Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Аэрофлот 593"-ын эмгэнэлт ослын шалтгаан нь нисгэгчийн хүүхдүүдУншсан18,592

1994 оны 3 сарын 22-ны өдөр Москвагаас хөөрсөн Аэрофлотын 593 дугаарт онгоц радараас гэв гэнэт алга болжээ.

1994 оны 3 сарын 22-ны өдөр Москвагаас хөөрсөн Аэрофлотын 593 дугаарт онгоц радараас гэв гэнэт алга болжээ. Эрэл хайгуулын явцад Сибирийн ойд унаж сүйрсэн онгоцны үлдэгдлийг илрүүлж, нисэх багийн гишүүд, зорчигчид нийлсэн 75 хүний амь нас үрэгдсэнийг тогтоов. Шинжилгээний явцад аврах албаныхан ослын газрын нэг хэсгээс тэнд байх ёсгүй зүйлийг илрүүлсэн бол онгоцны хар хайрцаг эмгэнэлт осолд хүргэсэн шалтгааныг илчлэв. Хуваарийн дагуу хэвийн явагдаж байсан иргэний агаарын тээврийн онгоцтой юу тохиолдов, нисэх онгоцны түүхэнд тохиолдсон хамгийн нууцлаг ослын шалтгаан юунд байв.

Тэр өдөр Москвагийн Шерметьево олон улсын нисэх буудалд гадаад улсад аялах боломжийг дөнгөж хүртээд байгаа оросуудаас гадна ардчилал, зах зээлийн системд шилжсэн шинэ Орос орноос бизнесийн боломж хайн ирсэн Хонконг, Тайваний иргэд, нийт 63 зорчигч Хонконг руу нисэхээр цугласан байв. Гурван жилийн өмнө Зөвлөлт гүрэн задран унаснаар хүмүүсийн амьдралд ихээхэн өөрчлөлт гарч, эдийн засгийн хөгжлөөс гадна энгийн иргэд ч амьдралын шинэ хэлбэрийг сонгож, гадаад улсад чөлөөтэй аялах болжээ. Тухайн үед Оросын агаарын тээврийн Аэрофлот компани хамгийн сүүлийн үеийн Айрбус 310 (А310) нисэх онгоцуудыг худалдан аваад төдийлөн удаагүй байв.

Уг онгоц нь өмнө ашиглагдаж байсан Оросын онгоцуудаас гурав дахин хол зайг туулах чадвартай, аюулгүйн хувьд хамгийн шилдэгт тооцогдож байв. Мөн өмнөх загварын онгоцуудтай харьцуулахад А310 нисэх онгоцны автомат нислэгийн технологи ихээхэн дэвшилд хүрч, алсын зайн аялалд тохиромжтой гэгдэж байв. Аэрофлот нь аварга том компани бөгөөд янз бүрийн салбар, бүтцүүдийг агуулж байснаас олон улсын нислэгийг хариуцах Аэрофлот Руссиа Интернэйшнл нь салбартаа хамгийн шилдэг нисгэгчид сонгон ажиллуулж байв. Энэ удаагийн нислэгийн багийн ахлагч Ярослав Кудринский зөвхөн А310 загварын онгоцонд гэхэд л 900 цагийн нислэг хийсэн ахмад туршлагатай нисгэгч юм.

Оройн 5 цаг 39 минутад Хонконгийн Кэйтэк нисэх буудлыг чиглэн Москвагаас хөөрсөн 593 дугаарт А310 онгоц нийт 10 цаг орчим үргэлжлэх нислэг хийхээр төлөвлөжээ. Гэвч хөөрснөөс хойш 2 цагийн дараа, Москвагаас 3200 км зайд Сибирийн төв хэсэг рүү чиглэж байсан онгоц гэв гэнэт радараас алга болсон байна. Ослын нөхцөл үүсэх үед нисэх онгоцноос ирэх аюулын дохиолол (mayday) ирээгүйгээр барахгүй Вокузнецкийн хяналтын төвийн дуудлагад ямар ч хариу өгөлгүйгээр таг чиг болжээ. Оройн 10 цаг 5 минутад нислэгийн хяналтын төвөөс мэдээлэл авсан цэргийн болон аврах ангийн нисдэг тэргүүд хөөрч, эрлийн ажиллагааг эхлүүлсэн байна.

