Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Минаматагийн өвчинУншсан24,380

1967 он хүртэл Япон улсад байгаль орчныг хамгаалах ямарваа нэг хууль байгаагүй гэвэл та үнэмших үү?

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1967 он хүртэл Япон улсад байгаль орчныг хамгаалах ямарваа нэг хууль байгаагүй гэвэл та үнэмших үү?

1906 онд Ногути хэмээх шинэхэн бизнесмен нь карбидын үйлдвэр барих газар хайж яваад далайн нэгэн булан тохойд байрлах Минамата хэмээх жижигхэн тосгоныг олжээ. Цөөхөн хүн амтай энэ тосгоныхны амьдрал гэж үгээгүй ядуу, загас барихаас өөр ажил байхгүй нь мань эрийн хувьд ёстой л алт байлаа. Тосгон хэдий чинээ ядуу байна төдий чинээ хямд ажиллах хүч болох ба өөр бусад элдэв зөвшөөрөл болон бусад засаг захиргааны яршиг төвгийг шийдэх зэрэгт маш хялбар болох нь ойлгомжтой.

Тосгоныхон ч бас олдсон боломжийг алдахгүй гэж ёстой “хоёр гараараа тас зуураад” авч.

Ингээд 1908 оноос жижигхэн үйлдвэр ашиглалтад орж аажмаар өргөжсөөр 1921 онд аммоний гээчийг нэмж үйлдвэрлэж эхэлсэн байна. Энэ үед загас энд тэнд олноор үхэж байгаа тухай яриа хааяа гарах болсон ч нэг их анхаарал татсангүй. 1932 онд үйлдвэр ацетальдегид  үйлдвэрлэж эхэлсэн ба энэ хэлэхэд хэцүү нэртэй эдүүд нь дан химийн бодис гэдгийг нэг сануулах хэрэгтэй байх. Үүнээс хойш үйлдвэрийн хаягдал гэж далайд хаяж байсан олон муухай химийн бодис дээр мөнгөн ус нэмэгдлээ.

1944 онд Минамата суурингийн хамгийн хүндтэй хүн, бараг бурхан болох Ногути ч үхэж, том дайн Япон орныг бүрэн нөмөрч баахан юм болсон байж таараа.

Дайн дууслаа, үйлдвэр ч бүрэн хүчээрээ ажиллаж эхэллээ. Бүх зүйл урьдын адил горимондоо орж, үйлдвэр завод ажиллан, хүмүүс цалин мөнгөтэй болж жаргалтай сайхан цаг ирж байгаад бүгд л баяртай.

Гэтэл... эхлээд муурнууд солиорч эхэлсэн байна. Аймшигтай муухайгаар чарлах муурнууд гудамж талбайгаар галзуурсан юм шиг ийш тийш гүйж байгаад таарсан хүн амьтан руу дайрна, дараа нь далай руу үсрэн орж живэн үхэцгээнэ. Нутгийнхан муу ёрын амьтныг муулан толгой сэгсэрсээр. Удалгүй шувууд солиорч эхэллээ. Дараа нь загас...Дараа нь ганц нэг хүмүүс өвдөж эхэллээ.

Үл мэдэгдэх өвчин туссан хүн салгалж чичирж байгаад бие нь сульдан хэвтэх ба хэд хоногоос тэсэхийн аргагүй бүх биеэр нь өвдөж байгаад зарим нэг нь хагас дутуу эрүүл болох ч өөр нэг хэсэг нь үхэж байлаа.

1956 оны үед “муурын солиорол” гэж нэрлэсэн энэ үл мэдэгдэх өвчин газар авсан ба төв мэдрэлийн системийг гэмтээх уг өвчнөөр өвдсөн хүний тоо 52 хүрчээ. Минамата болон Кумамото суурингийн эмнэлэгт хэвтэх эдгээр хүмүүсийн 20 нь удалгүй үхэж, задлан шинжилгээгээр ямар нэг хүнд металлын хордлого гэсэн дүн гарсан гэдэг.

Тухайн газар орон, далайн уснаас дээж аван шинжилж үзэхэд сецен,таллий, марганец, зэс, тугалга, мөнгөн ус ихээр байгааг тогтоосон байна. Энэ бүхний буруутан байж магадгүй Тиссо (өнөө үйлдвэрийн толгой компани) компани нь үүнийг эсэргүүцэж янз бүрийн ухуулга явуулга хийж байхад хүмүүс үхсээр л байлаа. 1959 онд л эмч нар уг нутагт болж байгаа явдлын тухай олон нийтийн сонорт хүргэж чаджээ. Төрийн янз бүрийн шатны байгууллагууд ирж шалгахыг нь шалгаж бөөн юм болсон нь тодорхой бөгөөд ямар ч байсан энэ нутгийн хөрсөнд байгаа мөнгөн ус нь байх ёстой хэмжээнээс хэд дахин илүү байгааг тодруулжээ.

