Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Дархан аварга Б.Түвдэндорж: Чи наад өвдгөө хараач"Уншсан36,857

Гэтэл дархан аварга "Чи наад өвдгөө хараач" гэвэл өвдөг нь туждаа шавар. Тэр үед зүсэр бороонд газрын хөрс нэвт норж, шавхайдсан байжээ.

Архангайн Жаргалант сумын Арцын Гончиг хэмээх нэгэн адтай, хүчит бөхийн түүхийг өгүүлье.

Албаны хоёр хүний улаа нэхэж Цэцэрлэг суманд очсон 18 настай Гончиг танихгүй засуулыг "Алив хүү минь аманд очоотох" гэж шавдуулахаар "Үгүй" гэж дургүйцсэнгүй хормойгоо шуун алхжээ. Сумын цолтныг төвөггүй дийлсэн Гончиг зориг оров. Гадны хүүхдэд наадмаа алдахгүйг мэрийх бөхийн хорхойтнууд "Барын зулзагыг бага дээр нь" гэж эс хэл лүү гэлцэн шуугилдсаар. Гончиг ч санаандгүй түрүүлэн сумын заан цол хүртэж, тал цай бүсэндээ хавчуулан харьжээ. Цэрэгт тэнцсэн Гончиг Улаанхуаранд цэргийн алба хаахдаа барилдах хүслээ орхисонгүй.

Нэг өдөр голын цэнгэлдэхэд начин Самданжигмэдтэй үлдээд хаяж түрүүлбэл бага наадмын түрүү алдахаа больсон залуу начин "Би ийм жодгор бандид унах арай болоогүй" хэмээн ундууцан бай мөрийгөө авахгүй тунирхжээ.

Дараа нь циркд болсон барилдаанд аварга Ш.Батсуурь, заан Ц.Бадамсэрээжид (Хөвсгөлийн Цагаан-Үүр сумын харьяат улсын арслан)гурвуул үлдэн аварга гоц мөргөн, Ц.Бадамсэрээжид зааныг хаясан халуун амьсгаан дээрээ Ш.Батсуурь аваргыг тонгорч даваад түрүүллээ. Энэ нь халагдах хүүд ахин олдохгүй том амжилт байлаа.

Дөрвөн жилийн албаа дуусгаад нутагтаа очсон жилээ Цэцэрлэг, Жаргалант сумд түрүүлж, "харахад харчгар ч" яггүй шөрмөслөг эр болохоо таниулаад байв. Улс хувьсгалын 30 жилийн ойн наадам айсуй сургаар хотын томчуултай гар зөрөх урилга хүлээн авч, ээжээрээ сүү өргүүлэн гэрээс морджээ. Барилдаж дөрөв давтал нэг дорын О.Лувсандондовтой мушгианд үлдээд "Хэн давсан нь улсын начин цол хүртэн, нутаг усны нэр гаргаж дээ" хэмээн бодож зогстол наадмын комисс, бөхийн хаяавчаар (шүүгч) танилтай Лувсандондов нь "Бид ах дүү болох улс" гэж айлтган салгуулж амжжээ.

Гончиг 1950-иад оны үеэр бас л шуугиулж явсан Хөвсгөлийн Цагаан-Үүрийн Гомбодоржийн Бат-Эрдэнэтэй таарав. Түрүү жилийн шигшээнд Гончигийг хялбар давсан Г.Бат-Эрдэнэ Сөгнөгөрт амарч, жин нэмснээ гайхуулан ярьж, сэтгэлдээ А.Гончигийг ядрахгүй давна хэмээн бардамнах аятай. А.Гончиг ч харваас илт лагсран зузаарч, жавхаатай харагдах Г.Бат-Эрдэнээс сүрхий бэргэвч барилдахгүй гэлтэй биш. Дайрахад нь тонгороод орхитол Г.Бат-Эрдэнэ ч сунаад явчихав.

Ингээд зургаагийн даваанд Өвөрхангайн Гучин-Ус сумын харьяат улсын арслан Гялдангийн Цоодол амлахаар нь сайн бөхөд унах сайхан санагдсан учир шийдсэн мэхээ гүйцээтэл өвдөг тохой нь шороодсон залуу арслан босч ирээд "Ганц жил хүрэхгүй хугацаанд гайхалтай түргэн сайжирчээ. Гончигийг годгорхон гэж нүдээр олзлох цаг өнгөрч" хэмээн чангаар хэлжээ.

Долоогийн даваанд алдарт дархан аварга Б.Түвдэндорж амлав. Аварга "Архангайн Гончигийг авъяа" гээд үлдсэн 16 бөхөөс түрүүнд амлав аа. Аварга өрсөлдөгч бөхөө хэнийг боловч буруу хартал түлхэж, бөгснөөс нь хөнтөрч суйлдаг гол мэхээрээ А.Гончигийг өмнөө хэд хэд авчраад мэхээ гүйцээсэнгүй. Бодвол бяр ихтэй том хүнд өөрөөс нь хавьгүй жижиг хүн гарт өртөхгүй чавхдаад хэцүү байсан биз. Ингэж байтал хав барьцанд хүрсэн А.Гончиг солгой тонгорч орхитол аварга тэр хоёр давхраараа харуулдаад явчихав. А.Гончиг дэвсээр тахимаа авахаар иртэл аваргын хэвлий тэр аяараа нойтон шавар наалдан харлачихсан харагдахад "Заан боллоо" гэж хөөрөн бодов. Гэтэл дархан аварга "Чи наад өвдгөө хараач" гэвэл өвдөг нь туждаа шавар. Тэр үед зүсэр бороонд газрын хөрс нэвт норж, шавхайдсан байжээ. Хөлийн цэцээс "дахин барилдуул" гэсэн шийд өгөхөд А.Гончигийн баруун гарын хоёр хуруу нь ташраараа мултарч, зүүн эрхийн хумс хуурсан учир ахин барилдах боломж үнэндээ байсангүй. Тахимаа өгөөд буцтал Архангайн Жаргалант, нэг нутгийн Баатарын Төрбат улсын арслан тосон гүйсээр "Дахь дахь" гэж шаардсан ч хурууг нь үзээд дуугаа аяджээ.