Шөнийн 2 цагийн орчимд Междуреченск хотоос 30 км зайд, ойд унаж сүйрсэн онгоцны үлдэгдлийг олж, нэг ч хүн амьд үлдээгүйг тогтоожээ. Нисэх онгоцонд гэмтэл гарах зэргээр ослын нөхцөл үүсэх тохиолдолд нисгэгчид аюулын дохиоллыг хяналтын төвд илгээдэг. Гэтэл энэ удаад ийм дохиолол илгээгдээгүй нь осол богино хугацаанд болж өнгөрсөн, эсвэл нисгэгчид осол болох хүртэл нөхцөл байдлыг бүрэн ойлгож мэдрээгүй байж болохыг илтгэнэ. Улмаар цагдаа, аврагч, гал сөнөөгчид нийлсэн 238 хүн бүхий багийг Оросын засгийн газраас илгээж, цогцос болон нисэх онгоцны үлдэгдлийг цуглуулж эхэлсэн байна.

Ослын шалтгаанууд дундаас хамгийн түрүүнд террорист халдагад өртсөн байх магадлалыг авч үзэх боловч ослын газраас ямар нэгэн ул мөр олдсонгүй. Байж болох дараагийн шалтгаан нь нисгэгчийн жолоодлогын алдаа. А310 онгоцны жолоодлого нисэх багийн дарга болон туслах нисгэгчийн хамт хийгдэнэ. Нисгэгчийн бүхээгийн баруун болон зүүн талд бараг адил төхөөрөмжүүд суурилагдахаас гадна тус бүрийн жолоо адил хөдөлгөөн хийх учир нисгэгчдийн аль нэг нь алдаа гаргасан тохиолдолд нөгөө нь засварлах боломжтой. Мөн Оростоо шилдэгт тооцогдох нисгэгчид онгоцыг унагах хүртэл нэгэн зэрэг, адилхан алдаа гаргах учиргүй. Гурав дахь шалтгаанд төхөөрөмжүүдийн гэмтэл байх магадлал өндөр.

Гэвч А310 нь технологийн хувьд Оросын хуучин онгоцнуудаас олон дахин илүү. Мөн онгоцны үлдэгдэлд хийсэн шинжилгээгээр амин сүнс болох хөдөлгүүрт ямар нэгэн гэмтэл гараагүйг тодорхойлжээ. Гэтэл аврагчид нисэх онгоцны бүхээгийн үлдэгдлээс хүүхдийн цогцос илрүүлсэн байна. Ослын үед нисгэгчийн бүхээгт хүүхэд байсан гэхэд итгэхэд бэрх. Бүртгэлээр уг хүүхдийн суудал онгоцны хойд хэсэгт байрлаж байв. Онгоц унах үед хүүхдийн бие нисгэгчийн бүхээг хүртэл шидэгдэх боломжгүй. Гэвч ослоос хойш 24 цагийн дараа олсон дуу бичлэгийн төхөөрөмж ердийн нөхцөлд төсөөлөх ч боломжгүй үнэнийг илчлэв. Ослын үед Яна, Элдар хэмээх охин, хүү хоёр нисгэгчийн бүхээгт байсан нь тодорхой болжээ.

