Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Муу барыг нутагтаа орогнуулсан Хрущев бол...”Уншсан56,181

Маркийг ямар нэг байдлаар хадгалах, ашиглах бол хувьсгалын эсрэг хэрэг учир тийм хүнийг шүүж шийтгэх ёстой болж.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Хятад улс, үндэстэн гэж дэндүү агуу, дэндүү сонирхолтой түүхтэй улс. Одоогийн зарим нэг өндөр хөгжилт соёлт улс үндэстнүүд бараг “модноосоо буугаагүй” байхад л техник технологийн үсрэлт хийж, хөгжин цэцэглэж, сөнөж мөхөж, бусдын газар нутгийг эзэлж, эзлэгдэж байснаас гадна ер бусын гэмээр том зорилго тавьж түүндээ хүрсэн олон хаад ноёдтой, түүнээс дутахгүй арчаагүй хулчгар зан бүхий өчнөөн олон эзэд, хуандийтай улс байжээ.

Энэ удаа Хятадын түүхэн дэх хамгийн том хаан байж болзошгүй нэгэн хүний засаг барьж байх үеийн тухай хэдэн хачирхалтай баримтыг эргэн саная.

Тэр хүн бол Тан, Сун, Юань, Мин, Чин, БНХУ...зэрэг улсын (династын) хаан, эзэн биш харин БНХАУ-ын Коммунист Намын Төв Хорооны 1-р нарийн бичгийн дарга Мао Зэ Дун юм. Хятад улсын 20-р зууны түүхтэй холбоотой олон том үйл явдалд энэ хүний үүрэг нөлөө маш их байсан ба Хятад улс тусгаар тогтнолоо зарласан, Их үсрэлт, Соёлын хувьсгал... гээд тэдгээр үйл явдлуудыг тоочих шаардлага үгүй болов уу.

Мангог шүтсэн нь

Манго гээч нэгэн сайхан жимс Хятад улсад ургадаггүй байсан юм байж. 1968 онд Пакистаны гадаад явдлын яамны сайд Маод манго жимс бэлэглэсэн бөгөөд дипломат ёсоор бол ёстой л үл ялих бэлгэ тэмдэг төдий бэлэг байв. Энэ жимсийг “Дорнодод нар мандах”-тай цуг төрсөн тэр нөхөр (Дорнодод нар мандаж Хятадад Мао төрлөө гэсэн энэ дуу Монголд ч гэсэн цөөнгүй дуугарч байсан юм билээ) ард түмэнтэй уулзах үеэрээ хүмүүст өгсөн нь манайхаар бол Богдын сунтагаас адис авч байгаа аятай юм болж хувирч.

Б**стай л болохоос бурхан болсон энэ хүний өгсөн тэр ариун жимсийг ард нийтээрээ тахин шүтэж  сүйд боллоо. Тухайн үед Жинмэнь Жибао сонинд бичсэнээр бол энэ жимсийг харсан ажилчин түмэн баярын нулимс унаган их удирдагчдаа баярлаж талархаж буйгаа илтгэн дуулан бүжиглэж байсан юм гэнэ лээ. Нэгэн нэхмэлийн үйлдвэрт энэ жимсийг улаан буландаа шүтээн болгон тавьснаар бүх л ажилчид уг жимсэнд хандаж баярлаж талархсан үг хэлж байж ажлаа эхэлдэг болсон гэдэг. Жимс муудах үед шинээр дууриалган хийж мөргөн талархсаар.

Ард түмэн ариун жимсийг тахин шүтэж байх үед нэг шүдний эмч нөхөр хаанаас ч юм олж авсан манго жимсийг идэж үзээд “сүйд болох зүйлгүй, амтат төмстэй ойролцоо амттай“ байсан тухай ярьж гэнэ.

-Муу хувьсгалын эсэргүү юу гэнэ ээ... турсагыг нь хуулаад өг... Эмч шоронд орж, удалгүй дээд хэмжээ авсан юм байх.

-Болж муу хувьсгалын эсэргүү... Дорнодод нар мандаж Хятадад Мао төрлөө...

Соёлын хувьсгал ба багшаа зодох “моод”

Энэ үйл явдлын тухай  “Штаб руу гал нээгээд” хэмээх нийтлэлдээ бичсэн учир энэ удаа ганц нэгхэн тоо л дурдъя.

Зөвхөн 1966 онд 91 сургуулийн сурагч-улаан хамгаалагч нар багш нарыгаа зодож хүмүүжүүлэн “буруу үзэл бодлоос” нь салгасан бөгөөд  тэдгээрийн цөөнгүй нь төрөл арилжиж байж тэрхүү “буруу зүйлээсээ” салсан юм.  Эхлээд багш нартаа янз бүрийн доромж үгтэй самбар зүүлгэн гудамжаар шившиглэн явахдаа бэх болон буцлам ус цацах, саваа модоор зоддог байснаа сүүлдээ бүр хойд насанд нь илгээдэг болжээ. 1966 онд сурагчдынхаа гарт 18 багш эрсэдсэн гэдэг тоо байдаг бол харин иймэрхүү явдлыг тэвчиж чадаагүй багш нарын тоо гэж байдаггүй юм байна. Ямар ч байсан 18 гэсэн тооноос их, бүр маш их юм гэсэн юм л харагдана.

