Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Де Голль АНУ-тай тэрсэлдсэн ньУншсан4,836

Гэхдээ де Голль алтаа авчихаад зүгээр суулгүй, элдэв анхааруулга өгөөд байсан нөхдүүдэд сургамж болгох гэж Францыг НАТО-гоос гаргаж, АНУ болон НАТО-гийн 29 бааз, лагерь, 33 мянган цэрэг офицерыг Францын нутгаас бараг л хөөж орхижээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1960-аад оны үед Францын Ерөнхийлөгч де Голль өөрийн найз санхүүч Жозеф Кайотой цуг  кофе уун сууж байж гэнэ. Тэгсэн санхүүч эр нэгэн онигоо ярьж эхэллээ.

Жозеф Кайо "Парист болсон дуудлага худалдаагаар Рафаэлийн нэгэн алдартай зургийг зарах болж. Баян араб эр асар их нефть амлахад Оросын коммунист бөөн алт, Америкийн бизнесмен боодол боодлоор нь доллар өгье гэж үнэ хаялцаж эхэлжээ. Эцэст нь америк эр өнөө зургийг 10000 доллараар авч бүгдийг нэг сайн чадсан байна. Яг үнэндээ энэ хүн ердөө гуравхан доллараар тэр зургийг авчээ..." гэв.

Де Голль "Инээх ёстой юу? Инээх юм олж харахгүй л байна шүү. Өгсөн доллар нь хуурамч байсан юм уу?".

Жозеф Кайо "Доллар нь жинхэнэ. Гэхдээ 100 долларын дэвсгэртийг хэвлэхэд ердөө л гурван цент зардаг байхгүй юу!

Энэ онигооны дараа де Голль инээх биш харин маш их бодол болсон гэдэг.

Тухайн үед дэлхий дахинд аливаа худалдаа наймааг доллараар хийдэг,  доллар харин алтаар баталгааждаг байлаа. Францын Ерөнхийлөгч де Голль үүний эсрэг үзэл бодолтой, тусгаар улс орон юм бол гадаад худалдааг хэн нэгний валютаар хийх ёсгүй гэж үздэг хүн байсан бөгөөд тэрээр нэгэн удаагийн хэвлэлийн хурлын үеэр “Улс орон хоорондын төлбөрийн хэрэгсэл нь зөвхөн алт байх ёстой гэж“ шууд хэлсэн байна.

Ингээд 1965 он болоход де Голль АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Жонсонтой уулзахдаа  “АНУ-ын эрэг чиглэн Францын хөлөг онгоц ирж байгаа, тэрхүү онгоцонд 800 сая бэлэн доллар бий... энэ их мөнгөөр алт сольж авна... дараа нь дахин доллар ачсан онгоц ирнэ" гэх мэтийн зүйл ярьж эхэллээ.

АНУ-ын хувьд Дэлхийн 2-р дайны үеэр дэлхийн хамаг алт мөнгийг цуглуулж авсан, дэлхийн эдийн засгийг өөрийн хүсэл, стратегид таарсан системд оруулсан (Bretton Woods system) тэр цаг үед ийм яриа болсон байна. 

Үүнийг сонссон Линдон Жонсон Францын Ерөнхийлөгчид болгоомжтой байхыг сануулж, “Иймэрхүү санал санаачилга нь таамаглаж болшгүй үр дүнд хүргэж болно шүү” гэж анхаарууллаа. Де Голль тоосонгүй, зүтгэсээр 1,5 тэрбум цаасан долларыг алтаар сольж авсан ба дараа дараагийн солиогоор нийт 5,5 тэрбум долларыг алт болгожээ. Америкчууд ёстой л наашаа харж инээж, цаашаа харж уйлж байж тэр алтыг нь өглөө. (нэг унц нь 35 доллар гэж тооцож)

Гэхдээ де Голль алтаа авчихаад зүгээр суулгүй, элдэв анхааруулга өгөөд байсан нөхдүүдэд  сургамж болгох гэж Францыг НАТО-гоос гаргаж, АНУ болон НАТО-гийн 29 бааз, лагерь, 33 мянган цэрэг офицерыг Францын нутгаас бараг л хөөж орхижээ.