Өнөөдөр нисэх онгоцны нисгэгчийн бүхээгт зорчигчид байтугай багийн гишүүд ч чөлөөтэй орох боломжгүй. Гэвч тухайн үед ийм боломж нисгэгчдийн танил болон Вип ангиллын зорчигдод нээлттэй байв. Энэ байдал 9 сарын 11-ний халдлагын дараагаас өөрчлөгджээ. Охин хүү хоёр нисэх багийн дарга Кудринскийн хүүхдүүд бөгөөд нисгэгчийн гэр бүлийн гишүүдэд олдох хямд өртөг бүхий тасалбараар анх удаа гадаад улсад зорчихоор аавтайгаа хамт аялж байжээ. Нисгэгч эцэг нь тус онгоцонд нисч байсан танилаараа дамжуулан хүүхдүүдээ нисгэгчийн бүхээгт дуудсан нь дуу бичлэгээс тодорхой болов. Ихэнх зорчигчид унтаж байх шөнийн нислэгийн үед нисгэгчийн суудалд Элдар хүү суусан байна.

Мөн хүүхдүүдэд автомат нислэгээс салгах товчийг дарж болохгүйг анхааруулж байгаа дуу хоолой бичигджээ. Одоо цагт онгоц өндөр авах, тогтсон замын дагуу нисэх, хурд авах зэрэг нислэгийн ихэнх үйлдэл автоматаар хийгдэж байна. Харин зөвхөн хөөрөх, газардах үед л нисгэгчийн жолоодлого шаардагдана. Иймд нэгэнт автомат нислэг хийж буй онгоцны бүхээгт хүүхэд сууж, жолоог залсан ч нислэгт нөлөөлөх учиргүй юм. Нисэх онгоц автомашины навигацитай төстэй урьдчилан тохируулсан дохиоллыг дагаж нисдэг. Кудринский хүүдээ жолоодлогыг мэдрүүлэхийн тулд нисэх замын чиглэлийг илэрхийлэх дохиоллыг гар удирдлагаар бага зэрэг өөрчилсөн байна.

Автомат нислэг хийж буй онгоц шинэ чиглэлийн дагуу хазайх үед, аавынхаа хэлснээр тэр чигт жолоог эргүүлсэн хүүд үнэхээр өөрөө жолоодож байгаа мэт сэтгэгдэл төрнө. Кудринский нислэгийн чиглэлийг буцааж хэвийн байдалд оруулах үед онгоц үндсэн чиглэлдээ орж, жолоо тэгширчээ. Мөн хэмжүүрийн заалт ч онгоц төлөвлөсөн замдаа орсныг илтгэв. Гэвч энэ үед осолд хүргэх шалтгаан бүрэлдэж эхэлж байв. Хяналтын төхөөрөмжийн ажиллагаа доголдсоныг илтгэх анхааруулгын гэрэл асч, туслах нисгэгч шалгаж үзээд хуурмаг алдаа гэж үзэн уг гэрлийг унтраажээ. Хүү нисгэгчийн суудалд сууснаас хойш гурван минутын дараа онгоц бага зэрэг налж эхлэв. Үүнийг хүү бусдаасаа түрүүлэн анзаарсан байна.

Шөнийн нислэгийн үед онгоцны бага зэргийн хазайлтыг нисгэгчид өөрсдийн биеэр мэдрэх боломжгүй, зөвхөн хэмжүүрийн заалтаар тодорхойлно. Энэ үед онгоц хазайж эхэлсэн нь байж боломжгүй үзэгдэл юм. Учир нь нисгэгч онгоцны чиглэлийг нэгэнт үндсэн байрлалд шилжүүлсэн учир онгоц дахин налах учиргүй. Нисгэгчид шалтгааныг тодорхойлж амжаагүй байхад налалт 45 хэмд хүрч, онгоц эргэлдэх хөдөлгөөн хийнгээ унаж эхэлсэн байна. 800 км/ц хурдтай онгоц 10000 метр өндрөөс секундэд 70 метр хурдаар уруудаж байв. Энэ үед зорчигчдын биед хүндийн хүчнээс гурав дахин их ачаалал ирж, хаалганд шахагдсан Кудринский суудалдаа ойртож ч чадсангүй. Туслах нисгэгч ч жолоондоо хүрч чадахгүй байв. Учир нь тэр хүүхдүүдийг орж ирэх үед суудлаа хамгийн хойд талын байрлалд шилжүүлсэн байжээ. Үл мэдэгдэх шалтгаанаар унаж буй онгоцны жолоог 15 настай хүү ганцаараа атгаж байв. Уналт энэ хэвээр үргэлжилвэл онгоц нэг минутын дотор л газар мөргөж сүйрнэ.

