Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Тархинд цус харвах өвчний тухай (төгсгөл хэсэг)Уншсан1,000

Тархинд цус алдах хэлбэрийн цус харвалтын эмчилгээний талаар Япон улсын Зүрх судасны эмгэг судлалын үндэсний төвийн тасгийн эрхлэгч Ихара Коожи зөвлөж байна. Цус алдах хэлбэр нь цус харвасан нийт өвчтнүүдийн 30%-д нь тохиолддог.

Эхний хэсэг: Тархинд цус харвах өвчний тухай

Тархинд цус харвах өвчний тухай NHK телевизийн бэлтгэсэн эрүүл мэндийн нэвтрүүлгийн цуврал дугаарын агуулгыг хүргэж байна. Тархинд цус алдах хэлбэрийн цус харвалтын эмчилгээний талаар Япон улсын Зүрх судасны эмгэг судлалын үндэсний төвийн тасгийн эрхлэгч Ихара Коожи зөвлөж байна. Цус алдах хэлбэр нь цус харвасан нийт өвчтнүүдийн 30%-д нь тохиолддог. Ийм хэлбэрийн цус харвалтын 70-90 хувь нь цусны өндөр даралтын нөлөөллөөс үүдэлтэй юм. Япон зэрэг хөгжингүй орнуудад цусны даралт ихсэх өвчинтэй эрчимтэй тэмцэж байгаагаас цус алдах төрлийн цус харвалтын тохиолдол жил ирэх тусам буурсаар байна.

 Цус алдалт буюу 2-р хэлбэрийн цус харвалтын үеийн эмчилгээ

 Ерөнхий тохиолдолд цус харвалтаас хойших 1 цагийн хугацаанд тархины цус алдалт аяндаа зогсох нь элбэг байдаг. Мөн зарим тохиолдолд 6 цаг хүртэлх хугацаагаар цус алдалт үргэлжлэн явагддаг. Иймд цус алдалтыг цаг алдалгүйгээр зогсоох шаардлагатай байдаг байна. Мөн дахин цус алдалт явагдахаас сэргийлэх зорилгоор өвчтний цусны даралтыг тогтмол хэмжээнд барих ёстой. Энэ төрлийн цус алдалтын үед цусны бөөгнөрлийг хянаж, саажилтаас сэргийлэх эмчилгээ голлон хийгдэнэ.

 Мэс заслын эмчилгээ хийхээс аль болох зайлсхийдэг боловч өвчтнүүдийн 30 орчим хувьд нь цус алдалд нэмэгдэж мэс засал хийхээс өөр аргагүйд хүрдэг байна. Үүнд хоёр төрлийн мэс засал хийгдэх бөгөөд эхнийх нь гавлын ясыг нээж цусны бөөгнөрөл (Hematoma буюу цусан бундуу)-ийг авдаг. Дараагийнх нь гавлын ясны 2 хэсэгт жижиг хэмжээний нүх гаргаж түүгээр цусны бөөгнөрлийг соруулж авах мэс засал хийнэ. Аль төрлийн мэс засал хийхийг өвчтөний нас, зүрх, дотоод эрхтэн, биеийн эрүүл мэндийн байдлаас хамааруулан сонгодог.

Цус харвалтын 3-р хэлбэр буюу тархины гадарга дагуух цус алдалтын үеийн эмчилгээ

 3-р төрлийн цус харвалт нь 100% тархины судасны хатуурлаас үүдэлтэй юм. Тархины салбарласан судасны хана бөмбөлөг хэлбэрээр тэлж, дараа нь хагарсанаас цус алдалт явагддаг. Мөн цус алдалт маш бага хэмжээтэй, бөмбөлөгийн хэмжээ аяндаа багасах тохиолдолд байдаг боловч цус алдалт дахин явагдаж амь насанд ч эрсдэл учруулах магадлал өндөр учир зайлшгүй мэс заслын эмчилгээг хийлгэх шаардлагатай байдаг байна. 

Жишээ; Өвчтөн А, 59 настай, эрэгтэй. Нэгэн өглөө утсаар ярьж байх үедээ гэв гэнэт толгойн хүчтэй өвдөлтийг мэдэрч, ухаан алдан унажээ. 30 минутын хугацаанд эмнэлэгт хүргэгдсэн байна. Цус харвалтаас хойш 50 минутын дотор компьютер томографын шинжилгээ хийж, 2 цагийн дотор цус алдаж байгаа хэсэг болон хэмжээг катетерийн шинжилгээгээр тодорхойлжээ. 4 цагийн дараа мэс засалд орсон бол 2 долоо хоногийн дараа тархины даралтыг бууруулах зэргээр бүх биеийн эрүүл мэндийн байдлыг хэвийн хэмжээнд хүргэсэн байна. 44 хоногийн дараа эмчилгээ дуусч эмнэлгээс гарчээ.

 Тархины судас бөмбөлөг хэлбэрээр тэлж, улмаар хагарч цус алдсан ч 6 цагийн дотор дахин шинээр бөмбөлөг үүсэх магадлал өндөр байдаг. Иймд катетерийн шинжилгээний дараа өвчтний гэр бүлийн хүмүүс 2 төрлийн мэс заслын эмчилгээний аль нэгийг сонгох шаардлага тулгарна. Эхнийх нь гавлын ясыг нээж судасны бөмбөлөгийн угийг зориулалтын хавчуураар хавчиж, цус алдалтыг зогсоох мэс засал юм. Энэ мэс засал нь өвчтөний биед зовиур ихтэй, эдгэрэлтэд хугацаа шаардагдах боловч бөмбөлөг дахин томрохоос найдвартай сэргийлдэг байна.