Хойтон нь Архангайн Өлзийтийн Найдандорж заантай тавд тунаж унасан ч барилдах хорхой улам оргилов. 1954 онд тав даваад Ц.Бадамсэрээжид арсланг барсангүй. Энэ үед гэр бүлээ дагуулж наадамлаж начин цолоо бататгасан ч сайн хань нь гэв гэнэт нас барж, уй гашуу тээсэн хүн нутаг усандаа буцаж очиход лам явсан нэгэн "Хот хүрээ орж, ахин барилдвал сайнгүй төлөг шоонд буулаа" гэснээр сумаас хэтэрч зодоглосонгүй ээ.

А.Гончиг залуудаа тунаанд үлддэг шилдэг бөх явжээ. Зааны даваанд ойртсон нэгэн. Ээжийн тал нь Довдон харцага, аавын удамд Чимидбазар гэж бяр ихтэй барилдлага тааруу хүмүүс байж. Тавь хэтэрсэн хойноо аймагтаа зодоглож дөрөв даваад Булганы Бадам заанд унаад ахин том наадамд зодоглоогүй аж. Харин суманд хориод түрүүлжээ. "Үхсэнээ дагаад үхдэггүй" ертөнцийн жам дагаж одоогийн хөгшинтэйгээ дэр нэгтгээд найман хүүхдийн эцэг болов. Зургаан бандитай хэрнээ аав шигээ алдар цолоо дуудуулсан бөх төрсөнгүй. Хамгийн бага бандиа бөхийн сургуулиар явуулахаар шийдээд хотод дагуулж ирээд байхад нь спортын сэтгүүлчид уулзан энэ түүхийг яриулж авсан нь өдгөө жинхэнэ түүх болон үлджээ.

Баг, бригадын даргаар 37 жил ажиллан, хурдан жороо морьдын удам тасалсангүй. Жижиг хонгор морь нь сумандаа хэд түрүүлж байв. Жороо саарал морь нь жижиг тэрэгний 40-45 мильтэй хурдалдаг байв. "Зуу гаруй толгой, малтай боломжийн амьдралтай болж л байна" гэж хуучлах хуруу гар, шанаа түүш нь хоосонгүйг илтгэх ануухан өвгөнийг далан насан дээрээ гэхэд тэнхлүүн харагдана.

Тэрээр хүнтэй ер удаж төддөггүй байсан аж. Г.Цоодол арслантай цэрэгт байхдаа хоолоороо мөрийцөн барилдаад алдах нь олонтаа өнгөрчээ. Харин 1951 онд дэмжих болов уу гэж бодтол зургаад амлахаар нь дөрвөлжин золгонгуут тонгорч давсан нь хэдэн таваг хоолны үнээс хол даваа буй заа.

А.Гончиг начин нэгэнтээ Эрчим хүчний 50 жилийн ойн бөх үзэхээр цэнгэлдэхийн үүдээр ортол "Эрлэг чинь эрлэг номун хааныдаа очоогүй амьд явж байна шүү" гэхээр гайхан эргэж хартал Г.Цоодол арслан, Гомбодоржийн Бат-Эрдэнэ начин хоёр зэрэгцэн сууж харагджээ. Тэр хоёр гуч гаруй жилийн тэртээ цувж унасанаа хэлж хөхрөлдөн тойрч суусан бөхчүүддээ "Улсын начин Арцын Гончиг" гэж танилцуулбал ойр хавьд байсан бөхчүүд дэс дараагаараа босч золгон хүндэтгэл үзүүлжээ. Энэ тухай Арцын Гончиг начин өгүүлэх нь:

-Одоогийн залуу бөхчүүд ёс дэгээ хадгалсан сайхан хүмүүжилтэй юм билээ. Өвгөн намайг тоож дуугарахгүй байхыг хэн байг гэх вэ. Би тэдэнтэйгээ бүтэн өдөржин сууж, айргаар дайлуулснаа мартдаггүй. Барилдахаа больсон ч бөх явсныг минь хөхүүлэн дэмжин тусалж, харж ханддаг МҮБХ-нд ямагт баярлаж явдгаа илэрхийлье гэсэн бөлгөө. Архангайн Арцын Гончиг гэж тавиад оны бөхийн онооны дансанд нэрээ мөнхөлсөн нэгэн явжээ.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
8 сар 6. 17:41
Зочин

Сайхан ярилцлага байна. Бөхчүүд дотроо бол их жудагтай харьцаж ахмад бөхчүүдээ хүндэлдэг юм билээ.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]