амар тайвандаа жарган суух болно гэж энд тэнд бичиж байгаа билээ. Гэтэл үнэндээ тийм биш харин ч эсрэгээр буюу амар тайван амьдрах аргагүй байнгын айдас түгшүүр дунд амьдрах цаг ирлээ гэх нь ч бий. Ийм үзэл бодолтой хүмүүс Испанийн ханиад хэмээн алдаршсан нэгэн тахлыг жишээ болгон татна. Энэ нь яадаг ханиад байсан юм бол?

Энэ тахлын вирус хаанаас гарсан нь одоо хүртэл тогтоогдоогүй, Дэлхийн 1-р дайны үеэр байлдаж байсан улс орны арын албанаас гаралтай байх гэсэн нэг таамаг байдаг. Тэрхүү арын алба гэдэг нь цэргүүдийн хоол хүнс болох гахай, тахиа нядалж байдаг газар. Гахай, тахиа - вирус, халдвар...танил байгаа биз?

Өөр бусад нэг нь энэ  ханиадыг (анхаар) Хятадаас гаралтай гэдэг. 1917 онд Хятадад бас нэг үл танигдах өвчин ид гаарч эхэлж байх тэр үед, дэлхийн их дайнд шийдвэрлэх ялалт байгуулахад хэрэгтэй байгаа цэрэг эр шинээр нэмж цуглуулах гэж Антантын улс орнууд Хятадаас 100 000 хүнийг хөлсний цэрэг, ажилчид болгон авчээ. Тэд Европт ирээд бөөн бөөнөөрөө үхэж байхад нь нэг их анхаарал тавилгүй, хүйтэн окопны амьдралыг даахаар хатуужаагүй, сул дорой хүмүүс, дайны үед өчнөөн л хүн өвдөж үхдэг, өдөр болгон л нэг нэгнийгээ алж байгаа дайнд энэ зэргийн юм байлгүй яах вэ гэх мэтийн  хандлагаар тэр олон хятадуудын үхлийг анзаардаггүй байжээ. Гэтэл чухам энэ хятадууд өнөөх айхтар Испани ханиадны вирусыг Европт (Канадаар дамжиж ирж байсан) авчирсан бололтой.

Энэ айхтар өвчин 1917 оны сүүлээр Францад гарч Европоор тархан, 1918 оны эхээр Америкт хүрлээ. Дайн болж байсан учир энэ тухай мэдээллийг цэрэг, төр засгийн томоохон удирдагчид л ямар нэг хэмжээгээр мэдэж байсан бөгөөд ард нийтийн амгалан тайван байдлыг хадгалахын тулд энэ төрлийн мэдээ мэдээллийг “цензурдэж” байв.  Европ даяар тархсан энэ өвчин Испанийн хот тосгодыг нэрвэж эхлэх үед л энэ нь ямар аюултай өвчин болох тухай, ямар их газар нутаг хамарсан тухай мэдээллийг ил гаргаж тавьснаар Европ дахиныг аймшигт тахал нөмрөн авсныг бүгд мэджээ. Чухам яагаад энэ өвчний нэр Испани хэмээх нэр зүүсний учир нь энэ.

Эхлээд энэ вирус нь өвчтэй, бие султай, хөгшид хүүхдэд тусч...

Аймшигт халдварт өвчин тарж олон хүний амь насыг авч одсоны дараа, өвчний оргил үе өнгөрч, өвчин зовлон тархах нь суларч ирдэг жамаараа болж, хүмүүс айдгаа авдартаа хийгээд авсан мэт болж байх тэр үед буюу хэдэн сарын дараа өвчин дахин гаарч эхэлжээ.

Удалгүй буюу хэдэн сарын дараа гарч ирсэн вирус нь өмнөхөөс нэлээд өөрчлөгдөн хувирсан бололтой хамгийн залуу, эрүүл чийрэг хүмүүс энэ өвчнөөр үхэж эхэлсэн байна. 20-40 насны энэ хүмүүсийн үхлийн шалтгаан нь хатгалгаа болон янз бүрийн өвчин гэж хэлж бичиж байсан боловч эмч нар нь энэ вирус  залуу эрүүл хүнд халдварлах үед уг хүний дархлааны систем хэт хүчтэй хариу үйлчлэл үзүүлж байсан буюу хүн хэдий чинээ эрүүл чийрэг байна төдий чинээ үхэх магадлал өндөр байгааг анзаарсан байна. Хамгийн гол нь өмнөх давалгааны үеэр энэ вирусээс болж өвдөж, амьд үлдэж чадсан хүмүүс шинэ тахлын эсрэг дархлаатай болсон байсан нь уг хоёр өвчин нь үнэндээ нэг зүйл, өмнөх вирус бага зэрэг мутацийн өөрчлөлтөд орсон байжээ гэдгийг баталж өгсөн байна.

Дайны энэ үеэр тэргүүн шугамд дайсныхаа суман мөндрийн өөдөөс тулан зогсох цэрэг эрийн амьд үлдэх магадлал нь дайн дажнаас хол амьдран байгаа хот суурин газрын оршин суугчдынхаас илүү байсан гэдэг нь (мэдээж өвчний оргил үеийг хэлж байгаа хэрэг) уг өвчин ямар аймшигтай хэмжээнд тархаж байсныг харуулж байгаа биз ээ.