Эцсийн мөчид туслах нисгэгч жолоондоо арай ядан хүрч, хамаг хүчээрээ өөр лүүгээ татжээ. Онгоцны түвшин тэгширч, хүндийн хүчний хэт ачаалал арилах үед багийн дарга суудалдаа суусан байна. Гэвч онгоц дахин унаж эхлэх үед хурд бага зэрэг саарсан мэт байсан ч эмгэнэлт төгсгөлөөс өөр зам үлдээгүй байв. Нисгэгчийн бүхээгт хүүхэд суулгасан асуудал тодорхой болж, Аэрофлот олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй тулгарчээ. Гэхдээ энэ нь ослын шалтгаас хэтрэхгүй. Дууны бичлэгээс ослын шалтгааныг тодруулах боломжгүй байсан тул нислэгийн болон жолоодлогын төрөл бүрийн мэдээллийг агуулах хар хайрцагны бичлэгийг нарийвчлан судлах шаардлагатай болжээ. Хар хайрцаг нь нислэгийн хамгийн сүүлийн хоёр цагийн бичлэг хийж, 1100 хэмийн дулааныг 30 минутын турш, мөн 7000 метр усны гүн дэх даралтыг тус тус тэсвэрлэх чадвартай. Эрж олоход амар байх үүднээс хэт авианы долгионыг 30 хоногийн турш цацаргадаг.

Хар хайрцгийг Орост шинжлэх боломжгүй байсан учир шинжээчид Франц дахь Айрбус компанид очжээ. Шинжилгээний хамт нислэгийн сүүлчийн мөчүүдийг симуляцийн тусламжтайгаар сэргээж үзэхэд онгоц сүйрэх хүртэлх хоёр минутын хугацаанд нислэгийн явцад ямар нэгэн асуудал гараагүй байв. Харин Элдар хүүг баруун тийш чиглэсэн бага зэрэг xүчээр жолоонд үйлчилж байсныг нислэгийн мэдээлэл бичигч бүртгэж авчээ. Гэвч 30 секундын дараа автомат жолоодлого салсан байна. Шинжээчид анхааруулгын гэрлийг унтраасан туслах нисгэгчийн үйлдэлд анхаарлаа хандуулжээ. Гэрэл унтраахаар сунгасан түүний гар жолоонд хүрч, тодорхой хүчээр үйлчилснийг анзаараагүй байна. Аюулгүйн үүднээс жолоонд 10 кг-аас дээш хүчээр үйлчлэх үед автомат нислэгийн горимоос хэсэгчилсэн байдлаар салах тохируулга нисэх онгоцонд хийгддэг ажээ.

Хүү болон туслах нисгэгчийн гарны аль нэгний үйлчлэл дангаараа хангалттай хүч үүсгэхгүй боловч тэдгээрийн нэгэн зэрэг хийгдсэн үйлдэл жолоонд 10 кг-аас дээш хүчээр үйлчилж, автомат нислэгийг хэсэгчлэн салгах хэмжээнд хүрснээр онгоцны үндсэн далавчны налуу чиглүүлэгч гар удирдлагын горимд шилжжээ. Үүнийг хэн ч мэдээгүй байх үед хүү жолоог залж, онгоцыг налахад хүргэсэн байна. Мөн энэ үед автомат нислэгээс гарсныг илэрхийлэх дохиолол дуугараагүй нь онгоцны зураг төслийн ноцтой алдаа байв. А310-аас өмнөх загварын бүх нисэх онгоцонд ийм үед анхааруулах дохиолол дуугардаг бөгөөд Оросын онгоцуудад ч мөн адил мэдээжийн зүйл байв. Гэвч нисгэгчид өөрсдөө хүч гаргаж, гар удирдлагад шилжих учир нэмэлт дохиолол байх шаардлагагүй хэмээн А310-ын зохион бүтээгчид шийдсэн байжээ.