Америкчууд де Голлийн даварсан явдлыг тэвчин өнгөрүүлсэн боловч Францын энэ зүрхтэй үйлдэл нь бас бус улсуудыг зоригжуулан, өнөө хэд нь ч Америкаас алтаа бага багаар авах санаатайгаа зөөлнөөр мэдэгдэж эхэлжээ. Хамгийн түрүүнд Герман улс алтаа нэхэж эхэлсэн ба араас нь залгаад Япон, Австрали, Канад...

Дэлхийн 2-р дайны маршал Шарль де Голль

Нэг л мэдэхэд дэлхийн хамаг алтыг хамж бөөгнүүлсэн байсан Форт Ноксын сан эрс дундарч  эхэллээ. (1971 он гэхэд АНУ-д байгаа алтны нөөц нь ердөө 10 тэрбум долларын хэмжээтэй болсон байсан гэдэг)

1968 онд буюу де Голлийн эхлүүлсэн тэр явдлаас хойш гурван жилийн дараа Францад Сорбонны их сургуулийн оюутнуудын хөдөлгөөн эхэлсэн ба энэ нь яваандаа улс орныг бүхлээр нь хамарч, бүрэн хэмжээний улс төрийн хямрал болж хаа сайгүй ажил хаялт эхлэн сүйд болсон байна. Генерал де Голль ч өөрийн албан тушаалаа алдах дээрээ тулан сандарч байхад “Чамд анхааруулж байсан шүү” гэж зарим нэг хүн дахин дахин хэлж байсан гэдэг.

Тэрхүү хямралын дараахан болсон парламентын сонгуулиар де Голлийн нам бараг 70 хувийн санал авч ялсан боловч “Францын сүүлчийн зоригт эр“ маань албан тушаалаа өгч улс төрийн тавцангаас зайлахаас өөр аргагүй болжээ. (70 хувийн санал гэдэг маань цагаа тулахаар юу ч биш гэдгийг энд анх харуулсан) 1970 онд генерал де Голль гэнэт нас барсан бөгөөд албан ёсны дүгнэлтээр бол өвчний улмаас хорвоог орхисон байна.

Дэлхийн олон улс оронд болсон, болж байгаа янз бүрийн “Өнгөт хувьсгал"-ын хамгийн эхнийх нь чухам Францад болсон юм шүү гэдэг улс төр судлаач, түүхчид их байдаг ба Сорбонны их сургуулийн зүүний хүчний үзэл бодол бүхий оюутны хөдөлгөөн барууны хүчинд хамгийн таатай байдлаар үйлчилсэн нь зүгээр нэг тохиолдол төдий юм биш бололтой билээ.

Ингээд 1971 онд АНУ-ын Ерөнхийлөгч Никсон Бреттон-Вудсын системийг халж байгаагаа мэдэгдсэн ба энэ бол де Голлийн тэмцлийн хамгийн гол зорилго нь байсан юм. Гэхдээ де Голль ялаагүй буюу Бреттон Вудсын систем үгүй болсноор дэлхийн зах зээлийн төлбөрийн хэрэгсэл алтаар баталгаажсан доллар биш болж, оронд нь юугаар ч баталгаажаагүй гэж хэлж болох шинэ доллар дэлхийн эзэн болж хувирсан билээ.

Одоо хүртэл долларын энэ эрхшээлээс гарах гэсэн олон оролдлогууд энд тэнд гарсаар байгаа бөгөөд энэ бүхнийг “Өнгөт хувьсгал”, янз бүрийн улс төрийн хямралаар дарсаар. Олон төрлийн крипто-валют ч энэ хүсэл зорилгын нэг илэрхийлэл боловч энэ бүхэн нэг л өдөр юу ч биш болж “ноён доллар”-ын эрхэнд орох цаг удахгүй гэх санхүүчид маш их бий. Дээр нь ОХУ, БНХАУ мэтийн “улс орны бодит тусгаар тогтнол” ярьсан нөхөд улам бүр толгой өндөлзүүлэх болсон ба үүнийх нь төлөө тэрхүү улсуудад өнгөт хувьсгал гарах үндэс суурийг аажуухан бий болгосоор байгаа, ойр тойронд нь янз бүрийн туршилтууд явагдсаар байгаа мэт санагдах юм.

Ямар ч байсан ноён доллар болон Америкийн салшгүй эрх ашигтай тэмцэлдсэн нөхдүүд яаж ийж байгаад л сүйрч дуусаад байдаг нь л үнэн. Тохиолдол л байх...

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
3 сар 18. 14:18
Зочид

Угаасаа л унэн.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]