Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Нацистын "Индиана Жонс"Уншсан11,699

Харин Гиммлер шидэт аягыг олж чадаагүй Отто Раныг арай л буудчихсангүй, амаа хамхиж явахыг сануулаад цөллөгт явууллаа.

Отто Раны богинохон амьдралаас хүмүүс маш багыг л мэднэ. Тэгвэл энэхүү герман эр нь дэлхийн олон үндэстнүүдийн таашаан үздэг Индиана Жонс буюу Холливудын өнгөрсөн зуунаас эхлэн бүтээгдэж ирсэн хит цувралын бодит дүр юм. Гэхдээ Отто Ран Харрисон Фордтой огтоос адилгүй. Ран бол намхан, ширүүн царай, эргэлзсэн төрхтэй, жижиг шүднүүд, цэвэрхэн тосолсон үстэй нэгэн байв.

Спилбергийн бий болгосон Индиана Жонстой адил Ран археологич байлаа. Нацистуудыг жигшдэг, мөн Ариун тагш хэмээх (Христийг цовдлох үед цусыг нь хийсэн аяга) шидэт аягыг олох адал явдалд бүрэн автсан нэгэн гэдгээрээ ч адил. Гэхдээ тэрхүү адал явдалт мөрөөдлийн аялал нь Отто Раны амьдралд сайн зүйл өгөөгүй гэж хэлж болно. Тэрээр мөрөөдлийн аялалдаа гарахын тулд шаардлагатай бүхнийг олж авахын төлөө ёстой л чөтгөртэй "Фаустын гэрээ" хийж орхисон. Хариуд нь тэр дэлхий дээр сүүлийн 2000 жил үзэгдээгүй, ер нь байдаг эсэх нь тодорхойгүй тэр нэгэн зүйлийг олж авна гэж бодож байв.

Тодруулбал, Отто Ран нацистын Германы хүч, бололцоог ашиглан ид шидийг бүтээнэ гэж үздэг байжээ.

Отто Ран 1904 онд Германы Мишельштадт хотноо мэндэлжээ. Түүний намтарт бичсэнээр тэр 1924 онд философийн зэрэг хамгаалсны дараа газар сайгүй аялж, Ариун Тагшийн араас итгэл үнэмшлийнхээ хүчээр хайгуул хийж байсан талаар тэмдэглэсэн байдаг.

Их сургуульд байхад нь археологич Хайнрих Шлаяманы хэлсэн жишээ түүнд урам өгчээ. Ран 13-р зууны Парсифалийн туулийг хөтөч болгон ашиглаж, Ариун Тагшийг олохоор шийдэв. Тэрээр маш нухацтай оюутан байсан тул Парсифалыг унших бүртээ дундад зууны Христийн шашны нууц бүлэглэлүүд тэрхүү шидэт аягыг хаа нэг газар нууцалсан юм байна гэдэгт бүрэн итгэсээр байлаа.

Энэ мөчид тэр өөрийн "Мефистофель"-уудтай уулзжээ. 1933 оны нэгэн өдөр тэр шидэт тагшны талаар нийтлэл бичвэл сар бүр 1000 марк өгнө гэсэн нууцлаг цахилгаан утас хүлээн авсан гэдэг.  Захидал дээр ямар ч гарын үсэг байгаагүй ч тэр "Prinz Albrechtstrasse" гэсэн шуудангийн хаяг руу очихоор шийджээ.

Түүнийг тэнд очиход СС-ийн тэргүүн Гиммлер угтан авсан гэдэг. Гиммлер тагшийг олно гэдэгт итгээд зогсохгүй, Вестфалийн Вилсбург дэх цайзыг хүртэл бэлтгээд амжсан байв. Цайзыг тусгай ёслолын байдалтай засч янзлан нацист удирдагчдын хөшөөнүүдээр хүрээлэгдсэн хонгилд тагшийг байрлуулах хоосон хавтанг байрлуулжээ.

Ингээд Раны хийх ёстой зүйл нь ердөө тагшийг олох. Гиммлер энэ ажилд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ амлав. СС-ийн хар хослол өмссөн түүн дээр нэгэн найз нь ирж асуухад "Би юу хийх ёстой байсан гэж, Гиммлерээс татгалзах уу, насан туршийн мөрөөдлийг минь биелүүлэхэд бүх талаар тусалж дэмжинэ гэсэн хүний талд орохын төлөө юугаа ч золиослоход бэлэн байна” гэж хариулжээ.

Ран бүх талаараа СС-ийн дэмжлэгийг авсан ч хэрэв тагшийг олохгүй бол хатуу цээрлэл хүлээх ёстой байв.

Ингээд СС-ийн асар их хөрөнгөөр хаа сайгүй үлгэр домгийн мөр хөөж эхлэв. Гарсан үр дүн нь ойлгомжтой. Нацистууд дайснаа автомат буу, нисэх онгоц, танк, их буу, чадварлаг цэрэг эрсээр ялахаас бус ямар нэгэн үлгэр домгийн аяга, тагшаар ялахгүй гэсэн үзэл бодол нацистын удирдлагуудын дунд өрнөж, маш их хөрөнгө мөнгийг үлгэр домгийг эрэн хайсан нууц судалгаанд үрэн таран хийж байна гэсэн шүүмжлэл Гиммлерийг ч барьц алдахад хүргэв.

Харин Гиммлер шидэт аягыг олж чадаагүй Отто Раныг арай л буудчихсангүй, амаа хамхиж явахыг сануулаад цөллөгт явууллаа. Хэрвээ оргон зайлах, эсхүл гадны тагнуулын албадтай хамтран ажиллахыг завдвал Раны ижил хүйстэн гэдгийг олон нийтэд илчилж ямар ч улс оронд ад үзэгдэж амьдрах тавилан хүлээнэ хэмээн сүрдүүлж байв.

Ингэсээр хамаг амьдрал нь бүтэлгүйтсэн адал явдын эрэлчний цогцсыг уулнаас олсон юм. Түүнийг амиа хорлосон гэж дүгнэсэн ба энэ үед Ран ердөө 34 настай байжээ.

Түүний амьдралаас Индиана Жонсын түүх төрсөн гарсан гэдэг ба хэдийгээр Отто Ранын түүх эмгэнэлтэйгээр төгссөн ч барууны ертөнцөд шашны үлгэр домгийн араас ангуучлагчид, эртний бэлгэдэл, шүтээн судлаач мянга мянган эрэлчдийг өнөөг хүртэл араасаа дагуулсан хэвээр байгаа юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]