Дараагийнх нь хөлийн судсаар катетер оруулан, түүний тусламжтайгаар төмөр ороомгийг судасны бөмбөлөгт байрлуулж, бөглөх мэс засал юм. Энэ нь өвчтний биед бараг зовиур үүсгэхгүй боловч байнгийн хяналтад байхыг шаарддаг. Цөөн тохиолдолд дахин бөмбөлөг үүсч цус алдалт явагдах магадлалтай юм. Мэс заслын аль төрлийг сонгоход мөн адил өвчтөний нас, дотоод эрхтэнүүд болон биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэх шаардлагатай байдаг байна.

Гадны төмөрлөг биетийг хүний тархинд байрлуулах нь аюул эрсдэлтэй мэтээр зарим хүмүүст төсөөлөгддөг. Гэвч эдгээр нь ямар ч аюулгүй юм. Төмөр хавчуурыг титанаар, ороомгийг цагаан алтаар тус тус хийдэг учир харшил үүсгэх зэргээр хүний биед сөрөг нөлөө үзүүлдэггүй бөгөөд ямар ч удаан хугацаанд аюулгүй байдлаа хадгалж чаддаг байна. Тархины гадарга дагуу цус алдах үед хийгдсэн мэс заслын дараа 2 долоо хоногийн хугацаанд тархины цусан хангамжинд өөрчлөлт гарч, дахин цус харвалт явагдах эрсдэл маш бага хэмжээгээр үлдэх учир эмчийн хяналтад байх шаардлагатай. Энэ хугацаа нь мөн мэс засал үр дүнтэй болсон эсэхийг баталгаажуулах хугацаа юм. 

Цус харвалтын дараах нөхөн сэргээх эмчилгээ болон сэргээн засалт

 Энэ удаад Япон улсын Зүрх судасны эмгэг судлалын үндэсний төвийн эмч Үэхара Тошиюки зөвлөж байна. Эмчилгээний дараа өвчтөний биед цус харвалтын сөрөг үр дагавар үлдэх тохиолдолд элбэг байдаг ч нөхөн сэргээх эмчилгээг сайн хийвэл тодорхой хэмжээгээр багасгаж болдог. Сөрөг үр дагаваруудад биеийн аль нэг хэсгийн хөдөлгөөний саажилт, мэдрэхүйн хомсдол, хэл яриа болон бусдын яриаг ойлгох чадварт бэрхшээл үүсзэрэг орно. 

Хамгийн элбэг тохиолддог нь биеийн аль нэг талын саажилт буюу хөдөлгөөний хомсдол юм. Зарим хүмүүс хөнгөн зүйлийг атгаж, өргөж чаддаг бол зарим хүний гар огт хөдөлгөөнгүй болох зэргээр шинж тэмдэгүүд янз бүрээр илэрдэг. Сэргээн засалтад гар, хөлийг хөдөлгөх, булчинг суллаж агшаах, иллэг, бусад төрлийн дасгал хөдөлгөөнүүд хамаарна. Хэл ярианы бэрхшээл үүсэн тохиолдолд ярих дасгал хийх шардлагатай. Нөхөн сэргээх эмчилгээ болон сэргээн засалтыг 3 хэсэгт хувааж авч үздэг. 

  1. Яаралтай нөхөн сэргээх эмчилгээ

Нөхөн сэргээх эмчилгээг мэс заслын дараагаас шууд эхлүүлэх шаардлагатай. Ингээгүй тохиолдолд булчингууд богино хугацаанд хатингиршиж, үе мөч хатуурах байдалд хүрдэг. Мөн нэг удаа үйл ажиллагаа нь алдагдсан булчинг сэргээхийн тулд маш урт хугацаа шаарддаг байна. Тухайлбал ажиллагаа нь нэг өдрийн хугацаагаар алдагдсан булчинг сэргээхэд 7 хоног зарцуулах шаардлагатай гэгддэг байна. Иймд булчингийн дасгал хөдөлгөөн, иллэг хийх зэрэг нөхөн сэргээх эмчилгээг мэс заслын дараагаас дунджаар 1 сарын турш үргэлжлүүлэн хийх шаардлагатай байдаг. 

  1. Дунд хугацааны сэргээн засалт

Өвчтөн тус бүрийн онцлог бий боловч ерөнхий тохиолдолд ихэвчлэн 6 сар хүртэл хугацаагаар сэргээн засалтыг үргэлжлүүлэн хийх тохиолдолд эд эрхтэний алдагдсан үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр сэргэх чадвартай байдаг байна. Иймд сэргээн засалтыг 6 сарын хугацаагаар үргэлжлүүлэн хийх шаардлагатай. Боломжтой бол сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг, сувилалын байгууллагаар хийлгэх нь илүү үр дүнтэй байдаг. 

  1. Урт хугацааны буюу өдөр тутмын сэргэн засалт.

Цус харвалтаас хойш 6 сарын дараагаас эд эрхтэний үйл ажиллагаа өмнөхөөс илүү сэргэх боломжгүй болдог. Гэхдээ дасгал сургуулилтыг зогсоовол булчингууд эргэн хатингарших аюултай. Иймд сэргээн засалтыг өдөр тутам тогтмол хийж хэвших шаардлагатай. 

Эх сурвалж: Robomec.blogspot.com

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]