Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
Үргэлжлэл. Өмнөх нь Эверест дэх анхны үхэл
1924 онд дараагийн экспедиц бараг хуучин бүрэлдэхүүнээрээ ирсэн бөгөөд Жорж Финч явсангүй. Өмнөх авиралтаас хойш энэ хүн эхнэрээсээ салсан, бас тэгээд Австралийн иргэн байсан тул (англи хүн л оргилд эхэлж гарах ёстой юм байж) дэлхийн ноён оргилд гарах “эрхгүй” болсон бололтой. Харин түүний оронд 22 настай залуухан Эндрю Ирвинийг авсан ба тэрээр инженер мэргэжилтэй, янз бүрийн зэвсгийн загвар зохион бүтээж байсан, хэдийгээр ууланд авирах туршлага гэх юмгүй боловч бие хаа нь бараг л супермэн (багийн инженер Ноэлийн хэлснээр) шахам хүн байж. Гэхдээ экспедицийн ахлагч Мэллори Ирвинийг оргилд гарах бүрэлдэхүүнд биш харин туслах багийн хүн л гэж тооцож авч явжээ.
Гималайн их ууланд хүрэх гэж удаан хугацаагаар явж ирээд үндсэн болон бусад бааз лагеруудыг ээлж дараалан байрлуулж, өгсөж уруудаж биеэ бэлдсээр дайралт хийх цаг ч боллоо.
Эхний ээлжинд Мэллори Брюс хоёр цуг авирах бол тэдний халааг Соммервелл, Нортон нар авах, гэрэл зурагчин Оделл болон мөнөөх инженер Ирвин нар дээрх хоёр группийн туслагч нар болох байдлаар зохион байгуулагдсан байна.
Мэллори, Брюс нар хүчилтөрөгчийн аппаратгүйгээр, 9 ширваа дагуулан эхний дайралтыг эхлүүлжээ. Цаг агаар муу, хүчтэй салхилж байсан учир зөвхөн мөнгөний төлөө авирч байсан ширваа нар дээшээ өгсөхөөс татгалзан (бас сүшиг бишрэл нь ч нөлөөлсөн байж таараа) ээлж дараалан хаяж явсаар хоёрхон туслагчтай үлдсэн хоёр маань буцахаас өөр аргагүй боллоо. Тэд бууж явахдаа сүүлийн баазаас өгсөж эхэлсэн Нортон, Соммервиль хоёртой таарч болсон явдлыг ярин ачаа зөөгч ширваа нарт бүрэн итгэж болохгүйг сануулсан байна. Яг л тэдний хэлснээр болж 2 ширваа нь удалгүй тэднийг орхисон бөгөөд уг нь цаг агаар маш сайхан, ёстой л дайралт хийх хамгийн тааламжтай цаг үе байж. Гэсэн хэдий ч оргил дөхөх үед хоёр дахь багийн Соммервиллийн бие муудсан учир Нортон ганцаараа авиралтаа үргэлжлүүлж, үлдэж хоцорсон эр нь өгсөж яваагийнхаа зургийг авч, 8570 метрт хүрснээ тэмдэглэсэн байна.
Гэсэн ч Нортон ганцаар хол явж чадсангүй. Оргил хүрэхэд нэлээд зайтай байх үед буцахаар шийдэн (2-р хавцлыг хараад ганцаар яагаад ч давж чадахгүй гэдгээ мэдсэн байж болох) уруудсаар Соммервилтэй нийлж аван цуг доошилж явахдаа урд нь сажилж байсан учир ардаа юу болж байгааг огт анзаарсангүй. Анзаарах хүч ч үлдээгүй биз. Нортоны араас даган явах тамир нь дутаж газарт суун үлдсэн Соммервиль үхэхээр шийдэн байсан гэх ба сүүлийн хүчээ шавхан цээжээ балбаж байж цээж хоолойд тээгэлдэх цэр, шингэнийг гадагшлуулж чадсаны хүчинд бага ч гэсэн амьсгаа авах чадалтай болон доош уруудаж чадсан байна. Сонирхолтой нь Нортон ардаа ийм юм болж байсныг бүр сүүлд лагерт очоод мэдсэн гэдэг.