Бар

Хятадууд болжморын эсрэг дайнд ялагдсан түүх” хэмээх нийтлэлдээ дөрвөн хортон болох харх, ялаа, шумуул, болжморын эсрэг хийсэн хятадуудын дайны тухай товчхон бичсэн билээ. Тэгвэл тэр үед буюу 1959 онд Мао дарга бас гэнэт бар гэдэг амьтанд дургүй болж. Хөдөө тосгонд өлссөн бар давхиж орж ирэн хүн барьсан тохиолдол хэд хэдэн удаа гарсны дараа ийнхүү Маогийн дайсан болсон нь тэр. Мэдээж ийм муухай хортой амьтан болох бар, түүнтэй адил муухай чоно, ирвэс зэргийг үр удамгүй болтол нь устгах хэрэгтэй. Иймэрхүү “ангийн дайснуудыг” ард олноороо хайн олж илрүүлж, устгаж байсан учир тоо толгой нь эрс цөөрч яг л өнөөх болжморын дайн шиг зүйл болох шахаж. Хятадын дайсан бар нь хойд зүг рүү, хүн амьтан багатай ЗХУ-ын нутаг руу хулжин зугтсан учир арай л дуусчихсангүй үлдсэн юм гэнэ.

“Муу барыг нутагтаа орогнуулсан Хрущев бол ревзонист...” гэх мэтийн яриа хөөрөө зөндөө л гарч байсан болов уу.

Гэрлэн дохио, марк

Хятад орныг нөмөрсөн туйлшрал хэмжээ, хязгаараа алдаж, ухаан солиорсон гэмээр улаан хамгаалагч хүүхдүүд хэр хэмжээгээ мэдэхээ байснаар хувьсгалын эсрэг үзэл бодолтой байж болох хүн төдийгүй эд зүйлийг ч хайж устгаж байна гэсэн хийрхэл улс даяар тархаж байлаа. Нэгэн их хувьсгалч нөхөр гэнэт ”Улаан гэрлээр машин зогсдог нь буруу. Хувьсгалын өнгө бол улаан өнгө учир улаан өнгө хувьсгалын их урагшлах аянд саад болох ёсгүй. Тиймээс улаан өнгөөр явж, ногоон өнгөөр зогсож байх хэрэгтэй” гэсэн яриа нь дэлгэрч замбараа цадиг алдагдаж эхэлж. Харин Хятадын ерөнхий сайд Жоу Энлай нь энэ балай зүйлийг эрс эсэргүүцсэнээр ногооноор явж улаанаар зогсдог журам устаж алга болсонгүй өнгөрчээ. Гэхдээ тэр улайрсан хүүхдүүдийг эсэргүүцвэл өөрийнх нь хүзүү толгой салж мэдэх учир хашир Жоу эсэргүүцлээ ихээхэн өвөрмөцөөр тайлбарласан байдаг. “Улаан гэрлээр зогсоно гэдэг нь нам маань хувьсгалын үйл хэрийг хянаж,  ямар нэг аюул осолд өртөхгүй байхыг, чиглэсэн замаасаа гажихгүй байхыг анхааруулж буйн бэлгэ тэмдэг юм” хэмээжээ.

Их удирдагч Мао шуудангийн маркийг үзэн яддаг, марк хэмээх эрээн цаас цуглуулах нь бузар хөрөнгөтний гаралтай зан үйл гэж үздэг учир түүнийг устгах тушаал гаргажээ. Маркийг ямар нэг байдлаар хадгалах, ашиглах бол хувьсгалын эсрэг хэрэг учир тийм хүнийг шүүж шийтгэх ёстой болж. Маогийн хэлсэн өнөөх “Хоосон цагаан цаас” нь (Ард түмэн гэдэг бол юу ч бичиж болох хоосон цагаан цаас. Мао) үүнийг ёсчлон биелүүлж байгаад удирдагч талийгаач болсны дараа л энэ шийдвэр хүчингүй болжээ. Сонирхолтой нь Хятадын соёлын хувьсгалын үеэр гарсан, үлдэж хоцорсон марк одоо дэлхийн хамгийн үнэтэй маркуудын нэг байдаг аж. Хятадын түүхэн дэх нэгэн “Их хуандий” болох Мао Зэ Дуны засаглалын үеийн Хятад орон гэж нэг иймэрхүү л байж.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 3 сар 27. 22:44
Зочин

Одоо тэнд чинь Ши гэж 1хужаа цусыг нь холиод эхэлж байгаа.100н жилийн дараа бас л балаг нь дэлгэгдэнэ дээ!?

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]