Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Лам хүн түрүүлбэл цол өгөхгүй нь ээ"Уншсан20,225

Мөөеө аваргыг Дамдин аваргын ижил дараалан 5 түрүүлнэ хэмээн зөгнөсөн үү, эсвэл аа ихтэй гэсэн үү хоёр түрүүлэхэд нь аварга цол олгосонгүй.

 Толгойлогч.мн сайт үндэсний бөхийнхөө алдар цуутай аварга арслангуудын түүх, ард түмнийхээ дунд алдар цуугаа дуурсгасан бөхчүүдийнхээ үлдээсэн домог, хууч яриаг цувралаар хүргэж байгаа билээ.

 

Дэмүүл хүүгийн уур гараад

Үерийн жил буюу 1966 оны наадам. Наадам 4, 5 хоног хойшилж Спортын төв ордонд бөхөө барилдуулжээ.

Амгалан дөлгөөн зантай, ардын ухаант удирдагч гэгдэн ард нийтээр хүндлэгдсэн БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу гуай шөвгийн дөрвөн бөх гарах үед эргэн тойрныхоо хүмүүсийг хэсүүлэн харж “Дэмүүл хүүгийн уур гараад заан болсон хүүг үнсэж байна” гэж хэлж байжээ. Заан болсон хүү нь армийн байлдагч Д.Түвшин бөгөөд тавын даваанд заан Дэмүүл (улсын арслан)-тай хайнцсан ч тайлбарлагч давсан гээд зарласнаас Дэмүүл арслан сүрхий уурласан юм билээ.

 

Лам хүн түрүүлбэл цол өгөхгүй нь ээ

Мөөеө аваргыг Дамдин аваргын ижил дараалан 5 түрүүлнэ хэмээн зөгнөсөн үү, эсвэл аа ихтэй гэсэн үү хоёр түрүүлэхэд нь аварга цол олгосонгүй. Дамдин гуайн тухайд циркийн сургуулийн онцлогоор барилддаг учир аварга цол олгохгүй өнжих нь зөв хэмээн бөхийн комиссынхон үзсэнээс үүдэлтэй гурав түрүүлэхэд нь л аварга олгосон гэлцдэг сэн.

Харин Мөөеөд цол олгоогүй асуудал ямар нэг шугамаар Самбуу даргын сонорт хүрчихжээ. Учрыг олохоор холбогдох хүмүүстэй уулзах үеэр манайхан л болсон хойно хэргийн гогцоог хэн нэгний толгойд угладаг заншлаар “Түвдэн аварга л...” гэх аястай үг хэлээд бултахыг оролдож.

Нэг нөхөр “Шашин шүтлэгтэй...” гэх ухааны юм хэлэхэд Ж.Самбуу дарга “Өө тийм үү, та нар тэгээд лам хүн түрүүлбэл цол олгохгүй нь ээ” гэж хэлээд таг дуугүй суучихжээ. Хэлэх үггүй гацсан тэд гарч ч болдоггүй, илүү үг ч дуугарч болдоггүй биеэ хөштөл сууж, ёстой л хатуу шийтгэл амссан гэнэ лээ.

 

Хүн сандрахдаа тэнхээ ордог

Улсын арслан Ө.Эрдэнэ-Очир ээлжийн амралтаа аваад ээжтэйгээ Дорнод явахаар болоод ачаатай, чиргүүлтэй машинтай замд гарчээ. Хоёр зуугийн хоёр пошик машиныхаа гузовны урд талд сайн бэхэлж өгөөд Ө.Эрдэнэ-Очирын том хүү, авга ахын нь нэг хүү хоёрыг хоёр пошикны дунд суулгасан байжээ.

Гай болж машинтай шүргэлцэн онхолдон хөмөрчээ. Ө.Эрдэнэ-Очирын хүзүү нь нугараад хоолой нь боогдоод биш болж гэнэ. Кабиныхаа хаалгыг зад тийрээд гараад ирж, дээр байгаа хоёр хүүхэд сүйд боллоо гээд хартал нэг нь хацар нь шалбарчихсан зогсож байж. Тэгсэн хүү нь "Ааваа намайг түргэн гаргаж авахгүй бол болохгүй нь байна шүү" гэж байна. Арслан ч сандраад юу болсныг мэдээгүй, хоёр зуугийн дүүрэн бензинтэй татлагатай пошикийг татсан чинь доод газрыг шороотой нь, татлагатай олсыг тас татаад, пошикоо 60 см орчим зайтай болгож хүүгээ гаргаж авчээ. Хүн амьтны гэмтэл байхгүй, машин л их эвдэрсэн байжээ.

Арслан "Хүн сандрахдаа мөн ч их тэнхээтэй болдог юм байна лээ" гэж сүүлд нь хуучилсан байдаг.

 

Хүнийг айлгаж гэмтээлгүй хөтөлж яваа хонийг нь хулгайлаад авчирч чадах уу?

Дайчин чин ван Ханддорж нэг намар Хулгар Нацаг арслан нарын хэдэн хүний хамт салхинд гарангаа гөрөөс үргээгээд сууриар нь ан амьтан ирээгүй тул Их Өлийн давааны зүүн орой дээр сууцгааж байжээ.

Гэтэл Сээрийн голоос нааш замаар нэг хонь хөтөлсөн явган хүн явж байгааг хараад Ханддорж ван: Нацаг чи тэр хүнийг айлгаж гэмтээлгүй хөтөлж яваа хонийг нь хулгайлаад авчирч чадах уу? Гэсэнд за би хичээж аргаар авчиръя гээд Нацаг модон дундуур явган гүйгээд явжээ.

Нацаг Өлийн давааны өврийн зам дээр өрөөсөн гутлаа тайлж баахан шавар нялж хаяад, мод ширэнгэн дундуур явж очоод түрүүчийн хаясан гутлынхаа тушаа нуугдан харж байтал хонь хөтөлсөн хүн ирээд зам дээр байсан гутлыг хөлөөрөө хэд эргүүлж ийш тийшээ харж байснаа авсангүй зам өөдөө өгсөөд явжээ. Нацаг тэр гутлаа аваад эргэн модон дундуур гүйгээд давааны ард тавьсан гутлынхаа тушаа ирээд нуугдан харж суутал нөгөө хүн давааны ар руу орж байснаа зам дээр тавьсан өрөөсөн гутлыг авч үзэж байснаа хонио модноос уяж орхичихоод давааны өвөрт байсан гутлыг авах бололтой буцаад явжээ.

Энэ хооронд Нацаг хоёр дахь гутлаа авч өмсөөд хонийг тэврэн авч ирсэнд ноён болон түүний хамт байсан хүмүүс гайхан инээлджээ. Орой нь Нацагт хонио дүүрүүлэн тамган дээр авчраад хүмүүс мордуулж Вангийн хүрээ хороогоор Өлийн даваанаас хонь алдсан хүн тамган дээр ирж хонио ав гэж зарлуулсанд эзэн нь ирж хонио авсан юм гэдэг.

 

Эх сурвалж: "Бөх" сонин, Хүчит бөхчүүдтэй холбоотой домог, хууч ярианууд фэйсбүүк хуудас

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]