Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Одоо л миний хүү аавдаа улсын цолтой бөх болсон гэдгээ баталлаа"Уншсан21,606

2001 оны 1024 бөх барилдсан наадмаар дөрвөн начин долоо давж заан цолны болзол хангасаны нэг нь Д:Бумбаяр байв.

Увс аймгийн Тэс сумын уугуул, улсын заан Дамирангийн Бумбаяр хэмээх нэгэн хүчтэний тухай өгүүлье. Д.Бумбаяр аав, ээжийн талаасаа бөхийн удамтай, бөх болох хүсэл мөрөөдөлтэй залуу байж.

Аав С.Дамиран нь насаараа тээврийн тэрэгний жолоо мушгисан бөгөөд ажил төрлөөс шалтгаалаад аймагт  цөөхөн барилдсан ч Баруунтурууны  САА, Тэсийн тэжээлийн аж ахуйд олон жил ажиллахдаа ойролцоох сумдын  наадамд аймгийн арслан ах Юнрэнгийнхээ хамт олон ч түрүүлж явсан сумын заан юмсанж.

Бөхөд хорхойтой Д.Бумбаяр хүү дархан аварга Х.Баянмөнхтэй хувь тавилангаар учраатай нэгэн байж. Х.Баянмөнх аваргыг улсын  наадамд  анх  түрүүлдэг  жил  мэндэлсэн Д.Бумбаярыг бөхийн замд мөн л дархан аварга хөтөлжээ. Аравдугаар ангиа төгсөөд Тэсийн  тэжээлийн аж ахуйд трактор барьж явсан хүүг аварга  Улаангомд  дуудуулж уулзаад Улаанбаатарт очиж бөхийн эрдэм  сурахыг зөвлөсөн байна. Энэ явдал 1988 оны 3 дугаар сард болсон бөгөөд Х.Баянмөнх аварга Тулгаа заан, Төрмөнх начин нараас “Бөх болчихоор ирээдүйтэй хүү байна уу” хэмээн сураглаж явсаар Д.Бумбаярыг дуудаж уулзаад гар хөлийг нь барьж, барилдааныг нь шинжиж үзээд ийм санал тавьжээ. Ингээд хоёр сарын дараа “Бумбаярыг хот руу ирүүлнэ үү” гэх захидал Баянаа аваргаас ирж 1988 оны тавдугаар сард тракторын тос масло, шороо тоос ханхлуулсан залуу Улаанбаатарт ирж бөхийн замд орсон аж.

Өвөрхангайн чөлөөтийн Баярсайхан, улсын начин Намжилдорж, жижиг Сүхбат, Гантогтох нартай хамт Д.Бумбаяр дөнгөж байгуулагдсан бөхийн “Шонхор” клубт хичээллэж эхэлсэн ба тэр жилдээ улсын наадамд зодогложээ. Төрийн наадамдаа анх зодоглосон 20 настай хүү болоогүй хоёр давчихаад гурвын даваанд тухайн жилийн наадмын түрүү бөх улсын заан Б.Бат-Эрдэнэд өвдөг шорооджээ. Энэ тухай хожим Д.Бумбаяр заан дурсахдаа “1988 он бол Б.Бат-Эрдэнэ аваргын түрүүлдэг жил. Түүний хаанчлал эхэлсэн үе л дээ. Түрүү бөхтэй таарсандаа маш их бэлгэшээж билээ. Нэг л сайхан санагдаад явчихсан. Барилдаан яаж өнгөрснийг бараг мэдээгүй дээ. Их л хурдан өрнөсөн" хэмээжээ.

1991 оны улсын наадмаар С.Дамиран гуай хүүгээ улсын цолд хүрч магадгүй хэмээн ихэд найдаж, захыг нь мушгин суужээ. Д.Бумбаяр ч овоо хэдэн жил бөхийн дэвжээнд нухлуулсан, 23 настай, ид галзуу барын аманд гараа хийхэд бэлэн нөхөр. Гэтэл гурав  давсны дараа улсын заан О.Балжинням амалж аваад хаячихлаа. Харин О.Балжинням заан одтой сайхан барилдаж, тавын даваанд Увс аймгийн Тэс сумын Д.Нэгдэл начинг, зургаагийн даваанд Ховдын Дарвийн залуу бөх Шархүүгийн Лхагвасүрэнг, долоод Архангайн Батцэнгэлийн Д.Хишигдорж начныг тус тус давж, шөвгийн дөрөвт Х.Баянмөнх аваргаар найм давж, үзүүр түрүүнд дархан аварга Б.БатЭрдэнийг хаячихаад байсан улсын заан Пунцагийн Сүхбатыг өвдөг шороодуулж түрүүлсэн юм.

