Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Даншгийн аваргууд зайлуулж чадахгүй бол хонио дээр нь хашиж орхиорой"Уншсан19,003

Пүрэв начин, Дайчин чин ван Ханддоржийн хошууны Чавганц гэгч хүний долоон хүүхдийн ууган нь ажээ. Пүрэв гуай бол Дайчин вангийн эцэг Амбан ноёны үеийн бөх юм.

Бөх сонирхогч олон, Монгол түмний дунд сээрэн дунгуй мэхээрээ төдийгүй олон байр байдлаараа алдаршсан Пүрэв начин хэмээх бөх ихээхэн алдартай байдаг юм. Энэ хүний тухай ард түмний дунд олон ам дамжсан яриа үлджээ. Тэрээр Ханддорж чин вангийн хошуу одоогийн Булган аймгийн Сайхан сумын Угалз цөнгөрөгийн орчмоор нутаглаж байсан ба асар их бяр чадалтай хүн байжээ. Хүний долоон хүүхдийн ууган нь ажээ.

Тэр үед Ховдын Манж амбаны жасаа тамганд сууж байсан Амбан ноён (Пүрэв начны хошуу ноён) баруун аймгийн олон хошуудын наадамд барилдуулахаар Пүрэв начныг дуудуулжээ. Пүрэв начин ноёны зарлигийг дагаж өртөөгөөр явж очжээ. Олон ноёд Амбан ноёныд цугларч хаанахын хэн гэдэг бөх түрүүлэх бол хэмээн ярилцаж байв. Гэтэл хатавчинд сууж байсан Пүрэв (угийн ам хэлээр сүрхий хүн байсан ажээ),

-Жа энэ наадамд боол би түрүүлнэ ээ гэжээ.

Амбан ноён түүнийг хөөж гаргаад сүүлд нь "Задарсан тархи чи олон ноёдын дунд ам гарлаа, хэрэггүй байсан юм" гэж загнахад хэн ч Амбан ноёны өмнөөс ам ангайж зүрхэлдэггүй байтал Пүрэв,

 -Жа энэ наадамд боол би түрүүлнэ ээ. Түрүүлэхдээ ганцхан сээрэн дунгуйгаар түрүүлнэ шүү гэжээ.

Амбан ноён сүртэйгээр "Түрүүлэхгүй бол чинь яах вэ хө" гэж асуув.

Пүрэв огтхон ч тэвдэлгүй "Энэ бөндгөрийг та мэддэг юм байгаа биз дээ" гэж толгойгоо заан хэлжээ. Тэгээд ноёноос "Хэрэв би түрүүлбэл та яах вэ? гэхэд ноён "Чамайг түрүүлбэл нүдтэй шар отго, түрүү бөхийн хоёр шагнал өгнө" гэжээ. Олон хошуудын наадам ч болж, Пүрэв начин учраа бүгдээ дан сээрэн дунгуйгаар хаясаар Зүүн гүний хошууны Шарав заан гэдэгтэй үзүүрт үлджээ. Цаад бөхийн нь засуул "За хө мэдээтэй байгаарай цаадах чинь сээрэн дунгуй хийнэ шүү" гэхэд Пүрэв начин "Хэлсэн ч хийнэ, хэлээгүй ч хийнэ. Чи харин бөхөөхөн шиг зогсож байгаарай" гээд ухасхийн дайрч сээрэн дунгуй хийгээд түрүүлсэн гэдэг.

