Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Анна Цендина Дамдинсүрэн: Би аавынхаа 46 настайд төрсөн отгон охин нь болохоор намайг маш их эрхлүүлдэг байсанУншсан15,663

ОХУ-ын Москвагийн Хүмүүнлэгийн их сургуулийн багш, Дорно дахины судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Анна Цендинатай уулзаж хөөрөлдлөө.

Ярилцсан Л.Батцэнгэл


Монгол Улсын төрийн гурван удаагийн шагналт, ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн охин ОХУ-ын Москвагийн Хүмүүнлэгийн их сургуулийн багш, Дорно дахины судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Анна Цендинатай уулзаж хөөрөлдлөө. 

-Таныг их хүмүүн Дамдинсүрэн гуайн отгон охин гэдгийг Монголчууд сайн мэднэТа аавынхаа талаар сайхан дурсамж хуваалцаач!

-Манайхнаас би л ганцаараа аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөж Монгол судлалаар дагнан ажилладаг. Бусад ах нар маань бүгд л физик, эдийн засгийн ухааны эрдэмтэн хүмүүс шүү дээ.

-Та эрдэмтэн хүний хувьд жилд олон удаа гадаад, дотоодын эрдэм шинжилгээний хуралд оролцож байна уу?   

-Ер нь би олон хуралд оролцох дургүй. Ах, бид хоёр жилд нэг том хуралд оролцоно гэсэн зарчим баримталдаг. 

-Та Москвагийн Хүмүүнлэгийн их сургуулийн Монгол хэл судлалын тэнхимийн эрхлэгч. Танай тэнхимд хэчнээн хүүхэд Монгол хэл судалж байна. Орос хүүхдүүд Монгол хэлийг хэр их сонирхох юм бэ? 

-Яг Монгол хэл сонирхдог гэж хэлж чадахгүй. Гэхдээ Монголын түүх соёлыг залуучууд их сонирхож судалдаг. Шашин, нүүдэлчдийн соёл иргэншлийг нь түлхүү судалж байна. Тэр дундаа XX зууны үеийн түүхийг сонирхон судалж байгаа харагддаг. Дээрээс нь утга зохиол байна. Миний шавь зургаан оюутан Монгол судлалаар дагнан мэргэшсэн. Нэг оюутан маань зохиолч Г.Аюурзанын романуудаар дипломын ажил бичсэн. Мөн Бурхан багшийн намтар, Цахар гэвшийн орчуулгын зохиол, Д.Равжаагийн шүлгийг агуулгын талаас нь судалж байгаа. Хоёр оюутан бөө мөргөл болон Монгол үлгэр гэсэн сэдвийг сонгосон. 

-Монголч эрдэмтэн болоход аавын тань нөлөө байсан байх. Аав тань таныг хүүхэд байхад ер нь их эрхлүүлдэг байв уу? 

-Намайг эрхлүүлэхгүй яах юм бэ. Би чинь айлын отгон, намайг төрөхөд аав дөчин зургаатай, ээж дөч гарчихсан байсан. Тэгэхээр чинь ер нь хэн ч бодсон намайг эрхлүүлж л таарнаа даа. Манай том ах гэхэд надаас арван долоон насаар ах ш дээ. Аав маань мундаг том эрдэмтэн хүн байсан болохоор үр хүүхдээ загнаж аашлах гэж байхгүй, энгийн сайхан хүн байсан. Шавь нараас нь асуусан ч хэлээд өгөх байх. 

-Та аль дунд сургуулийн сурагч байв?

-Олон сургууль дамжсан даа. Анх Хөгжим бүжгийн дунд сургуульд төгөлдөр хуурын ангид орж байсан. Гурван ахтай айлын бага охин болохоор их эршүүд талдаа байж. Төгөлдөр хуур тоглохоос илүүтэй хөлбөмбөг өшиглөх, ноцолдож зодолдох дуртай байлаа.Тэгээд Зөвлөлтөд сурч байгаад орос нэгдүгээр сургуульд суралцсан. Би багадаа зураг зурах дуртай л хүүхэд байсан. Наймдугаар ангиа төгсөөд Ленинградад очсон. Аав томилолтоор очсон болохоор гэр бүлийнхэн маань дагаад явсан. Тэгээд Хүүхэлдэйн театрт ажиллах болсон. Тэр үеэс Хүүхэлдэйн театрын жүжигчин эсвэл хүүхэлдэй хийдэг хүн болно гэж мөрөөддөг байлаа. Хүүхэд болохоор аав нэг их тоодоггүй байсан байх. Ээж Монгол угсаатны зүйч байсан нь намайг Монголч эрдэмтэн болоход их нөлөөлсөн. 