Дараагийн оролдлогыг хийх хэрэгтэй. Гэвч эхний багийн Брюс, хоёр дахь багийн Соммервиль нар уулын өвчин туссан учир явж чадахгүй. Эрүүл саруул хүчтэй байгаа нь Мэллори, Нортон хоёр. Гэхдээ дөнгөж саяхан бууж ирсэн Нортоныг авч явна гэдэг бол мань эрийг алахтай л адил хэрэг. Ганцаараа явж болохгүй ийм үед супермэн болох Ирвин л Мэллорийн ганц найдлага болж үлдлээ. Энэ удаа хүчилтөрөгчийн аппарат ашиглана, инженер Ирвин ийм багажны учрыг олж чадах хүн учир (энэ үеийн хүчилтөрөгчийн аппарат гэж ихээхэн хэцүү зүйл байсан байж таараа ) бүр илүү чухал хүн болж хувирсан ба бас хүч чадал гэж уул овоо адил.
Мэллори, Ирвин нар 5 ширваа дагуулан гэрэл зурагчин Оделлтой хамт дээшилж эхэллээ. 5-р лагерт ирсний дараа тохирсон ёсоор Оделл үлдэж нөгөө хэд дээшлэн сүүлийн лагерт хоноод маргааш өглөө нь дайралт хийх ёстой. Өглөө нь манан будан ихтэй байсан учир Оделл юу ч харж чадаагүй боловч буцан бууж ирж байгаа ширваа нар “бүх зүйл хэвийн,маргааш өглөө (6-сарын 8) дайрна” гэсэн үгтэй захиа авчирчээ.
Шөнө ганцаар хоносон Оделл хар үүрээс эхлэн дурандаж эхэлсэн бөгөөд гэнэт манан будангийн завсраар хоёр хар цэг 2-р хавцлыг 5 минутад авиран давж байгаа харагдлаа (оргил гарах энэ замд 3 ийм хадан хавцал хад бий. Хамгийн хэцүү нь 2-р хавцал хад, 30 метр өндөр). Удалгүй дахин манан будан бүрхэж, хоёр цэгийг дахиж олж харсангүй. Энэ бол 8605 метр хүртэл авирч чадсан гэсэн үг боловч дараа дараагийн янз бүрийн судалгаа туршилт, Оделлийн эргэж буцсан янз бүрийн ярианаас болж авирагч хоёрыг маань 2-р хадыг давж байхад нь харсан гэдэг яриа эргэлзээтэй болсон юм. Оделл 1-р хавцлыг андуурсан байж бүрэн болох ба эсвэл 2-р хавцал дээр байсан ямар нэг шувууг олж харсан байж ч бас болох (ийм өндөрт гардаг шувуу гэж байдаггүй гэж ойлгож өмнөх нийтлэлдээ бичиж байсан боловч байдаг төдийгүй бүр хэд хэдэн төрлийн шувуу байдаг гэнэ).
Сураг чимээгүй болсон хоёрыг анх эрж хайж эхэлсэн хүн нь мэдээж Оделл. Тэрээр дээшлэн сүүлчийн байрлал дээр нь ирсэн боловч ямар нэг буцаж ирсэн шинж тэмдэг олдсонгүй. Гэрлээр цаг агаар муудаж байгаа дохио баахан өгч байгаад яаран буцлаа. Буцахгүй бол энэ байрлалд хоёрхон аяны хөнжил байсан бөгөөд нөгөө хоёр ирвэл гурвуулаа хонож чадахгүй, хэн нэг нь шөнө хөлдөж үхэх аюултай байж. Маргааш нь Оделл дахин доошилж бааздаа ирэхээс өөр аргагүй болсон байна.
Цаг агаар маш муудсан, бүх л уулчдын бие муу байгаа учир багийнхан 5 хоногийн дараа уруудаж эхэллээ...
Жорж Мэллори, Эндрю Ирвин нар оргилд гарч чадсан болов уу?
Дараагийн экспедиц Ирвиний уулын алх, луужин зэргийг олсон ба уулчин хүн зүгээр нэг алхнаасаа сална гэж байхгүй учир тэд тухайн орчинд л үрэгдсэн байж таарна гэж тооцсон байна.