Японы стандартаар бол загасны биед байх мөнгөн усны хэмжээ 0,4 ppm –ээс ихгүй байх ёстой бол Минаматагийн булангаас барьсан загасанд энэ тоо 35,7 хүрч байсан ба далай болон Тиссо компанийн үйлдвэрийг холбосон жижиг шуудуунд бүр 2010 ppm хүрч байжээ.

Одоо айхтар арга хэмжээ авч таарна. Тэр нь ...

Кумамото мужийн уснаас барьсан загасыг зарж борлуулахыг хорьсон байна. Ердөө л энэ. Нөгөө хортой үйлдвэр завод  ажилсаар байх ёстой. Мөнгөн ус болон бусад хорт бодис хаягдсаар л байх болно. “Ард түмний амьдрал, нийгмийн хамгаалал, эдийн засгийн микро бүтэц...” гэх мэтийн өөр ямар гоё ганган үг юу байдаг тэр бүгдийг бүгдийг нь хэрэглэн байж асуудал нэг шийдэгдсэн болж.

Эмч нарын хийсэн судалгаагаар бол Минаматагийн өвчнөөр (ийм нэртэй болсон) Кумамато болон Кагосима мужийн 100 000 гаруй хүн өвчилсөн ба Минамато суурингийн нийт хүн амын 28% нь мэдрэлийн ямар нэг өвчлөлтэй, 25% нь хөдөлгөөний бэрхшээлтэй , 29% нь сонсголын гажигтай, 13% нь харааны бэрхшээлтэй... гэж гарсан байна. Шинээр төрж байгаа хүүхдүүдэд ч Минаматагийн өвчин ихээр илэрч байснаас олон хүүхэд хэлгүй, дүлий, оюун ухааны болон бусад гажигтай болж өсөж байв.

Сүүлд гарсан тооцоогоор бол энэ өвчнөөс болж 2955 хүн эрүүл мэндээрээ бүрэн хохирсноос 1784 хүн нас барсан гэнэ. Хэдийгээр нь энэ их тоо боловч харин ч дарсан тоо шүү гэж үздэг хүмүүс цөөнгүй. Харин буруутан нь хэн бэ гэсэн асуултын хариу олдохгүй байсаар.

Ингээд олон арван жилийн дараа буюу 2004 онд Японы дээд шүүх нь энэ аймшигт өвчин гарахад, байгаль орчинд учруулсан хохиролд буруутай субъектийг төр гэж үзэн, хохирогч нарт их хэмжээний нөхөн төлбөр олгох шийдвэр гаргаж биелүүлжээ.

“...дахиж ийм аймшигт явдал гарахгүй гэдгийг бид амлаж байгаа бөгөөд Японы засаг төр энэ явдлаас маш том сургамж авлаа...

Японы байгаль орчны сайд Юрико Койкэ. 2004 оны 10-р сарын 15.”

Харамсалтай нь 2011 оны 3-р сарын 11 нд Фукушима цөмийн цахилгаан станцад бас нэг аймшигт осол болж далай тэнгисийг одоо хүртэл хордуулсаар байгаа бөгөөд буруутан нь байгаль дэлхий болоод өнгөрч байх шиг байна.

Нэмж сонирхуулахад дээр дурдсан Тиссо гээч компани одоо ч үйл ажиллагаа явуулсаар байгаа юм гэсэн. Бодвол байгаль орчин бохирдуулж хордуулдаггүй айхтар компани болсон юм байгаа болов уу.

 

P.S.

 Аливаа нийтлэлд үйл явдалтай холбоотой зураг заавал байх ёстой гэдэг. Харин энэ удаа элдэв зураг хийх гээд чадсангүй, зүрх хүрсэнгүй.

Минаматагийн өвчний тухай зургийг “Minamata disease” гэж хайгаад үзэж болох бөгөөд аливаа зүйлд эмзэг хүмүүс үзээгүй нь дээр болов уу.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
4 сар 25. 16:20
й

3000 эрүүл мэндээрээ хохирч, 1700 хүн үхсэн гэнэ. Юун сүртэй юм. Манайх наана чинь 30000 хүн хохироод, үхсэн нь хэд болохын бүү мэд.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]