Харин онгоц огцом уруудсан шалтгаан өөр зүйлд байв. Нисэх онгоц тодорхой өнцгөөр өгсөх уруудах, эргэлдэх үед жолоодлого алдагдах үзэгдэл тохиолддог. Нислэгийн өндөр их байх тусам агаарын нягт багасах учир хурдыг тэр хэмжээгээр нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд ингээгүй тохиолдолд хангалттай хэмжээний урагшлах хүч авч чадалгүйгээр унахад хүрнэ. Эсрэгээр хурдыг хэт ихэсгэвэл агаарын урсгалын нөлөөгөөр онгоц дайвалзаж, тэнцвэр алдан мөн адил унахад хүргэнэ. Иймд 10000 метр өндөрт нисч буй онгоцны хурдны боломжит өөрчлөлтийн хүрээ 750 - 900 км/ц -ийн хооронд буюу дөнгөж 150 км/ц байна. Ослын өмнө автомат жолоодлогоос хэсэгчлэн салсан онгоцны налалт 45 хэм буюу байж боломгүй хэмжээнд хүрчээ. Энэ үед төвөөс зугтах хүчний үйлчлэл 593 дугаарт онгоцонд хүндийн хүчнээс 25 хувь илүү ачаалал үзүүлж байв.

Хэрэв онгоцны жинг 200 тонн гэж тооцвол тухайн үед 250 тоннд хүрч, боломжит хурдны хүрээ 150 км/ц-аас эрс багасч жолоодлого алдагдахад хүрсэн байна. Харин онгоц харьцангуй нам өндөрт орж, хурдны хүрээний боломжит утгын мужид ирэх үе туслах нисгэгчийн жолоонд хүрэх хугацаатай таарсан учир онгоц өндрөө авч, нислэг түр зуур тогтворжсон байна. Гэвч илүү өндөрт гарч хурдны өөрчлөлтийн хүрээний хязгаарлагдмал бүст орсноор жолоодлогоо дахин алдаж, унахад хүрчээ. Осолд хүргэсэн гурав дахь ноцтой шалтгаан нь жолоонд үйлчилж автомат жолоодлого хэсэгчлэн салахад хүргэх хүчний тухай ямар ч тоон хэмжээ нислэгийн зааварчлагад бичигдээгүй байсан явдал байв. Энэ нь туслах нисгэгч жолоонд санамсаргүй хүрснээ анзаарсан байлаа ч гар жолоодлогод шилжсэн гэдгийг мэдэх боломжгүй байсныг илтгэнэ.

Яна ба Элдар Кудринскийн булш

Уг ослоос хойш онгоц жолоодлого алдах үзэгдэл тохиолдох үед автомат жолоодлогод дахин шилжүүлэх тухай зааварт тодорхой заах болжээ. Аэрофлот жолоонд үйлчилж автомат нислэгийн горимоос гарахад хүргэх хүчний хэмжээг зааварт тодорхой заасан бол Айрбус компани бүх загварын онгоцондоо нислэгийн горим өөрчлөгдөх үед анхааруулах дохиолол өгдөг болгосон байна. Мөн нисэхийн бүхий л байгууллага нислэгийн хэвийн бус горимоос гарах ослын жолоодлогын сургуулилтыг тогтмол хийх болов. Аэрофлот компанийн 593 дугаарт А310 онгоцны осол технологи илүү хөгжиж, хүний хийх үйлдэл хэдий хялбар болсон ч хүний оролцоо зайлшгүй байх шаардлагатай гэдгийг сануулсан юм. Уг онгоцны хоёр нисгэгчийг Москвагийн ойролцоо оршуулжээ. Хүү, охин хоёр ч аавынхаа дэргэд мөнх нойрсож байна.

Кудринскийн гэр бүл 80-аад онд, Нэшнл Жографикийн нэвтрүүлгийн хэсгээс
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]