Өвчний оргил үеийг даван гарч байсан тэр үед Дэлхийн их дайн дууслаа. Олон сая цэргүүд нутаг усандаа буцан ирж, ялж ялагдсан цэрэг эрсийг хүлээж, санаж, бэтгэрч байсан ар гэрийнхэн, нутаг усныхан нь тэднийгээ угтан авч сүйд болж байсан тодорхой. Гэтэл энэ нь дөнгөж дарагдаж байсан Испани ханиадыг дахин эхлүүлж гурав дахь давалгаа нь урьд өмнө хүрч чадаагүй байсан Европын, Америкийн хамгийн бөглүү өнцөг буланд хүртэл тарж эхэлжээ. Үхэл ч маш өндөр хувьтай байсан бөгөөд хаа байсан Аляскад амьдардаг нэгэн багшийн өгүүлснээр түүний амьдран байдаг газрын ойролцоох гурван тосгон тэр чигээрээ сүйрч өөр хэдэн тосгоны нийт хүн амын 80-85 хувь нь үхэж үрэгдэж байсан гэнэ. Гэхдээ Аляск мэтийн хүйтэн газар нь энэ өндөр хувьт үхлийн нэг шалтгаан болж байсан ба өвдөж эхэлсэн хүмүүсээс бүгд зугтан зайлахад үлдсэн өвчтөн нь түлээ түлшээ ч бэлдэж чадахгүй хөлдөж осгож үхсэн түүх их байдаг.

Өмнө зүгт байдал дээрдсэнгүй, харин ч эсрэгээр тахал маш хурдтай тархаж байсны нэг жишээ нь Коннектикут хот юм. Энд анхны өвчтөнийг 9-р сарын 11-нд (бас л 9-р сарын 11) илрүүлсэн бол 11-р сарын сүүлээр өвчтөний тоо 180 000 хүрч байжээ. Өвчний оргил үед, хоногт 250 хүн үхэж байсан бөгөөд бусад муж хотуудад ч байдал айхтар дээр байсангүй.  

Европ Америк даяар хот тосгонууд эзгүй мэт эль хуль болж аливаа олон нийтийн үйл ажиллагааг бүрэн хориглосон бөгөөд бүр оршуулга хийх нь хүртэл хориотой болсон гэдэг. (Тусгай баг   өвчнөөр үхсэн хүмүүсийг бөөнөөр нь булж, шатааж байж. Одоо ч бас тиймэрхүү юм болж байгаа бололтой)

Энэ өвчнөөр үхсэн хүмүүсийн тоог янз бүрээр гаргасан боловч хамгийн үнэн нэг тоо бол “Тахал маш их газар авсан учир энэ өвчнөөс болж үхэж үрэгдсэн хүний тоог гаргах боломжгүй их” гэдэг тоо юм байна. Жишээ нь Америк зэрэг улс орон энэ талаар 500 000-675 000 хүн үхсэн гэх мэт ойролцоо тоо гаргаж ирдэг бол, Энэтхэгт энэ өвчнөөр үхсэн хүмүүсийн тоог Британийн колонийн засаг захиргаа ямар нэг хэмжээгээр гаргах гэж хичээж байсан бол, Хятадад хичнээн сая хүн энэ өвчнөөр үхсэнийг тооцох хүн, засаг захиргаа гэж байсангүй.

Орос оронд ч гэсэн энэ тооцоог хэн ч гаргаагүй бөгөөд иргэний дайнд алалцаж явсан энэ улсыг ганцхан Испани ханиад биш өөр олон өвчин зовлон, улаан, цагаан террор сүйдэлж байсан билээ.

Энэ ханиад хоёр айхтар давтамжаар олон хүний амийг авч одсоны дараа, ганц нэгэн жил болоод  дахин хоёр давтагдсан боловч тэр үеийн үхэл, хамрах хүрээ өмнөхтэй харьцуулахааргүй бага байжээ.

Дараа нь өнөөх вирус зүгээр л таг алга болж. Анх үүссэн нь яг таг тогтоогдоогүйтэй адил төгсгөл нь ч...

Магадгүй энэ вирус мутацад орох явцдаа хүнд хал балгүй болж хувирсан ч байж болох. Гэхдээ эргээд “хал балтай” болж хувирч болох үгүйг эмч эрдэмтэн байтугай бурхан ч мэдэхгүй билээ.

Ямар ч байсан аймшигт өвчин нэгээр дуусдаггүй, хувирч өөрчлөгдөн дахин дахин зовоох нь байдаг л юм байна. Гай түйтгэр холуур өнгөрөг.

Нэмэлт: 2009 онд анагаах ухааны нэгэн сэтгүүлд аспириний хордлого нь Испани ханиадны вирусээр халдварлагчдыг их хэмжээгээр үхэлд хүргэж байсан байж болох судалгаа нийтлэгджээ. Тухайн цаг үед анагаах ухаан сайн хөгжөөгүйгээс болж уг вируст тохирсон эмчилгээг хийх гээд бүр эсрэгээр нь үр дүнд хүрч байсан тохиолдол их гэсэн үг. Аспирин нь XIX зууны сүүлээр бүтээгдсэн эм бөгөөд Дэлхийн нэгдүгээр дайны үед өвчин намдаагч, дархлаа дэмжигчээр ихээр хэрэглэж байсан ба Испани ханиадны вирусээр халдварласан хүмүүсийн эмчилгээнд ч ихээр өгч байжээ. Аспириний тун маш их байсан бөгөөд энэ нь уушгины хаван үүсгэж, ханиадны вирустэй хавсрах, гипервентиляци үүсгэж өвчтөний амьд явах хоногийн тоог улам багасгаж байжээ.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2 сар 29. 16:22
БМ

"Эмч эрдэмтэн байтугай Бурхан ч мэдэхгүй" гэж Бурхныг айхтар доромжилжээ. Бурхан бүгдийг мэддэг, харин ч урьдчилан анхааруулж бичсэн нь Лук 21:11-д байдаг шүү дээ.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]