Бас л түрүү бөхийн даваанд унасан нь энэ.

1991 онд дээш барилдаж чадаагүй ч Д.Бумбаяр 1993 онд улсын начин цол авсан юм. Тэр жилийн наадмаар аймгийн заан Д.Бумбаяр улсын начин Довчингийн Нэгдэлээр, улсын арслан Жамбалын Хайдаваар дөрөв давж, 1963 оноос хойш төрийн наадамд зодоглохдоо тав бүү хэл, долоогийн даваанд цөөн унасан Хорлоогийн Баянмөнх аваргаар тав давж улсын цолонд хүрсэн билээ. Харин зургаагийн даваанд шинэхэн начин Архангайн Батцэнгэлийн Б.Жавхлантөгс начинд өвдөг шороодсон. 

Д.Бумбаяр заан хожим улсын цолонд хүрснээ дурсахдаа "Аав маань намайг бөхийн өндөр цолонд хүрэхэд миний сэтгэл зүйг их өөрчилж, хат суулгаж өгсөн. Улсын начин болчихоод аавдаа иртэл огтоос тоосон шинжгүй “За миний хүү, ус нутгийн минь бахархал болсон домогт бөхчүүдээр цолонд хүрлээ. Чи өөрийнхөө хүчээр начин болсонгүй. Цаашдаа сайн барилдаж энэ хүмүүсийн итгэлийг даах хэрэгтэй” гэсэн бол дараа жил нь Увс аймгийн харьяат улсын начин Нямжавын Мөнхжаргалаар тав давж өсөх идэр чимэг нэмэхэд аав мөн л баяр хүргэсэнгүй. Увсын бөхөөр давсан гээд тэр. Харин 1998 онд залуу заан Гэлэгжамцын Өсөхбаяраар тав давж гурвантаа шөвгөрөхөд машид баярлаж, одоо л миний хүү аавдаа улсын цолтой бөх болсон гэдгээ баталлаа. Гэхдээ чи ханах хэрэггүй, чамд заан цол элбэгхэн байгаа шүү" хэмээж байж.

2001 оны 1024 бөх барилдсан наадмаар дөрвөн начин долоо давж заан цолны болзол хангасаны нэг нь Д:Бумбаяр байв. Тэрээр тавын даваанд аймгийн арслан Ж.Ганзоригийг, зургаад цэргийн арслан Б.Бадам-Очирыг тус тус өвдөг шороодуулжээ. Ингээд зааны даваанд Б.Гантогтохтойгоо таарч.

Х.Баянмөнх аваргыг анх төрийн наадамдаа түрүүлсэн жил мэндэлсэн хүү хожим мөнөөх домогт аваргаар бөхийн замд хөтлүүлж, түүгээр улсын цолонд хүрч, зааны даваанд ч аваргын хүүг өвдөг шороодуулах юм гэж хэн мэдлээ. Долоогийн даваанд аварга, арслан, заанууд цолны эрэмбээр ам авсаар улсын заан Б.Гантогтохын ээлж ирэхэд улсын заан Г.Өсөхбаяр, улсын заан Д.Сумьяабазар, улсын начин Д.Бумбаяр гурвын нэр л тунаж үлдсэн байж. Б.Гантогтох ч ид өрсөлдөж байсан Г.Өсөхбаяр, Д.Сумьяабазар нарыг тойруулж Д.Бумбаярыг авчээ.

“Долоогийн даваанд Ганаа намайг амлах нь гарцаагүй байсан. Шаагдаж ам авна гэдэг тэр. Өсөхбаяр, Сумъяабазар, бид гурваас ам сонсч байгаа юм. Гарахын өмнөхөн Ганаад хэллээ. Ах нь өнөө жил л заан цолонд хүрэх найдвар байна. Миний дүү нэг юм бодохгүй юу гэхэд өөдөөс “Бумаа ах аа, та мэдэж байгаа. Манай аав 50, 60 жилийн түүхт ойн түрүү авсан. Далан жилийнхийг Балжаа аварга авсан. Энэ жил би түрүүлэхийн төлөө барилдаж байна” гэдэг юм. Тэгээд л гарлаа. Хоёул үзлээ, би хонгодож дайраад давлаа. Сонин юм шүү. Монгол төрийн наадамд ааваар нь тав давж начин болсон бол хүүгээр нь долоо давж заан болох хувь надад байсан шүү. Яалт ч үгүй уйлчихсан даа" хэмээн Д.Бумбаяр заан энэ барилдааны тухай хэвлэлд өгүүлж байв.

Хожим Д.Бумбаяр заан 2002 онд зургаа, 2006 онд тав давж тус тус шөвгөрч байв.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
3 сар 11. 21:40
Зочин

ok

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]