Энэ явдлаас хойш олон жилийн дараа буюу 1999 онд Мэллори, Ирвин нарыг олох анхны экспедиц зохион байгуулагдлаа. Тэдний эрж хайх газар нь Ирвиний алхыг олсон газар хавьцаа байсан бөгөөд бараг л хайж эхэлсэн анхны өдрөө нэгэн хүний цогцос олсон нь Мэллори байв. Гэтэл алх маань Ирвинийх байсан гэдэг нь маргаангүй байдаг. Цогцсыг үзэхэд Мэллори өндрөөс унасан бололтой дух нь цөмөрсөн, хөл хугарсан, цасанд дарагдсан хэсэг нь сайн хадгалагдан үлдсэн байжээ. Хэдийгээр цогцос олсон боловч хүн төрөлхтний түүхийн нэгэн оньсого болох Мэллори, Ирвин нар оргилд гарч чадсан эсэх талаар ямар нэг хариулт олох биш харин ч бүр адармаатай олон асуулт гарч ирсэн гэдэг.
Мэллорийн халаасанд нүдний шил нь байж. Анхны таавар болон сенсаци хайсан зарим сэтгүүлчдийн тооцоогоор бол энэ нь тэд оргилд гарсан гэсэн үг гэнэ. Учир нь өдрийн цагаар буюу өгсөж явахад нүдний шилгүй явна гэж байхгүй учир шөнө л бууж явахдаа нүдний шилээ авсан байж таараа гэж тэд батална. Гэтэл олон уулчид нөөц нүдний шилтэй явах ба зарим нь бүр 3 шилтэй явах нь ч бий. Тэгэхээр өөр нэг нүдний шил зүүлттэй байгаад унах үед шидэгдсэн байх магадлал маш өндөр. Өөр нэг будлиулсан зүйл бол Мэллоригийн оргилд тавина гэж авч явсан эхнэрийнх нь зураг болон Английн далбаа түүний биед байгаагүй явдал. Нээрээ оргилд гараад зураг, далбаагаа орхиод (албан ёсоор Эверестэд гарсан анхны хоёр хүний нэг болох Дэнзэн Норгай оргилд гараад хүүхдийнхээ харандааг хэрхэн цасанд булж байсан тухай санаанд өөрийн эрхгүй орно) буцаж яваад осолдсон юм биш биз?
Олон зуун мянган хүний сонирхлыг татах энэ асуултын хариуг олох гэж маш олон хүн, байгууллага ажилласан бөгөөд тэднийхээр бол Мэллори оргилд гарсан гэдэг нь эргэлзээтэй төдийгүй бүр оргилд хүрч чадахгүй муудах үедээ Ирвинийг цааш нь оргил руу ганцаар явуулсан байх магадлал өндөр юм гэсэн. Асар олон зураг, хэмжилт, туршилт хийж байж гаргаж авсан иймэрхүү дүгнэлт нь зөвхөн байж болох, магадгүй гэсэн үгээр л дүүрэн байдаг бөгөөд тэрхүү асуултын хариуг ганцхан Ирвиний авч явсан гэрэл зургийн аппарат л хэлж өгөх билээ. Хармсалтай нь тэр аппаратыг одоо хүртэл олоогүй л байна.
Эверест их хайрханд болсон хоёр дахь, мөнхүү хамгийн нууцлаг үхлийн түүх энэ буюу.
P.S.
Зарим хэвлэл мэдээлэл 4-р сарын 1-ний өдрөөр энэ олдохгүй байгаа аппарат олдсон мэтээр бичиж бүр Лхоцегийн зураг авсныг нь буулгаж авсан, Мэллори, Ирвин нар оргилд гарсан байж гэх мэтээр даанч өөдгүй “тэнэгтэх” нь бий.
Бас нэг зүйл нэмж хэлэхэд, Мэллори, Ирвин нар оргилд гарсан байлаа ч 1953 онд Эверестэд гарсан ширваа Дэнзэн Норгай, Шинэ Зеландын (сэр) Эдмунд Хиллари нарын гавьяа бүдгэрэх учиргүй юм. Зөвхөн Дэнзэн гэхэд л 7 удаа дайрч байж, олон арван удаа үхлийн ирмэгт ирж байж энэ оргилд хөл тавьсан анхны хүн болсон түүх нь хэн хүний бахархлыг төрүүлдэг билээ. Харамсалтай нь Эдмунд Хиллари дурдатгал бичсэнгүй.
Дэнзэн Норгайн дурдатгал болох “Цаст уулын барс” номыг хэрвээ уншаагүй бол цаг зав гарган энэ номыг олж, өөрөө бас хүүхдүүддээ уншуулаарай. Монгол хэл дээр орчуулсан үнэхээр сайхан ном байдаг юм шүү.