-Их эрдэмтний маань ач, зээ нар олуул уу?

-Долоон ач, зээ байна. Би хүүхэд гаргаагүй. Ач зээ нар нь бүгд л ах нарыг дуурайгаад физик, эдийн засгийн улс болсон доо.

-Та жил бүр Монголдоо ирэхэд Улаанбаатарт өөрчлөгдсөн зүйл их байх юм уу? 

-Би Улаанбаатарт төрсөн. Хүүхэд байхдаа хотоор дугуйтай явдаг байлаа. Тийм болохоор хүмүүс намайг “Дугуйтай Аня” гэж нэрлэдэг байсан юм. Тухайн үед Улаанбаатарын хаана нь ямар хашаа байдгийг сайн мэддэг байлаа. Гэтэл одоо төөрөх гээд байх болж. (инээв) Жил болгон ирэхдээ гайхаад л буцдаг болсон. Нэг ирэхэд өчнөөн олон гоё барилга нэмэгдчихсэн байх юм.

-Аавын чинь ус нутаг, хайр сэтгэлийн олон сайхан шүлэг найргийг Монголчууд мэднэ. Та харин шүлэг бичих үү? 

-Би Монголоор шүлэг бичээгүй л болохоос яруу найраг сонирхож байсан. Залуу насанд шүлэг бичдэггүй хүн гэж байдаггүй биз дээ. Би ямар нэгэн шашин шүтдэггүй. Миний хүмүүжилтэй холбоотой байх. Ер нь манай гэр бүл шашин шүтлэг гээд сүйд болдоггүй. Эрдэмтэн хүн аливаа юмыг бодитоор судлах ёстой. Нэг зүйлд итгэж хэтэрхий давамгай судалбал хийж байгаа ажил нь худлаа болчихдог. “Энэ ямар гоё юм бэ. Хамгийн сайн нь энэ” гэх юм бол буруу болно. Аливаа судлаач эрдэмтэн хүн бодитой чөлөөтэй сэтгэгч байх учиртай. Миний аав ч тийм хүн байсан болохоор социализмын хаалтыг оюун санаа, зохиол бүтээлээрээ ялан дийлж, цагийг эзэлсэн гэж боддог. 

-Аавынхаа туурвилаас хэвлүүлэхээр зэхэж буй бүтээлүүд аль хэр олон байна? 

-Аавынхаа бүтээл туурвилуудыг бүгдийг нь л хэвлүүлсэн дээ. Гэхдээ мэр сэр юм бий. Тухайлбал хэлсэн үг, шүүмж, тайлбар байна. Мөн аавын өдрийн тэмдэглэл байгаа. Түүнийг хэвлүүлэх цаг нь арай л болоогүй байна. 

-Төрийн дууллыг бадаг нэмж өөрчлөхөд танд ямар санагдсан бэ? 

-Ний нуугүй хэлэхэд надад тийм ч таатай санагдаагүй. Өмнө нь хэд хэдэн удаа өөрчлөх оролдлого хийж байсан. Тухайн үед охиных нь хувьд надаас зөвшөөрөл гуйсан ч би зөвшөөрөөгүй. Дараа нь харин Монгол Улсын төрийн мэдлийн бүтээл гээд өөрчилсөн байна лээ. Тухайн үед надад хэлээгүй, мэдээлэл ч өгөөгүй. Монгол Улсын маань мэдлийнх л юм бол “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашсан” нь тэр юм байлгүй дээ.

Цэцэрлэгт хүрээлэнд босгосон Цэндийн Дамдинсүрэнгийн гэрэлт хөшөө
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]