 

Хөрзөн хагалсан нь

 Пүрэв начин төрийн наадамд начнаас дээш цол хүртэж нэрд гараагүй боловч алдар цуутай аварга арслангуудаас давуу бяртай байжээ. Тэр хүний бяр тэнхээ ихтэй байсны нэг баримт гэвэл ах дүү хоёр алдарт аварга Лувсанжамбаа, Намхай хоёр ид барилдаж хүч нь цогцолж байсан үедээ Угалзын цагаан толгой хэмээх газар хаваржиж байгаад асар том хөлдүү хөрзөнг хагалах болж, нэгэн том чулуу авчран, ах дүү хоёр ээлжлэн нүдэж байтал Пүрэв начин хүрч ирээд, харснаа хоёр аварга хөрзөнгөө хоргол шиг чулуугаар нүдээд яаж хагалах вэ? Олигтойхон том чулуу олоод ирэхгүй, та хоёрт даахгүйн зовлон байх биш гээд гэрт оржээ.

Хоёр аварга, начны хүчийг үзэх бодол төрж, "Бид хоёр хэрээрээ оролдоод байгаа маань энэ. Та өөрөө тохирох чулуу олоод ир. Бид хоёр оролдоод үзье" гэжээ. Пүрэв начин юм ч хэлсэнгүй, уул өөд явж асар том хад ховхлон өнхрүүлж ирээд "За та хоёр өргө дөө!" гэхэд хоёр аварга хэн хэн нь даамааргүй бололтой харагдахад "Начин та өөрөө өргөөд тавьчихгүй юу?" гэхэд нударгаа шамлан гэнэт ухасхийж нөгөөх том чулууг толгой дээрээ өргөн гаргахад, алдчих вий дээ гэж бодсон хүмүүс дуу алдаж байсан гэдэг. Тэгээд Пүрэв начин өнөөх чулуугаа хөрзөн дээр хаяхад хашааны тэн хагасыг эзэлж байсан тэр хөрзөн зад үсэрсэн гэдэг.

Пүрэв начин тэр дороо "Авчрахыг нь би авчирлаа зайлуулахыг нь та хоёр зайлуулаарай, Даншгийн аваргууд зайлуулж чадахгүй бол хонио дээр нь хашиж орхиорой, ямаа цовхрон тоглож байг" гээд явчихсанд Лувсанжамбаа, Намхай хоёр хамжиж байж хотноосоо дөнгөж гаргаад орхичихсон тэр чулуу, одоо хүртэл Угалзын цагаан толгойн шар хадны өвөлжөөний бууцанд үхрийн чинээ том улаан чулуу болон байдаг юм. Энэхүү Пүрэв начин нь хоёр аваргын эгчтэй суусан хүргэн ах нь болох хүн байжээ.

 

Ат шавраас гаргасан нь

Пүрэв начны эцгийн хамаатан Лувсан гэсгүй гэж байж. Түүнээс нутгийнхан нь айх гэдэг жигтэйхэн. Пүрэв л огт тоодоггүй байж. Нэг өдөр Лувсангийн нэг ат шаварт ойчоод найман хүн гаргах гэж татаад дийлээгүй ажээ. Пүрэв начин энэ үед айл хэсэж айрагдаад алга болсон байв. Тэгээд Пүрэвийг орой ирэхээр нь Лувсан гэсгүй уурлаж,

- Чи чинь хаашаа алга болов оо. Цаана чинь нэг ат шаварт унаад гаргаж чадсангүй гэжээ. Пүрэв бөхөөхөн аргамж хэдийг аваад явахад Лувсан,

- Цаадах чинь хүнтэй явав уу гэж асуухад гэрийнхэн нь:

- Ганцаараа явна гээд явчихлаа гэжээ. Пүрэв шаварт унасан тэмээн дээр очиж аргамжаараа бөх гэгч хүлчхээд суга татан гаргажээ. Хожим нь Лувсан гуай уг газрыг очиж үзэхэд бөөн чулуу, дэгнүүл овоорсон байж гэнэ. Учрыг Пүрэв начнаас асуухад атны шигдсэн газар хавтгай чулуу, дэгнүүл зөндөө байна билээ. Тэр нь тээглээд та нар гаргаж чадсангүй л дээ. Би дэгнүүл, чулуутай нь суга татаад хаячихсан гэж хариулжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]